Коронавирусийн цар тахал өнөөдөр дэлхийн 200 оронд тархаж, 472 мянган хүн халдвар авснаас 21 мянга нь нас барж, 120 мянга нь эдгэрээд байна. Цар тахлын халдвар Азид буурч, Европ ба Хойд Америкт эрчтэй тархаж байна. Хүн амаа урьдчилан сэргийлж, бэлтгэл, сахилга дэг журамтай байсан улс орнууд халдварын тархалтыг харьцангуй сайн хянаж, бэлтгэлгүй нь олон мянган иргэдийнхээ амь насыг алдаж, хүнд хатуу сорилттой тулгарч байна. Монгол улс эхнээсээ харьцангуй бэлтгэлтэй хандсан учир вирус Европоос ирээд тусгаарлагдсан 11 хүнд л одоогоор илэрлээ. Хойд хилийн хоёр боомт, нийслэл хотод өнөөдөр хоёр мянга гаруй иргэд хоёр долоо хоногоор тусгаарлалтанд байна. Мөн олон мянган иргэд яаж эх орондоо буцаж ирэх арга замаа хайсаар байна.

Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоон, онгоц, галт тэрэг зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, зах, үйлчилгээний газруудаа тусгай хуваариар ажиллуулж, бүх шатны сургуулиудаа 4-р сарын 30 хүртэл хааж, сургалтаа цахимаар явуулж байна. Оны эхний хоёр сар хагаст нүүрсний экспорт зогсож, аж ахуйн нэгж байгууллагууд ажиллагсдаа цалинтай, цалингүй чөлөө өгч, боломжтой нь гэрээсээ ажиллаж байна. МҮХАҮТ-ын судалгаагаар одоогоор ААН, компаниудын гуравны хоёрын орлого буурсан, бараг талынх нь үйл ажиллагаа доголдсон, зогсоосон, гуравны нэг нь ажлын байраа цомхотгосон гарчээ. Төсвийн орлого арваад хувиар тасарч, гадаад худалдааны эргэлт багасч, эдийн засгийн өсөлт буурч байна.

Монголчууд коронавирустай тэмцэж байгаа шигээ эконовирустай үр дүнтэй, хариуцлагатай тэмцэх шаардлага гарлаа. Онцгой нөхцөл байдал, онцгой шийдвэр шаарддаг гэтэл…

Мөнгөний үлбэгэр бодлого

Эдийн засгийн идэвх суларч, өсөлт нь буурч байна. Ийм нөхцөлд улс орнууд юуны өмнө мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээгээ нэмдэг. Монголбанк бодлогын хүүгээ 1 хувиар бууруулж 10, арилжааны банкуудын заавал байлгах төгрөгийн нөөцийг 2 хувиар бууруулж 8.5 болгов. Эдийн засаг хэвийн, бага ч гэсэн өсөлттэй байгаа нөхцөлд мөнгөний энэ бодлогын үр дүн хагас жилийн дараа гарна. Гэтэл Монголд, хэзээ хорио цээр зогсож, эрэлт нэмэгдэх нь тодорхой биш байхад өндөр хүүтэй зээл авах компани гарахгүй учир, энэ бодлогын үр нөлөө сул юмаа.

Ийм нөхцөлд төсвийн бодлогоо тэлэх шаардлагатай. Эдийн засгаа бууралтанд (recession буюу бууралт нь эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан хасах гарахыг хэлдэг) оруулахгүйн тулд төсвийн зардлаа нэмдэг. Хэрэв эдийн засгийн бууралт үргэлжилж уналт болвол (depression буюу уналт нь орлого огцом багасч, ажилгүйдэл ихээр өсөхийг хэлдэг) араасаа эхлээд санхүүгийн, дагаад эдийн засгийн хямрал дагуулдаг. Тийм учраас Монголд төсвийн зардлаа ядаж багасгахгүй, харин зардал, хөрөнгө оруулалтын чиглэлийг нь өөрчлөх шаардлагатай байна.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдэв. Засгийн газар төсөвт тодотгол хийхээс болгоомжилж буй нэг шалтгаан бол 2020 оны улсын төсөв угаасаа 2 ихнаяд төгрөгийн алдагдалтай, орлого нь 11.7, зардал 13.8 ихнаяд төгрөг байхаар батлагдсан. Төсвийн орлого одоо буураад байхад зардлыг тэлвэл алдагдал улам том болно. Ганц нөөц болох Ирээдүйн өв санд төвлөрүүлсэн 620 тэрбум төгрөг нь алдагдлыг нөхөхөд багадна.

Нөгөө нэг шалтгаан нь гурван сарын дараа болох УИХ-ын сонгууль. Их хурлын гишүүд тойргоо “услах” төсвийн хөрөнгө оруулалтаа зогсоохыг хүсэхгүй, тэгээд ч бүх сайд нь давхар Их хурлын гишүүн (ЕС-аас бусад нь) учир У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвөө тодотгохоос цэрвэсээр байна.

Гэтэл цар тахалтай тэмцэхийн тулд цаашдаа нэмэлт хөрөнгө улам их шаардагдана. Энэ нөхцөлд Монголын Засгийн газар Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк зэрэг гадаадын хөгжлийн инстүүцээс хөнгөлөлттэй зээл, тусламж гуйх л үлдэж байна. Эдийн засагтай харьцуулахад гадаад өр 2016 онд 90 хувь байсан бол эдүгээ 72 болж буурсан ч, дэлхийн хөрөнгийн зах дээр нэмж бонд гаргах боломж бага. Улсын валютын нөөц хасах байснаа 4.5 тэрбум ам. доллар болсон нь хөнгөлөлттэй зээл тусламж авах магадлалыг өсгөж байгаа юм. Харин зээл тусламж авбал тэр хөрөнгийг юунд яаж зарцуулахаас Монголын эдийн засгийн бууралт, уналтын хурдац ихээхэн хамаарах юм.

Гол нь ажлын байр болохоос УИХ дахь суудал биш

COVID-19 цар тахлын уршгаар орон бүрийг нөмрөөд буй “эконовирус” нь тухайн улсын ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг хоёуланг нь бууруулж байна. Өвчтэй болон амин чухал бус бизнесийн хүмүүс гэртээ байснаар, ажлын байрны нийлүүлэлт унаж байна. Эрэлтийг дэмжих боломжгүй учир, ядаж байгаа ажлын байрыг нэмж алдахгүйн төлөө төр засаг онцгой арга хэмжээ авах шаардлагатай. Нэмээд ядуу, хэт бага орлоготой иргэдийн наад захын хэрэгцээг дэмжих хэрэгтэй. Тийм ч учраас, зарим орны Засгийн газар аваагүй цалинг нь төрөөс олгох (Герман), иргэн бүртээ бэлэн мөнгө тараах (Хонгконг, Австрали, Канад) зэргээр эдийн засгаа дэмжиж байна. Цар тахал Азид энэ оны III, бусад тивд IV улирлаас л намжих төлөвтэй гэж олон улсад үзэж байна.

Гэтэл Монголын төр засаг ажлын байрыг авч үлдэх арга зам хайж, иргэд, бизнес эрхлэгчдэд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, цалингийн тодорхой хэсгийг нь төлөх гэх мэт санхүүгийн туслалцаа үзүүлэхийн оронд 2020 оны сонгуулийн синдромд ороод явчихлаа. Эрх баригчид сонгуулиа товоороо (6-р сарын 24) явуулах нь хойшлуулж, эдийн засаг буурахыг хүлээснээс, өөрсдөд нь илүү олон суудал авчирна гэж тооцоолж байгаа бололтой. Уг нь хамгийн ухаалаг, энгийн шийдвэр бол цар тахлын цагаар сонгуулиа ядаж хэдэн сараар хойшлуулж, хэмнэсэн зардлаар нь эдийн засгаа дэмжих нь зохистой.

Намууд мөрийн хөтөлбөрөө уржигдар Аудитын газар өгчээ. Төрийн эрх барьж буй МАН нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулна гэсэн бол, АН өрхийн дундаж орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ, иргэд өөрсдөө орон сууцтай болно гэжээ. “Та бидний эвсэл” (МАХН, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам) иргэдийн дундаж цалинг 5 сая төгрөгт хүргэх гэнээ. Монголын төрийг ийнхүү ээлжит, дуудлага худалдаандаа орууллаа. Уг нь ардчилсан, чөлөөт эдийн засагтай оронд дундаж цалинг улс төрчид биш, хөдөлмөрийн бүтээмж, эрэлт хэрэгцээ өөрөө тогтоодог.

Намууд цалин, мөнгө, хувьцаа амлаад ирэхээр, хэн ялсан нь ичсэндээ том том зээл тавьж, улс орноо өрөнд оруулдаг. 2008 оны сонгуульд АН эрдэнийн хувь-1 сая төгрөгийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлнэ, одоогийн МАН (тухайн үед МАХН) эх орны хишиг-1,5 сая төгрөг иргэн бүрт өгнө гэж тус тус амласан. Сонгуулийн дараа эвслийн Засгийн газар байгуулагдаж төрийн өмчийн Таван толгой компаниар гадаадаас том зээл авахуулж, иргэдэд тараасан бөгөөд тэр өрийг нь олон жилийн турш төсвөөс буюу татвар төлөгчдөөс төлсөн дөө.

Хорвоо ертөнц дээр цар тахал, үхэл зовлон ярьж уй гашуу болж байхад Монголд харин их хурлын “ашигтай” сэнтийг “орондоо орох завгүй олзлолдон булаалдахаар” зэхэж байна. Монголд “Тахлын цагийн найр” (Пир во время чумы. А.С.Пушкины зохиол.1830) айсуй.

2020.03.25


Post Scriptum:

Энэ нийтлэл яг хэвлэлтэнд шилжих агшинд Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалга гарлаа. Ерөнхийлөгч COVID-19-ын тархалтыг бодитой үнэлж, зургаан зүйлийн арга хэмжээ авахыг уриалжээ. Эхний таван санал нь үнэхээр чухал бөгөөд миний дээрх нийтлэлд яаж хийхийг нь ч дурдсан байгаа. Харин “төрийн удирдлагыг төвлөрүүлэх” 6-р саналыг би огт дэмжихгүй байна.

COVID-19-тэй тэмцэх ажлыг Засгийн газар амжилттай сайн гүйцэтгэж байгаа шигээ эконовирустай амжилттай тэмцэж, таны эхний таван саналд туссан бүх арга хэмжээг авч явуулж чадна гэж итгэж байна. Харин түүнийг хийх эрч хүчийг нь сулруулж, төрийг хоёр удирдлагатай болгохгүй байхыг танаас хүсч байна. Дашрамд хэлэхэд та шинэ жилийн мэндчилгээгээрээ “бүх тэтгэврийн зээлийг тэглэсэн нь Засгийн газраа дарамталж, Хөгжлийн банкнаас эхлээгүй уурхайн, зараагүй баяжмалыг барьцаалан бонд гаргуулсан нь эдийн засгийг эрсдэлд оруулж, гадаад өрийг төлөх биш нэмэхэд хүргэж байгаа. Тэр 770 тэрбум төгрөгийг харин энэ вирустай тэмцэхэд гаргасан бол хичнээн их ажлын байрыг хамгаалж үлдэх байлаа.

Монгол улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч биш гэдгийг танд сануулах цаг боллоо. Та төмөр зам тавьдаг, сум тохижуулж, дагуул хот барьдаг субъект биш. Энэ бүхнийг Засгийн газраар хийлгүүлэхийг танаас хүсч байна. Оросын хамгийн том газрын тосны Роснефть компаниас авсан 10 сая долларын хандивын тайланг сонгогчиддоо тайлагнахыг шаардаж байна. Аудитын тайлантай цуг. Ардчилсан Монголын иргэд бид Ерөнхийлөгчөөрөө аж ахуйн ажлыг гадаадын хөрөнгөөр хийлгэмээргүй байна.

Та хүнд цагт эв нэгдэлтэй байхыг уриалжээ. Та Монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, баталгаа учир өөрөөсөө эхлэж эв нэгдлийг бэхжүүлэхийг иргэд чинь хариу уриалж байна. Таны тэмцэж дуусгахыг амалсан авлига чинь улам томорсоор байна. Та Ерөнхийлөгч болсноос хойш авлигатай тэмцэх жүжгийн зарим гол дүрүүд өөрчлөгдсөн болохоос жүжиг яг хэвээрээ үргэлжилсээр байна. Том төслүүд чинь нууцаар явдаг болж байна.

Ерөнхийлөгч танд, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг булаацалдахгүй байхыг зөвлөж байна.

Тэр жил Венесуэль улсын Ерөнхийлөгч эдийн засгийн онцгой дэглэм гэгчийг тогтоож Их хурлаа хүчингүйд тооцоод, бүх эрх мэдлийг гартаа авсан. Хориод жилийн дараа, дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй орны иргэд гуйлгачин болж, жорлонгийн цаас ч үгүй, хоол ч үгүй, бие биенээ дээрэмдээд сууж байна. 

Монгол улс бол Парламентын засаглалтай улс, түүгээрээ ч ганц удирдагчтай хөрш орнуудаасаа ялгаатай. Зөвхөн Парламентын засаглалтай оронд нэг хүн биш нийт иргэд нь шийдвэр гаргадаг. Энэ бол Монголын тусгаар тогтнолын баталгаа.

УИХ-ын сонгуулийг цар тахалын ид тархалтын үед биш, намжиж дарагдах 9-р сард хийгээд л урагшаа явах нь зөв шүү.