Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл хоёр дахь сардаа олон нийтийн хэлэлцүүлгийн гол сэдэв болоод явж байна. УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд гурав дахь долоо хоногтоо оров. Байнгын хороо дэмжсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр маргааш буюу пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар санал хураана.

УИХ-ын олон гишүүд “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Иргэд, олон нийтээс тавьж байгаа зүй ёсны шаардлага. Хэлэлцүүлгийн явцад алдаа мадгийг нь засч залруулаад явья” гэдэг саналыг хэлж байгаа. Гэвч харамсалтай нь эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн гишүүд ч цөөнгүй байгаа.

Өнгөрөгч долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэх үеэр дээрх гишүүд хоёр асуудлаар эсрэг байр суурийг илэрхийлээд байгаа. Нэгдүгээрт, “Ёс зүйг хуульчилж болохгүй. Тэгвэл коммунизм, дарангуйлал руу буцна” гэх догма. Хоёрдугаарт, “Жагсаалтын гишүүдийг намын дарга нь эргүүлж татдаг болох юм бол даргын улс болох нь байна” гэх гуйвуулга.

Гишүүн Ж.Золжаргал, Л.Мөнхбаатар нар “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт Үндсэн хуульд байгаа боловч энэ нь хэрэгжсэн түүх үгүй. Учир нь процессийг нь хуульчлаагүй байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах бодитой шаардлага бий” гэдгийг онцолсон. Илүү ноцтой нь, өмнөх парламентын үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол гишүүнийг эгүүлэн татах саналыг УДШ-ээс оруулж ирэх” хуулийн заалтыг авч хаясан юм байна. ҮХНӨ-өөр бий болсон 126 гишүүнтэй парламентыг хуульчлахдаа энэ “хулгайг” хийжээ.

Мөн Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан ч эгүүлэн татагдаагүй нэг гишүүн өнөөдрийг хүртэл парламентад сууж байгаа. Тэр байтугай “Ард түмнээс сонгогдоогүй Цэц, Дээд шүүх ард түмнээс мандат авсан гишүүний бүрэн эрхэд халдах эрхгүй” гэдэг мэдэгдэл хийж байгаа УИХ-ын гишүүнийг ч хоёр “навчаараа” сонслоо. Дээхэн үед Цэцийн зарим гишүүд “Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэж аархдаг байсан бол өнөөдөр УИХ-ын дээр хөх тэнгэрээс өөр зүйлгүй болсон байна.

Цэцийн дээр Үндсэн хууль байж, Цэц түүнийг сахин хамгаалах үүрэгтэй харуул, манаа. УИХ, эсвэл УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргадаг онцгой бүрэн эрхтэй. Гэтэл Цэцийн шийдвэр гарчихаад байхад УИХ нь эгүүлэн татахгүй яваад байгаа нь Цэцийн асуудал биш, УИХ-ын өөрийнх нь гажуудал.

Хоёрдугаарт, шүүх бол тухайн этгээдийн гэм бурууг эцэслэн тогтоодог газар. Монгол Улсын нийт иргэд шүүхийн дор амьдардаг. Атал УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүх гар хүрэх эрхгүй гэж хэлж байгаа нь өөрөө дарангуйлал юм. Гудамжинд гараад хашгираад үз, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр нь шүүхээр тогтоогдсон байсан ч эгүүлэн татаж болохгүй. Энэ бол парламентын дархлаа юм” гээд. Захын нохой инээх байлгүй. Үүнийг парламентын дархлаа биш, дарангуйлал гэнэ. Хууль цааз, ёс суртахуун, ер юу ч үйлчилдэггүй, гишүүний бүрэн эрх гэдгээр хамгаалагдсан нийгмийн каст гарч ирж байгаа юм байна. “Олдохоороо өлдөнө” гэдэг болж байгаа нь тэр. Олон гишүүнтэй боллоо гээд парламент сайжирдаггүй юм байна, олуулаа нийлээд иргэдээ басамжилдаг юм байна. Тийм болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал ч үгүй хэлэлцэх, батлах ёстой юм байна гэж л харагдаж байна.  

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир ярьж байна лээ. Ёс зүйг хуульчилж болдог юм.

-Нийгэмд ноцтой хор уршиг учруулах эрсдэлтэй үед

-Нийгэм өргөн олноороо зөвшилцөл бий болгосон үед

-Хүний эрхийг хамгаалах шаардлагатай үед

-Хувь хүний ухамсар хангалтгүй, албадлага шаардлагатай болсон үед

-Нийгмийн хөгжлийн үр дүнд ёс зүйг хуульчилж болдог оо гэж. Манайд бол бүх нөхцөл нь бүрдчихсэн харагдаж байгаа. Хэн нэгэн, аль нэг субьект парламентын нэр хүндийг унагаад, хорлоод байгаа юм биш. Харин парламент өөрөө энэ замаар явж байна.

Өмнөх парламентын үед нүүрсний 44 их наядын хулгай гэж зарлаад баахан нөхдийг шорон орон луу явуулсан. Атал дараачийнх нь гарч ирээд дахиад нөгөө нүүрстэйгээ холбогдчихсон. УИХ дахь намын бүлэг нь дотроо “нүүрсний” гэдэг нэртэй албан бус бүлэгтэй боллсон, “30-ийн бүлэг” билүү. Тэгээд одоо тэдгээр нь нөхөд нь парламентын дархлаа яриад, дарангуйлал тогтох нь гэж хашгиралдаад сууж байгаа.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр УИХ-ын гишүүн ёс зүйн ямар хэм хэмжээг баримтлах вэ гэдгийг заагаад өгчихсөн.

Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэнэ.

Үндсэн хууль, хууль ёсыг дээдлэн сахин биелүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гээд.

Харамсалтай энэ хэм хэмжээ УИХ-ын гишүүдэд үйлчлэхээ больсон. Өөрөөр хэлбэл, хувь хүний ухамсраар жолоодох боломжгүй болсон гэсэн үг. Ийм тохиолдолд албадлага хэрэглэх буюу ёс зүйг хуульчилж болдог юм гэдгийг Д.Бум-Очир гишүүн хэлсэн. Хууль төсөлд ерөөсөө тодорхой гурван зүйл л байгаа шүү дээ.

Нэг. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-д танилцуулсан бол УИХ гишүүнийг эгүүлэн татна аа гэж. Айл гэр болоход хүртэл “бие биедээ үнэнч байна” гэж амлалт өгөөд хэн нэг нь хууран мэхэлсэн бол гэр бүл салдаг биз дээ. Цэцийн дүгнэлт гэдэг бол цэцийн эцсийн шийдвэр байдаг, үүнийг УИХ авч хэлэлцдэггүй. Зөвхөн хүлээн авч, шууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хоёр. Жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага нь “ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” гэж үзвэл, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа УИХ дахь нам, эвслийн бүлгээр дамжуулан УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. УИХ асуудлыг нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж шийдвэрлэнэ гэж.

Энд намын дарга биш, парламент илүү эрх мэдэлтэй байгаа биз дээ. Ёс зүйн ноцтой алдаа гаргасан уу, үгүй юу гэдгийг парламент нь өөрөө хэлэлцээд шийдвэрээ гаргана. Тэр тусмаа Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй процесс. Гэтэл “Ерөнхийлөгч үгэнд ордоггүй гишүүдээ намнах гэж байна” энэ тэр гэж балайрах нь хүүхэд, нохойн доог юм. Тэр тусмаа жагсаалтаар сонгогдсон гишүүдийн зүгээс үүнийг эсэргүүцэж “Жагсаалтын гишүүн байхаа больё” энэ тэр гэж айлгах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Ёс зүйтэй байгаач ээ, ёс зүйгээ баримтлаач ээ гэхээр “Тэгвэл би гишүүн байхаа болилоо” гэдэг чинь хүүхэд өгсөн чихрийг нь голоод ээж, аав руугаа цацаж байгаагаас огт ялгаагүй.

Жагсаалтын гишүүд гэдэг бол тухайн намын нүүр царай, бодлого тодорхойлогч, мэргэжил боловсролоороо бусдаасаа арай дөнгүүр нөхөд гэж ойлгогддог. Гэтэл тэдгээр нөхөд нь “ёс зүйг хуульчлахгүй ээ” гэж байгаа бол тухайн нам угаасаа ёс зүйгүй, ёс суртахуунгүй, хагас зэрлэг варваруудын цуглуулга юм байна аа л гэсэн үг. Намын жагсаалт гэдэг нь намын даргын “хүүхэлдэй”-нүүд, кнопчид, мөнгөө төлсөн баян айлын ав залгамжлагчид, гүнж нар юм байна гээд ойлгочиход болно.

Тиймээс жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах боломжтой болгож байгаа нь тухайн намын хариуцлага, сахилгыг сайжруулж байгаа юм. Олон дагагчтай инфлүүзэр намд санал зулгаах гэж орж ирээд эцэст нь иргэдийн толгой дээрээс шүлсээ хаяад, элдвээр доромжлоод, кнопоо хуралдаад суугаад байж болохгүй гэсэн үг. Зарим нэг хүний нэр дэвшсэнийхээ дараа гаргаж байсан ааш аяг, сонгогдсоныхоо дараа гаргаж байгаа авир араншинг эргээд нэг харчихаарай.

Гурав. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй,

Хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй,

Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн талаар иргэний гаргасан гомдлыг үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энд нөгөө “тойргийн” гишүүд нь явж байгаа. Ерөөсөө УИХ-ын нийт гишүүдэд хамааралтай заалт. Тойргийн гишүүдийг тусад нь бичсэн нь улс төрийн намыг илүү хариуцлагатай, санаачлагатай байх, манлайлал үзүүлж ажиллах боломжийг л олгож байгаа юм. Намын нэрээр сонгогдчихоод, намын нүүр царай болж, бодлогын цөмийг авч явах ёстой хүмүүс намын үнэт зүйл, үзэл санааны эсрэг ажиллаад, нийтийн эрх ашгаас урваад, авилга, ашиг сонирхлын зөрчил гаргаад байвал нам нь өөрөө хариуцлага тооцоод, дараачийнхаа хүнийг оруулж ирж болно шүү л гэж байгаа юм. Тиймээс нэр дэвшүүлсэн нам, эвслийн төлөөлөх төв байгууллага буюу анх нэр дэвшүүлсэн субьект нь өөрөө асуудлыг оруулж ирэхээр заасан байна. Намын дарга биш.  

Тэгээд хамгийн гол нь бүх асуудлаар парламент өөрөө шийдвэрээ гаргана. Нээлттэй хэлэлцэж, илээр санал хурааж, олонхиороо шийдвэрээ гаргана. Энэ бол парламентын дархлааг алдагдуулах биш, харин ч парламентыг ардчилалтай, нээлттэй, ил тод ажиллах боломжийг олгож байгаа юм. Нээлттэй хэлэлцэж, илээр санал хураахаар парламентын дархлаа алга болдог гэдгийг лав урьд өмнө огт сонсож байгаагүй юм байна.

Ийм нэг хуулийн төслөөр маргаашийн нэгдсэн чуулган дээр санал хураах гэж байна. Хуулийн төслийг үгүйсгээд, эсэргүүцээд, нэг хүний дарангуйлал, намын дарангуйлал яриад байгаа нөхөд маргаашийн хуралдаан дээр арай илүү бодитой, үндэслэл бүхий нотолгоо гаргаж ярих байх гэж найдъя.

Маш олон гишүүн ярьж байгаа, “энэ хуулийн төсөл орж ирсэн нь өөрөө их чухал байна аа” гэж. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг хэлэлцэх явц нь өөрөө манай парламентын төлөвшил ямархуу түвшинд байна вэ? гэдэгт бодитой дүгнэлт өгч, иргэдийн нүдийг нээсэн үйл явдал болж байна л даа. Ингэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйл иргэдийн, нийтийн эрх ашгаас дээгүүр орших ёстой зүйл мөн үү?