ҮЙЛТЭЙ 5 ТОЛГОЙ

5 Толгойн талаар 500 Толгой 50 жил маргалдахад нүүрс үнс болно.

2006 он

Нүүрсийг хүн хэдийнээс түлшинд хэрэглэж эхэлсэн нь мэдэгддэггүй, лав л маш эрт байж таараа. Харин анхны уурхай Хятадад 300 орчим онд нээгдсэн бол Тан улсын үеэс нүүрс нь тэдний гол түлш болжээ. Европчууд XIII зуунаас нүүрсний аж ахуй эрхлэх болж XVII зуунаас англичууд дэлхийн олзворлолтын 80 хувийг дангаараа гарган, энэ үйлдвэрлэлд 200 жил ноёрхсон гэдэг. Одоо Хятад дангаараа 1,2 тэрбум тонн нүүрс жилд олзворлон тэргүүлж байхад Англи үүнээс 12 дахин бага үйлдвэрлэлээр 10 дугаар байр эзэлж байна. Дэлхий даяараа 5-6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж ашигладаг бололтой.

Хэдийгээр цөмийн, дотоод шаталтын, сэргээгдэх зэрэг эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр нээгдсээр буй боловч өнөөдөртөө нүүрс нь эрчим хүчний голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Гэвч нүүрсийг эрчим хүчний эх үүсгэвэр болгож байгаа нь дэлхийн хүлэмжийн хийг эрс нэмэгдүүлж буй аюултай учир хориглох арга хэмжээ авсаар. Эрчим хүчний өөр эх үүсвэрээр орлуулах арга хэмжээ эрчимтэй хөгжиж буй тул ойрын 10-20 жилд нүүрсийг алив хэлбэрээр шатааж ашиглах бизнис үгүй болно гэж үзэж байна.

Монгол орон нүүрсээр маш баялаг. 35 орчим тэрбум тонн нүүрсний нөөц илрэн батлагдсан гэх юм. Ингэхээр дэлхийн бүх нөөцийн юутай ч 3-4 хувь нь манайд байгаа юм байна. Гэхдээ геологийн цаашдын хайгуулаар маш их нэмэгдэх биз. Ер нь 150 орчим тэрбум тонн нүүрсний нөөц байгаа гэсэн таамаг судалгаа бий. Гэтэл нүүрсний аж үйлдвэрлэлд олзворлолтоосоо илүү чухал юм нь тээвэрлэлт гэж үздэгээрээ бусад ашигт малтмалаас онц ялгаатай аж. Овор хэмжээнээс болж буй хэрэг, зэс шиг баяжуулах, цэвэрлэх гэх мэтээр хэмжээг нь багасгах аргагүй, олзворлосон болгоноо тэр чигээр нь зөөнө. Дэлхийн ачаа тээвэрлэлтийн 85 хувь нь далайн тээвэр, далайд нэг гарчихвал хол ойрын ялгаа үгүй. Ингэхээр хүн ам шигүү суудаг үйлдвэржсэн район болон эргээс холгүй газрын нүүрсний орд л үнэ цэнтэйд тооцогдоно. Эх газрын гүнд байрлалтай, үйлдвэржээгүй, хүн ам сийрэг, дэд бүтэц ядмаг Монголын хувьд нүүрс нь үнэ цэнэ муутай эд. Хавийн хэдэн аймгаа хангадаг Өвөрхангайн Тээгийн, Говь-Алтайн Чандаганы нүүрсний уурхайн хувьд олзворлолт биш тээвэрлэлт нь хавьгүй илүү бэрхшээл учруулдаг, өртөг нь тэр хэрээрээ өсдгийг хэн хүнгүй мэдэх байх. 

Битүм буюу коксжих нүүрсний хувьд бусад төрлийн нүүрснээс арай өөр үнэлэмжээр ханддаг. Гангийн үйлдвэрлэл нь энэ нүүрсээс гаргаж авсан коксоор “хооллодог” аж. Америк, Зөвлөлт хоёр энэ салбарт уралддаг байсан үе ард хоцорч, Зүүн Ази ган үйлдвэрлэлээр тэргүүлэх болжээ. Өдгөө коксжих нүүрсний нийт хэрэгцээний 54 хувь нь Япон, Солонгос, Хятад гэсэн хэдхэн оронд ноогдож байна. Дэлхийн нийт нүүрс олзворлолтын 10 хүрэхгуй хувь нь коксжих нүүрс юм байна. Японы хэрэгцээ жилдээ 100 сая тонн, Солонгосынх 25-30 сая. 

Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих битүм нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ. Энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз, байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Таван толгойг 10 хуваагаад хаячих юм бол үнэ цэнэ нь буурна. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий. Нэг үгэндээ Тавантолгойд 10–ын оронд нэг л төмөр зам татах нь. Нөгөөтэйгүүр зөвхөн Номхон далайн эрэг хүрч л байж үнэ цэнэтэй болно. Учир нь гол хэрэглэгч нь тэнд бий. Иймээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх нь олзворлохоосоо хавьгүй илүү ач холбогдолтой, илүү өртөгтэй, илүү хүнд болой.

Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олзворлогч, хамгийн том хэрэглэгч, хамгийн их нөөцтэй орон. Тэд мөн коксжих нүүрсээр баян. Харин орд нь өмнөд Хятадын Юнань, Хунань мужид байдаг. Төмрийн үйлдвэрлэл нь нөөцөө дагаад Өвөр Монголд байх. Бугат бол дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн нийслэл. Өмнөд мужид олзворлосон коксжих нүүрсийг далайгаар зөөн Тяньжин хотод авчирч боловсруулдаг. Бэлэн болсон коксоо төмөр замаар Бугат руу зөөнө. Хятадууд Шинжааны Таримын бассейнд маш том коксжих нүүрсний орд нээсэн. 1991 онд Ерөнхий сайд Бямбасүрэн Хятадад айлчлахдаа Ли Пэнд Тавантолгойн нүүрсийг хамтарч ашиглах санал тавихад Таримд асар их нөөц нээгдсэн гэдгээр шалтаглан татгалзсан. Гэвч элсэн цөлд буй энэ ордын тээвэрлэлт олзворлолтын өртөг дэндүү их учир одоо болтол тэнд юу ч хийгээгүй байна. Технологи хямдарч бололцоо гаран Таримын нөөцийг ашиглаад эхэлбэл Таван толгойн ач холбогдол эрс буурах юм. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино!

Өнөөдөртөө Хятадад Тавантолгойн нүүрс маш хэрэгтэй. Мөнөөх л тээвэрлэлт. Монголын хилээс Бугат хүртэл ойрхон. Ингэхээр солилцооны асуудал үүснэ. Тавантолгойгоос авсан нүүрснийхээ оронд Юнанийн нүүрсийг далайд гаргаж өгнө гэсэн үг. Энэ нь хоёр талд хоюуланд нь маш ашигтай. Олон саяыг хэмнэх болно. Мөн Хятад нь монгол нүүрсийг далайд хүргэж өгөх хамгийн дөт замтай. Далайд хүрч байж манай нүүрс мөнгө болно. Энэ нь тээвэрлэлт хийж буй Хятадын талд ч том наймаа. 

2007 он

“Тавантолгой” хэмээх өгүүлэл би 2007 оны 7 дугаар сарын 21-ний “Өдрийн сонин”-д хэвлүүлжээ. Тэр тухай эргэж өгүүлэх гэсэн юм биш. 20 сая тонноор гэж бодоод төмөр замаар зөөхөд 100 жилийн нөөц байна. Магадгүй өргөтгөсөн хайгуул хийхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэж болохыг геологичид ярьдаг. Цаана нь одоогийн тогтоосноор 6 тэрбум буюу 300 жил олдворлохуйц өндөр калоритой нүүрс бий. Ер нь Таван толгой олон улсын Жоркийн үнэлгээгээр 7,6 тэрбумын нөөцтэй. Үүнээс гадна Сауз Гоби, Нарийн сухайт орд тус болгондоо 400 сая тонн буюу нийлээд 40 жил зөөх нөөцтэй. Мөн ийм өндөр чанарын том орд Хөвсгөл, Ховдод нээгдчихээд байгаа. Цаана нь өөр юу байгааг бид мэдэхгүй. Нүүрсний үнэ 2007 онд гайгүй байсаан. 1970-аад оноос үүнийг Герман, Япон, Хойд Солонгост, 1990 оноос Хятад, Солонгосын Самсунг, Австралийн Би Эйч Пи зэрэгт санал тавин бүхлээр нь ав гээд цаадуул нь огт тоогоогүй юм. Харин 2005 оноос нүүрсний үнэ өгсөж эхэлснээр АНУ, Хятад, Япон, Орос, Индонез, Тайланд, Австрали, Чили, Энэтхэг, Бразилийн зарим компани сонирхон саналаа ирүүлэх болжээ.

Хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн том нүүрсний ордын нэг Австралийн Хантэр хөндийн цогц уурхай үерийн усанд авахуулснаар хомсдол үүсэн үнэ бүр ч хаданд гарлаа. Коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Япон, Солонгос, Хятад. Нүүрсний хамаг өртөг тээвэрлэлтдээ байдаг. Далайд гарцгүй Монгол энэ тал дээр дутагдалтай боловч дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэлтэй Бугат нь Монголын хилээс холгүй учир бэрхшээлээ давах давуу талтай аж. Мэдээж Индонез, АНУ юм уу Бразил нь Монголын нүүрсийг нутаг руугаа зөөх гээгүй нь лав. Хэрэглэгч ойр энэ нөхцлийг ашиглан Монголтой хамтарч бизнес хийх гэсэн л хэрэг. Япон Солонгосын хувьд Австралийн нүүрснээс маш их хамааралтай байдал нь уурхай үерт авагдах зэрэг эрсдэлд аюултай нөхцөлд үүсгэх учир импортынхоо эрсдэлийг багасгахын тулд Монголоос бага сага хамааралтай болох зорилгоор ТТ-г сонирхжээ. Монголын нүүрсийг сонирхоод байгаа Хятад нь өөрөө дэлхийн хамгийн том олзворлогч. Хятадууд өөрийн коксжих нүүрсийг нутгийн өмнөдөөс олзворлон далайгаар зөөж Тянжинд авчраад дахин төмөр замаар явуулж Бугатад авчирдаг.

Саяхан болсон Тавантолгойг ашиглах тэндэрт 10 гаруй субьект саналаа өглөө. Хятад, АНУ, Орос, Бразил, Энэтхэг, Австрали, Япон, Солонгос зэрэг орны компаниуд сонирхов. Таван толгойг зарим нэгний тайлбарлаж байгаа шиг хүрзээр 4 метр гүн ухаад л болчихдог эд биш, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан аймшигтай том үйлдвэрлэл. Энд асар их дэд бүтэц шаардахаас гадна техник, технологи, нөхөн сэргээлт, байгаль орчны тэнцвэр хадгалалт гээд олон нөхцөл биелэх учиртай. Нийт хөрөнгө оруулалт олон тэрбум доллар болно, үүнийг одоогоор тогтоох хараахан болоогүй байна, учир нь гол асуудал болох тээвэрлэлтийг хэн хариуцсанаасаа болоод янз бүрээр шийдэгдэх юм. Тээвэрлэлтээ оруулалгүйгээр цахилгаан станц, цементийн үйлдвэрлэл, ус ашиглалт гээд явахаар юутай ч 4 тэрбум доллароос доошгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ.
                                                                                                                                                                                                         2009.2.14


Монголыг 1990 оноос мартсан Орос нь Тавантолгойгоос болж гэнэт эргэж саналаа. Тавантолгойн хувьцааг 1,5 тэрбум долларын хэмжээнд эзэмшинэ, тэр зардлаа төмөр зам тавих байдлаар төлнө гэсэн санал эхэндээ тавьсан юм. Сүүлдээ нүүрсийг Зүүн Сибирь, Алс Дорнодыг дамнуулан таван мянган км зөөвөрлөн Номхон далайд хүргэх юм боллоо. Тэгснээ Монголын нутагт ирээдүйд буй болох бүх төмөр замыг зөвхөн тэд босгох төдийгүй эзэмших ба тэр нь зөвхөн зөвлөлтийн стандарт царигтай байх юм боллоо. Тэгснээ Тавантолгойн нийт хувьцааны ихэнхийг эзэмших шаардлага тавьлаа. Үнэндээ эцсийн зорилго нь Монголд ашигт малтмалын том үйлдвэрлэл буй болгохгүй, байгуулагддаг юмаа гэхэд Хятад, Оросоос өөр гаднынхан оролцох ёсгүй гэсэн бодлогоор л үймүүлж байсан болохоос, тэдэнд нүүрсний ямар ч хэрэгцээ гараагүй. 

Хятадад үнэхээр хил нийлсэн ойр газраас нүүрс нийлүүлэх сонирхол байсан. Тиймээс төрийн өмчит Шинхуа компани ТТ-д өрсөлдсөн. Гэхдээ тэд мөн л гурав дахь орны оролцоонд дургүй байсан тул АНУ, Япон, Солонгост аль болохоор саад болж байлаа. Иймээс хувьцааны ихэнхийг авахаар удаа дараа явуулга хийж байв. Япон, Солонгос хоёр ТТ-оос 10 орчим хувийг хүсч байсан нь нүүрсний импортын хэт нэг талаас хамааралтай байдлаа сарниаж тодорхой хэсгийг үнэтэй ч хамаагүй Монголоос нийлүүлэх хүсэлтэй аж. Австралийн үер том сургамж болсон хэрэг. Тэдний сонирхогч тал ч мөн л төрийн мэдлийнх. Гэхдээ тэд уул уурхайн туршлага байхгүй учир зүгээр л хувьцаа сонирхсон болохоос олзворлолт, тээвэрлэлтэд оролцох гээгүй. Харин АНУ-ын “Пибоди” бол улсынх биш, бирж дээр гарсан олон нийтийн хувьцаат компани. АНУ-ын хамгийн том нүүрс олзворлогч. 130 жилийн туршлагатай. Тэд хэрэгцээ нь асар их нэмэгдэж байгаа Хятадын зах зээлд нэлээд хэдэн жил ажиллан ахиц олжээ. Гол нь Өмнөд Хятадын Юнань, Хунань зэрэг нүүрсний компаниудтай хамтарч ажилладаг. Шинжаанд мөн орд авсан. Хойд Хятадын зах зээлд ажиллан шинэ зах зээлтэй болох сонирхолтой.

Монголын Засгийн газар хэрэг эрхлэхийн даргаараа толгойлуулан сонирхогч бүх компаниудтай гурван жил хэлцэл хийжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс дуудаж авчирчихаад “зав алга дараа уулзая” гэж буцааж байсан ч тохиолдол хэд хэд бий. Өгөх хүн гэдийж байгаа нь тэр. УИХ хэд хэдэн тогтоол гаргаж гурав дахь орны сонирхол хоёр хөршийнхтэй тэнцүү байна гээд заачихсан, гэтэл үүнийг нь Орос Хятад хоёр яавч зөвшөөрдөггүй. ТТ-г улс болгонд хуваагаад өгчихье гэсэн мулгуудуу санал л монголчуудаас гарна. ТТ бол асар томдоо л үнэ цэнэтэй эд. Аравны нэг шиг нь орд Монголд өөр зөндөө бий. Арав хуваагаад хаячихаар дэд бүтцээс эхлээд л бүх юм жижигрэн утгаа алдана. Ийм тасархайг хэн ч сонирхохгүй. Сонирхохгүй байх нь хөршид ашигтай. Заавал Монголын нүүрсээр л дутсан биш.

Ер нь ч Монголын тал ТТ-г хөдөлгөх сонирхолгүй болчихсон юм даа. Хувийн шалтгаанаар шүү дээ. Хэрэв өөрсдийнх нь хувийн нэр дээр нь буй өөр янз бүрийн есөн лицензийг нь өндөр үнээр худалдаж авбал ТТ-д оруулж болно гэж Япон, Солонгосын талд тулгаж байсан тохиолдол ч бий. Монгол улсын нүүрсний салбараас олох мөнгө бусад бүх үйлдвэрлэлийн орлогоос давж эхэллээ. Юун Эрдэнэт! Шинэ баян цээж өвчтэй. Үхсэн элэнцгийн чинь гадаадынхан, империалистууд сөнөтүгэй! Эдийн засгийн алуурчдыг өөрсдийг нь алцгаая! Нүүрсээ хүрзээр утгаж аваад л Цагаан хэрэм давуулж шидээд байхад болно. Хүрздээд л шидээд уналаа. Тээр харав уу, ямар ч дэд бүтэц хэрэг алга! Монголчууд дангаараа ТТ-г ажиллуулах юм боллоо. “Эрдэнэс” гэж төрийн компани байгууллаа. Ямархуу үр дүн гарсныг цөмөөрөө мэднэ. Засгийн газар ард түмнээ хайрлаж дунд нь мөнгө цацахаар “Эрдэнэс”-ээ байнга дарамтлаж мөнгө нэхнэ. Ингээд Чалко компаниас 350 сая доллар зээлж 2018 он хүртэл нүүрсээ гаргахаар боллоо. Авлаа цацлаа, нийтээрээ уулаа, согтлоо, дууслаа… өртэй хоцорлоо. Сонгуульд ялахын тулд дахиад цацах хэрэгтэй. 200 саяыг дахиж зээлэхээр гуйлаа. Жижиг гарынхан ТТ-д хог шахаж эхэллээ. Улсын үйлдвэрлэл гэж нэг иймэрхүү л юм байх ёстой, зайлуул ёсоороо л болсон доо. Нүүрс үнс боллоо! 2007 оны өмнөх байдалдаа эргэж оров. Ажиллаж байсан хувийн нүүрсний компаниуд хуйгаараа хаагдав. Алтан загасны эмгэн хэмхэрхий тэвштэйгээ хоцордог биз дээ. Урьдчилж зээлээд нийтээрээ хувааж идээд жорлон руу асгасан мөнгөний өр зөвхөн Чалко компанид гэхэд бараг 300 сая доллар! Харьцуулахад Зөвлөлтөд тавьсан 70 жилийн өрийг 250 сая доллароор төлж байлаа. Нүүрс зарж мөнгөжин учраа олохгүй сагаж байх үед бусад салбараа зэрэг хөгжүүлнэ, монгол брэнд үйлдвэрлэнэ гэж хөөрцөглөж байсан. Энэ хорвоод мөнгөнөөс чухал юм маш олон, гэхдээ түүнийг мөнгөөр л хийдэг. Бусад салбараа хөгжүүлэхийн тулд эхлээд “бусад салбараа” буй болгодог, тэгэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм. Монгол брэнд байсан нүүрс үнс болсон. Эсгий таавчиг дэлхийн брэнд болж чадахгүй. Муу нэр маань л брэнд болж хоцрох шив дээ.

2013.5.11

Орос улс нь дэлхийн хамгийн урт төмөр замтай орны нэг. Энэ асар том төвлөрсөн аж ахуй нуль алдагдалтай ажилладаг. 2005 онд урьдын КГБ-ийн ажилтан бөгөөд Путинд итгэгдсэн Якунин гэгч энэ салбарыг хариуцах болов. Түүний тухай Оросын хэвлэлд “Ашигтай ажиллаж байсан салбарыг аваад богино хугацаанд алдагдалтай болгоход маш их хөдөлмөр орно” гэж бичиж байсан. 

Геополитикч Якунин Оросын төмөр замыг толгойлох болсон цаг нь Монголын байгалийн ашигт малтмал зах зээлд үнэ орохтой давхцсан байна. Сибирийн төмөр замыг ачаагаар хангана гэвэл хамгийн гол тээвэр нь нүүрс байх болно. Овор жин ихтэй учраас шүү дээ. Сибирь дахь хамгийн том орд нь Кемерова хавийн Кузнецкийн нүүрсний бассейн. Жилд 200 хүртэл сая тонн нүүрс гаргадаг энэ цогц орд нь хэрэглэгчдээсээ хэтэрхий хол, хоцорсон технологиосоо болоод өртөг өндөртэй, аваар осол их гардаг гэсэн хэдэн том дутагдалтай. Коксжих нүүрс бага хэмжээгээр Номхон далайн эрэг хүргэн гадагш экспортлодог авч ихэнх нь дотоодын гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд явдаг. Өөр нэг том бассейн Якутад нээгдсэн боловч цэвдэг ихтэй тул техник технологийн онц хүндрэлтэй. Гурав дахь том орд Тувад нээгдсэн боловч Сияаны нурууны өвөр талд тул төмөр замын өртөг хэтэрхий өндөр гарна. Ингээд Монголын гадагш зөөх учиртай асар их нүүрсний баялагийг Сибирийн төмөр замаар Номхон далай руу таван мянга шахам км урт зайнд тээвэрлэх панаал бодож олжээ. Манай нэг мангардуу сайд төмөр замын асуудал ярих гэхээр геополитикийн нууц алдчих гээд байна гэж учиргүй хийрхсэн нь Якунины ярианаас хагас дутуу юм олж сонсон, тэрнээсээ дор хагас дутуу ойлгосны үр өгөөж л дөө.

Тавантолгойн ордод хөрөнгө оруулах Оросын оролцоо их л төмөр замлаг маягаар тодорхойлогдов. Оросууд “Улаанбаатар” төмөр замыг цахилгаанжуулан хос замтай болгох ба өртөг нь гурван тэрбум доллар. Тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай уг замын өртгийн хагас нь Монголд ноогдох учир оросууд бүх мөнгийг гаргаж түүнээ Тавантолгойн орд газрын хувьцааг эзэмших байдлаар шийдвэрлэнэ. Гэтэл Оросын төмөр замд ийм их мөнгө байхгүй, харин монголчуудаар зөвшөөрүүлэх ажлыг гүйцэтгэсэн учир үүнд зээл олгохыг хүссэн гуйлт Хятадын талд Якунин тавьсан байдаг.

Оросын Зам тээврийн яам Монголын төмөр замын бодлогод оролцох сонирхолгүй, ямар царигтай зам хаагуур татах нь зөвхөн Монголын асуудал хэмээн уулзах болгонд нэгэн утгаар хэлдэг. Гэтэл Якунины геополитик их л өөр бололтой. Тэрээр Монголд ирээдүйд тавигдах бүх төмөр зам “Улаанбаатар” төмөр замын харъяанд байлгах ба хоёр орон ирээдүйгээ ч тавь тавин хувиар эзэмшиж байх ёстой гэсэн хатуу шаардлага тавив. Нэг үгэндээ Монгол нь бие дааж, эсвэл Оросоос өөр оронтой хамтарч буюу тэднээр төмөр зам тавиулах, хөрөнгө оруулахыг яагаад ч зөвшөөрөхгүй аж. Монголд ирээдүйд байгуулагдах бүх төмөр зам орос стандарт байх ёстой гэнэ. АНУ-ын “Мянганы сорилын сан”-д Монгол хамаарч 280 сая долларын буцалтгүй тусламж авах болсон ба үүндээ одоо байгаа төмөр замыг зарим талаар шинэчилж хэд хэдэн зүтгүүр худалдан авах болов. Хэрэв ингэх юм бол бараг л Орос Монгол хоёр байлдааны бэлэн байдалд орох шахам юм ярин айлгасаар Якунин энэ төслийг зогсоож чадсан. Төслийг хүчингүй болгосны дараа “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэсэн алдарт сургаалиа айлдлаа. Ахын сургаал алт! Харин сүрдүүлэг нь хутга. Монголд ирж хэлэлцээ хийгээд авахуулсан фотод салаавч зангидсан байсан нь хэвлэлээр гарч л байсан. 

Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн ашиглах тухай монголчууд бараг тавин жилийн турш таван мянган янзын санал гарган хоорондоо хэрэлдэн зодолдож ямар ч шийдвэр гаргаж чадахгүй яваа намтар бол тусдаа сэдэв, энэ тухай дараа бичнэ. Харин сүүлийн таван жилд энэ сэдвийн маргааны голлох тоглогч, шийдвэр гаргуулахгүй байх жинхэнэ хүчин зүйлийн эзнээр Морозов хэмээх бага гарын жулик тодорсон юм. Засгийн газрын дэргэд Тавантолгойд гадны хөрөнгө оруулах асуудал хариуцсан комиссорхуу юм хэдэн жилийн өмнө байгуулагдсан ба тэнд хөрөнгө оруулах сонирхолтой талуудын уулзалт байнга болно. Хятад, АНУ, Энэтхэг, Бразил, Япон, Солонгосын компаниуд янз бүрийн сонирхлоор Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой. Бүгд уул уурхайн компаниуд. Төмөр замчин Морозов л ганцаараа сондгой. Юу сонирхоод ямар хэмжээний хөрөнгө оруулах гээд байгаа нь даанч тодорхойгүй, тэгсэн мөртөө хамгийн том хувийг авна л гэж дайрна. Зүгээр авах гээд байгаа ч юм шиг. Нэг л тодорхой зүйл гэвэл Тавантолгойн ордыг ашиглах явдлыг саатуулах. Ийнхүү юу ч шийдэж чадалгүй таван жилийг барав. Тавантолгой ч байхгүй, төмөр зам ч байхгүй.

2013.4.19

Монголын хамгийн алдартай орд бол мэдээж нүүрсний асар их нөөцтэй Тавантолгой юм. Таван толгойг Бурхан Монголд өгсөн бэлэг гэж үзэж болно. Энэ “бэлэгт” антрацит, коксжих нүүрс зэрэг өндөр чанарын нүүрсний асар их нөөц бий. Нөөц нь 6.5 - 7.5 тэрбум тонноор хэмжигддэг.Тендер шалгаруулалтын дүнгээс харахад Хятадын “Шинхуа” компани, Америкийн “Пибоди” болон Орос-Монголын нууцлаг консорциумд талбайнууд одоохондоо хуваагдсан байна.

Энэ гэрээ яригдсан юм бол яаралтай баталгаажуулах ёстой, учир нь ойрын ирээдүйд дахиад л өөрчлөгдөх магадлалтай. Тавантолгойг бүрэн ашиглаж амжаагүй байгаа ч 2011 онд Монголын нүүрсний олборлолтын хэмжээ аль хэдийн гучин сая тоннд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл Монгол Улс дэлхийн долоо дахь том нүүрс олборлогч болох боломжтой юм. Монгол улсын хувьд нийтдээ 163.2 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэж зарим мэргэжилтэн хэлдэг. 

Сүүлийн үед Тавантолгойн нүүрсний аварга ордын нэг хэсэг болох Баруун Цанхийн талбайг ашиглах сонгон шалгаруулалтын мөрөөр Монголын Засгийн газар шийдвэр гаргасан нь бас нэг бөөн будлианы үүсвэр болов. Хэвлэлийн мэдээлснээр ордын баруун хэсгийг Хятадын төрийн өмчит “Шинхуа” компани талбайн 40 хувийг, АНУ-ын “Пибоди” 26 хувийг, үлдсэнийг Орос-Монголын консорциум тус тус эзэмшихээр болсон байна. Энэ шийдвэр хэд хэдэн шалтгааны улмаас гэнэтийнх байсан. Нэгдүгээрт, ялагч гэгдэх хоёр компани тендерт оролцоогүй. Юу гэвэл Шинхуа үүнд оролцсон гэх авч тэд Японы Мицуй компанитай хамтарч тэндэрт дэвшсэн атал ийм шийдвэр гарсныг япончууд огт мэдээгүй байв. Орос-Монголын консорциумын тухайд бол шалгаруулах уралдаанд тэдний нэр байгаагүй. ҮАБЗ-ийн Цэндсүрэнгийн хэлснээр Орос-Монголын консорциум Тавантолгойн шалгаруулалтад нэрээ огт оруулаагүй аж. Түүгээр ч барахгүй Монголын Засгийн газар шалгаруулалт явуулахаар нэг жил орчим ажилласан ч гэнэт ийм шийдвэр гаргана гэж хэн ч урьдаас төсөөлөөгүй. Тавантолгойн ордыг эх орныхоо зүүн хэсэгт орших Оросын төмөр замын сүлжээтэй холбож, ингэснээр Монголын нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарц нээх гэсэн нэгэн зорилгоор ийм шийдвэр гаргалаа гэж тайлбарлах болов. Ингэж Монгол улс 2010 оны зун зүүн тийш шинэ төмөр зам барих шийдвэрээ гаргалаа. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Монголын төр ч их зүтгэсэн. Оросын зүүн боомтоор дамжин өнгөрөх татварыг багасгах талаар ч Оростой тохиролцсон гэх юм билээ.

2010 оны арваннэгдүгээр сард Япон улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хоёр улс уул уурхай, нүүрсний хайгуулын чиглэлээр хамтран ажиллах амлалт авчээ. 2011 оны гуравдугаар сард Өмнөд Солонгостой ижил төстэй гэрээ байгуулж 2010 оны 11-р сарын сүүлээр Оросын Алс Дорнодын хөлддөг боомтоор нүүрс тээвэрлэх цуваа туршилтыг хүртэл зохион байгуулжээ. Оросын төмөр замын сүлжээг ашиглаж экспортын хойд шинэ зам бий болгох нь найдвартай, арилжааны хувьд ашигтай гэдгийг харуулах гэсэн гэнэ. Энэ шийдвэр нь Орос, Солонгос, Японы компаниудын консорциум тендерт давуу эрх эдлэх ёстой байсан гэж зарим нэг хүнийг дүгнэхэд хүргэсэн гэх. Гэвч ийм зүйл болоогүй бөгөөд эцсийн хэлэлцээрээс Япон, Солонгосын компаниудыг хассан. Энэ явдал нь наймдугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мөн Бакийн Монголд хийхээр төлөвлөсөн айлчлалыг сонирхолгүй болгож орхив.  

2012 он

Таван толгой гээд нэг үйлтэй газар Монголын өмнөдөд байх. Тэнд коксжих нүүрс байгааг мэдээдэхэж. Нүүрсийг нь ашиглах тогтоол 1969 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос гарчээ. Японтой хамтарч ашиглах санаачлага гаргаад зөвлөлтүүдэд алуулах шахсан байна. Дараа нь румынчүүд авья гэж бүлтэрснээ тээврийн зардал нь өндөр гээд гол гаргачихав. Хойт Солонгосын Ким Ир Сэнийг урьж авчраад баахан панаалдсан чинь зөвшөөрсөн царай гаргаж байснаа таг чиг болчив. Хойтууд нь болдоггүй юм бол өмнөдүүдийг нь панаалдья гээд Самсунг компанид үзүүллээ. Баахан тамшаалж байгаад дэд бүтэц нь өртөг ихтэй юм байна гээд шилээ харуулав. 1991 онд Монголын Ерөнхий сайд Хятададайлчилж Таван толгойг санал болгосон боловч үл тоов. Гэтэл дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох BHP гэнэт сонирхоод хайгуулын лицэнзийг нь авчихлаа. За одоо л нэг мөнгө гоожуулах нь дээ гээд горьдоод сууж байтал өнөөдүүл чинь төдөлгүй лицэнзээ буцаагаад өгчихдөг байгаа.

Эзэнгүй хэвтэж байсан лицэнзийг нь Батболд авчээ. Сайд болов, дарга болов, тэрбайтугай ЕС болов, ингээд эх орончдын хараанд өртлөө. Ганцаараа биш Монголын өөр 13 компанитай хуваажээ. Мэдээж бүгдээрээ луйварчин, Хятадын тагнуул, эрлийз, үгүйдээ л хурлийз, Монгол улсыг лангуун дээр тавьж байгаад зарах гэж байгаа этгээдүүд. Ойлгомжтой шүү дээ! Монголын дайснуудыг дарах хөдөлгөөн улс даяар өрнөж хүн болгон энэ дайнд чадлын хэрээр хувь оруулан тэмцсэний үр дүнд Засгийн газар 90 хувийг нь хураагаад авчихлаа. Ердийн иргэншсэн оронд үүнийг төрийн дээрэм гэж нэрлэхүйц авч Монголд энэ нь тусгаар тогтнолын төлөөх ариун дайны ялалтаар тэмдэглэгдлээ.

Дэлхийн нийт гангийн 60 хувийг нь үйлдвэрлэдэг Зүүн Азийн 3-4 орныг коксжих нүүрсээр хангадаг Австралийн асар том орд юу ч үгүй үерийн усанд автаж 20 орчим доллар байсан нүүрсний үнэ явсаар 130 доллар болох нь тэр. Нийт ордын ердөө 4 хувийг авч үлдсэн монгол компани энэ бололцоог ашиглан Хонконгийн бирж дээр нээлттэй хувьцаа гаргаж хөрөнгө босгож эхэлсэн нь монголчууд олон улсын арилжаанд оролцох болсон анхны тохиолдол байлаа. 

Ховдод нүүрс зөөх дэд бүтэц гялалзуулаад босгочихлоо. Дагаад хулгай гаарав. Урд хилээр богооноос илүү нягт чихэлдсэн нүүрс ачсан том машинууд даац хэтрүүлэн давхиж талыг там болгоно. Жилд гурав дөрвөн сая тонн нүүрс гаргаж байсан нь овор хэмжээний хувьд ч, үнийн дүнгийн ч хувьд Монголын түүхэн дахь давтагдашгүй рекорд байлаа. Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл хэдхэн жилд 10 дахин өсч дэлхийн шинэ рекорд тогтоов. Дэлхийн том том мэдээллийн хэрэгслэлүүд Монголыг дараагийн Азийн шинэ бар гэж тодорхойлохдоо огтхон ч эргэлзсэнгүй.

Олдсоныгоо дор нь үрдэг уламжлалтай монголчууд хэдэн жилдээ тансаглаж гарлаа. Иргэд долоон тэрбум долларын автомашин, тэрбумын гар утас авсан нь наад захын жишээ. Гадаадад эмчлүүлэхэд иргэд жилд 600 сая доллар гарлагадна. Төрийн баярхал, иргэдийн цамаархлыг яриад ч яахав. УИХ төсвийн тодотголыг төсөв хүрэхээ болихоор танаж хийдэг бол тэр жилүүдэд илүү гарсан мөнгөө бушуухан далд оруулах гэж жилд хэд хэд хуралддаг боллоо. Шил архины жишигтэй байсан авилга тэрбумаар яригддаг боллоо. Авилгад өгсөн арван сая төгрөгийг голж "овоонд өргө" гэнэ. 

Мөнгөтэйн зовлон мөнгөгүйн зовлонгоос илүү тамтай. Хуримын, хүүхэд төрүүлсний, ерөөсөө хүүхэдтэйн, хүүхэд нь сургуульд сурсны, хөгширсний, гэмтсэний, ядуурсны, өвдсөний, зүгээр л баяр хүргэж бэлэн мөнгө тараасаар нийлбэр нь дорхноо 4 тэрбум доллар болжээ. 2010 оны хүн ам орон сууцны тооллогын дүнгийн задаргаа анализаас үзвэл Монголд 200 мянган насанд хүрсэн хүн ямар ч ажил хийх сонирхолгүй нь илэрчээ. Халамжийн үр дүн. 

Австралийн коксжих нүүрснээс дагнасан хамааралтай байсан Хятад, Солонгос, Японы үйлдвэрлэгчид сандарч эхэллээ. Усанд авахуулсан орд тэгэсхийгээд хатах нь ойлгомжтой боловч ганц зах зээлээс хамаарсан үйлдвэрлэл маш эрсдэлтэй болохыг тэд ясандаа тултал ойлгожээ. Эрсдлээс зайлах арга нь Монголын ТТ-тэй гэрээ байгуулах. Хятадын хувьд ган үйлдвэрлэл нь хойд нутагтаа, коксжих нүүрсний нөөц нь өмнө талдаа байдаг. Нүүрсний бизнес бол орд ашиглалт гэхээсээ тээвэр юм. Эх газрын гүнд байгаа Монголын нүүрсийг далай хүртэл тээвэрлэвэл өнөөх нь “алт” болж хувирна. Монголын давуу тал нь дэлхийн хамгийн том төмөрлөгийн хот болох Бугаттай ойрхон. Иймээс япон, солонгосчууд Монголоос авах нүүрсээ далайн эрэг дахь Хунань, Юнаниас шууд зөөх, хариуд нь өөрийн квотоо Бугат руу гаргах арга юм. Ингэж байж биенесийн утгатай болно. 

ТТ нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар Хятад, АНУ, Япон, Солонгос, Оросын нүүрсчдийн Монголын Засгийн газартай хийх хэлцэл 6 жил үргэлжиллээ. Монголчууд юу хүсээд байгаа нь энэ олон жилд огт ойлгогдсонгүй. Эрхтэн дархтан болгон нь өөр өөр юм ярьж биенээ үгүйсгэнэ. Америкийн хамгийн том нүүрсний компани Пи Боди ТТ-д хөрөнгө оруулахын тулд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулаад 9 жил хүлээсэн гээд бод доо. Хятадын Шиньхуа хэмээх бас л асар том компани мөн ийм хугацаагаар Монголын Засгийн газрыг царайчилсан. Солонгосын Поско компани бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч. Захирал нь энэ хооронд Сөүл-Улаанбаатар байнга нисдэг л ажилтай байсан байх. Японы 7 компани ТТ-г сонирхож байлаа. Хэлэлцээ хийгч болгон өөртөө ашиг унагах гээд, тэдний өрсөлдөгч нар нь авилгыг ядахнаа хуваалцах, болбол өөрснөө дагнах гээд байгааг гадны хөрөнгө оруулагч нар ойлгохгүй явсаар хэдэн жилийг үджээ. Монголын төрийг ээлж дараалан төлөөлөх хүмүүс “надад бүхлээрээ олдохгүй бол чамд ч үгүй, надад ч үгүй” гэсэн нугаршгүй хатуу зарчим баримтлав. Бухал манасан нохой аятай “чамд ч үгүй, надад ч үгүй”.

Австралийн нүүрсний орд хатлаа. Үнэ эрчимтэй унаж эхлэв. ТТ-тэй тэнцүү хэмжээний том орд болох Мозамбикийн коксжих нүүрсний орд нээгдэв. Далайгаас 200 км зайтай энэ ордын эргэн тойрныг иргэний дайны үед битүү минижүүлсэн байсныг хятадууд янзлаад дууслаа. Азийн гол ган үйлдвэрлэгчид Австралиас гадна Мозамбиктай гэрээ хийн нэг цэгээс хамааралтай байдлаасаа салж баталгаажив. Тэдэнд одоо Монголын нүүрс хэрэггүй. ТТ хариуцсан Монголын компани Хятадын Чалко компанитай тонныг нь 70 доллароор зарах гэрээ хийсэн байсныг Засгийн газраас “эх орноосоо уравсан явдал” гэж зараллаа. Ингээд нэгэнт хийгдсэн гэрээг цуцлав. Харин Чалкогийн дарга ярихдаа “Би монголчуудтай үнэн тэнэг гэрээ хийж маш их алдагдалд орох болчихоод байсан чинь тэд өөрснөө гэрээг цуцалж намайг цаазаар авахуулах ялаас мулталж өгдөө” хэмээн баяртай, ёжтой өгүүлэх аж. Нүүрсний үнэ 30 доллар руу ороод ирлээ. Нүүрсний үнэ унасан юм биш, Австралийн үерийн дараа өөрийн байсан жинхэнэ үнэ рүү орж ирсэн хэрэг л дээ. Монголын нийт нүүрсний нөөцийг 130-150 тэрбум тонн гэж үздэг. Харамлаад, эсвэл булаацалдаад байсан ТТ-ийн нөөц 7 тэрбум байгаа нь нийт нөөцийн ердөө 5 хувь гэсэн үг. “Би энэ төслийг унагааснаараа маш их бахархаж байна” хэмээн гишүүн авгай ихэд хөөрөлхөн мэдэгдсэн ба түүнийг одоо дахин юм хум нураалгуулахын тулд Монголын ард түмэн гишүүнийг нь нахиулах гэж байгаа. 

Нүүрсний үнэ унаад баярхал тансаглал өндрөллөө. Гэвч нам засаг сонгуулиар ард түмнээ харж үзсээр. 2012 онд Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 70 сая доллар зээлж аваад ард түмэндээ бэлнээр нь тарааж орхив. Үүнээс сонин юм гэвэл ТТ-н хувьцаа гээч хуурамч амлалт. Хувьцаа гэдэг бол бирж дээр нээлттэйгээр үнэ нь тодорхойлогдсон үнэт цаасыг хэлдэг. Хувьцааны үнэ ямар байхыг зах зээлийн ханш мэднэ. Бирж дээрх хувьцааны үнэ цэвэр итгэл дээр тогтоно. Тухайн үйлдвэрлэл ашигтай гарна гэж тооцоолсон үедээ хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Гэвч энэ нь тун мэдрэг, эрсдэлтэй үйлс. Тухайн үйлдвэрлэл, компаний тухай муу мэдээ гарвал хүмүүс дорхноо хувьцаагаа эргүүлж заран салахын түүс болно. Тэр хэрээр хувьцааны үнэ унана. Ингээд бид манасан өвсөө өөрөө идэхээр шийдсэн нохой боллоо. 

2016.6.11

Монголын Засгийн газраас Тавантолгойг Монгол – Хятад – Япон хамтарч ашиглахаар гэрээ байгуулав. Үүнд Японы Ерөнхий сайд “Монгол улстай анх удаа хамтарсан бизнис хийхээр болсон нь тун том амжилт” гэж мэдэгдэв. Харин үүнээс хойш тун удалгүй УИХ гэрээг цуцалсан төдийгүй үүнд оролцсон ажлын хэсгийхнийг “эх орноосоо уравсан” хэргээр шорон руу шилжүүллээ.

Зэрэгцээд эзэмшиж байсан лицензийнхээ 96 хувийг төрдөө дээрэмдүүлсэн компанийн ердөө 4 хувийн эзэмшлийн эсрэг аян орон даяар дайн зараллаа. Тэр 4 хувь нь нийт Таван толгойн өрөм нь байсан, үлдсэн 96 хувь нь хусам байсан тухай ард түмндээ 10 жил сурталчлан цээжлүүлж амжив. Үнэндээ Тавантолгойд улсын хөрөнгөөр хайгуул хийсэн гэх боловч тэр нь тун өнгөц, бүдүүн бааргаар нийт нөөцийн ерөнхий баримжааг гаргасан төдий. Судалгаанд өрөм, хусмыг нь огт тогтоогоогүй. 

“Өрөм” авсан гэх компани нөөцөө Олон улсын бирж дээр гарган амжилттай ажилласан ба улсын төсөвт 2,3 ихнаядын татвар төлжээ. Тэдний ажилладаг талбай нь нийт ордын 6 хувь, тодорхойлогдсон нөөцийн 4 хувь юм байна. Монгол улсын нийт нүүрсний нөөцийг 160 тэрбум тонн гэж барагцаалдаг, Тавантолгойн орд үүний 5 хувийг бүрдүүлнэ, эндээс мөнөөх 4 хувьтай хувийн хэвшил Монголын нийт бололцоот нүүрний нөөцийн 0,2 хувийг ашиглан нийт ард түмний хорхой, атаархалыг хөдөлгөн, өш хонзон зангидуулж байгаа бололтой. 

Төрийн булааж авсан Тавантолгойн 96 хувь нь ямархуу луйвар дээрэм, хэрүүл уруул, өвөр хоорондын дайсагнал болон хувирч байгааг ярих нь дэндүү илүүц, эрүүл хүн болгон мэдэж байгаа юмыг өвчтэй хүмүүсийн урдуур орж тайлбарлаад ч яах юм билээ.

2025 он