Ердөө маргааш нөгөөдөргүй нийслэлд маань чуулах гэж байгаа бүс нутгийн олон улсын яриа хэлэлцээний томхон форумын тухай Элчин сайд байсан дипломатч хүний өнцгөөс өгүүлэх гэж байна. “Цорын ганц” гэсэн тодотгол уншигчдыг гайхшруулах магад. Үзээд өгье гэхнээ цорын ганцаараа шалгараад үлдчихлээ. Цагийн шалгуурыг даваад 10 жилийн нүүр үзчихлээ. Их бага, том жижиг улс гүрнүүдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг механизмЗүүн хойд Азид өөр алга байна. Ази–Номхон далайн бүс нутагт Засгийн газар хоорондын, яриа хэлэлцээний, хурлын, хоёрдахь сувгийн, мэргэжлийн, сэдвийн, ТББ-ын гэх мэт янз бүрийн түвшний олон улсын байгууллага, форум, институц нэг үе 300-д хүрч байсантай харьцуулаад үзэж болно. Хамгийн томоос нь дурдъя. АПЕК гэж манай улс элсэнэ хэмээн бүр 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа хатуу зааж өгч байсан тэр механизм одоо үүрэг гүйцэтгэж байна уу? ШХАБ байна, 2018 онд шат ахин оролцоно хэмээн тэр үеийн Төрийн тэргүүн ам нээгээд цааш нь хөгжүүлж чадалгүй үүрдийн идэвхтэй ажиглагч дээр нь үлдээсэн бас нэг механизм үүрэг гүйцэтгэж байна уу? Үүрэг гүйцэтгэж байна уу, хуралдаж байна уу гэдэг хоёр өөр ойлголт шүү. Энэ өнцгөөс “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г товойлгон бичье.

1. Түүхэн өв бий

Туурга тусгаар Монгол маань олон улсын харилцааны нэн идэвхтэй тоглогч болохыг дээхнээс мөрөөдөж, төлөвлөж, ажиллаж ирсэн ганц нэг жишээ эш татъя. Өмнөх нийгэмд юм. 1981 онд МАХН-ын XVIII их хурал Ази, Номхон далайн улсууд руу хандсан санал дэвшүүлсний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас Ази, Номхон далайн бүх орны парламентад хандан уг саналыг дэмжихийг хүссэн уриалга гаргажээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо гадаадын бодлогын талаар алдарт№ 301 тогтоолоо батлаж, 1981-1983 онд Азийн 36, Номхон далайн 11 орон, нийт 50 улсын төр, засгийн тэргүүнд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын илгээлт явуулж заримаас нь (дэмжсэн 19 улс) дэмжлэг хүлээж байв. Улмаар 1983 оны 4 дүгээр сард УлаанбаатартАзи, Номхон далайн энх тайван, аюулгүй байдлын төлөө бүсийн бага хурал зохион байгуулж, Монголын санаачилгын талаар мөн оны 10 дугаар сард социалист орнуудын ГЯЯ-ны орлогч сайд нарын зөвлөлдөх уулзалт, дараа жилд нь социалист орнуудын ГЯЯ-ны хэлтсийн дарга нарын зөвлөлгөөн, Залуучуудын бүсийн бага хурал, 1985 онд Үйлдвэрчний эвлэлийн бүсийн бага хурал зарлан хуралдуулж байжээ. 

1986 онд МАХН-ын XIX их хурал Азийн орнуудын өргөн олон нийтийн төлөөлөгчид оролцсон энх тайван, хамтын ажиллагааны төлөө нийт Азийн чуулга уулзалт хийх санал дэвшүүлжээ. Энэ саналаа тухайн үед цөмийн дайны аюулыг зайлуулах, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж, үзэл суртал-улс төрийн өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж байв. Нийт Азийн чуулга уулзалт хийх саналыг хэрэгжүүлэх хүрээнд 1988 онд Улаанбаатарт Ази, Номхон далайн орнуудын эрдэмтэд экспертүүдийн дугуй ширээний уулзалтыг Азийн аюулгүй байдлын сэдвээр, Монгол-Америкийн эрдэмтдийн уулзалтыг “Ази, Номхон далайн орнуудын энх тайван, аюулгүй байдал” сэдвээр хийж, МХЗЭ-ийн XIX их хуралд уригдсан Азийн 22 орны залуучуудын төлөөлөгчдийг оролцуулан“Азийн энх тайван, аюулгүй байдал” сэдвээр уулзалт зохион байгуулж байжээ. МАХН-ын гадаад харилцаа ч огцом тэлжээ. МАХН-ын XIX их хуралд гадаадын 70 орчим улсын 72 нам хөдөлгөөний төлөөлөгчид уригдан оролцсон баримт үүнийг илтгэнэ. 1987 онд тохиосон коммунист ажилчны намуудын Улаанбаатарын зөвлөлдөх уулзалт түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. МАХН-ын хоёр их хурлаас дэвшүүлсэн Ази, Номхон далайн улсуудын хооронд харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх тухай конвенц боловсруулж байгуулах тухай санаачилга, энх тайван, хамтын ажиллагааны төлөө нийт Азийн чуулга уулзалт хийх тухай санал Улаанбаатараас хүчтэй түгжээ. “Ж.Батмөнхийн энхтайванч санал” хэмээн алдаршсан, 1989 оны 8 дугаар сард Халхын голын ялалтын 50 жилийн ойн баярын үеэр дэвшүүлсэн “Ази, Номхон далайн бүс нутгийн Зүүн Хойд хэсгийн улсуудын байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм” бий болгох тухай санал нь тухайн үедээ анхаарал татсан, үзэл суртал-улс төрийн зорилгоор ихээхэн сурталчилсан, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг анх удаа Ази, Номхон далайн бүс нутаг гэдэг ерөнхий ойлголтоос салгаж авч үзсэнээрээ онцгой ач холбогдолтой байв. Энэ мэт түүх энд яригдах шинэ механизмын оршил болох учиртай юм.

2. Идэвхи XXI зуунд сэргэв

“Хүйтэн дайн” төгссөнөөр даян дэлхий тэр чигтээ амар жимэр болчихлоо гэсэн нь цагийн шалгуур давалгүй шинэ зуунтайгаа золгосон. Олон улсын харилцаа дахин элдэв хямралтай тулгарсан. Тэр дундаа манай оршин буй энэ бүс нутаг. Зүүн хойд Ази, Төв Ази, эдүгээ Евразид олон улсын харилцаа амаргүй зам туулж байна. Улс гүрнүүд бүгд хөдөлгөөнд орж байна. Бүс нутгийн байтугай онож нэрлэж болохооргүй дайн мөргөлдөөний голомтууд оршсоор байна. Ийм нөхцөлд энхийг эрхэмлэгч Монгол Улс гадаад бодлогодоо дахин шинэ шинэ санаачилга дэвшүүлж, хэрдээ тохирсон тоглолт хийх шаардлагатай болсон. 2001 онд Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм байгуулах тухай санаачилга дэвшүүлж, 2003 онд асуудлыг дахин хөндөж байсан. 2008 онд “Төв Ази, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын ирээдүй: Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулсан. 2009, 2012 онд Хойд Солонгос-Японы харилцааг хэвийн болгох асуудлаар хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулсан гээд нэрлэбэл багагүй ажлууд бий.

Манай улсбол Азидаа энх тайван, аюулгүй байдлын төлөө тэмцэгч улс, тэр хэрээрээ “Хельсинкийн яриа хэлцээ”-тэй ижил төстэй “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г 2013 онд санаачлан эхлүүлээд, амжилттай хэрэгжүүлсээр эдүгээ 8 дахь форумаа хийх гэж байна. 

Мөн “Азийн форум” хэмээх механизм санаачилсан. Азийн улс орнуудыг бүхэлд нь татан оролцуулах олон талт яриа хэлэлцээний цогц механизм  зайлшгүй шаардлагатай гэж үзээд энэхүү “Азийн форум”-ыг гаргаж ирсэн. Энэ нь жижиг, том гэлтгүй Ази тив дэх тусгаар улс бүрийн эрх тэгш оролцоог хангаж, тэдний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн баталгааг бэхжүүлэх зорилготой механизм юм. Энэ санаачилга хэрэгжээгүй ч ирээдүй цаг дээр үнэт өв болон хадгалагдана. 

2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг манай улсад зохион байгуулсныг бас нэрлэх хэрэгтэй. Ази, Европын 50 гаруй орны төр, засгийн тэргүүн нарыг бид эх орныхоо нийслэл “Найрсаг Улаанбаатар” хотдоо хүлээн авч, хоёр их тивийг холбосон хамтын ажиллагаа, олон талт дипломатын тоглолт хийж чадсан шүү дээ. Азийн цээжин дээрхи Монгол Улс маань олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, олон талт дипломатын нэг төв болж байгааг бид биеэрээ мэдэрсэн. Тэр төв маань одоо ч үүргээ гүйцэтгэн олон улсын харилцаа, дэлхийн бодлогын тусгал болсоор байна. 

3. Өнөөдөр Азид юу тулгарсан бэ?

Хүн төрөлхтөн гурав дахь мянганаа алхаад XXI зууныхаа эхний 22.5 жилийг үджээ. Хорин хоёр жил гэдэг бол нэг талаасаа их хугацаа мэт, нөгөө талаасаа ахар богино хугацаа мэт. Гэтэл энэ 22 жилд бид, манай дэлхий ямар урт зам туулаа вэ гэж заримдаа эргэж бодогдоно. Урьд хожид дуулдаж байгаагүй шинэ шинэ үзэгдэл, хөгжил дэвшил, даяаршил, интеграцчилал, бүс нутагчлал,хувьсал хувьсгал, дайн мөргөлдөөн, дүрвэгсэд, эсрэгцэл гээд бүх үзэгдэл нүдний өмнүүр жирэлзээд өнгөрчээ. Олон улсын харилцаанд урьд хожид байгаагүй тоглогчид гарч ирж байгаа нь нөхцөл байдлыг нарийн төвөгтэй, тааварлашгүй болгож байна. 

Манай эргэн тойрныг аваад үз. “Хүйтэн дайн”-ы сүүлчийн цайз бэхлэлт, хуваагдал Солонгосын хойгт оршсоор, олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэл учруулсаар байна. Газар нутгийн зөрчил маргаан даамжрах аюул хэвээр байна. Өмнөд Хятадын тэнгист Спратли зэрэг бүлэг арлуудын эргэн тойронд Хятад, Вьетнам, Филиппин зэрэг хэсэг улсын хоорондын далайн маргаан буглан байна. Хятад-Америкийн хооронд, Хятад-Японы хооронд улс төрийн харилцаа хүндхэн байна. Засаглалын хямрал, терроризмын аюул, шашны эрх чөлөөг хангах асуудал Азийн зарим орнуудад нүүрлэсэн хэвээр байна. “Арабын хавар” гэх нийгэм-улс төрийн хувьсгалт үйл явц Ази, Арабын улс орнуудад сайнтай зэрэгцээд сөрөг нөлөө үзүүлсэн. Талибаны шашны экстремизмын голомтАфганистанд бэхжээд, Пакистанд нөлөөлж, Төв Ази руу тархах аюул бодитой. Ер нь терроризм, экстремизм, сепаратизм Азийн олон дэд бүс нутагт аюул түгшүүрийн харанга хэвээрээ байна. 

Аюулгүй байдлын өнцгөөс авч яривал Азид байгаль орчны хямрал, байгалийн гэнэтийн гамшиг ослууд Азийнхныг төдийгүй дэлхий дахиныг түгшээж буй. Эдгээрийг бүхэлд нь уламжлалт бус сорилтууд гэж үзэж болно. Ази тивд хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хомсдол, хүн амын хурдацтай өсөлт, байгаль орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, халдварт өвчин, цагаачлал, хар тамхины зөөвөр, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, зэвсгийн хууль бус наймаа, эрчим хүчний хомсдол гээд нэрлэвэл Та бид ямар их асуудлаар нийтлэг зовлонтой учрахыг төсөөлж болно.Олон улсын харилцааны ерөнхий уур амьсгал ч нэн таатай бус байна. Улс орнууд, ялангуяа дэлхийн бодлогыг тодорхойлдог тoм гүрнүүдийн хооронд “Хүйтэн дайн”-ы үеийг санагдуулам уур амьсгал ноёрхож эхэллээ.

4. Ийм үед Зүүн хойд Ази!

Зүүн хойд Ази, Өвөр Ази, Төв Азийн зүүн хэсгийг дамнан оршдог манай улсын хувьд бүс нутгийн маань энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудал нь нэн чухал билээ. Энэ бүс нутагт гол тоглогч 6 улс оршино. Тэр нь Монгол, Орос, Хятад, Япон, мөн Солонгосын хоёр улс. Дээр нь шууд оролцоотой, нөлөөтэй гэдгээр АНУ, Канадыг авч үздэг. Нийлээд 8 улс.Тоон үзүүлэлтүүд гайхамшигтай. Дэлхийн хүн амын ихэнхи нь, хөгжил дэвшлийн оргил нь, дэлхийн эдийн засгийн тэргүүлэх локомотивууд гэхчлэн. Гэтэл эвээ олдоггүй, ашиг сонирхол нь байнга зөрүүтэй, геополитикийн зөрчилдөөн, газар нутгийн маргаан, үл итгэлцлээс үүдэлтэй аюулгүй байдлын аюул занал байнга байж ирсэн гэх мэт. Цөмийн зэвсэг гээд яривал ийм асуудал манай бүс нутагт бий. Солонгосын хойгийг цөмийн зэвсгийн аюулаас гэтэлгэхээр ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон зургуулаа 2003 оноос хамтран чармайгаад яриа хэлэлцээ нь мухардалд орчихоод байж байна.

Ийм цаг үед “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зайлшгүй аминд орно. Монгол бол Зүүн хойд Азийн бүх улс, түүний дотор БНСУ, БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаатай. Иймд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгт энх тайван цогцлооход хувь нэмрээ оруулж чадна гэсэн итгэл төрүүлнэ.

Тэгж чадах өгөгдөл бидэнд бэлээхэн байна. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, хэрэг дээрээ төвийг сахисан гадаад бодлоготой. Гадаад бодлогын залгамж чанараа баттай хадгалаад ирсэн. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой. Тэр зорилгод маань нийцэж байгаа учраас “Улаанбаатарын яриа хэлэлцээ” цаг үеэ алдахгүй. Энэ санаачилгын хүрээнд манай улс 2014 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи бага хурлыг 7 удаа зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Монгол нь жижиг улс боловч өвөр хоорондоо зөрчилтэй бүс нутгийн энэ олон улсын төлөөллийг нэг дор цуглуулаад хуралдуулаад байж чадах чадвар бүхий улс юм байна гэсэн имиж юуны өмнө олон улсад бүрдүүлж чадсан. 

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын бараг бүх асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцанг бид буй болгож чадсан байна. Тэр ч бүү хэл сонирхлын дагуу Ази, Энэтхэг–Номхон далайн бүс нутаг, Европын орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтсон. Хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, оролцогчдын төлөөллийн хувьд онцлогтой. Яриа хэлэлцээг мухардмал байдалд орохоос сэргийлж, албан бус нөхцөлд илэн далангүй санал бодлоо илэрхийлэх боломжийг бид бүрдүүлж чадсан учраас албан ёсны төлөөлөгчдийн нэгдүгээр суваг болон эрдэмтэн судлаачдын түвшний хоёрдугаар сувгийг хослуулан “1.5” гэсэн хэлбэрээр явуулдаг. Үүний ашиг тус ч харагддаг. Аль нэг улсын эрх ашгийг давуу тавихгүй, аль нэг улсыг ганцаардуулахгүй, аливаа сөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг юу юунаас илүүд үздэг. Жишээ нь Солонгосын хойгийн асуудлаархи “Зургаан талт хэлэлцээ” мухардалд орж, яриа хэлэлцээний суваг хаагдсан энэ үед зөвхөн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” л боломжит ганц суваг болж үлдэнэ. Оролцогч ямар ч улс байр сууриа илэрхийлж, дэлхий ертөнцөд дуу хоолойгоо хүргэх чухал индэр нь болно гэсэн үг. 

Энэ удаагийн чуулга уулзалтын тухайд оролцох түвшин шат ахиж байна. НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу уригдан оролцоно. НҮБ-аас өндөр түвшинд анх удаа оролцохоор болж байгаа нь тус бага хуралд дэлхийн хамтын нийгэмлэг ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм.  

Дүгнэж үзвээс, дэлхийн бодлого, олон улсын харилцааны тулгамдсан асуудлыг албан ба албан бус хэлбэрээр нээлттэй, бүтээлчээр хэлэлцэж, улс түмнүүдийн харилцан ойлголцолд том хувь нэмрээ оруулж ирсэн олон улсын энэхүү чухал бага хурал бүс нутагтаа амжилттай яваа цорын ганц институц болж чадлаа. Өнөөдөр энд, бүс нутгийн өмнө тулгарч буй, зайлшгүй хэлэлцүүштэй, харилцан санал солилцохоор маш олон асуудлыг хоёрхон өдөрт багтаан ярилцах гэж байна. Цаг шахуу, хэлэлцэх асуудал олон, санал бодол, байр сууриа илэрхийлэх зочид төлөөлөгч бүр ч олон байгааг тэмдэглэх нь зөв болов уу.