Ховор хуучин ном олдов. Олдлоо гээд мэдээлээд өнгөрөх хайран санагдсан тул хэрэг болгож орчуулав. Орчуулсан ном маань сая хэвлэлтээс гарчээ. Хэн олов, ямар ном байв, хэн бичиж вэ, хэн тэрийг уншиж байсан юм бол гэх мэт асуултын хариуг үүгээр тайлбарласу.

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

Түүхийн ухааны доктор, зоос судлаач Бадарчийн Нямаа нэгэн өдөр Чингис хааны хайр сэтгэлийн тухай өгүүлэх маш сонирхолтой ном оллоо, орчуулж хэвлүүлэх үү хэмээсээр орж ирсэн билээ. Цуглуулагч, түүхч хүний хувьд Нямаа ах ховор хуучин ном бүтээл олж илрүүлэх талдаа гарамгай хүн. Өмнө бид хоёр бас Пети дэла Круагийн “Агуу Чингис хааны түүх” хэмээх номыг гаргаад амжчихсан, гар нийлэх болсон тул, нөгөө талаас тэр номыг орчуулах явцдаа 17-18-р зууны англи хэлний үг найруулга, үсэг бичлэгийн онцлогийг бас чиг гадарлаад авсан учраас саналыг нь зөвшөөрч, хэцүүхэн энэ номыг “амлан авсан” юм. 

Орчуулах зуураа бас монгол судлаач Жак Вэдэрфорд энэ номыг АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтон амтархан уншдаг байсан хэмээн тэмдэглэснийг бодож, чухам Марта Вашингтоны барьж байсан тэр уг номыг үзэх юм сан гэж бодох болов. АНУ-ын Архивт хадгалагдаж буй “Үндэслэсэн эцгүүдийн бичиг баримт” хэмээх цуглуулгыг шүүрдэж үзвэл үнэхээр Жорж Вашингтоны хувийн номын санд “Zingis: A Tartarian History” хэмээх энэхүү ном байсныг хуучны хэд хэдэн товьёогт дурджээ. 

Ингээд нэг өдөр Жорж Вашингтоны гэр – музей болох Маунт Вэрнон хэмээх газар очиж, номын сантай нь хэрхэн танилцах талаар лавлав. Тэгтэл гэр музейн ажилтан бээр Жорж Вашингтоныг судлах эрдэм шинжилгээний тусгай номын сан байгуулагдсан, номын сан нь тийшээ шилжсэн гэлээ. Ингээд тэр тусгай номын сангийн ажилтантай холбогдон, номыг чухам гараар барьж, нүдээр үзэхийг хүссэн юм. “Гараар барьж, нүдээр үзэх” хэмээн тодруулсны учир нь АНУ-ын ихэнх номын сан ховор хуучин номоо тоон хэлбэрт (дижитал) шилжүүлсэн, уншигч нарт уг эхээ өгдөггүй, тоон хэлбэрийн хувилбарыг нь тооцоолуураар дамжуулан өгдөгт оршино. Номын санч бээр надад Жорж Вашингтоны номыг өдгөө хэд хэдэн өөр газар хуваан хадгалж буйг тайлбарлаад, Чингис хааны тухай ном нь Ганстон Холл (Gunston Hall) хэмээх номын санд уг эхээрээ буйг дуулгав. 

Ингээд Ганстон Холл хэмээх номын сангийн номын санч Саманта Дорсийтой холбогдон учир байдлаа илтгэснээр 2019 оны 3 сарын 18-ны өглөөний 10 цагаас эрээд олддогүй тэр эрхэм номыг үзэхээр тохиролцлоо. Тэр өглөө Саманта намайг тусгай ширээнд суулгаад “Зингис: Нэгэн татаарын түүх” номыг авчрахдаа “Ёстой сонин юм аа, энэ номыг гучин жил хэн ч авч үзэж байсангүй, гэнэтхэн та юу болов?” хэмээн сонирхон уулга алдсан бөлгөө. Надад харин гучин жил гэсэн тоо сонин байсан тул “Гучин жилийн өмнө надаас өмнө хэн авч үзээ вэ?” хэмээн асууваас “Мэдэхгүй ээ,би энэ номын санд ажилласаар гучин жилийн нүүрийг үзэж байна. тэр зуур хэн ч авч байсангүй” хэмээх нь түүнээс өмнө өөр хэн ч үзээгүй бол Жорж Вашингтоны гэргий Марта Вашингтоноос хойш миний бие анх удаагаа барьж буй хэрэг болох нь. 

Номын санч Саманта бээр юуны өмнө ховор хуучин номыг тавьж үзэх тусгай зөөлөн тавиур, хуудсыг дарах хүндэвтэр үдээс хоёрыг, бээлийн хамт авчирч өгөөд үзэг бал огт хэрэглэж болохгүйг анхааруулав. Тэгээд бэлэн болсон хойно номыг авчирваас үнэхээр гар хүрэх төдийд үйрэн унамаар, угаасаа ч хэдийн үйрмэг болон бутарч эхэлсэн нарийн нандин эд байлаа. Нуруу хэдийн үгүй болж, салангид хуудсууд болжээ. 

Жорж Вашингтоны хувийн ховор номыг тавьж үзэх тусгай хөөсөнцөр

Урд талын гадар хавтас үгүй болсон, ар талынх нь элэгдэж муудсан ч хээ нь бол харагдахтайгаа байна. Дотор хавтас дээр нэрийн эхний үсэг, гарын үсэг, бэлгэ тэмдэг аль нь үл мэдэгдэх бичиг маягийн зүйл байгааг чухам Марта Вашингтон өөрөө бичсэн эсэхийг мэдэхгүй, түүнээс хойш энэ номыг барьж байсан хүний ч тэмдэглэгээ байж болох.

Номын хавтас

Номыг хичээнгүйлэн уншсан, сонирхолтой зүйлээ тэмдэглэсэн нь харагдана. Номын хуудас дээр харандаагаар нийт 21 тэмдэглэгээ хийснийг олж тогтоов. Үүний 20 нь босоо зураас бол ганц нь Х маягийн хэрээс тэмдэг байна. 

Босоо зураасын хувьд 45-р тал дахь “...Эзэнтэн гүнжээс “Хатагтай минь, айхавтар ослын дараа бие лагшин тань хэр байна даа?” хэмээн асуухуй, урьхнаар инээмсэглээд “Эрхэм ноён та л намайг аврахын тулд амь биеэ үл хайрласан, тиймээс харин таны бие ямар байна даа?” хэмээв...” гэсэн хэсгээс эхлээд бүгд Чингис Ташила хоёрын харилцан яриа, хайр сэтгэлийн холбоот үг хэллэгийг зуран тэмдэглэжээ. 

Босоо зураасаар ингэж зурсан хорь гаруй тэмдэглэгээ бий.


Ганц X тэмдгийг “... (Зингис) Ундканы шийдвэр шударга бус гэдгийг мэдэж байсан ч гэлээ дурлал хайр нь түүнийг эрс шийдэмгий үйл хийхээс сэргийлж байлаа...” хэмээх хэсэгт тавьжээ. Үүнээс харахад босоо зураас нь уншигчийн дуртай мөрүүд, хэрээс нь сөрөг сэтгэгдлийг харуулах ажээ. Ахин хэлэхэд энэ номыг АНУ-ын анхны тэргүүн хатагтай Марта Вашингтон барьж байсан нь тодорхой боловч энэ тэмдэглэгээг чухам Марта хийсэн гэдгийг батлах боломж бас үгүй юм. 

Ямар ч байсан хоёр зууны тэртээд АНУ-ын анхны тэргүүн хатагтайн Чингис хааны хайр сэтгэлийн түүх хэмээн шимтэн уншиж байсан номыг барьж үзэв, монгол уншигч танаа мөн толилуулахыг хичээн орчуулав. 

Цор ганц Х тэмдэглэгээ


Зохиолч Аннэ дэ ла Рош-Гильений тухайд

Францын зохиолч эмэгтэй Аннэ дэ Ла Рош-Гильены намтар, уран бүтээл харьцангуй хожим утга зохиол судлаачдын сонирхлыг татаж эхэлсэн юм. Энэ нь хоёр зүйлтэй холбоотой. Нэгд, эмэгтэй зохиолчдыг утга зохиолын ертөнцийн гадна орхих хандлага бүр дундад зууны үеэс эхтэй, 20-р зууныг хүртэл амь бөхтэй явсаар байжээ. Хоёрт, Францын протэстант шашны гэр бүлийн нэг гол төлөөлөгч болохынх нь хувьд олонх болох католикууд аль болох намтар бүтээл, ач холбогдлыг нь дарах, үл дурсах бодлого баримталсаар иржээ. Эмэгтэй зохиолчдыг, ялангуяа үзэл бодол өөр уран бүтээлчдийг өөрөөр харах болсон өнөө үед харин Аннэ дэ Ла Рош-Гильены зохиол бүтээл судлаачдын анхаарлын төвд ороод байна.  

Аннэ дэ Ла Рош-Гильен нь 1644 онд Францын умард хэсэг, Сэна мөрний эрэгт орших Руан хотод Чарльз дэ Гильен, Мари-Аннэ д’Азэмар хоёрын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эх нь хоёул Хугэнотын хүрээллийн нөлөө бүхий гэр бүлээс гаралтай ажээ. Ерөөс Ла Рош-Гильены амьдрал ахуй, уран бүтээлийн онцлог, хавчигдал гадуурхал, улс төрийн орогнол зэргийг ойлгоё гэвэл юуны өмнө Хугэнот гэж юу болохыг мэдэх хэрэгтэй юм.

Европод шашны шинэчлэлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн үед Францад протэстанууд католикийн эсрэг тэмцэж эхэлсэн, тэднийг ерөнхийд нь Хугэнот хэмээнэ. Олонх болон төрийн эрх баригч хаад ноёд хугэнотуудыг нухчин дарж, сургаал номлолыг нь хааж боон, 1555 онд 2-р Хэнрих бүр галд амьдаар нь шатаах хүртэл зарлиг буулгаж байв. Энэ нь сүүлдээ шашны дайн болон хувирчээ. Эх орондоо адлагдсан хугэнотуудыг Английн хатан Элизавета хөрөнгө, зэвсгээр, Германы протэстанууд цэргийн хүчээр дэмжиж байлаа. Их дайн тэмцлийн дүнд Францын хаан 4-р Хэнрих алдарт Нантын зарлиг гээчээ гаргав. 1598 оны Нантын зарлигаар хугэнотуудад шашнаа чөлөөтэй шүтэх эрх чөлөө олгожээ.

Ла Рош-Гильен нь улс төр, шашны тэмцлийн ийм эгзэгтэй үед, ийм нэгэн гэр бүлд мэндэлсэн хүн аж. Тийм ч учраас эрх баригчдын аж төрдөг Парис хотод очиж үзээгүй гэдэг. Эцэг нь архинд орж, бие барахдаа хөрөнгө мөнгө үлдээгээгүйн улмаас анхны зохиол бүтээлээ санхүүгийн учир шалтгаанаар бичиж байсан ажээ. 

1686 онд мөнөөх Нантын зарлигийг хүчингүйд тооцсон тул Ла Рош-Гильен хоёр эмэгтэй дүүгээ дагуулан, орогнол хайж, Лондонд байнга оршин суухаар очжээ. Тэндээ зохиол бүтээлээ туурвин амьдарсаар 1707 онд нас барсан түүхтэй. 

Аннэ дэ Ла Рош-Гильений роман. Жорж Вашингтоны гэргийн барьж байсан хувь.


Ла Рош-Гильены бичсэн Чингис хааны хайр сэтгэлийн үүх түүхийг өгүүлэх нэгэн бэсрэг романыг монгол уншигчдадаа орчуулан барьж байна. Ла Рош-Гильены уран бүтээлийн онцлог, намтар амьдралынх нь нарийн ширийнийг өөрөө бичихээс илүү тухайлан судалсан утга зохиол шүүмжлэгчийн үгийг хүргэх нь зүйтэй хэмээн бодов. АНУ-ын Жоржиа мужийн Валдостагийн Улсын Их Сургуулийн франц хэл, утга зохиолын профессор Мозес Хардин Ла Рош-Гильены амьдрал, уран бүтээлийг судалж, Алманзаид, Агуу Скандэрбэрг, Чингис хэмээх гурван зохиолыг нь нягтлан, дүр, өгүүлэмж, техникийн талаас нь шинжилж, “17-р зууны зохиолч Ла Рош-Гильены бүтээл дэх орчин үеийн арга техник” (Modern Techniques in a Seventeenth-Century Writer: Anne de la Roche-Guilhen) хэмээх номыг 1997 онд хэвлүүлжээ. Энэ номын нэгдүгээр бүлэг, дүгнэлт хэсгээс товчлон орчуулж, судлаачийн үгийг та бүхэндээ хүргэе. 

Аннэ дэ ла Рош-Гильены амьдрал, бүтээл

Мозэс Хардин (Валдостагийн их сургууль)

Аннэ дэ ла Рош-Гильены амьдрал эгээ л өөрийнх нь зохиол бүтээлийн дүрүүд шиг, нууцаар дүүрэн. Төрсөн болон нас барсных нь тухай албан баримт олдсон боловч боловсрол, гэр бүл, нөхөр хүүхэд, ерөөс царай зүс, бие төрхийнх нь тухай мэдээ бараг үгүй. 

Олон жилийн турш хэд хэдэн буруу мэдээллийг түүний төрсөн өдөр хэмээн андууран бичсээр ирсэн юм. Түүхийн ном, нэвтэрхий тольд 1640, 1653, 1663 онд Аннэ дэ ла Рош-Гильеныг төрсөн хэмээн андуурч байлаа. Гэтэл Алаксандрэ Каламэ 1972 онд хэвлүүлсэн бүтээлдээ маш чухал баримт олсноо дүгнэн, 1644 онд төрсөн болохыг нь баталжээ. Каламэ нь Руан хотын сүмийн бичиг баримт дундаас Аннэ дэ ла Рош-Гильеныг 1644 оны 7-р сарын 24-ний өдөр усан баталгаагаар оруулсан баримтыг олсон аж. 17-р зууны Францад хүүхдийг дөнгөж төрсөн нярай үед нь усан баталгаа хийдэг байснаас үзэхэд Аннэ дэ ла Рош-Гильен нь 1644 онд төрсөн болох нь тодорхой юм.

Аннэ дэ ла Рош-Гильен нь таван охинтой айлын ууган нь юм. Өмнө нь нэг хүүгээ алдсан айл ажээ. Мари, Эстэр, Элизабэт, Мадэлэйн хэмээх дөрвөн дүү нь 1646, 1647,1648, 1652 онуудад усан баталгаа хийлгэсэн, өөрөөр хэлбэл тэр жил төрсөн гэсэн үг. Аннэгийн эцэг Чарльз дэ Гильен 1682 онд нас баржээ. Нас барсныг нь батлах гэрчилгээн дээр нь 68 настай байсан хэмээн бичсэн нь түүнийг 1614 онд төрсөн болохыг нь батална. Чарльз Хугэнотын язгууртнуудын нэг байлаа. Католикийнхантай хийсэн хоёр ч байлдаанд биеэр оролцсон аж. Ямар ч байсан Чарльз католикийн эсрэг үзэл санаагаа охиддоо байнга ярьж, өвлүүлсэн нь тодорхой. 

Мозес Хардины судалгааны бүтээл.

Аннэгийн эх Мари Аннэ д’Азэмар нь 1620 оны 3-р сарын 8-ны өдөр төрсөн, мөн л Хугэнотын язгууртан гаралтай. Азэмарынхан шилний үйлдвэр эрхэлдэг байж. Тэднийхний дунд утга зохиолын ертөнцөд алдартай улс цөөнгүй байжээ. Жишээлбэл, Маригийн ээжийн, Аннэгийн бол эмээгийн төрсөн ах нь нэрт яруу найрагч Сэнт-Аман юм. Маригийн нэг эгч нь алдарт зохиолч Таллеман дэ Реогийн хамаатантай гэрлэв. Ингэхлээр Аннэ дэ ла Рош-Гильены нагац нар нь Францад байтугай дэлхийн сонгодогт багтсан зохиолч нар байсан ажээ. 

Бага өсвөр насандаа Аннэ дэ ла Рош-Гильен нь 17-р зууны Франц дахь Хугэнотуудын бүхий л хавчигдал, тэмцлийг биеэр мэдэрсэн хүн билээ. Эцэг эхийнхээ хамтаар байнга л дүрвэн гарахаар орогнол эрэлхийлж байсан бөгөөд бүр хожим санасандаа хүрч, хоёр дүүгийнхээ хамтаар Лондонд гарч, амьдралынхаа сүүлийн 20 жилийг тэнд өнгөрөөсөн юм. 

1683 оноос хойш бүх зохиол бүтээл нь Холландад хэвлэгдэх болсон тул олон судлаач түүнийг Холландад амьдарч байжээ хэмээн андууран бичсэн байдаг. Гэвч 1677 оноос 1707 онд нас барах хүртлээ Лондонд амьдарч байсныг нь батлах олон баримт буй. (Мозес Хардин энд Вангийн зарлиг тэргүүтэй олон баримтыг эш татан баталсан, тэр бүгдийг энд товчлов. М. Саруул-Эрдэнэ.)

Аннэ дэ ла Рош-Гильены амьдралыг амар амгалан байсан гэж хэлэхийн аргагүй. Уг нь язгууртны гэр бүлд төрсөн боловч Хугэнотын эсрэг тэр их тэмцлээс болж язгууртныхаа ямбыг огт эдэлж чадсангүй. Амар амгалан амьдрах улс хот байнга хайж, олон ч удаа нүүн шилжжээ. Лондонд байнга оршин суух болсноор санхүүгийн асуудалд орж, олон зохиолоо мөнгө олох зорилгоор бичсэн байна. 

Аннэ дэ ла Рош-Гильен нь хайр сэтгэлийн холбоо, романтик дурлалын түүхийг бүхий л зохиолдоо бичсэн боловч чухам өөрт нь тийм харилцаа холбоо байсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй юм. Амьдралынх нь таагүй орчноос булаан авч зугтаан, хайр дурлалд умбуулах ханхүү нь зохиол бүтээлд нь л байсан болохоос өөрт нь харин заяасангүй. Тэр бүү хэл гэрлэж ч үзээгүй бүсгүй аж. 

Дурлалын тэр аз жаргалыг Аннэ дэ ла Рош-Гильен нь зохиол бүтээлээрээ дамжуулан амсдаг байсан бололтой. Өвчтэй дүү нараа асран гэрээсээ гарч чадахгүй сууж байхдаа романыхаа баатруудыг харин Мексик, Африк, Монголоор аялуулан, зовлон жаргалаа хуваалцах хүнгүй ганцаардан суухдаа хамгийн хайртай эмэгтэй дүрээ ямагт царайлаг сайхан ханхүүтэй учруулан, мөнгө сангагүй ядуу амьдрахдаа зохиолынхоо баатар гүнж, ханхүү нарыг баян тансаг хаад ноёдын үр хүүхэд болгон дүрсэлсэн байдаг. 

Уран бүтээл

Аннэ дэ ла Рош-Гильены анхны новэл (новэлд роман, тууж аль алиныг оруулах бөгөөд зохиол бүрийг нь роман, тууж хэмээн ялгах боломжгүй учраас энэ чигээр нь авав) Алманзаидэ хэвлэгджээ. Мароккогийн ах дүү хоёр Алманзаидэ нэрт нэгэн бүсгүйд хоёул дурлана. Ах нь дүүгээ Алманзаидэд хайртай гэдгийг мэднэ. Бас Алманзаидэ нь хүртэл өөрийнх нь дүү гэсэн мэдээ аваад сэтгэлээр унана. Гэвч хожим хайртай бүсгүй нь дүү нь бишээр барахгүй, хажуугийн нэг улсын хаан ширээг залгамжлах гүнж болох нь тодорч, аз жаргалтай төгсөнө.

1675 онд Ариовистэ нь хэвлэгдэв. Юлий Цезарь Германы хаан Ариовистэг ялж, нутгийг нь эзэлж буй тухай бүтээл. Гэвч нутаг уснаас илүү хоёр хаан Вочианэ хэмээх сайхан бүсгүйн зүрхийг эзэмдэхээр тэмцэлдэнэ. Ариовистэгийн хатан Агатие Вочианэг нөхөртөө хайртай болохыг мэдүүтээ элдэв муу арга заль зохионо. Эцэстээ бүхий л арга саам нь бүтэлгүй болсноор Агатие сэтгэлээр унан, өвдөж нас барах бөгөөд хулгайлагдаад байсан Вочианэг Ариовистэ суллаж авна.

Түүхэн хүмүүсийн хайр сэтгэлийн сэдвээр туурвидаг Аннэ дэ ла Рош-Гильены гуравдугаар новэл нь Asterie ou Tamerlan нэртэй. Тамерлан буюу доголон Төмөрийн хоёр хүү Тэмир, Аданакс хоёр Астерие хэмээх бүсгүйд дурлана. Тэмир нь Одмар гэж ноёнтой нийлэн Аданаксын эсрэг явуулга хийнэ. Одмар Аданаксыг алах гэж байгаад андууран Тэмирийг алж орхино. Тэгээд бүх үнэнээ өчсөн нь юу хэмээвээс: жинхэнэ ханхүүг төрсөн дороо нас барахад Одмар өөрийнхөө хүүгээр сольчихсон, өөрөөр хэлбэл Тэмир төрсөн хүү нь байсан аж. Ийнхүү Аданакс доголон Төмөрийг залгамжлах бүрэн эрхтэй ганц ханхүү болж, Астэриетэйгээ гэрлэнэ. 

Энэ хүртэл бүх зохиол нь Францад хэвлэгдэж байсан бол 4 дэх бүтээл нь Холландад гарчээ. Аннэ дэ ла Рош-Гильен амьдралдаа ганцхан жүжиг бичсэн нь 1677 онд хэвлэгдэж, мөн ондоо Лондоны театрт тавигджээ. Өмнөх үг болон 106 бадаг шүлгээс бүрдэх дуулалт бүжгэн жүжиг юм. 

1687 онд гарсан Замир новэл нь 1692 онд ахин хэвлэгджээ. 1688 онд гарсан Агуу Скандэрбэрг зохиол нь 1692 онд уг францаараа, 1711 онд англи хэлээр ахин хэвлэгджээ. Төрөхдөө Жорж гэж нэрийг олсон Албанийн ханхүүгийн тухай өгүүлнэ. Гэвч лалын шашинт хааны барьцаанд очсоноор Скандэр нэртэй болж буй нь Александер хаан мөн. Скандер тэндээс оргож, Албани түмнээ тэмцэлд уриалан босож лалынхныг дардаг. 

1691 онд Чингис бүтээл нь гарсан даруйдаа олны дунд нэн алдаршжээ. Тиймээс 1692 онд франц, англи хоёр хэлээр орчуулан Ташила нэрээр гаргасан байна. Уг эхээ испани хэлээр бичсэн аж. 1711 онд мөн багаахан засвартайгаар гаргажээ. Чингис новэлд 17-р зууны роман туужид гардаг бүхий л элементүүд: гүнжийг хулгайлан барьцаалах, дүр төрхөө нуун далдлах, дуэлд дуудах гээд бүгд байдаг. Монголын ханхүү Чингис, Тартаарын гүнж Ташила хоёрын хайр сэтгэлийн түүх юм… (Цаашид энэ мэтээр бүх зохиол бүтээлийг нь нэг нэгээр авч үзсэнийг товчлов. М. Саруул-Эрдэнэ)

…Ийнхүү Аннэ дэ ла Рош-Гильены зохиол бүтээл адал явдал, хайр дурлалаар ямагт дүүрэн өрнөдөг. Эмэгтэй дүрүүд нь хулгайлагдана, барьцаанд орно, хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэнэ, тэр ч бүү хэл хүн хөнөөх нь ч бий. Эрэгтэй дүр нь хайр сэтгэлийнхээ төлөө амь биеэ огт үл хайрлана. Олон зохиолд ах дүүс нэгнээ, аав нь хүүгээ хүртэл алахдаа тулна. Ихэнх бүтээлд нь хайр сэтгэлийнхээ төлөө эрчүүд нь харь улс орноор явж, аян дайнд оролцоно. Заримдаа хайр сэтгэлээсээ зугтах гэж холд одох боловч эцэстээ эргээд ирж л таардаг. Аннэ дэ ла Рош-Гильены бүтээлүүдэд ийм ижил шинж байгаа боловч өгүүлэх техник, утга зохиолын аргын хувьд нэн баялаг, үнэхээр чадвартай зохиолч ажээ.