Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган хоёр өдөр дараалан хуралдаж, У.Хүрэлсүхийн танхимын сайд нарыг томилж дууслаа. Баасан гаригт тамга тэмдгээ гардаж авсан сайд нар амралтын өдрүүдэд ажилдаа шуурхайлан оржээ. Үүгээр У.Хүрэлсүхийг тойрсон маргаан хаагдаж, УИХ өдөр тутмын ажилдаа оров бололтой. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг... гэдэг шиг. Гэвч улс төрчдийн хэлэх дуртай энэ үг, үйл явдлын ард хайхрахгүй орхиж боломгүй бас нэг зүйл байна. Энэ бол хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа.

Нурж унасан хуулийн байгууллагууд

Одоогоос хоёр сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 25-нд АТГ-аас мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү У.Отгонбаяр болон ойр дотныхоо хүмүүсээр дамжуулан өөрийг нь мөрдөн мөшгисөн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан, нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн (зориудаар эвлүүлэг хийсэн) тул “төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорт шилжүүлснээ хэвлэлийнхэнд мэдээлжээ. Уг хэрэгт холбоотой есөн хүнээс дөрвийг нь цагдан хорьж, таван хүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд “тагнаж чагнасан” гэх хэрэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбоотой гэх нотлох баримт олдоогүй гэсэн байна. Үүнээс хойш бүтэн хоёр сар өнгөрөхөд хуулийнхан хэргийн талаар ганц үг унагасангүй. Хамгийн сүүлд есдүгээр сарын 7-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж байх үед гишүүн Н.Номтойбаяр “У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан гэх мэдээлэл АТГ-ын мэдээллээр баталгаажсан” тухай мэдэгдсэн. Энэ өдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо уг асуудлаар хаалттай хуралдаж, ТЕГ-ын дарга Б.Хурц, АТГ-ын дарга Х.Энхжаргал нар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийсэн юм. 

Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш энэ хэргийн мөр баларч, оронд нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох, томилуулах асуудал улс төрийн гол сэдэв болсон. Нэг үгээр У.Хүрэлсүхийн талаар хуулийн байгууллагууд дүгнэлтээ гаргаагүй байхад МАН-ын удирдлага түүнийг дэвшүүлээд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон гэсэн үг. Эцсийн дүндээ У.Хүрэлсүхэд тохсон дээрх хэрэг үнэхээр хэрэг мөн байсан уу, эсвэл эрх барьж байгаа нам, бүлгийн захиалгаар хуулийн байгууллагууд хүн гүтгэсэн үү? гэдэг асуулт одоо ч хариу нэхсээр. Хэрвээ У.Хүрэлсүх өөрийг нь “тагнаж чагнасан” гэх хэргийг санаатай зохион байгуулсан, түүнийг нь хуулийн байгууллагууд (захын нэг мөрдөн байцаагчийн амнаас унасан үг биш, АТГ, ТЕГ нь хууль тогтоохын байгууллагынхаа өмнө хамтдаа зогсоод хийсэн мэдээлэл шүү) илрүүлсэн нь үнэн бол эрх барьж байгаа нам нь тэс хөндлөн зүтгээд толгойдоо аваачаад залчихаар нөгөө хуулийн байгууллагууд маань хэн болж таарах вэ? Нөгөө хараат бус шүүх, хуулийн засаглал энэ тэр гэсэн маань ч хаачлаа. Эсрэгээрээ хуулийн байгууллагууд эрх барьж байгаа нам, бүлгийн захиалгаар гэмгүй хүнийг гүтгэсэн бол эргээд өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой баймаар. Захиалга өгсөн этгээд үнэнээ хэлдэггүй юмаа гэхэд захиалга биелүүлсэн нөхөд өөрсдөө буруугаа хүлээгээд ажлаа өгдөг ёс зүйн эрх биш энэ нийгэмд байх ёстой. Улстөрч хүнд худлаа хэлэх юу ч биш байлаа гэхэд тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч нарт хууль зөрчих, хүн гүтгэх эрх байхгүй.

Мэдээж энэ анх удаагийнх биш. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд хуулийн байгууллагуудын шинэчлэлийг эхлүүлж, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг хэрэгжүүлэхээр давалгаалж байхад ЭЦГ-ын нөхөд Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын авлига, мөнгө угаасан хэргийг илрүүлснээ нийтэд зарлаж, эхнэрийнх нь дансыг битүүмжлэн цагдан хорьж байв. “Авилгачдын нурууг бөхийлгөж, ардын нурууг тэнийлгэх” Ерөнхийлөгчийн амлалт биеллээ олж эхэллээ хэмээн амьсгаа дарж хүлээсэн иргэдийн хүлээлт ч талаар өнгөрч, хэрэг тэгсгээд замхарсан даа. Жил гаруй хугацаанд шалгагдсан хэргийг Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа “Хохирогч байхгүй” хэмээн түдгэлзүүлсэн байдаг. Усанд хаясан чулуу мэт сураг алдарсан ийм хэрэг ганц нэгээр тогтохгүй. 

Тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин лав цагдаагийнханд “Боловсролын сайд асанг шалгаад орхи” гэдэг үүрэг өгөөгүй. Тэгж ажиллахаар хүн ч биш. Харин “Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хуульчлахгүй бол хуулийн нэрээр хөрөнгөждөг, албан тушаал, амин зуулгаа авч үлдэхийн тулд хэн эрх мэдэлтэй байна, түүний өмнө бөхөлзөж, хурууных нь үзүүрээр хөдөлдөг, хүн хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болсон байна” гэсэн түүний үг улам бүр нотлогдож орж байна. Улстөрчидтэй холбоотой хэрэг маргаан бүр дээр хууль, хяналтын байгууллагууд алийгаа алдаж, нэр нүүрээ шороотой хутган унаж туссаар өдий хүрлээ. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд, түүний Засгийн газар “авилгатай тэмцэх” нь үнэн бол амь насаараа дэнчин тавьж авилгачидтай тэмцэнэ гэхийн оронд энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг хуулийн байгууллагуудаа эхлээд өөрчлөх хэрэгтэй болж байна. Гэхдээ хүнийг нь биш.

Цаазын ял хэмээх бас нэг “чулуу”

Ерөнхийлөгч Х.Баттулга хуульчдын баг ажиллуулж, цаазын ялыг сэргээхээр ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан байв. Урьд өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэгт цаазын ялыг оноодог байсан боловч 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзэж, 2015 оны арванхоёрдугаар сард батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар цаазаар авах ялыг албан ёсоор халсан билээ. Гэвч ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн УИХ-ын Хүний эрхийн дэд хороон дээр хийсэн мэдээллээс болж цаазын ялыг сэргээх тухай яриа тавин жилийн дараа дахин босч ирэв. ХЭҮК-ийн мэдээллээр сүүлийн нэг жилд 2-17 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Чухам энэ мэдэгдлээс болж цаазын ялыг сэргээх асуудал сөхөгдсөн үү, эсвэл цаазын ялыг сэргээхийн тулд уг мэдээллийг хийсэн уу гэдэг чухал биш. Баримт гэвэл насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдсэн байна (Гэхдээ гэмт хэргийн гаралт нэмэгдсэн үү, эсвэл илрүүлэлт, бүртгэл нэмэгдсэн үү? гэдэг дахиад өөр асуудал). Харин цаазын ялыг халах нь Ерөнхийлөгчийн хүсэл. Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд хуульчдийн баг хөлсөлнө үү, ХҮЭК-ийг хөдөлгөнө үү, тэр хүний эрх. Харин хууль тогтоогчдын зүгээс олон нийтэд “Цаазын ял халсныг улмаас хүчингийн гэмт хэрэг нэмэгдлээ”, эсвэл “Цаазын ялыг сэргээх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга” мэтээр ухуулах, ийм сэтгэлзүйг бий болгох нь эмзэглүүштэй зүйл мөн. Монгол Улс цаазын ялыг халах, хуулийн бодлогоо энэ түвшинд аваачихын тулд хичнээн урт замыг тууллаа даа. Сайн, муу хэлэгддэг ч Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Монгол Улсын олсон ололт энэ.

Цаазын ялыг шүүмжилдэг хүмүүс хоёр зүйлийг иш үндэс болгодог. Эхнийх нь шүүхийн практик. Хуульч, судлаач О.Мөнхсайхан докторын хэлснээр шүүхээс 2000 онд нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар гурвынх нь ялыг өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байна. Практикаас үзэхэд цаазын ял оногдуулсан тогтоолын 30 орчим хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаруй хувь нь хүчингүй болдог. Энэ бол шүүхийн шийдвэр цаг ямагт үнэн зөв байдаггүй, гэм буруугүй хүний амь хилсээр хохирох магадлалтай гэсэн үг. Олон нийтэд ил болсон жишээг сануулахад Завханы н.Эрдэнэ-Очирын хэрэг гэж бий. Түүнийг зургаан жил найман сар хорьж, гурван удаа цаазын ял сонссгосны эцэст нь гэм буруугүй болохыг нь тогтоожээ. Мөн ах нь төрсөн дүүгээ хүчиндсэн хэргээр цаазын ял оноож, ялыг гүйцэтгэснээс хойш таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэнг илрүүлсэн түүх ч байна. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаазын ялд моратори зарласан нь огт үндэслэлгүй зүйл биш юм.

Хоёр дахь нь, цаазын ял бол хүний амьд явах эрхийг төр өөрөө зөрчиж буй хэрэг, хүн хүнээ алахыг эсэргүүцдэг атлаа хүний амь хөнөөх эрхийг төр өөртөө авах нь шударга бус гэх үзэл. Ийм шалтгаанаар олонхи улс орнууд цаазын ялаас татгалзаад байгаа. Гэхдээ тэдгээр улс орнуудад хүнд гэмт хэргүүд огт гардаггүй, хүчин үйлдэгддэггүй гэсэн үг биш. Зүгээр л цаазын ял гэмт хэргийг бууруулдаггүй гэдэг нь амьдрал, практикаар нотлогдсон учраас тэр. Тиймээс тэрбум илүү хүн амтай, ялын бодлогоор хамгийн хатууд ордог Хятад улс хүртэл цаазын ялаас татгалзах тухай ярьж эхлээд байгаа. Харин гуравхан сая хүнтэй Монгол Улс цаазын ялаас татгалзлаа гэх мэдээлэл олон улсын хүний эрхийн байгууллагуудын Монгол руу харах харцыг өөрчилсөн. Ял гэдэг хариуцлага болохоос өс хонзон биш. Тиймээс Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай” хуулийг 2012 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа соёрхон баталж, цаазын ялыг албан ёсоор халах үүрэг хүлээсэн. Дээр нэр гарсан манай ХЭҮК-ийн нөхөд ч бас энэ асуудлыг ахин дахин судалж үзээд “цаазаар авах ялыг халах нь зүйтэй” гэдэг санал, зөвлөмжийг нэг бус удаа гаргасан байдаг. 

Хуульчид, хууль тогтоогчдын ил гаргаж ярьдаггүй бас нэг зүйл бол “цаазын ялыг хэн гүйцэтгэх вэ?” гэдэг асуудал. Манайд цаазын ял гүйцэтгэдэг тусдаа мэргэжилтэн, орон тооны “зандалчин” гэж байдаггүй. Ял гүйцэтгүүлэхийн тулд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аль нэг байгууллагаас бараг хүчээр хүн томилдог. Тиймээс ял гүйцэтгэх явцад ямар нэг эндэгдэл гарах нь бараг л зүй тогтол. Нүдээр харах байтугай чихээр сонсомгүй хирдхийм үзэгдэл болж өнгөрдөг тул ял гүйцэтгэх хүн олддоггүй тухай сонсч л байсан. Албан хүчээр дуудагдаад ял гүйцэтгэсэн хүн ч гэсэн сэтгэлзүйн хувьд ямар байдалд орох вэ? Цаазын ялаас татгалзах болсон эцсийн гол шалтгаан энэ. Хэдийгээр төр ял оноож байгаа боловч түүнийг хүн л гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс л ганц манайх биш, дэлхий нийтээрээ энэ ялыг харгис бурангуй, халъя солъё гээд байгаа юм. Эрүүгийн хуульд цаазын ял байх үед ч Монгол Улс цаазын ялыг тэр болгон гүйцэтгээд байгаагүй, 2010 оноос хойш цаазын ялыг огт гүйцэтгээгүй. Цаазын ял сонссон бүх ялтан, 2006 онд СЗХ-ны дарга Ч.Бадраагийн амийг хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт”-ын Ц.Түмэнгэрэлээс бусад нь бүгд Ерөнхийлөгчөөсөө “амь хэлтрүүлж өгөөч ээ” гэж өршөөл хүссэн байдаг. Ерөнхийлөгч цаазын тогтоол гарын үсэг зурсны дараа сая ялыг гүйцэтгэдэг. Хэрэв Ерөнхийлөгч гарын үсэг зурахгүй бол ялыг гүйцэтгэдэггүй. Үүнийг моратори гэж нэрлээд байгаа. Эсвэл Ерөнхийлөгч ялтны хүсэлтийг хүлээж аван өршөөл үзүүлбэл цаазын ялыг хорих ялаар сольдог. Ийм эрх мэдлийг өөр дээрээ авах гэж зүтгэх нь хэвийн сэтгэл зүйтэй хүний барагтай хүсээд байх зүйл биш. 

Дээр нь ял гүйцэтгэх ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Ял гүйцэтгэсний дараа цогцос нь ч олдох боломжгүй. Тиймээс гүйцэтгэчихсэн байлаа гэхэд ар гэр нь мэдэхгүй, гүйцэтгээгүй байлаа гээд мэдэх боломжгүй. Тиймээс цаазар авсан ялтан нь тэнд энд явж байна, бохир ажилдаа ашигладаг гэнэ, гадаадад гарсан гэнэ гэх яриа, хар сэр ч хаа нэгтээ явж л байдаг. Яагаад гэвэл цаазаар авах ял оноосноор хүний тооноос хасагддаг, цаазын ялыг нууцаар гүйцэтгэдэг учраас хэн ч үүнд хяналт тавих боломжгүй. Харин бүх насаар нь хорих ял бол өөр хэрэг. Ядахдаа л Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлтэй учраас мэдээлэл нээлттэй.

Нэртэй улстөрч, хуульч хүн хуулийн сургуулийн оюутнуудтай уулзаад ярьж байна. “Одоогоос 3000 шахам жилийн өмнө (МЭӨ VIII-МЭ VI зуун) тогтож байсан Ромын эзэнт гүрний үед хүний жам ёсны эрх буюу “jus naturale”-ийн тухай ярьдаг байжээ. Гэтэл өнөөдөр 3000 жилийн дараа ч дэлхий дээр эхнэр нь нөхрөө хуурвал чулуугаар цохиж алдаг ялтай улс орон байсаар байна. Хуулийн бодлого үндэстнийхээ онцлог, хөгжлийн түвшинд тохирсон байх ёстой” гэв. Харин миний бодоход хуулийн бодлого ч тэр, хувь хүний хөгжил ч гэсэн хүн төрөлхтний хүрсэн ололт амжилтаас зүүгдэж урагшлах ёстой. Тэгж бие биенээсээ суралцаж байж дэлхийн улс гүрнүүд өнөөдрийнхөө хөгжлийн өндөрлөгт хүрсэн байх. “Нүүдэлч Монголын удам билээ” гээд хотын гудамжинд хормой сөхөөд, өмдөө тайлаад суудаггүйтэй адил (ийм соёлд хүрэхийн тулд монголчууд бас ч гэж хэдэн арван жилийг туулсан юм шүү) эрүүгийн нөхцөл байдал хүнд учраас гээд “буудвал хариу буудаад, хутгалбал хариу хутгалаад бай” гэдэг хууль гаргаж болохгүй биз дээ. 

Тиймээс л “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэдэг дундад зууны үеийн шүүлтээс шат ахиж, гэмт хэрэгтэнтэйгээ тэмцэх биш, гэмт хэрэг гарч байгаа шалтаг, шалтгаантай нь тэмцэх ёстой гэсэн үзэл номлол өнөө цагт бий болоод байна. “Хүчингийн хэрэг гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна, хүчингийн хэргийн тал хувь нь хохирогч тал “гомдолгүй” гэснээр хэрэгсэхгүй болж байна” гэх атал хүүхдийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч нуун дарагдуулаад байгаа эцэг эх, хамаатан садангуудтай хариуцлага ярих, хандлага, сэтгэлзүйг нь өөрчлөхийн оронд гэрч хохирогчдыг хамгаалдаг тогтолцоо, Тахарын албаа татан буулгасан нь бас л төрийн хариуцлага. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гараад байгаа нөхцөл шалтгааныг арилгах, гэмт хэрэг үйлдэгдсэн бол илрүүлдэг байх нь төрийн хариуцлага. Үүнийхээ оронд гэмт хэрэг үйлдсэн бол “алаад бай” гэх нь төр өөрийнхөө хүлээх үүрэг, хариуцлагаас зугтаж буй хэрэг. Наанадаж 10-20 жилийн ялаас зугтаж гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа хүмүүс алах ялтай хэрэг дээр мэдүүлэг өгч гэрчлэх үү? гэдэг бас л асуулт. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч ч гэсэн “цаазын ялыг сэргээнэ” гэх чулуу хөөхийнхөө оронд гэрч, хохирогчдыг хамгаалдаг тогтолцоогоо эргэж харах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрэг биш болгож байгаа хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ тэр нь цаазын ялаар хэмжигдэх ёсгүй. Цаазын ял бол хамгийн хялбар мөртлөө үр дүнгүй арга гэдгийг л ахин дахин нуршаад байна л даа.