Монголын эдийн засагт төдийгүй ААН, өрх бүрийн амьжиргаанд зөвшөөрөлгүй дайран орж ирж төсвийг нь хүндрүүлээд байгаа “шүдний өвчин” нь Замын-Үүдийн гацаа болоод удлаа. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилттэй уралдан энэ байдлаас гарах эрмэлзлэлийг Эрээний талаас хангалттай идэвх чармайлт гарган боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд яарч байгааг шинэ оны эхний өдрүүдээс харж байна. 

 Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан.Захирамжийн дагуу Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг Хятадын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулж ажиллуулах шийдвэр гаргасан. Мөн энэ өдөр Шилийн гол аймгийн  Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабын шалгалт хийх ажил давхацсан.Үүнтэй холбогдуулан, Монголын Засгийн газраас дээрх захирамж гарахын өмнөх өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 4-нд Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллажээ. Энэ үеэр Эрээн хотын дэд дарга Лу Баодун тэргүүтэй шуурхай штабын бүрэлдэхүүн авто болон төмөр замын боомтын цар тахлын дэглэмийн хэрэгжилтэд шалгалт хийж холбогдох албаныхан болон ААН-үүдийн удирдлагатай санал солилцсон байна. 

Тухайлбал, Хуа Гүнсян өргөн царигийн ачилтын терминалыг “Жиа Хө” компани 2021 оны 11 дүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “COSCO” олон улсын чингэлэгт тээврийн компанитай хамтран ашиглалтад оруулснаар өргөн царигаар жилд 3 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, авто тээврээс 2 дахин хямд өртөгтэй болох давуу талтай бөгөөд одоогоор үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Энэ өртөөг ашиглан Тяньжин боомтоос хүлээн авах чингэлгийн тоог нэмэгдүүлж, Монголын талаас өргөн царигаар нэвтэрсэн вагоныг ачаатай буцаах, үнийн хөөрөгдлийг бууруулах боломжтой бөгөөд Тяньжин боомтоор дамжин ирж буй олон улсын чингэлгийг Хятадын дотоодын тээврээр Эрээн хүртэл тээвэрлэх, Эрээнээс Монгоын талд өргөн царигаар чингэлэгт ачааг тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Үүн дээр Монголын талын холбогдох байгууллагууд анхаарах, терминалын зүгээс “хөөрөгдөлгүй” үнээр ачааг тээвэрлэх талаар санал нэгдсэн байна. 

Энэ үеэр Эрээн боомтын барилгын материалын нийгэмлэг гэх 500 гаруй ААН-ийг нэгтгэсэн ТББ-ын зүгээс “Эрээн боомтоос Монголын талд нийлүүлж буй ачааны 60 гаруй хувийг барилгын материал эзэлдэг бөгөөд төмөр замаар тээвэрлэхэд вагон олдохгүй байгаа, үүнээс үүдэн вагоныг дамлан худалддаг болсон учраас зарим ААН, хувь хүнээс 65-75 мянган юанийн үнэтэй вагон худалдан авахад хүрч байгааг мэдээлжээ. Эрээн боомтын барилгын материалын нийгэмлэгээс барилгын материалыг Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч бооомтоор тээвэрлэх оролдлого хийсэн ч Монголын талын дэд бүтэц муу, ачилт буулгалтын зардал өндөр, ачилтын цаг богино байдгаас тухайн өдөртөө ачилт хийж амжаагүй бол хоног тутамд 12-18 мянган юанийн алданги төлж байгаа бэрхшээлийг дурдан барилгын материалыг төмөр замын өргөн, нарийн царигаар тээвэрлэх зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч дундын зуучлагчгүй, үнийн хөөрөгдөлгүйгээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх боломжтойг илэрхийлжээ. 

Түүнчлэн Эрээний карго эрхлэгчдийн төлөөлөл “Дун Тэн” ХХК-иас “Өнөөдөр Эрээн хотол 500 гаруй ААН карго үйл ажиллагаа эрхэлж байна. Чингэлэг тээвэрлэлтэд зориулж нэг чингэлгийг 45-60 мянган юаниар худалдан авч Улаанбаатар хүртэл 1м.куб ачааг 1800-2500 юаниар тээвэрлэхээр төлөвлөжбүрдүүлэлт хийж байна. Тээврийн зардлаасчингэлгийн үнийг хасвал 1м.куб ачааг 1500 юаниар тээвэрлэхээр байна. Одоогоор 1000 орчим чингэлгийг гаалийн баталгаат талбайд төвлөрүүлсэн. Чингэлгийг ердийн үед 8-12 мянган юаниар худалддаг байсан гэжээ. Гэтэл энэ үнэ тав дахин өсөөд  байгаа аж. 

Анхаарууштай нь тэд Эрээн хотын Ардын засгийн газраас чингэлэгт тээвэрлэлтийн журмын зохицуулалтын талаар иргэддээ мэдээлэл өгөөгүй, чингэлгээ Монголын талаас хэрхэн буцаан авах нь тодорхойгүй  тул карго ачааны үнэд чингэлгийн үнийг шингээсэн нь тээврийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн. Энэ талаар Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлэл хүссэн боловч тээвэр эхлээгүй гэх шалтгаанаар өнөөг хүртэл хариу өгөөгүй гэжээ. Үүнтэй холбогдуулан дээрх журмын зохицуулалтын талаарх мэдээллийг дор нийтэлснийг сонирхоно уу. 

 Чингэлэгт тээврийн тухайд талууд хэрхэн тохиролцсон бэ?

 Цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын ажил хэрэгч улсын хамтын ажиллагаагурагшлуулах хоёр улсын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх, хэвийн болгох зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Эрээн хотын Ардын Засгийн газар хооронд цахимаар уулзаж, уулзалтыг Монголын талаас Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Хятадын талаас Эрээн хотын орлогч дарга Жан Иньжие тэргүүлж, хоёр талын авто замын боомтод түр хугацаанд авч хэрэгжүүлэх чингэлэгтэй ачаа тээврийн төлөвлөлтийн талаар гүнзгийрүүлэн санал солилцож, дараах дараах тохиролцоонд хүрэв. Үүнд:

 Нэг. Чингэлэг тээврийн тухай. 

 1.1. Ажлын цаг: Талуудын чингэлэг шилжүүлэн ачигч техник /Калмар/, ачаа тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг давхцахаас зайлсхийх үүднээс талууд хилийн дундын бүсэд үдээс өмнө, үдээс хойш ажиллана. Үдээс өмнө 08:30-13:00 цагт Хятадын тал ажиллана, үдээс хойш 13:00-17:30 цагт Монголын тал ажиллана. Тээврийн үйл ажиллагааны горим жигдэрсний дараа нэг өдөрт олон эргэлт хийж буцах цагийн хуваарийг оновчтой болгох талаар хэлэлцэж болно.

 1.2. Мэдээлэл солилцох: Талуудын боомтын холбогдох байгууллагууд нэг өдрийн өмнө уулзаж, дараа өдөрт хилийн “0” цэг үйл ажиллагааны бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн мэдээлэл (машины дугаар, чингэлгийн дугаар, барааны мэдээлэл, ачааны жин, хоёр талын тээвэр зуучийн нэр, холбоо барих арга хэлбэр)солилцоно. Хоёр талд ачигдсан ачааны хэмжээ болон бодит ачааны хэмжээ зөрүүгүй байж гаалийн цахим хяналтаар нэвтрүүлэхгүй эрсдэлтэй нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

 1.3. Бичиг баримт солилцох: Хятад, Монгол хоёр талын ачаа тээврийнхэрэгслийн дагалдах бичиг баримтыг машинаар дамжуулдаг байдлыг зогсоож, цахимхэлбэрээр нөгөө талдаа илгээхдээ гарал үүслийн гэрчилгээ, хорио цээрийн гэрчилгээ, чингэлгийн баримт бичиг (packing list invoice), даатгал зэрэг хүргүүлэх шаардлагатай тоон мэдээллийг хүргүүлнэ. Хоёр тал тус тусдаа мэдээлэл солилцох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн багийг байгуулж, аж ахуйн нэгжүүдхоорондоо холбогдох мэдээлэл солилцох ажлыг хийж гүйцэтгэнэ.

 1.4. Баталгаат чингэлэг: Хилээр орж буй чингэлэг бүрэн бүтэн, дугаар тодорхой, хялбар танигдах, сайтар түгжсэн байх ёстой. Эрээний талаас хангаж байгаа чингэлэг нь Эрээн-Замын-Үүд хооронд ашиглах баталгаат чигэлэг бөгөөд зөвхөн Эрээн-Замын-Үүд хооронд шилжүүлэн ачилт хийх ашиглана. Монголын тал хоосон чингэлгийг Эрээн-Замын-Үүд хооронд шилжүүлэн ачиж тээвэрлэх бөгөөд дотоодын бусад газар руу тээвэрлэхгүй, хоёр хоногийн дотор буцааж, чингэлгийн бүрэн бүтэн байдлыг батлан даана.

 1.5. Ажлын шаардлага: 

 1.5.1. Хилийн “0” цэгт монголын тал хаалт болон орох гарах хаалга бэлтгэнэ. Үйл ажиллагаа дууссаны дараа, хоёр талын ажилтан, машин механизмууд талбайгаас буцаж, орох гарах хаалгыг түгжинэ. Үйл ажиллагаа явуулах талбайд машин механизмын зогсоол, тээврийн хэрэгслийн зогсоол, ажилтнуудын байрлалболон зам маршрутын тэмдэг, тэмдэглэгээ байршуулна. Талууд үйл ажиллагааны бүс “0” цэгт нэвтэрсэн машин механизм, ачаа тээврийн хэрэгсэл, ажилтнууд ажиллах хугацаандаа тогтоосон маршрутын дагуу зорчиж, ажлын талбайг орхиж явахыг хатуу хориглоно. Хүн бүрт ажлын болон амьдралын хяналтын бүртгэл үүсгэнэ. 

 1.5.2. Монгол, хятад хоёр тал үйл ажиллагаа явуулах явцад хилийн хяналтын албан хаагч томилж хяналт тавина. 

 1.5.3. Монгол, Хятад хоёр тал чингэлгийг нөгөө талын хэсэгт эмх цэгцтэй байрлуулах, чингэлгийн хаалга болоод ар талыг зам дагуу байрлуулж, хоосон болон ачаатай чингэлгийг ялгаж байрлуулна. Халдваргүйжүүлэлт хийхэд хялбар байх зорилгоор чингэлэг хоорондын зайг 2 метрээс багагүй зайнд байрлуулна. 

 1.5.4. Талууд ажлын талбайд өндөр нягтрал, хүчин чадал бүхий орон зайг бүрэн багтаасан хяналтын камерыг суурилуулж, зайнаас хяналт тавина.

 1.5.5. Хоёр талын гаалийн байгууллагын импорт, экспортын бараанд тавих холбогдох шаардлагыг чанд мөрдөж ажиллана. 

 1.6. Тээврийн зардал: Талууд “0” цэгээс ложистикийн бүсийн өөрийн талынталбай доторх тээврийн зардлыг хариуцаж, энэхүү зардлыг гадаад худалдаа, тээвэр зуучлалын компаниуд тогтооно. Хоёр тал өртөг зардлыг сайтар тооцож, ачааны үнийн стандартыг тодорхойлж, тус тусын тээврийн зардлаа тогтмол мэдээлнэ.

 1.7. Онцгой бараа тээвэрлэх:

 1.7.1. Эмийн бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүнийг дулаалгатай чингэлгээр тээвэрлэнэ.

 1.7.2. Задгай дээвэртэй 35 тонны чингэлгээр нүүрс болон төмрийн хүдэр тээвэрлэнэ. Нүүрс тээвэрлэх чингэлгийг аж ахуйн нэгж өөрөө хариуцан бэлтгэх бөгөөд талууд чингэлгээр хангахгүй, зөвхөн тээвэрлэлтийг хариуцаж, тээврийн зардлыг авна. 

 1.7.3. Чингэлэг ачаа тээвэрлэлтийг урагшлуулахын зэрэгцээ том оврын машин механизм, экспорт-импортын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн арга, хэлбэрийг тусгайлан судална. Жолоодож хилээр гаргаж болох ачаатай тээврийн хэрэгслийг хятад жолооч хилийн “0” цэгт хүргэж монголын талд хүлээлгэн өгнө. 

 Хоёр. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай. 

 2.1. Чухал цэг, хэсэгт урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар гүйцэтгэнэ. Монгол, Хятад хоёр талын авто машин, чингэлэг шилжүүлэн ачигч техник /Калмар/, чингэлэг, хаалганы бариул болон бараа бүтээгдэхүүнтэй шууд хүрэлцэх машин механизм зэрэг олон удаа хүрэлцэх гадаргууд урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар гүйцэтгэнэ. 

 2.2. Үйл ажиллагааны бүс “0” цэгт ажиллаж буй бүх ажилчид хувийн ариутгал, хамгаалалтыг сайтар хийх хэрэгтэй. Хоёр талын жолооч, чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаа, талбайн зохион байгуулагч, хяналт шалгалт хариуцсан ажилтнууд 3дугаар зэрэглэлийн халдвар хамгаалалтын хувцас (хамгаалалтын хувцас, KN95/N95 загварын амны хаалт, нэг удаагийн бээлий, нүдний шил болон нүүрний хамгаалалт, нэг удаагийн хөлний хамгаалалт) хэрэглэж, гар ариутгагч, нойтон салфетка зэргийгбэлтгэж, өдөр тутмын ажлын орчинд цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар гүйцэтгэнэ.

 2.3. Тээврийн хэрэгслийг лацдаж, жолооч машинаас буухгүй. Монгол, Хятадын  тээврийн хэрэгсэл, чингэлэг шилжүүлэн ачигч техник /Калмар/-ийг ажиллуулах явцад машины хаалгыг урьдчилан лацдана. Бүхий л үйл ажиллагааны туршид жолооч машинаас буухгүй, цонхоо онгойлгохгүй, цонхоор эд зүйл хаяхгүй байна.

 2.4. Үйл ажиллагааны “0” цэгт цэгт ажиллаж буй ажилчдыг хамтад нь амьдруулж,  нэгдсэн удирдлагаар хангана. Өдөр бүр халуун хэмжиж, тогтсон хугацаанд ПГУ шинжилгээ авч, вакцины бүрэн тунд хамрагдсан байна.

 2.5. Талууд ажил дууссаны дараа талбайн хог хаягдлыг цэгцэлж, орчны ариутгал, цэвэрлэгээг гүйцэтгэж, хогийг өөрийн талд хаяна.

 2.6. Өдөр бүр хилээр нэвтэрч буй чингэлэгийг ариутгана. Ажлын талбарт 7 хоногт нэг удаа ариутгал хийж, ПГУ шинжилгээ авна.

 2.7. Өдөр бүр ажилчдын байрлаж буй байр тэдгээрийн ор, хөнжил, цагаан хэрэглэл зэргийг ариутгалыг стандартын шаардлага хангасан мэргэжлийн компанигүйцэтгэнэ.

 Ийнхүү Замын-Үүдийн зангилааг тайлахын тулд талууд тасралтгүй ажиллаж байгаа ч цар тахлын тархац “Замын-Үүдийг цэлийтэл нээх” боломж олгохгүй байна. Гэтэл дээр нь вагон дамлан худалдах байдал энэ хүнд үед бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын өсөлтөд хүчтэй нөлөөлөл үзүүлж буйг Эрээний бизнес эрхлэгчид шууд хэлж, харин бидний хувьд сүржин нэртэй Ажлын хэсгүүдийг хүнийг нь сэлгэн даргалуулавч вагон дамлан худалдсан, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, авлига авсан хэргийг илрүүлэх, хариуцлага тооцуулах, хуулийн шийтгэл хүлээлгэх тал дээр үр дүнгүй хэвээр байна. Тиймээс энэ удаад Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан “шинэ” Ажлын хэсэг дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна гэдэгт дахиад л найдаж хүлээх үлдэв.