Аюурзана антологи хэвлүүлжээ. Дэлхийн яруу найргийн цоморлиг. Юутай бахархал. Бид жижиг үндэстэн, тэр хэрээрээ дэлхийн сонгодогтой эх хэлээрээ танилцах бололцоо хязгаарлагдмал. Бид хоцрогдлоос гараад тавь жаран жил л болж байна. Бид үзэл суртлын цэнзүүрийн ертөнцөд хэдэн үеэрээ амьдарсан. Товчхондоо бидэнд тэгтлээ гэгээрч хорвоог таних боломж төдийлөн их байгаагүй. Хүний гоо сайхан, сэтгэлгээний аугаа тансаг нь болсон яруу найргийн ертөнц бараг л хаалттай байлаа. Ингэхээр Аюурзанын энэ орчуулгын бүтээл бол оюуны их бэлэг юм.

    Саяхан болтол бидний мэдэх яруу найраг Хомерийн туульс хавийн хэмжээнээсээ дээшээ гараагүй байлаа. Үйл явдлыг уран сайхантайгаар тоочин өгүүлсэн тэмдэглэл. Хүрэн морио унаад л өвгөн партизаны яриа ярьж, солонгос Зояаг бахархаад л. Эсвэл уран гоё зүйрлэл. Наанаа нандин хээтэй, цаанаа чамин хээтэй. Мөнгөн аяга шиг гарыг чинь туулайн гүйдэлтэй салхи ивэнэ. Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд гээд өөрийнхээ гадарлах хэл дээр буулгаад нэг үз дээ. Газар зүйн хичээл үү, хүүхдийн түргэн хэллэг үү? Саяхан нэг өвөрмонгол эр Улаанбаатарт зочилсон тэмдэглэлдээ “халх монголчууд дэлхий дээр хамгийн олон шүлэгчтэй” хэмээн атаархан дурджээ. Бодвол өөрийнх нь цөөдөөд байдаг бололтой. Тээр жил сарс өвчин гарахад Хөх хотод уушигны эмнэлэг байгуулахаар болж хандив цуглуулахын тулд яруу найрагчдын наадам уралдаан зарлажээ. Уушигны эмнэлэгийн гадна уралдааны дүнгээ гаргаж, түрүүлсэн шүлэг нь:

Өнө бол агаа их оошиг

Өрөлхөг арад төмнөө оошиг

Бөхэй хөн төрлөхтнөө оошиг

Бөгд найрамдах дундатын оошг оо!

Шоолох юм байхгүй дээ, саяхан болтол бидний төвшин хавьцаа л байсан. Оросын монголчууд болох буриадууд бүрэн оросжсон учраас хэлтэйгээ үлдсэн хэдийн шүлэг гэж инээдтэй. Намайг багад сурах бичигт “Цас бороо үүлнээс гаралтай, Цагаан идээ фермээс гаралтай” гээд Буриадын сонгодог шүлэг байдаг байж билээ. Үүнтэй харьцуулахад бид Орос, Зөвлөлтөөр дамжаад өрний яруу найрагтай танилцсан, Бөөрнс, Хайнэ, Шэкспир, Пүшкин, Омар Хаямыг мэддэг, тэрбайтугай Волт Витманыг эх хэлээрээ уншсаны хүчинд харин ч хурдан урагшилсан гэж болно. Хичнээн үзэл сурталжсан гээд Маяковский, Нэрүда, Пастерняк, Назим Хикмэт энэтэр бол гарцаагүй аугаа найрагчид. Ингэхээр бас гэгээрсэн л байгаа биз дээ?

Талийгч Ширэндэв гуай нэг удаа ярьсан юм. Фронтод бэлэг хүргэхээр Москва орж Сталинтай уулзаж. Малчин олныг төлөөлсөн Дундговийн нэгэн бээр хадаг дэлгэн “Манай гаригийн багш болсон, Мөнх тэнгэрийн багана болсон, Монгол түмний эцэг болсон...” гээд л хориод минут шүлэглэн мэндчилжээ. Ширэндэв гуай өнөөхийг нь “энэ малчин тантай мэндчилээд сайныг ерөөж байна” гэж орчуулав. Сахалт хэлмэрч рүү муухай харан “Энэ хүн ингэж урт ярьж байхад та ямар санаатай ийм богино орчуулав?” хэмээн үнхэлцгийг нь хагалчих дөхсөн гэдэг.  

 Саяхан болтол бидний шүлэг найргийн мэдрэмж ойлголт энэхүү ардын уран зураглал, цэцлэл, гоё зүйрлэлийн улам боловсронгуйжсан хэлбэр байснаас орчин үеийн гэх ойлголтоос нэлээд алс байлаа. Уул нь найраглал гэдэг ялангуяа ХIX зууны хоёрдугаар хагасаас ихээхэн өөр болчихсон юм л даа. ХХ зуунд, ялангуяа хоёрдугаар хагасаас нь контэмпэри гээд бүр ч танихын эцэсгүй болж. Юмыг дүрслэх, зүйрлэх нь дуусаад өөр орчлонд орчихсон гэх юм уу даа. Зүйрлэж хэлбэл Эвклидийн геометр явсаар дуусаад огторгуйн геометр гэх цоо шинэ өөр орчлон буй болсон шиг. Эсвэл классик физик хөгжиж Ньютоны үед оргилдоо хүрээд ХХ зуунаас квант нээгдэн шал өөр Эйнштэйний ертөнц рүү орсон. Генетик нээгдсэнээр биологийн тухай хүний ойлголт орвонгоороо өөрчлөгдсөн. Үнэндээ яруу найргийг мөн чанар талаас нь харах ахул яг адил ийм шинэ огторгуйд ороод ирсэн юм. Харин бид нэг талаас үзэл суртлын хаалт, нөгөө талаас ерөөс дундад зуунаас ХХ зуун руу ахар богино хугацаанд морьтойгоо довтолгон орж ирсэн хоцрогдол ба давчуу шинэтгэлийн цочрол дунд байлаа. Иймдээ ч ХХI зуун гарч байхад “ардчиллаас болж шувуу хүртэл буруу дэвээд байна” гэсэн сонгодог мөрийг төрийн соёрхлоор мялааж хөөр болж байхав?

Аюурзанын антологи бол үнэхээр олз омгийн сор. Цогцоор нь ингэж дэлхийн шидээвэр найргийн цомогтой монгол хэл урьд нь тааралдаж байгаагүй. Гадаад хэл бол мэдээлэл зөөх хэрэгслэл. Хэн ч зөвхөн эх хэлээрээ л сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Ингэхээр гадаад сэтгэл хөдлөлийг эх хэлээрээ хүртэн сэтгэл хөдөлж болж байгаагаараа энэ антолог бурхны бэлэг. Модэрн маягаар сэтгэл хөдлөх нь л дээ. Гэхдээ сүүлийн 18 жилд монгол хэл контэмпэри найраг, улмаар хип хоп төрөлд хүртэл мэргэшин хувьсгалт гэж нэрлэмээр амжилтанд хүрсэн учир шинэ антологт цочирдон ухаан алдахгүйгээр бэлтгэлтэй болжээ. Монголын орчин үеийн гэж нэрлэж болох яруу найраг 1990 онд дуу шуутай мэндэлсэн юм. Тэнгэрээс шууд гал цахилгаан бадруулан үер ус болж шуугисан. Ерэн оны мөнгөн үеийнхэн гэж өөрснөө нэрлэх юм билээ. Яахаараа тэгээд байгааг нь мэдэхэгүй юм. Лав л шүүмж судлаачид тэгж хэлээгүй, яагаад гэхээр тэр нь манайд байхгүй. Юутай ч ерэн он найргийн их хувьсгал байлаа. Бөөгийн хараал маягийн болор цомтой гулгидас бөөлжсөн үер болон урсаж байсан авч сэтгэхүйн боолт зад тавигдан цэвэр яруу найргийн хүч эрчтэй горхи жорлонгийн бохирыг даран гольдирч эхэлсэн юм. Яруу найргийн хувьд бид Эвклидийг орхин Эйнштэйнд хүрч генетикийн нээлт хийж эхэлсэн билээ л.

Галсансүхийг хараа, сая түүврээ гаргачихаж. Наян онд Бавуу Лхагвасүрэнгийн түүвэр гараад дороо алга болж байснаас өөр ийм тохиолдол байхгүй байхаа. Яваад сур, Галсансүх няат. Лхагвасүрэн алмааз олоод хачин гоё урлан засч доржпалам болгодог. Галсансүх бол ердөө л өөрт нь байгаа юу ч юм бүү мэд тэрийгээ зүгээр л тургичихдаг юм. Бурхан чи яасан их зөвөлгөө өгдөг гар вэ, би чамд нэг зөвөлгөө өгье, битгий хуцаад бай! Ийм тургиасыг шууд л булаацалдаад аваад алга болж байна гэдэг маань бид мөн дээшээ гарч, яруу найргийн шинэ ертөнцөд давхиад орчихсныг илтгэх бус уу?

Галсансүхд (бас Аюурзанад) өгөх нэг зөвөлгөө байна. Шинэ түүвэр, антологийг чинь харчихаад манай нэг залуу гаслаад болж өгдөггүй ээ. Үгүй энэ ном хийсэн царайг нь ээ. Улаан фэн нь болсон надаар хийлгэхгүй даанч яав аа! Би бол алаад хаях байсан юм. Хэзээ ингэж ном хийж байлаа. Хайран шүлэг, хайран найраг... Манай залуугийн зөв байна лээ. Орчин үеийн найраг гэдэг ганц уншдаг, сонсдог төдий эд биш. Хардаг, аягүй бол амталдаг, долоодог, арьсан дээрээ мэдэрдэг зүйл. Ингэхээр тэмдэгт болгон учиртай, өөрийн утга мэдрэмжтэй. Үгүйдээ л ташуу зураас, дугуй хаалт хоёр шал өмнөө утгатай. Шар сонинуудын хувьд л один чоорт байдаг байх. Орчин үеийн найраг өөрөө дүрсийн хувьд зураг байдаг. Ингэхээр хуудасны хаана нь байрлуулах, хаагуур нь яаж таслах нь учир жанцан, донж монжтой л байхгүй юу даа. Фонт, сайз ч маш чухал ач холбогдолтой. Ер нь хүн төрлөхтөн Гүтэнбэргээс эхэлж ном хэвлэж, Франкфуртээс эхэлж сонин хэвлэсээр хэдэн зуун жил болоход энэ нь өөрөө шинжлэх ухаан, технологи, тусдаа урлаг болооод хөгжчихсөн юм. Албан бичгийн ариалмонгоор бүх юмыг хэвлээд байдаггүй юм. Ном бичих, ном хэвлэх хоёр шал тусдаа шинжлэх ухаан л даа. Хүн үнэн юм хэлж байхад харин урдаас “хуцаад бай” гэсэн зөвөлгөө битгий өгч үзээрэй.