...Тээр жилийн тэр нэгэн өдөр...Тэхийн зогсоол... бишээ...  МИАТ-ын суудлын онгоцоор, тэр нэгэн хүн. Тэр нэгэнсэх юу байхав улсын эхийн хадам. Гэрийн тавилга зөөж явсан тухай мэдээлэл гарав даа. Тэр даруйд нь Улсын ураг эрхлэх газраас мэдэгдэл гаргаж “тэр хүн бол тэр хүний тэр нь мөн” боловч тавилга нь гэрийнх биш албаных гэдгийг хэлсэн.

Басхүү албаных албаных даа, нийслэлийн агаарыг ариусгах нигууртай төрийн бус байгууллагынх.  Түүнчлэн ерийн нэгэн тавилга бус нийслэл хотын утааг цэвэрлэхэд нэн шаардлагатай шкаф, хувцасны шүүгээ, агаар цэнгэгшүүлэх зориулалтай бичгийн ширээ, озоны давхрагад ээлтэй номын тавиар болохыг тайлбарлан сэнхрүүлсэн билээ.

Монголчуудын утаа чандруутай хийсэн тэмцлийн нэгэн үзүүр энэ. Эхэндээ ядуу монголын утаанд гадаадынхан тусалж байлаа. Дараа нь төр мөнгө гаргах болсон

Утаа ханиалгахаас гадна мөнгөөр уугих увьдастай аж.. Уугих тусам мөнгө урсаад л.  Манай “ариун агаарчин”-гууд Японы тусламжийн байгууллагуудад гаргаж өгсөн тайландаа “Овор ихтэй тавилгууд нь  өөрийн эзлэхүүний хэрээр тодорхой хэмжээний бохир агаарыг гадагш түрэн зайлуулдаг, түүнтэйгээ тэнцэх хэмжээний гэрийн цэвэр агаарыг дотроо хадгалж болдог”... давуу талуудтайг танилцуулаад төслийн мөнгөнийхээ хэмжээг нэмж өгөхийг хүссэн нь дамжиггүй.

Та нар зарим дарга авгай хүүхдээ дагуулаад гадаадаар тэнээд байна гэж шүүмжлэхийн оронд бодит байдлыг ухаарахыг хичээсэн нь дээр.Тэд нийслэлийн иргэдийг  дэлхийн утаагүй агаартай хотуудад тодорхой хугацаагаар байлгах ажилд төслийн мөнгийг зарцуулж байгаа нь тэр. Гэр бүлээрээ нийслэлийн паспорттай тэр иргэнийг буруутгах үндэслэл ямар ч шүүхэд байхгүй.

Өөр нэг зохион бүтээгч яндангийн муриилт ба утааны траекторын урвуу хамаарлыг нээгээд утаа ариусгагч яндан бүтээн шахжээ. Эндээс салбарлаад утаа шүүдэг яндан, байгалт ээлтэй үнсний утгуур, озонд нөхөрсөг шилээгүүр зэрэг тогог хэрэгслэлийн бизнэс хөллөн босов. Утаа багатай, бараг утаагүй, ер нь л утаагүй гэмээр түлшний салбар биеэ даав. Утаа улам өтгөрсөөр

Мэргэч, үзмэрч нар бол арай өөр төлөг тавьж байна.  Тэд хорвоо үйлийн үр дээр тогтож байдгийг үндэслэн дараахь тайлбаруудыг хийжээ. Манай өвөг дээдэс буу сумны хүрэлцээ муугаас болоод тарвага утаж алах аргыг өргөн хэрэглэж байсан ажээ.  Ингээд утагдаж үхсэн тарвага нь дараа төрөлдөө мод, нүүрс болж төрөөд, төрөөд юу байхав хувираад  эргэн утаж байгаа гэнэ. Тэднийхээр бол өнөөгийн нийслэлийн иргэд урд ба урьдын урьд насандаа тарвага утаж алдаг анчид байжээ. Иимээс нийслэлийн иргэдийн утаа залгих үйлийн үрийг хатуу гүрэм, заслын тусламжаар нимгэлэх төсөл зохиожээ. Мэдээж гүрэм хийхэд шаардлагатай шинэ сүмийн өртөг ба зан үйл,  хурал уншлагын хувьсах зардлыг хамт төсөвлөх  маягтай.

Арай ажигч нэгэн нь хүйтнээс болж гал түлж байна гэдгийг хараад хүйтэнтэй тэмцэх төдийгүй, хүйтний шалтгаантай тэмцэх учиртайг олж тогтоожээ. Гадаа өвөл болж байгаа учраас хүйтэн гэсэн дүгнэлт хийж болохгүй. Учир нь өвлийг арилгахад зориулсан мөнгө олдохгүй. Иймд гярхай төсөлчид гэр дотор хүйт оргихоор гал түлээд, тэндээс утаа гараад байгааг олон жилийн судалгаагаа үндэслэн тогтоожээ. Тэгээд төслөөрөө хиймэл хөвөнтэй туурга авч олноор нь шахсан байна.Гэр дулаан байхын хэрээр гал түлэх хэрэгцээ багасах нь үнэн тул түүнд зарсан мөнгөний хойноос гаслах явдалгүй.

Гэр хорооллынхонд зориулсан гэрийн бээлий, гэрийн малгайг цэвэр ноолуураар үйлдвэрлэн татвар төлөгчдийн хөрөнгөөр түгээх илүү сайхан, илүү итгэл төрөм хөтөлбөр ч санхүүжилтээ хүлээн зогсож байна. Ноолууран бээлий ба малгайтай иргэд галаа бага түлнэ. Гал бага түлэхийн хэрээр утаа бага гарч хот цэвэршинэ. Сэтгэл татам логик...мөнгө өгөх л хэрэгтэй.

Ийнхүү  нийслэлийн утаа  мөнгөөр бааж эхэллээ. Утааг багасгах, утаатай тэмцэх хүрээнд илүү өндөр өртөгтэй, илүү сонирхолтой төслүүд хэрэгжиж, энэ чиглэлийн бизнэс эрхлэгчдийн хэтэвч зузаарсаар.... Аяа эх орон минь ! Та утаа тортгоороо хүртэл биднийг тэжээнэм бус уу?

Өнгөрсөн хугацаанд 7 тэрбум төгрөгөөр утаатай тэмцжээ. Харин утаа багассангүй. Угаасаа утаанаас мөнгө олох гэснээс биш арилгах гээгүй юм чинь. Ерөөсөө утааг багасгах нь ашиггүйгээр барахгүй энэ бизнэсээ хэвийн явуулахын тулд   утаагаа нэмэхгүй юмаа  тогтоон барих хэрэгцээ гарч байна. Сүү ивлээд байгаа үнээгээ тураах, ширгээх, эсвэл алж дуусгах талаар ямарч бизнэсмэн бодохгүй нь лав.

 Төслөөс олж байгаа ашгийнхаа тодорхой хувийг “хотын утааг тогтвортой” хадгалахад зориулаад байгаа мэтээр гөрдөөд яахав. Гэхдээ л арилгая гэж хэн нь ч бодохгүй байгаа. Саяхан хотын утааг арилгахад 40 их наяд төгрөг (4-ийн тооны ард арван гурван тэг байгаа шүү) хэрэгтэй болох тухай нэгэн хуралдагсад ярьжээ. Тэд утааг хэрхэн арилгах тухай биш 40.000.000.000.000 төгрөгөө дөчүүлээ хэрхэн хуваах тухай л толгойгоо гашилгаж суугаа. Бас ирэх жил  дөч биш “дөрвөн зуун их наяд төгрөг л зарахгүй бол хот утаанаасаа салахгүй нотолсон хурал хийх” тухайгаа л санаж л  байгаа. Бас ямар нэгэн хөндлөнгийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хотын утаа арилчих вий гэж айж байгаа. Утаа арилчихвал бизнэс “будаа” шүү дээ.

Улаанбаатар өвөлдөө утаатай.  Мянганы тэртээд сэтгэж босгосон нүүдэлчний гэр өвөлд хүйтэн. Монголчууд бүхий л сүүн тэжээлтний нэгэн адил хүйтэнд даарна. Даарахаараа гал түлнэ. Галаас утаа гарна. Утаанаасаа нь эрх мэдэлтнүүд мөнгө олно.

Давын өмнө утааг бизнэс биш болгох ёстой. Утаанаас нэг ч мөнгө олохоо больсон цагт түүнийг байлгах бизнэс сонирхол устана. Гэрийг орон сууцаар шахах ёстой. Яг л ингэж томьёолохгүй бол “гэр цөөрүүлэх” , “гэрийг нүүлгэн холдуулах” , “гэрийг орон сууц мэт болгох” төсөл зохиогоод орон сууц барих мөнгөө идчихнэ.

Хотын агаарыг цэвэршүүлэх үнэн амархан. Утаа багасгах бүх төслийг хаагаад,  энэ чиглэлд сохор зоос ч зарахыг хориглоод, оронд нь орон сууц бариад л гүйцээ.

Ийм амархан юмыг яагаад сэтгэхгүй байна аа гэж үү? Утаанаас мөнгө олоод байгаа учраас “сэтгэж болохгүй” байгаа юм аа.