Долдугаар сарын 1-нээс авсан сургамж

Дахиад л 2008 оны долдугаар сарын 1-нд болсон эмгэнэлт хэргийг жишээ болгож авахаас аргагүйд хүрэв. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэм зэмгүй таван хүнийг буудан хөнөөсөн хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарт одоогоос жил шахмын өмнө буюу өнгөрөгч оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэдэг зүйлчлэлээр 2,6-3,6 жилийн ял оноосон билээ. Хэргийн холбогдогч нар үүнээс хойш бүх шатны шүүхээр давж заалдсан ч арваннэгдүгээр сарын 28-нд хуралдсан Дээд шүүхийн хуралдаанаар анхан шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээснээр энэ хэрэг дууссан.

Анх энэ хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан ”Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар холбогдогч нэг бүрт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь таван жил хүртэлх хугацаагаар хасч тав хүртэлх жилийн хорих ял төлөвлөсөн ч уг хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн прокурор хэргийг бүхэлд нь Өршөөлийн хуульд хамруулсан билээ. Тухайн үед цагдаагийн удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлж байсан зүйл нь “Цагдаа бол тушаалаар явдаг цэрэгжсэн байгууллага, тушаал биелүүлснийхээ хариуцлага хүлээх үндэсгүй” гэдэг тайлбар байв. Гэхдээ тэдэнд тушаал өгсөн дээд удирдлага нь хэн болохыг хэлээгүй. 

Тиймээс Улсын ерөнхий прокуророос дээрх хэргийг дахин сэргээж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2 буюу  “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн зүйлчлэлээр дахин шалгаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ зүйл анги нь цэргийн гэмт хэргийн зүйлчлэлд багтдаг байна. Хэргийн зүйлчлэлийг хуульд тайлбарлахдаа “Захирагч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа цэргийн албаны сонирхолд хортойгоор ашиглаж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулахыг хэлнэ” гэсэн байна. Хэрвээ тэдний гэм буруутай нь нотлогдвол тус бүрдээ 5-108 жилийн хорих ял авах байлаа.

Харин үүний дараа цагдаагийн дарга нар “Цагдаа бол цэргийн байгууллага биш, иргэнд үйлчилдэг байгууллага. Тийм учраас цэргийн гэмт хэргээр зүйлчлэх ёсгүй” гэж мэдэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь амь амьдрал, яс маханд тулаад ирэхээр сая нэг албаныхаа эрх үүргийг ухамсарлаж эхэлсэн хэрэг. Гэсэн хэдий ч одоо хэр нь цагдаагийнгийхны дунд “цагдаа бол хүчний байгууллага мөн” гэсэн итгэл үнэмшил тодорхой хэсэгт нь байсаар байгаа. Түүний нэг шалтгаан нь цагдаагийн цол зэргийг цэргийнхэнтэй адилтгаж өгдөг явдал. Өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллагад дарга удирдлагаасаа илүү цолтой, “эрэмбээрээ байна шүү” хэмээн ташаа тулах хурандаа нар бий. Бас хуульд юу гэж заасан нь чухал биш, харин дээд удирдлага нь юу гэж хэлнэ, түүний тушаалыг үг дуугүй дагах ёстой гэсэн итгэл үнэмшил ч доод тушаалынхных нь дунд амь бөхтэй оршсоор байгаа. Ингэхэд цагдаа хүчний байгууллага мөн үү? Тэд зөвхөн тушаалаар хөдөлдөг цэрэгжсэн байгууллага уу? Эсвэл хуулиа мөрдөж, иргэндээ үйлчлэх ёстой хууль сахиулах байгууллага уу? Та аль хариултыг нь сонгох вэ?

Мөрдэст биш, хуулинд захирагдана

Эрх барьж байгаа улс төрийн хүчин солигдох бүрт хуулийн байгууллага, тэр тусмаа хууль сахиулах байгууллагын удирдлагууд өөрчлөгддөг. Учир нь улс төрийн нам, эвсэл болгон сонгуульд орохдоо “шударга ёсыг тогтоох” амлалт авдаг. Харин сонгуулийн дараа энэ амлалтаа хэрэгжүүлэх ажил нь хууль хяналтын байгууллагаар дамжиж хийгдэх болдог билээ. Нэгэнт иргэд “шударга ёс алдагдсан” гэж үзээд шинэ сонголт хийсэн учраас өмнө нь ажиллаж байсан “шударга бус” нэгнийг халаад оронд нь илүү шударгыг тавих оролдлогууд хийгдсээр ирсэн. Мэдээж үүний дараа иргэд, олон нийтийн зүгээс шинээр томилогдсон “шударгууд” нийгмийн шударга ёсны төлөө, бидний төлөө юу хийх нь вэ хэмээн анаж байдаг. Гэвч олонхи тохиолдолд “шударга ёсыг шинээр бүтээгчид” маань өөрсдөө өөрсдийг нь энэ албан тушаалд томилсон хэн нэгэн, хэсэг бүлгийн төлөө, эсвэл өөрийнхөө албан тушаал, эрх мэдэл, одоо байгаа тогтолцоогоо хамгаалж үлдэхийн төлөө ажиллаж эхэлдэг. Олонхи тохиолдолд тийм л байсан. Ялангуяа хуулийн байгууллагуудын хувьд хуулиар далайлгаж шийдвэр гаргадаг учраас бусад салбараас илүү эрх мэдлийг төвлөрүүлдэг. Тийм байхад нэг удаа орой дээр нь гарсан хүн барагтай бол бууж ирэхийг хүсэхгүй нь мэдээж. Тэгэхээр энэ эрх мэдлийг задлахын тулд яах ёстой вэ?  

Яг одоо энэ асуудал УИХ дээр яригдаж эхлээд байна. Энэ бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай шинээр боловсруулсан хуулийн төслүүд. Араас нь Мөрдөх албаны тухай, Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай гэх мэтчилэн дахиад 5-6 хууль орж ирнэ. Эдгээр хуулинд хуулийн байгууллагууд хэрхэн ажиллаж, хүний эрхийг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ ширхэг ширхэг, сантиметр сантиметрээр нь нарийн нягт зааж өгчээ. Өмнө нь хуулийн байгууллагынхан хэнд, ямар хууль хэрэглэхийг нь зааж өгсөн боловч харин өөрсдийнх нь хэзээ яаж ажиллахыг нарийвчлан зааж, хуулиар зохицуулж өгөөгүйгээс гол алдаа гардаг байв. Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг зургаан цаг саатсаны учир шалтгаан ч бас энэ. Хэрвээ тэр үед Маршалын албатай байсан бол Н.Энхбаяр гэдэг хүн баривчлахаар очсон АТГ болон цагдаагийнхны өмнөөс шүүхийн шийдвэр нэхээд хэрэлдэж суухгүй. Учир нь Маршал бол угаасаа шүүхийн дэргэд ажилладаг, шүүхийн үйл ажиллагааг саадгүй явуулахад туслалцаа үзүүлдэг байгууллага. Харин одоо манайд Маршалын албаны энэ чиг үүргийн заримыг нь цагдаа, заримыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэл хариуцаж, гэрч хохирогчдыг хамгаалах гэм мэтийн зарим чиг үүрэг нь ор тас эзэнгүй орхигдсон байгаа.

Дээрх хуулиуд батлагдсанаар хамгийн түрүүнд “цагдаа бол хүчний байгууллага” гэсэн уламжлалт ойлголт үгүй болж, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага, хууль сахиулагчийн байр сууринаас ажиллах болно. Цагдаагийн цол цэргийн цол зэрэгтэй адил ажилласан жилээрээ биш, албан тушаалын байдал, үүрэг хариуцлагаа дагаж ахидаг, бас буудаг болно. Алдаа гаргаж, албан тушаалаасаа буухад хүрвэл цол нь ч хамт хураагдана гэсэн үг. Хамгийн гол нь хууль сахиулагчид дарга, дээд албан тушаалтнууддаа биш, хуулинд захирагдаж ажиллана. Хууль сахиулагч нэг бүр бие даасан байдлаар шийдвэр гаргаж, зөвхөн хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Ямар ч тохиолдолд хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх зөрчигдөхгүй, ялгаварлан гадуурхагдахгүй гэсэн үг. Энэ бүхнийг Цагдаагийн албаны тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах юм байна. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа ингэж шинэ шатанд гарахын зэрэгцээ чиг үүрэг нь ч гэсэн өөрчлөгдөж байна.

Гурвын эсрэг нэг...

Үндсэндээ цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Үүнийг нь шинэ хуулиар иргэдэд аюулгүй байдлыг үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хэв журмын цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх алба хэмээн хоёр хуваасан байна. . Өнгөрсөн намар Хууль зүйн шинэ сайд салбартаа хийх шинэчлэлийн бодлогоо танилцуулахдаа “Иргэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг цагдаагийн хэсгүүдийг хүн амын нягтшилд нь хоёр дахин нэмэгдүүлнэ, 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэсэг байх ёстой” гэж хэлсэн. Учир нь насанд хүрээгүй хүүхэд ганцаараа гудамжинд гарах бүрт, эсвэл хотын захын хорооллын хаа нэгтээ харанхуй гудамжинд хулгай, дээрэм гарахад тэнд иргэдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байдаг. Энэ аюулгүй байдлын үйлчилгээг хэв журмын цагдаа үзүүлнэ. Харин хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах гэх мэт хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Мөрдөх албанд шилжиж байгаа юм.

Одоогийн нөхцөлд Мөрдөх албаны үүрэг АТГ, Эрүүгийн цагдаа болон тагнуулын байгууллагад хуваагдчихаад байгаа ч чухам хэн нь ямар хэргээ мөрддөг, шалгадаг нь олон нийтэд тийм ч ойлгомжтой бус, давхардсан чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа. Харин шинэ хууль батлагдсанаар Эрүүгийн цагдаа болон АТГ, тагнуулын байгууллага дээр байсан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг Мөрдөх албанд нэгтгэгдэж, нэг зохион байгуулалтад орох юм. Тэр нь илүү мэргэшсэн, техник технологижсон, алхам бүр нь хуулиар зохицуулагдсан шинэ орчинд ажиллана. Түүнээс биш одоогийнх шигээ халаасны хулгайтай тэмцдэг арга барил, тэр бүтцээрээ хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүдтэй тэмцэж чадахгүй гэдэг нь амьдралаар батлагдаж нотлогдсон зүйл.

Нөгөө талаас Мөрдөх албыг байгуулснаар АТГ болон тагнуулын байгууллагын чиг үүрэг ч гэсэн өөрчлөгдөж, жинхэнэ хийх ёстой ажлаа хийдэг болно. Тагнуулын байгууллага лав хүн барьж хорьдог, хулгайлдаг “ногоон малгайтан” биш, харин мэдээлэл цуглуулдаг, ҮАБЗ болон УИХ, Засгийн газрыг мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг рүүгээ дөхөж ажиллах биз. Харин АТГ-ын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх биш, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэл рүү ажиллаж таарна. Мэдээж энэ бүх өөрчлөлтийг хийхэд нийгэм, олон нийтийн шахалт шаардлагаас гадна энд ажиллаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл эрмэлзэл хамгийн чухал. Дээр хэлсэнчлэн хуулийн байгууллага гэдэг хууль, эрх мэдлээр далайлгаж ажилладаг, нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг учраас бусад салбараас ялгаатай. Тэнд эрх мэдэлтэй, албан тушаалтай байгаа олон хүн энэ байр сууриа алдахгүйн тулд хуучин тогтолцоогоо хамгаалж үлдэхийг илүүд үзэх биз. Гэвч тэр хэрээр иргэдийн зүгээс хуулийн байгууллагад итгэх итгэл, шударга ёсны үнэлэмж алдагдаж, “хулгайч нь хулгайчаа шийтгэх” төдий л үнэлэгдэх болно. Нэг хүнийг нөгөөгөөр сольсноор нийгэм өөрчлөгдсөн удаагүй. Хамгийн шударга нэгэнд ч гэсэн хувийн эрх ашиг, хүсэл шунал бий. Тиймээс шударга бусыг өөгшүүлж байгаа хууль журам, тогтолцоогоо өөрчилж байж шударга ёсны тухай ярихаас өөр аргагүй.

Хэрвээ 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал шиг тохиолдол дахиад гарлаа гэхэд цагдаа нь “Хуулиар надад зэвсэг бариагүй жирийн иргэн лүү буудах эрх олгоогүй” гэж хэлж чаддаг байвал, шүүх нь “энэ хүүхдийн шидсэн чулуу МАХН-ын төв байрны тэд дэх давхрын цонхыг хагалсан гэх баримт нотолгоо алга” гэж хэлж чаддаг байвал, эцэст нь тагнуул, тусгай албад нь “Жагсаалыг үймээн самуун болгох ажлыг ингэж зохион байгуулсан байна. Энд цугласан жирийн иргэд ийм учраас холбоогүй байжээ” гэж хэлж чаддаг байвал хуулийн байгууллагууд хуульжиж, нийгэмд шударга ёс тогтох чиг рүүгээ явж байна гэсэн үг.