Б.Цэнддоо

Нэг.Түүхэн хонзон.

 Эл түүхийг Хувилай хаан хэрхэн гомдсон өдрөөс эхэлье....Өөрийг нь эзгүйд хурилдай зарлан Монголын хаанд биеэ өргөмжилсөн дүү Аригбөхдөө тэр юм санав. Уул нь тэрээр хятадуудыг монгол улсдаа нийлүүлэх их аян дайныг тэргүүлж явсан юм билээ. Ингээд дөнгөж сая эзлээд байсан хятадуудтайгаа нийлэн дүү рүүгээ дайрлаа. Хятадууд гайхлаа. Саяхан “Монголчууд ирж хятадыг эзэллээ” гэж бодож байсан юм. Гэтэл хамтаараа монголтой байлдах гэж байдаг, ураа.

Нангиадууд монгол жанжин Хувилайн тугийн дор нийлж аваад өстний нийслэл Хархорумыг эзлэв. Албан ёсны хаан Аригбөхыг баривчлан аваачиж, улмаар нас баруулав. Эртний өст монгол Монгол гэдэг улс үгүй болж, хаан нь үхэв. Улсын нэр монгол биш Юань. Хятадууд Хубилай бол хүчирхэг хятадыг байгуулж буй “хятад хаан” гэдэгт сая  үнэмшлээ.Түүхэндээ ч тэгж бичив. Монгол улс хятадын улс болов. Хятад хүүхдүүд “манай Мин ба Чин династийн өмнө Юань гэж том динэсти байсан ба одоогийн монгол тэр чигээрээ багтаж байлаа. Манай хаан Ху Би Лао тэднийг эзэлж нэгтгэж билээ. Дажгүй сайн хаан” хэмээн заалгаж өсөх учир ийнхүү бүрдэв.

Чухам энэ үеэс дотор газрын хүмүүс монголчуудын талаар нэг л сонин сэжиг төрөв. Харин шалгах боломж гарсангүй.

Монголчууд шарын шашинд орсны дараахан баруун зүүн хоёр монгол хоёр том амьд бурхантай болов. Нэг нь Галдан, нөгөө нь Занабазар. Амьд бурхад тохиолдлоор зэрэг тодорсон уу? Тохиолдуулан зэрэгцүүлсэн үү? Бүү мэд.

 Гэтэл халхын Занабазар анхдугаар богд Жавзандамбад өргөмжлөгдөн “амьд бурхан”-д тооцогдоод, нөгөөх нь “амьд хүн” хэвээрээ үлдэв. Олон зууны турш гадаад орнуудын зэвсэг болох учиртай “монгол тоглоом” жинхнээсээ эхлэв.

Манж нар байн байн Галдан руу мессэж нисгэж “Сонгууль ч будлиантай боллоо доо. Яг нарийндаа та анхдугаар Богдын болзол хангасан шүү. Санал луйвардчихлаа” хэмээн хатгаж эхлэв. Үүний завсраар “Бурханы номд хамгийн гэгээрсэн нь Занабазар биш, харин Галдан та. Сүсэгтэн олон таныг “ард түмний анхдугаар богд” гэж хэлж байна шүү гэх маягаар шордох хүмүүсийг тусгайлан тавиа л даа. Бас “танай менежер чинь Занабазарын талд байсан шүү” гэсэн “шум” илгээхээ ч мартаагүй нь лав.

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ? Ойрдын Галдан бошогт халхыг дайлаар мордов. Баруун, зүүн монголчууд хоорондоо муудсан юм огт биш. Харин  шашны анхдугаар Богдтойгоо “ард түмний анхдугаар богд” муудалцсан хэрэг.  Сэтгэлийн эрдмээс гадны сэлмийн эрдэм бясалгасан Галдан нь дийлэв. Хөөрхий албан ёсны анхдугаар богд нь дийлдэн зугтаж Манжийн хаан руу очиж тусламж гуйв. Манжийн хаан хэдийгээр Энхамгалан нэртэй боловч хэрэг дээрээ энх биш төдийгүй амгалан биш нэгэн байжээ. (Дашрамд дурьдахад нэрийн утга эзэнтэйгээ таарахаасаа илүү зөрдөг юм гэсэн шүү).  Манжийн энхбиш амгаланбиш хаан “Цаадах Галдан чинь их хонзогнуур хүн. Хонзогнуур хүнээс хонзонгоо л авахгүй бол тун болохгүй. Чи өөрөө дийлэхгүйгээс хойш биш туслая” хэмээвээ. Тусламжийн барааг идэж болдог бол тусламжийн цэргийг тэгж болдоггүй муу талтай аж.  Монгол улс албан ёсны болон “ард түмний” богдуудтайгаа хамт Манжийн эрхшээлд “Хадгалах хугацаа:200 жил” нөхцлөөр оров.

Харин ойрдууд тийм амар Манжийн гарт орсонгүй. Гэтэл Амарсанаа хэмээх нэгэн сайхан  эр монгол баатрын ёсоор нэн гомдолтой  явж таарав. Тэрээр сайн ч муу ч гэсэн хүний гарт орчихоогүй ойрд монголынхоо голомтыг толгойлж яваа Даваачтайгаа мууджээ. Монголчуудын “ хонзогнох эрдмийг” хэдэн жилийн өмнөөс мэдэж, үр шимийг нь амсаж яваа Манж нар Амарсанаад туслан хонзонг нь авч өгөхөөр тохиролцов. Амарсанаагийн хонзонг Даваачаас авч өгсөн Манж цэргүүд буцсангүй. Буцах гэж ч ирсэн биш, угаасаа. Өшөө хорсолд хаалттай явсан нүдээ сая нээсэн Амарсанаа орсон борооны хойноос цув нөмөрсөн боловч нэгэнт өнгөрчээ. Дэмий л хотгойдын Чингүнжавыг хөлдөө чирэн үрэгдлээ. Өш хорсол авагдсан боловч гал голомт хүнийх болов.

1911 онд  арай гэж хар, шаргүй нийлэн байж тусгаар тогтнолоо зарлав. Гэтэл тэд дорхноо  лам нарын “фракци” ба  ноёдын “жигүүр” болоод хагараад өсөрхөж эхлэв. Нэг талд Сайн ноён хан Намнансүрэн, Ханддорж чин ван эд нэр, нөгөө тал Шанзав Бадамдорж, Да лам Цэрэнчимэд гм гм.

Тэд манай тал л ялж байвал тусгаар энэ тэр падлийгүй болтлоо хонзогнов. Бадамдорж шанзав  дайснаа дарахын тулд Бээжингээс тусламж хүсэв. Их танил түүх байгаа биз? Бадамжорж тэргүүтэй эх орончид дайснаа дарсан боловч дайсан даралцсан Сю Сүжан улсын эзэн болов.

Нөгөө жигүүр нь Бадамдоржийнхоо фракцийг дарахаар шийдэн улаан оростой нийлэв.

Монголын  “хонзогнох эрдэм”-ийг саяхнаас ойлгох болсон Орос зөвлөлтийнхэн “Аа хонзонгоо авах гэж байгаа хэрэг үү? Туслаж бололгүй яахав. Ер нь бол хонзонг ямарч үнээр хамаагүй авч л байгууштай зүйл, үүнийг л сур сур бас дахин сур” хэмээвээ. Монголчууд ялагддаггүй,сөхөрдөггүй, бууж өгдөггүй, урвадаггүй баатарлаг ард түмэн. Харин тэд өшөөгөө авахгүй үлдэхийг хүлцдэггүй. Өшөөгөө авахын тулд эх орноо  ч золиход бэлэн. Тэдэнд өшөөг нь авч өгөөд эрх чөлөөг нь, тусгаар тогтнолыг нь авч болдог гэдгийг хятадууд ойлгосноос хойш хоёр зуун өнгөрсний дараа Оросууд мэдэж авав.

Хоёр. Хувьсгалт хонзон

1921 ондГамин ба Барон Унгернийг хөөхөөр улаан цэрэг орж ирэв. Гол нь гамингаас туслалцаа авч засгийн эрхэнд гарсан болон цагаантны тусламжаар хаант ёсоо сэргээсэн монгол фракциас нөгөө фракцийнх нь өшөөг авч өгөх гэж байгаа хэрэг. Бүх юм ёсоороо болж өшөө авагдан,улаан цэрэг үлдэв. Үлдсэн улаан цэрэг “69-хөн” жил болоод гарсан билээ.

Дараа нь зөвлөлтүүд монголчуудын “хонзогнох эрдэм”-ээр тоглож амтшив. Хүрээний хоёр бүлэг нийлж ардын нам болсон юмсанж. Хоёр бүлэг хагарах нь хорвоогийн жам, хагарсон бол хонзогнох нь монголын ёс оо. Ардын намыхан хагарав.  Түшмэл Данзан нар болохоор “муусайн лам нараас илүүтэй түшмэл бид нар улсаа аварлаа. Оросын большевикууд их юм хийжээ. Шар феодалаасаа салсан байна. Энэ шатыг алгасаж болохгүй” гэж дотроосоо загатнана. Лам  Бодоо энэ тэр болохоор нарийн яривал “Ардын засгийн модон тамгыг би сийлсэн” хэмээн ихэрхэнэ.

Зөвлөлтийнхэн Данзанг ятгаж чадсан бололтой. Бодоо албанаасаа бууж, удалгүй алуулав.

Монголыг өөрсдийнх нь  “хонзогнох эрдэм”-ийн хүчээр гартаа хийсэн зөвлөлтийнхэн “Хараач хөөе, социалист нийгмийг чинь  хүн байтугаа монголчууд хүртэл байгуулж чадаж байна” хэмээн харуулах хүсэлтэй байдаг. Монголчууд малчин нүүдэлчин гаралтай, залхуу бодь улс. Ажилсаг байгаад зудыг зайлуулж, ган гачгийг зөөчихөж чадах бишээс хойш тэднийг зэмлээд ч яах билээ. Талын нүүдэлчид социализм байгуулахаар хуруу хөдөлгөж ч өгөхгүй нь гачлантай. Харин хонзон авахдаа тулахаар юун залхуурах, ажилчин пролетариас ч гавшгай болоод ирдэг болохыг Зөвлөлтийн мэргэжилтнүүд мэдэж авлаа.

Ингээд монголчуудын хүсээд байгаа, хэмжээт эрхт хаантай,үнэхээр тусгаар тогтносон бүгд найрамдах улсыг биш, харин ч хаангүй (хааныг үхүүлнэ. Санаачлагаараа үхэж өгөхгүй новширвол ална), зэрвэс харахад тусгаар тогтносон юм шиг байдалтай, зөвлөлтийн дагуул улс болгохдоо “хонзогнох эрдэм”-ийг нь ашиглах учиртай болов.

Ингээд өөрийн бүлгийн толгойлогчийг алуулсандаа хорсож явсан Бодоогийн залгамжлагч нарыг шордож эхлэв. Сүүлдээ улсын удирдагч болсон Х.Чойбалсан чинь Бодоогийн шавь, гэрийн үйлчлэгч, бие хамгаалагч явсан эр шүү дээ. Зарим түүхчид түүнээс ч нандин холбоотой явсан байж магадгүй тухай ярих нь ч бий. Манай өвөг дээдэс эрт дээр үеэс “эр хүн эр хүндээ хайртай” гэж дэмий нэг яриагүй л байлгүй.

Ингээд түшмэдийн бүлгийн Данзангаас тэдний өшөөг авч өглөө. Өшөө сайхан авагдах явцад Богд хааныг нас баруулсан төдийгүй,  улсыг нь зөвлөлт маягийн улааны бүгд найрамдах улс болгож амжив.

Одоо хэд хэдэн хүний хонзонг сайхан авч өгөхөд л социализмын материал техникийн бааз байгуулж амжих нь тодорхой харагдаж байна. Ингээд дараагийн ээлжит Чингэс үеэс өвлөгдсөн монгол төрийн залгамж болох язгууртнуудыг улсын эрх мэдлээс зайлуулах ажлыг эхлэв. Ингэхийн тулд жинхэнэ ард гаралтай ардын хүүхдүүд ардынхаа засгийг байгуулах гэтэл хуучны үлдэгдэл ноёд саад болж байгаа гэсэн хиймэл хонзон үүсгэв. Ингэхэд хэрэгтэй жинхэнэ 99,99-ийн сорьцтой ардын хүүхдүүдийн бүлэг бэлдэв. Тэднийг монголын төрийн бодлогын залгамжилж ирсэн язгууртны удам, эзэн чингэсийн алтан урагтай  хонзогнууллаа. Тэд  Зөвлөлт ба Коминтерний халуун тусламжаар “өш хонзон”-гоо авлаа.

Эзэн чингэсийн алтан ураг төрөө яаж авч явсныг байтугаа, өчигдөрийн тусгаар тогтнолын баатарууд юу хүсэж мөрөөдөж ирснийг мэдэхгүй “жаал”-ууд төрийн толгойд гарлаа. Одоо тэднийг хүссэнтэйгээ хонзогнуулж болно.

Тэд шашин сүм хийдийг устгасан юм биш, тэд өмчийг хураасан юм биш ээ. Тэд лам нараас ард олныг шашин хэмээх хар тамхиар мунхруулсны өшөөг авсан юм. Тэд ард түмнийг “нэмүү өртөг”-ийн ухаанаар мөлжиж ирсний хонзонг баячуудаас авч өгсөн юм. Тэд хүчирхийлэлд тулгуурлсан дэглэмийг бүтээсэн алан хядагчид бус зүгээр өшөө авагчид.

Дээр үед “Баригдашгүй өшөө авагчид” гээд орос кино гардаг байлаа. Яг тэнд гардаг шиг ном уншиж сурахаасаа өмнө хүн алж сурсан багачууд. Ялгаатай нь киноны баатарууд баригдаггүй бол, манай өшөө авагчид баригдсан. Дараа дараагийн шинэ өшөө авагчдын хонзонг амиараа тайлсан.

Зөвлөлтүүд  хувьдаа орос эхнэр бүхий Ю.Цэдэнбалаар дамжуулан монгол төрийн эс ширхэг бүрийг хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй хянахдаа мөнөөх л  “хонзонгийн менежмэнт”-ийг гойд ашиглана.  Баруун монголоос гаралтай үндэсний баатарын нэг Галдан бошогт “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн афоризм үлдээсэн бол, мөн тэнд төрж өссөн, ХХ монголын удирдагч Ю.Цэдэнбал “хадам гуйж байгаа бол төрсөн бууцаа ч  бүү харамла” гэсэн логик өвлүүлжээ. Хувь заяаны тохуу гэж.

 Зөвлөлтөөс хэтэрхий хараат байгааг өөрчлөх гэсэн, Чингэс хаанаар дамжуулан үндэсний бахархлаа сэргээх гэсэн Төмөр-Очир, Лоохууз нарыг нам төрийн удирдагчийн хувийн “дайсан” болгон ойлгуулаад даруулж байлаа. Ухаандаа тэд нам засгийн удирдагч Ю.Цэдэнбалын суудлыг булаах гэсэн “хувийн дайсан” учраас хонзонгоо авах нь чухал болохыг Цэдэнбалд ойлгуулан өшөө авахуулах маягтай.

Монголчуудын энэхүү дайснаа оломтгүй, олсон дариудаа хонзонгоо авахын тулд юугаа тэмтрэхээс буцахгүй зан авир коммунист суртал нэвтрүүлгийн өөрийн мөн чанартай зохицож байгааг яана аа. Ардын дайсан, нийгмийн дайсан, хүн төрөлхтний дайсан тодруулах, хамтаараа үзэн ядахад ямар урамтайг нь бас яана аа. Шавын эрдэм багшаасаа давах нь нэг бус. Амьдралдаа нэг ч нэгр хараагүй хөдөөгийн өвгөн хар арьстны эрхийг хамгаалагч Анжела Девисыг өмөөрөөд л боож үхэх нь холгүй...Базарваань хумпад.

Зөвлөлтүүд нэг талаасаа монголыг эзэрхийлэгчид боловч өөрснөө бас нажидаа эдэлсэн ард түмэн байлаа. Тэд дайнд алдснаасаа олон хүнийг системийнхээ золиос болгосон гэж түүхчид хэлдэг. Гэхдээ монголоос ялгаатай. Тэд нутаг сонгож нүүдэг малчид биш, заагдмал нутагтаа суудаг иргэншсэн улсийн иргэд. Нүүдэлчдийн үнэт зүйл нь  хаа ч байж болох “өвсний соргог усны цэнгэг”-тэй холбогддог бол тэд “хамтын дундын эрх ашиг” гэдэг огт өөр капиталтай улс байлаа.

Эдвард Радзинскийн бичснээр бол Сталинд хөөгдсөн, нөхдөө хөнөөлгөөд зугтааж гарсан олон хүнийг Зөвлөлт засгийн эсрэг тэмцэхийг ятгах, тэднийг Сталины эсрэг холбоонд нэгтгэхийг уриалах ажил нэг биш хийгджээ. Монголоор бол “Сталинаас хонзонгоо ав, бид туслая” гэсэн үг. Гэтэл  хуучин большевик явсан нөхдүүд болохоор “бид ялагдаж, хөөгдөж туугдаж байгаа ч гэсэн үйл хэрэг  маань ялж байна. Одоо яая гэхэв дээ” гэх маягаар хандана. Язгууртан эрхэмүүд “муухай байна,аймаар байна. Гэхдээ Орос эх орон минь улам хүчирхэгжиж байхад түүнийг нураах гэж явах хэрэг үү” хэмээн учирлана. Тэдний нам эвсэл ялагдах, сөнөх, нөхдөө хөнөөлгөх, хань нөхдөөсөө салан цагаачлан гуйранчлах нь аугаа оросын мандал бадралын хажууд юу ч биш ажгуу. Тэд зорилго хүсэл мөрөөдлийнхээ төлөө нандин бүхнээ алдахад бэлэн байдаг бол нүүдэлчний удам өшөө хорслоо тайлахын тулд нандин бүхнээ тавьж туухад “хэзээд бэлхэн” ажаам.

Нүүдэлчин хүний эх оронч саналын цаана хувийн асуудал нуугдаж байдаг бол суурин хүний хувийн саналын цаана эх оронч үзэл нь шингээстэй ханхалдаг гэх юм билээ. Нарийн яривал  бид чинь иргэншлийн замаар зуу хүрэхгүй жил алхсан нүүдэлчид, ардчиллын замаар хорин жил замнасан социализм байгуулагчид шүү дээ.

Гурав.Ардчилсан хонзон

1990 оноос хойш ардчилаад монголчууд хонзон санахаа байчихсан ч юм биш. МАХН-ын болохоор ардчилсан хүчнийхнийг сөрөг хүчин гэхээсээ илүү “эрх мэдлээс минь зайлуулсан өстөн” гэж хонзогноно. Ардчилсан хүчин нь тэнднийг цаг үе, хувь тавилангийн эрхэнд явсан ирсэн ахмад үе хэмээн харахын оронд “улс орноо өчнөөн жил дарласан дайсан этгээд” болгон үзэж тарна.

Дандаа ингэхгүй ээ. Монголын доторхи жижигхэн манж, жижигхэн зөвлөлт болон хувирч, бие биеийнхээ дотор байгаа гомдогчдийг олж тэтгэн санасандаа хүрнэ. 1996 онд ардчилсан хүчин сонгуульд ялаадахав. Гэтэл ерөнхий сайд М.Энхсайхан, намын нөлөө бүхий лидер С.Зориг нарын хооронд таагүй байдал үүсэв. Ялихгүй зүйлээс эхэлсэн хонзон нам төрийн хонзон болох шиг санагдсан, үгүй ч байж мэднэ. С.Зориг өөрийн ойр дөт явдаг хүмүүсийнхээ нэгийг “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгчээр томилуулав. Сонин өөрөө ерөнхий сайд М.Энхсайханы мэдлийнх. Тэнд нь бурхан болооч Зоригийн гэргий бас ажилд орсон гэдэг юм. Гэтэл Энхсайханы ямар зан хөдөлсөн юм бүү мэд, “Зоригийн анд”  болон бусад хүмүүсийг нь нэг гэгээн өглөө халчихлаа. С.Зориг, М.Энхсайхан хоёр энэнээс хавгүй өмнө муудсан ч байж магад л даа. Гэхдээ л нэгэн оргил нь энэ байв.

Үүнийг соргогоор ажигласан МАХН-чууд гомдол бүхий бүлэг дээр очжээ. МАХН бол зөвлөлтийн сайн шавь төдийгүй, зарим зүйл дээр багшаасаа давж байсан өнөө сурагчид шүү дээ. Тэд “За нөхөд минь Энхсайханаас хонзонгоо авах хэрэгтэй. Бид зөвлөлтийн улаан арми 1921 онд тусалсны нэгэн адил бүх гишүүдээрээ туслана” хэмээн ятгана. Тэр үед МАХН-ын жолоо цулбуур Багабандиас Энхбаярт шилжиж байсан цаг. Хонзон байна уу байна, гадаадын тусламж байна уу байна. Энхсайханы засгийн газрыг дор нь л онхолдуулав. Хонзон авагдахтай зэрэгцэн МАХН-ын нэр хүнд өсөв.Тэд бараг л засгийн эрх барих болов.

Дараа нь ерөнхий сайдаасаа буугаад гомдол нь халуун сэрэг байгаа Энхсайханд МАХН тусламжийн гараа сунгалаа. Яг л 1921 онд Зөвлөлтүүд “Эхлээд Ардын нам байгуулаад дараа нь улаан армиас тусламж гуй” гэж хэлж байсан шиг юм болж. Түүнд “Эхлээд УИХ дотор өөрийн бүлгийг байгуул, дараагаар нь манай бүлгээс тусламж гуй, Бид хонзонг чинь авалцаж өгнө” хэмээжээ. Энхсайхан ч дорхноо “Элсний 13” хэмээн түүхэнд үлдсэн бүлгийг байгуулж, МАХН-ын улаан армиас тусламж гуйлаа. Өшөө сайхан авагдаж, Элбэгдоржийн засгийн газар унав. МАХН-ын нэр хүнд бүр их өсөв. МАХН засгийн эрхийг бодитой барих болов. Хэрвээ бүрлээч Ленин багш нь авснаасаа өндийгээд харсан болжгэм МАХН-аар яасан их бахархах байсан бол?!!

    МАХН маань 1996-2000 онуудад эрх баригч бүлгийн доторхи бүлгүүдийн хонзонг авахад өгөөмөр гараа сунгах ганц ажилтай байлаа. Тусламжийн өгөөмөр гараа сунгахын хэрээр засаг төрийн эрх мэдэл гарт нь орсоор. Зөвлөлийн мэргэжилтэн багшаасаа давсан энэ эрдэм нь түүнийг сонгуульд дангаараа үнэмлэхүй ялахад хүргэв. Ардчилсан намын бүлэг болгон, лидер болгон  хонзонгоо авч чадсан нь бахтай ч төрийн жолоо гараас алдагдав.

Төрийн эрхэнд олон бүлэг бүлэглэл гарахаар хонзон гаараад байдаг юм уу гэхээр тийм биш. Үнэн хэрэгтээ монгол орон МАХН-аас өөр удирдагчгүй, Н.Энхбаяраас өөр жолоодогчгүйгээр нэгэн сонгуулийн хугацааг өнгөрөөв. Дараа нь “Энхбаяр ба бусад” удирдагчийн үе залгав. Энэ хүн дангаараа болон хамтаараа эх орныг минь залуурдсаар нэгэн арваныг өнгөрөөсөн билээ.

Энэ зуур МАХН-ын дотоодын “баригдашгүй өшөө авагчид”-тай болов. Их хачирхалтай нь тэд нар нь бие биеэсээ өшөө авахад “Их ах” нь ээлжлэн тусалж, хэрхэн өшөө авч байгааг харан сэтгэлийн ханамж эдлэнэ. Хорвоогийн жам ёсоор МАХН дотроо өшөө авалцахын хэрээр АН-ын нэр хүнд өссөөр ерөнхийлөгчийн сонгуульд гялалзсан ялалт байгуулав. МАХН-ын доторхи бүлэг болгон, лидер болгон хонзонгоо авч чадсан нь бахтай ч ерөнхийлөгчийн сэнтийгээ алдав.

Өдгөө хоёр нам хамтран засгийн эрхийг барьж байна. МАХН ерөнхий сайдтай бол АН ерөнхийлөгчтэй. Ийм нөхцөлд тоглоомын дүрэм арай өөр болж байна. Гэхдээ “мах цусанд төрснөөс хойш зовлон хаанааас салах вэ” гэдэг шиг “монгол болж төрснөөс хойш хонзон хаашаа холдох вэ”...

Парламентын олонхийг бүрдүүлдэг, бас ерөнхий сайд ба их хурлын даргатай,  амьд болоод хүчирхэг МАХН-ыг “сөнөж , мөхөж “ байгаа тухай яриа дэгдээд ирэв. Нам ингэхээрээ л “мөхдөг” юм бол намууд ялалтын төлөө тэмцлээсээ  татгалзаж мөхөхөөр мэрийхсэн...

Хэдхэн сарын өмнө ерөнхийлөгчийн сонгуульд гялалзсан ялалт байгуулсан ба засгийн газарт ордог, бас тэргүүн шадар сайдтай Ардчилсан намынхан ч  гэсэн “манай нам сүйрлээ” хэмээн уухайлж эхлэв. ИЗН-ногоон нам ба Эрэл пүүсийн нам энэ тэр ийм сүйрлийг, иимэрхүү мөхлийг мөрөөдөөд ч нэмэргүй.

Хуучин ардчилсан намынхан л МАХН-ыг чичилж “та нар болж мөхөж байгаа коммунистууд” хэмээдэг байсан бол одоо МАХН-ын  өөрснийгээ чичээд завсраар нь сөрөг хүчний хуруу орох зай олдохоо больсон.

Ингээд харилцан бие биенийхээ намыг сүйрлээс аврахад туслахаар шийдсэн болтой байна. Харилцан туслалцана гэдэг бол дээр үеийн харилцан туслалцах ардын хоршоо, “зээлдэн туслах касс” энэ тэрээтэй зүйрцэх юм биш. Чамайг намын даргаасаа хонзонгоо авахад бид туслана, харин чи эргүүлээд надад тусла л гэсэн үг л дээ. Нарийн яривал намаа мамаа аврах ч гээд байгаа юм биш, намынхаа дарга болмоор л байгаа хэрэг. Намын дарга болчихвол ерөнхий сайд , эсвэл шадар сайд болно л гэсэн үг. (Ингэж чадлаа гэхэд урт насалж удаан жаргахгүй л дээ. Дараагийн ээлжийн “баригдашгүй өшөө авагчид” өлгийдээ бойжиж л  байгаа)

Эх орноо арвантаа аврах хувь ногдоод эдэлж өнгөрөөсөн нэгэн саяхнаас “монгол орныг аврах цаг болсон” тухай ярьж эхэлж байна. Энэ аврах тухай биш гомдол тайлах тухай яриа шүү дээ.

Нөгөө жигүүрээс манай ерөнхий сайд асан, дараа шадар сайд асан Энхсайхан улс орныг аврах үнэхээр мөн болохыг яриад, хуралдаад гараад ирж байна. Түүнд Энхбаяр шиг олон аврах боломж олдоогүй ч гэсэн “эх орноо хоёронтоо аврах” суудал ногдож байсан нь үнэн.

Уул  нь энэхүү хоёр “асан”-д эвлэхээсээ илүү үзэн ядалцах шалтгаан их. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Энхсайханыг монгол хүн биш, зуун хувийн хятад цустай “шижир хужаа” гэдэг ойлголтыг манай хоёр сая хүнд ардад хэн өгсөн, Энхбаяр өгсөн. Засах залруулах боломжгүйгээр, монгол хүний чихнээ эгүүрд хоногшуулж дөнгөсөн. Ингэсэн хүнд Энхсайхан шиг хүн баярлах нигуургүй.

Гэтэл тэд хачин дотнсоод нэг нь нөгөөдөө зориулж шүлэг хүртэл бичээд эхэлж. Монгол хүнийг гомдол л ингэж нэгтгэж чаддаг. Тэдэнд дундын зовлон, хамтын гомдол байна.

Өдгөө хоёр нам дотор “намаа аврах” грүппууд нэгэнт үүсч, харилцан туслах “хоршоо”-гоо ч байгуулж, дээр нь улсаа аврах”дугуйлан” тэдэнтэй нэгдэхээр шамдаж байна.

. Түүхээс харвал ийм хэмжээний өшөө авалтын дараа монгол төрийн жолоо  “өшөө авалтад өгөөмөр гараа сунгасан” харийн хүний гарт л орчихсон байдаг осолтой. Бидний гэм эндлийн түүх ингэж сургаж байна.

Хамаг амьтныг энэрэгч Буддын ариун сургаалд “Танигдсан гэм гэм биш эрдэм, танигдсан хор хор биш эм” хэмээжээ. Тийм болтугай.