“Шинжлэх ухааныг өмөөрөхүй” өгүүллийн дараагийн хэсгийг нийтэлж байна. Түрүүний хэсэгт албан ёсоор шинжлэх ухаанд хамаарах хүмүүс, мөн сайн дурынхан шинжлэх ухааныг хэрхэн гуйвуулж нийгэмд хор хөнөөл учруулж байгаа талаар дурьдсан. Энэ бол үргэлжлэл нь.

    Луйварчид. Эйнштайн бол өнөө үеийн домог. Эйнштайн ингээд хэлчихсэн гэвэл бараг хууль. Хүн болгон түүний Е=mc2 томъёог таньдаг, харин цөөхөн хүн ойлгодог. Энэ алдартай томъёог нээлтээс нь хойш 103 жилийн дараа, ердөө энэ жил нарийн тооцооллын аргаар баталлаа. Кваркууд массын ердөө 5 хувийг эзэлдэг. Үлдсэн 95 хувь нь хаачив? Эгэл бөөмсийн нэг болох глюон массгүй байдаг, гэрлийн хурдаар хөдөлдөг. Эндээс масс энергид шилждэг гэсэн алдарт томъёоллын төчнөөн хэмжээний энерги гаргаж авахын тулд аль хэр массыг хэрэглэх вэ гэдгийг нарийн тооцоолуураар нягтлан тогтоожээ. Ингэхээр Эйнштайн бол хэн хүний өөрийгөө зөвтгөхөд ишлээд явдаг амар хоол биш нь харагдаж байна.

Бичиг үсэгт бүрэн тайлагдсан нь эргэлзээтэй ердийн луйварчид болон сэтгэцийн өвчтөнүүдэд аугаа эрдэмтэн хамгийн их ишлэгддэг. Энергийн тухай, ид шидийнх нь тухай манайд бөө, лам, мэргэч зурхайч нар хамгийн их ярьдаг боллоо. Гэтэл энерги гэдэг бол шинжлэх ухааны цэгцтэй ойлголт. Энергийг шинжлэх ухаан тултал нь тайлаагүй л явна. Термоденамикийн гуравдугаар хууль физик үү, гүн ухаан уу? Эйнштайний харьцангуй онолыг ч Нобелийн хороо физикийн нээлт гэж хэлэхээс айж, түүнд фотоны гаралтын нээлтэд нь шагнал өгөөд салахын түүс болсон. Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим яг физикийн нээлт мөн үү? Шрөдэнгэрийн элетрон долгионлог тэгштгэл аугаа ч, түүний амьдралын тухай томъёолол нь хамгийн их цочирдуулам үг байв. Мэрэг төлгөөр олсон тэр мөнгөөрөө ядахнаа хүзүүгээ угаачихад яана даа гэж бодмоор хагас бичиг үсэгтэй луйварчдад энэ дэлхийн хамгийн аугаа оюунуудын эргэлзэж байгаа зүйлс тун ч энгийн, нэвт мэдээд авчихсан таниулга нь байх юм.

Гүрэм хийж, хараал талбиж, мэргэлж төлөглөхөд Эйнштайн ямар хамаа байнаа? Буддизмыг шинжлэх ухаан гэж Эйнштайн хэзээ ч хэлээгүй. Угаасаа биш юм чинь.  Шашин бол нэг талаасаа гүн ухаан. Шашин болгон ертөнцийн мөн чанарыг тайлбарладаг. Харин ихэнх шашинууд асуудалд эцсийн хариу өгч мухарладаг. Энэ нь шинжлэх ухааны шинэ нээлттэй зөрчилдөх нь элбэг. Ертөнцийг Бурхан долоо хоногт бүтээсэн тухай Иудын шашин анх номолжээ. Эндээс 7 гариг, 7 хоног гэх ойлголт гарч. Гэтэл Галиллэй Бархасвадийн 4 дагуул нээж орхисон нь 7 эрхэсийг шууд 11 болгож “хууль”-ийг эргэлзээнд оруулсан учир инквизатороор орох шалтгаан нь болжээ. Эсвэл Дарвины байгалийн шалгарал, ялангуяа хүн бичнээс үүссэн тухай таамаглал олон шашны урьд өмнөх тайлбарт хүнд цохилт болжээ. Алив юмс үзэгдэлд эцсийн тайлбар өгөөгүй, өөрөөр хэлбэл хувиран өөрчлөгдөж мөнх орших ертөнцийн тухай сургадаг буддизм шинжлэх ухааны ямар ч нээлтэнд хязгаар тавиагүйгээрээ саад болдоггүй. Догма байхгүй шашин. Орчлонгийн хязгааргүйн тухай ч Буддын сургаал нь өнөөгийн нээгдсэн хар нүх болон их тэсрэлт, бүх ертөнцийн нэгээс нөгөөд шилжих үзэгдлийг философи утгаар нь зөвшөөрөхөд урьдын тайлбартайгаа зөрчилддөггүй аж. Эйнштэйн буддизмыг чухам энэ утгаар нь үнэлсэн. Гэхдээ энэ бол гүрэм хийж хараал үйлдэн бусдын мөнгийг хувхайлж суудаг бичиг үсэггүй лам нарт ямар ч хүртээлгүй.  

Манай луйварчдын хүн мунхруулж мөнгө саахад ашигладаг бас нэг нэр томъёо бол ген юм. УИХ-ын гишүүн нэгний сонгуулийн магтаалд “удам сайтай унага юм, уураг сайтай ген юм” гэж өнөө мунхагаа хошгируулсан байна билээ. Ийм нэрэндээ ч зохисон морь л доо. Гэтэл ген бол тодорхой молекулуудаас бүрдсэн биет, шинжлэх ухааны тодорхой ойлголт. Энерги, ген гэх мэтийн анхдагч тодорхойлолтыг нь дунд сургуульд заадаг ч, таарсан нийгэмдээ шинжлэх ухааны ойлголтууд луйвар булхай хийх сайхан багаж болжээ. Анагаах ухаан, одон орон, түүх ч бүр тамтгаа алдсан. Астрологи буюу зурхай нь юутай ч шинжлэх ухаан биш. Дундад зууны балай харанхуй үед астрологи амьтны толгой эргүүлж мөнгө хийхэд ашиглагдаж байсан авч хэдийнээ үеэ өнгөрөөсөн. Харин манайд ид хүчээ авч байдаг! XXI зуун гарчихаад байхад бид дор хаяж 600-700 жилийн сэтгэлгээний хоцрогдолтой харайлгаж явах шив. Тийм жилтэй мэнгэтэй хүмүүс бушуухан тэр сүмд очиж ном уншуулж заслага хийлгэхгүй бол одоохон үхэх гээд байна гэсэн зар сонингоор нэг. Үүнээ мөн л шинжлэх ухаанжуулж тайлбарлана.

Монгол хэмээх бие даасан үндэстэн буй болоод их бодож л хоёр мянган жил болж байгаа. Үүнээс цааших ямар ч баримт алга. Англи, орос, испани үндэстэн буй болоод мянган жил болоогүйтэй харьцуулж ч болно, хятад, жүүд, энэтхэг гэсэн 4 мянгаас урт настай үндэстэнтэй харьцуулбал бас өөр дүгнэлт гарна. Тэгэхээр Бурхан байдаг юм гэж бодоход буй болоогүй монголчуудад 9 мянган жилийн өмнө юугаа захисан байдаг байна? Захисан юм гэж бодоход хаана тэр баримт нь байна?  Урьд нь манайд огт байгаагүй шинжлэх ухааны олон салбар дөнгөж үүсэнгүүтээ мэргэжлийн хүний гэхээсээ луйварчдын гарт орж орлогын хаалга болсны нэг нь социологи юм. Өрнө дорно хаана ч гэсэн сенсаци тарих гэсэн элдэв марзан таамаглал, мунхруулга ховор биш. Зарим нь учиргүй олон хувь хэвлэгдэж борлогдоно. Ялангуяа Нострадамусыг тайлж уншсан тухай ч юм уу эсвэл зурхайн мэрэгийн талаар. Иймэрхүү зүйл зугаа гаргахад зориулагдсан байдаг. Харин энэ нь манайд Англи, Америкийн суут эрдэмтэдийн нээлт, хөдөлшгүй үнэн маягаар орж ирнэ. Үүнийг мөн л голдуу луйврын зорилгоор нэвтрүүлэгч дамжуулагчид нийгэмд хэдийнээ байраа эзэлжээ.

Сүрдүүлэг рэкетээр мөнгө түүгчид геологи, уул уурхай, олон улсын худалдаа, жишиг стандартын талаар давгүй “шинжлэх ухаанжсан”, чих хуурч унамаар юм орилж хашгичих нь галзуугийн больницод ороод ирэв үү гэмээр. Арилжааны зорилгод ч шинжлэх ухаан мөн л нохойд барьдаг мод. Зэрэмдэг хүний нүүр харуулаад нэг тос түрхчихээр шаазан шиг болж байна гэнээ. Тураах, нүүр биеийн гажиг засах элдэв тос түрхлэг, эм тан цаашлаад хорт хавдар элэгний церроз гээд эмчлэхгүй юмгүй. Хүн малласан ийм рекламыг эрүүл газар бол хуулиар хориглодог юм шүү дээ. Зэрэгцээд сүлжээний бизнес гэгч бөөн “шинжлэх ухаан”! Энэ эмийг хийгээд Нобелийн шагнал авцгаасан л гэнэ. Нобель, Гиннэссийн ном гэж нэг хүн сүрдүүлдэг юм гараад ирж.  

Шинжлэх ухааны нэр баригчдад тоо шиг хамаагүй юм байхгүй. Гэтэл тоо л юмны үндсэн баримжааг өгнө. Амьдрал үүсээд 3.6 тэрбум жил, диназавр сөнөөд 65 сая жил болж байгаатай харьцуулахад хомо сапенс гэх ухаант хүн буй болсон ганцхан 100 мянган жил өчүүхэн бага хугацаа. Бүх хүний уугуул үүссэн цэг төв Африк. Бүх хүн төрлөхтөн тэндээс нүүж ирсэн, очсон. Хүн төрлөхтөн нэг гарал угшилтай. Заримыг нь тухайлан онцолж тэнгэр бурхан ивээсэн юм хаана ч байхгүй. Хүмүүс хоорондоо чөлөөтэй нэвтрэлцэх хэл буй болоод ердөө 15-20 мянган жил болжээ. Үндэстэн үүнээс хавьгүй хойно буй болсон. Энэ мэтчилэн шинжлэх ухаан аль хэдийнээ учрыг нь олоод тайлбарлачихсан энгийн үнэнг уул нь дунд сургуулийн программаар ойлгуулдаг юмсан. Луйварчид эдгээр баримжаа авч болохуйц тоонуудыг юу юу болгон донгосч явдагийг анзаараарай л даа.

            Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхлэнэ. Ньютоныг бут цохино, Хаббэлийг баллаж хаяна, нэлээд өндөр боловсролтой нь Дирак, Шрөдөнгөр, Хайзэнбэргийг цустай нь хутгахаар босч ирнэ. Тэд голдуу шинжлэх ухаанд эцсийн цэг тавьдаг. Шинжлэх ухааны нэр томъёо өргөн хэрэглэнэ. Элбэг өвчин. “Гайхамшигт оюун” кинонд гардаг Жон Нэйш үү? Аугаа хүмүүсийн дунд шизофренитэй нэгэн тохиолддог, гэхдээ энэ нь шизофрени өвчтэй болгон аугаа хүн гэсэн үг ерөөсөө биш!

Сурган бол уг нь бас л шинжлэх ухаан. Үүнийг өөрийн дураар хачин хачин хөг аяс арга методикт оруулаад яваа хүмүүсийн луйварчин, сэтгэцийн өвчтөн хоёр нь ялгагддаггүй. Юутай ч шашин ч юм шиг, шинжлэх ухаан ч юм шиг, гүн ухаан ч юм шиг эсвэл бүгдийг нь хольчихсон ч юм шиг хачин юм ярьж аугаа ихийн солиоролд орчихсон олон арван хүн эмнэлэгийн хяналтаас гадуураар барахгүй мэдээллийн хэрэгслэлийн тогтмол баатрууд болчихсон явах аж. Шинжлэх ухаан өнөөдөр хэдэн мянган төрөл анги болон салбарлаж зах хязгааргүй өргөжсөн. Зөвхөн мэргэжилийн явцуу хүрээллийн хэмжээнд л шүүмжлэх үнэлэлт дүгнэлт өгөх бололцоотой. Харин шинжлэх ухааны нэр барьсан луйварчид болон сэтгэцийн өвчтөн, мөн сайн дурын уран сайханчдад “мэргэжлийн”  дүгнэлт өгөн мандуулж сурталчлагчид нь мөн л тэр зиндааныхан. Ялангуяа шүлэгч, сэтгүүлч, зохиолч зэрэг шинжлэх ухаантай падлийгүй зүтгэлтнүүд нийгэмд илүү гарцтайгаараа гул барин улам “шинжлэх ухаанжуулсан” суртчилгаа реклам хийж өвчнийг улам сэдрээх нь үнэн сонирхолтой трагекомеди.

     Нийгмийн сэтгэлгээ. Манай эхний Ерөнхийлөгч албан ёсны үзмэрчтэй байсан. Дараагийнх нь хүслээ цаасан дээр бичиж шатаагаад тэнгэрт “факс” илгээдэг шинэ арга нээсэн. Аль алин нь шинжлэх ухааны албан ёсны доктор зэрэгтэй хүмүүс шүү дээ. Гуравдахь нь зүгээр л мухар сүсэгтэн, урьдах хоёрыгоо нийлүүлснийг олон зэрэгт дэвшүүлээд ч багадам. Төр шашин тусгаар байх Үндсэн хуулийн зарчмыг бантагнуулж хооронд нь холиод зуурч орхисон хүн бол энэ. Оршуулган дээр сууж харагддаг ламхай нар одоо албан газар сургууль эмнэлэг гээд хаа л бол хаа гүрэм ном хийж хонх дамар тачигнуулаад төрөөр тэжээлгээд сууж байдаг болж. Мань хүн Буддагийн цогцос аваад ирлээ гээд хайран сайхан индүүдлэгтэй гонжоомтойгоо нисэхийн заваан талбай дээр өнхөрч хөрвөөгөөд байх мөртөө “энэ бол тахианы яс биш шүү, ийм цуу гарах бий” гэж анхааруулна. Тэгээд байхыг бодоход тахианы яс л байж таарна. Дөрвөн уул тахиадахсан чинь олимпоос дөрвөн медаль авчихлаа гээд байгаа хүнийг юу гэж нэрлэх вэ, өнөөгийн XXI зуунд!? Тэгсэн мөртөө эдний амтархан ярих дуртай сэдэв нь шинжлэх ухаан. Бүр хөгжүүлэх тухай наана гээ. Авцалдаагүй байгаа биз?

Дээрээсээ ингэхээр улс орноор дүүрэн дөвчин зайран байгааг ч аргагүйтгэж үзмээр. Луйварчид, сэтгэцийн өвчтөнүүд нийлж аваад цугларалт, уулзалт, лекц, тахилга элдэв ёслол их үйлддэг болж. Үүнийг мэдээллийн хэрэгслэл бах болгон суртчилна. Иймэрхүү ёслолын ажиллагаанд оролцох нь асар үнэтэй. Асар гэдгийн учир нь тэнд нийгмийн хамгийн бэл бэнчин муутай ядуу зүдүү хүмүүс оролцож буй тул энд төлж буй мөнгө нь бэлтэй хүн ч цочирдом өндөр. Орлогоос чинь татвар авна гээд хэлчихвэл урдаас чинь яаж дөвчигнөж хараал зүхэл болох бол? Үр удмаар чинь мөхөөнө гээд л. Татварын байцаагч байтугай төрийн тэргүүн хүртэл ийм үгнээс үхэнлцгээ хагартал айдаг юм чинь. Уг нь дээрэмчингээс битгий хэл гуйлгачингаас ч татвар авч чаддаг байх ёстой л доо, уг ном нь. Гэтэл юун татвар, төр өөрөө иймэрхүү зүйлд үнэмшимгүй мөнгө төлнө. Одоо УИХ-ын гишүүн болчоод байгаа нэг мудак аймгийн дарга байхдаа тэнгэрээс Чингис хааныг дуудах ёслолд аймаг хөгжүүлэх сангийн хамаг хөрөнгийг уутных нь амыг гөвөн байж зарцуулж байв. Өөрөө Чингис хаан болоод тамгын ажилтнуудаа өрлөг жанжин болгон хувцасалчихаад хотоор морьтой давхиж явсан дүүргийн даргын марзан жүжиглэлийг олон хүн биеэр харсан байх. Энэ чинь үнэ өртөггүй зүйл биш шүү дээ. Бүр хэрээс хэтэрсэн мөнгө төсөвт нь суучихсан байгаа. Ард түмнийг боловсруулж гэгээрүүлэх үүрэг хүлээсэн төр өөрөө мухар сүсэгт гар татахгүй байхаар бид эрүүл нийгмийн тухай ярих бололцоо байна уу?

Аль ч нийгэмд шинжлэх ухааны нэр баригчид санасныг бодвол олон. Албан ёсны шинжлэх ухаанд хамрагсад үүнээ гуйвуулах явдал элбэг. Лысенко генетикийн ухааныг сөргөж мичуринизм гэгчийг гаргаж ирсэн. Ерөнхий санаа нь ялааг сайн тэжээсээр байгаад заан шиг болгож болно гээд байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан. Хулганы арьс таллаж будчихаад иммунологийн том нээлт хийлээ гэж зарласан австрали эрдэмтний явдал саяхных. Гэвч шинжлэх ухаан нотлогддог, няцаагддаг чанартай учир энэ төрлийн шуугиан урт насгүй. Сайн дурынхан хорвоогоор нэг. Зургаан тэрбум хүн дотор аль янзын юм байхыг тэр гэхэв. Харин тэднийг шинжлэх ухаан тоодоггүй. Шинжлэх ухааны нэр барьсан луйварчид дундад зууных шиг элбэг биш ч ялангуяа сэтгэлгээ дорой, хоцрогдсон нийгмүүдэд амь бөхтэй оршсоор. Хөрс байгаа болохоор л луйварчид гаарч байгаа хэрэг. Сэтгэцийн өвчтөн шинжлэх ухааны нэр барих явдал ховор биш. Харин эрүүл нийгэмд тэд эмнэлэгийн хяналтандаа л байна уу гэхээс зурагтын дэлгэцээс салахаа больчихдог юм гэж хаа байхав!  Эрүүл нийгэмд бүгд байх ёстой газраа л байр байрандаа. Хаа ч хэзээ ч байдаг энэ үзэгдэл харин манайд хавтгайрч, улс орны хөгжлийн бараг л албан ёсны баримжаа чиг хандлага болон алдаж, нийгмийн гишүүдийн дийлэнхийг хамарч, мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчлагдаж, олон түмэнд итгэл үнэмшил болж байгаад хамаг аюул байна. Нийгэм ийм зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулж оюун санааны гүн хямралд орж, байгаа ертөнцөөсөө тасарснаар ямарваа хөгжил дэвшил сайн сайхны тухай ярих нь ч утгагүй хэрэг юм. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг Үндэсний телевиз сэтгэцийн өвчтэй хүнээр яриулж Европын уулыг тахихад хандив өргөхгүй бол хараал хийнэ гэж ард түмнийг заналхийлгүүлж байхаар яахав? Танин мэдэхүй нэртэй телевиз орой болгон ид шидтэнүүдээр бөөлүүлдэг заншилтай болчихоор яахав?

Нийгэм маань гүн өвчтэй байна. Иймдээ шинжлэх ухааны нэр барьсан элдэв мистик, ид шид, ердийн солиорол, улайм цайм луйвар манай нийгэмд хүний санаанд оромгүй том орон зай эзэлж бараг л нийгмийн сэтгэлгээг тодорхойлж байна. Үүнийг ядуурлаар тайлбарлаж болно л доо. Арга ядсан, амьдралд сөхөрсөн үй олон хүмүүс мухар сүсэг рүү хуйларч аврал эрж байна гэх мэтээр. Гэтэл үнэндээ Монголын нийгмийн амьдрал статистик утгаар нь бодож үзвэл 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй чинээлэг болсон. 1986 онд Хүнсний зорилтот программаар нэг хүнд жилд 88 кг мах идүүлнэ гэж зорилго тавьж байсан. Одоо 120 кг мах ноогдож байна, мөнгөтэй нь тийм их мах иддэггүй учраас ерөнхийдээ хүн амд жигд л хуваагдаж байгаа. Борлогдож буй гурилын 80 хувь нь 2-р гурил байсан бол одоо дөнгөж 5 хувь эзэлж байна. Өдөрт хэрэглэж буй хоол хүнс Монголд 2700 ккалори байгаа нь дэлхийд муугүй үзүүлэлт шүү. Сүүлийн ганцхан жилд цалин тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдлээ. Өөр иймэрхүү олон статистик жишээнд татаж болно. Нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн нөмөрсөн гамшиг алга. Харьцуулахын аргагүй ядуу байсан үе саяхных. Бидэнд хэзээ ч тохиолдож байгаагүй ядуурал өлсгөлөн гуйранчлалыг тухайлбал солонгос, япон, орос, европын ард түмэн саяхан л туулаад гарч байсан. Тэдний хаана нь ч мухар сүсэг ингэтлээ нийгмийн баримжаа болон тодорч байгаагүй. Ингэхээр ядуурлаар тайлбарлах нь учир дутагдалтай байхаа.  

Боловсрол. Бүдүүлэг нүүдэлчдийг богино хугацаанд бичиг үсэгтэй төдийгүй нийтээр дунд боловсролтой болгож чадсан нь ХХ зууны Монголын хамгийн том ололт байлаа. Өчигдрийн дундад зууны хоцрогдсон нүүдэлчин ганцхан үе өнгөрөхөд орчин үеийн сэхээтэн, багш, эмч, инжинер, хуульч, эдийн засагч, технологич, профессор, химич, физикч болж чадсан нь юутай бахархал. Ийм аугаа үсрэнгүй амжилтыг энэ богино хугацаанд үзүүлж дөнгөсөн өөр ард түмэн олонгүй л байх. 1950-1990 оны хооронд гадаадад 50 мянган мэргэжилтэн бэлтгэгдсэний 16 мянга нь дээд мэргэжлийн байв. Үүнээс хойшхи 20 жилд дахиад түүнтэй дүйцэхүйц олон боловсон хүчин дэлхийн өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. 1990 онд дотоодод 18 мянган оюутан байсан бол одоо бараг 130 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 10 гаруй хувь нь шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд. Бараг л оюутны хот. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ-ын өмнө, дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна, манай Монгол! Тоон үзүүлэлтээр ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!

    Манай боловсролын тогтолцоо хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн бол одоо энэ нь тодорхой үе шатаас эхлээд гэгээрсэн ард түмнийг мухар сүсгийн харанхуй руу түлхэх машин болжээ. Энэ орныг бараг бүрэн эзлээд байгаа энэхүү солиорол, солиорлыг даган хуйлрах үй олон бол манай боловсролын системийн зэрэмдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдийг хар нялхаас нь эрдэмтэн болгохоор бэлддэг манай сургалтын тогтолцоо хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хоцрогдсон ард түмэнд гэрэл гэгээ болон их амьдрал руу дуудддаг байсан байх. Харин техник технологийн тодорхой эрэмбэд хүрсэн, хотожсон, иргэншсэн нийгэмд “эрдэмтэн бэлтгэх” программын эцсийн бүтээгдэхүүн нь мухар сүсэгт баригдсан хоосон толгой.

    Марксист сурган хүмүүжүүлэх ухаан гэгч нь хүний ердийн сурганаас тэс ондоо юм байдаг. Маркс ангигүй тэв тэгш нийгэм хүсч байсан. Энэ төсөөлсөн нийгмийн иргэд нь универсаль өв тэгш, чадахгүй мэдэхгүй юмгүй супер баатрууд байх ёстой аж. Маркс коммунизмын үеийн иргэнийг өглөө загас барьдаг, өдөр нь үйлдвэрт ажилладаг, орой нь суралцдаг, үдэш нь шинжлэх ухаан урлагийн шүүмж бичдэгээр төсөөлж байв. Бүр ингэж бичиж байсан. Зөвлөлтийн сурганы систем яг энэ загвараар хийгдсэн нь манайд шууд хуулагджээ. Өв тэгш хүмүүжил боловсролын тухай МАХН-ын их хурал бүрээр заавар гарч байсныг ахмад үеийнхэн маань мартаагүй байж магадгүй. Гэтэл хүн гээч бодьгал хоорондоо ижилгүй, бараг давтагдашгүй онцлогтой, хүйснээсээ авахуулаад хүсэл сэтгэлгээ чадвар нь шал өмнөө олонлог гэдгийг ердийн эх эцэг мэднэ. Ингээд манай сургалтын программ, бүтэц, арга зүй, үнэлэмж, хандлага нь энэхүү универсаль эрдэмтэн бэлдэх зорилготой учраас эцэст нь ихэнх тохиолдолд зэрэмдэг бүтээгдэхүүнтэй хоцордог. Дунд сургуульдаа нуль онц сурч байсан хүүхэд амьдралд төдий л хөлөө олдоггүй нь манай сургалтын доголдлыг харуулна. Өв тэгш болохоор бэлтгэгдэж буй хүүхэд шинжлэх ухаан бүрээс зуурч нэлээд гүнзгий мэдлэгтэй болох ёстой. Программ нь тийм юм. Тэр дундаа яагаад ч юм математикийг ихэд шүтнэ. Тоо л бодоод байвал амьдрал хөнгөрчих юм шиг. Гэтэл ердийн мах цуснаас бүтсэн хүний амьдрал интеграл диференциалиас нэлээд холуур. Товхийсэн мужаан болоод подхийтэл амьдрах гэж байгаа хүүхдэд насан туршид нь огт хэрэг болохгүй.

    Солгой хоолойтой мань мэтийг самбарын өмнө дуулуулж, ямар ч дүйгүй хүүхдээр ундааны шил зуруулж үйл иддэгсэн, дунд сургууль. Өчнөөн жил өгүүлбэр зүй, тусагдахуун, байц ч гэх шиг хачин юм монгол хэлний хичээлээр үзсэн, 30 жил бичлээ - лав л ямар ч байц надад хэрэг болоогүй. Тэр тусагдахуун нь хэлний нарийн судлалд хэрэгтэй л биз, инжинер тэрүүгээр яах юм бэ? Гэтэл эх хэлээрээ зүгээр л аятайхан хүнд ойлгогдчихоор захиа бичиж, өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл биччиж чадах хүн огт бэлддэггүй. Хүүхэд хүссэн хүсээгүй хүний нийгэмд орно. Энд хамгийн чухал юм бол бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвар. Өөрийгөө нийгэмд зөв илэрхийлж чадахгүй бол хэний ч амьдрал өөдлөхгүй. Монгол сурагчид өөрийгөө илэрхийлэх аргыг амьдралаас олдог болохоос лав л системтэй сургалтаар биш. Тиймдээ ч юун түрүүн худалч болдог биз. Тодорхой шинжлэх ухаанд сургаж байна гээд ёстой зэрэмдэглэнэ дээ. Хэт хүнд, хэт олон талын, хэт мэргэжлийн хандлагатай сургалт хүнд тогтоогддогүй төдийгүй амьдралд ямар ч хэрэг болдоггүй. Хүнд ойлгомжгүй хэцүү бэрх л бол мундаг гэсэн ойлголтоор шинжлэх ухааны энгийн суурийг аль л хэцүүгээр нь чирнэ. Би л лав Пифагорын теоромыг дээд сургуульд орж байж ойлгосон. Гурвалжингаа дөрвөлжин болгож зураад заагаад өгчихсөн бол хэн ч ойлгочихоор юм байж л дээ.

Манай нийгмийн мухар сүсгийн уг суурийг чухам дунд сургуульд тавьж байна. Нийгэмд юун түрүүн үнэ цэнэтэй ХҮН хэрэгтэй. Энэ хүнийг гэрбүл, орчин, цэцэрлэг, сургууль бэлдэж өгөх учиртай. Энэ хүн нь нийгэм дэх өөрийн байр суурийг эзэлсэн байх ёстой. Юунд ч авъяас чадваргүй хүн гэж хорвоод үгүй. Аль нэг юм хийхдээ гаргууд л байж таарна. Сургалтын систем тухайн хүүхдийг тэрхүү чадвартай юм руу нь хөтлөн цаашид яаж юугаар амьдрахыг нь чиглүүлнэ. Анхан, дунд шатны боловсролын гол зорилго энэ. Нэгэнт хүүхэд ирээдүйд хүний нийгэмд амьдрах учир эргэн тойрныхоо тухай цэгцтэй анхдагч ойлголттой болох хэрэгтэй. Хүүхэд болгоныг бүх юмыг мэддэг чаддаг болгох гээд ямар ч үр дүнд хүрдэггүйг сүүлийн 60-аад жилийн сургалтын систем маань харууллаа. Тэгээд ч манай нийгэм эрдэмтэн доктороор дүүрлээ. Чулуу аваад дуртай зүг рүүгээ нүдээ аниад шидэхэд л аль нэг докторын толгой хага. Ийм олон оюутан, оюунтан, доктор профессортой болчихоор хэн гарч хог асгах юм бэ! Тэр олон докторыг чинь хэн тэжээх юм бэ!?

Нийгэм өөрчлөгдөөд хориод жил боллоо. Өрнийн сургалтын системийг шууд хуулж хэрэглээд үр дүнг нь үзвэл үзэх хугацаа өнгөрлөө. Универсаль хүн бэлддэг марксист сургалтын системээс яагаад салж болдоггүй юм бэ? Шинэ нийгэмд энэ тогтолцоо таарахгүй болохыг арьс махан дээрээ бид мэдэрсээр л байна. Энэнээс болоод дээд мэргэжлийн дипломтой бол хоол бэлэн гэсэн ойлголт хүмүүсээс салдаггүй, иймээс хэрээс хэтэрсэн олон оюутан эрдэмтэнтэй болж сандал хадах хүнгүй боллоо. Энэ систем чухамдаа шинжлэх ухаанаар даажигнаж байна. Нийгэм солиорч, мухар сүсэгжиж, псевдо шинжлэх ухаан эрчээ авч буйн бүх биш гэхэд ихээхэн хувь нь боловсролын системд байна. Монгол хэлээр шинжлэх ухаанд хүрэхэд учир дутагдалтай. Хэл нь муудаа биш, цөөн хүн хэрэглэдэг учраас өнөөгийн мэдээлэлд дарагдсан ертөнцөд монгол хэлээр юм шүүх бололцоо хязгаарлагдмал. Норвег, фин, тай, румын хэл ч хязгаарлагдмал бололцоотой. Урьд бид төвд хэлээр дамжуулж байсан. Саяхан болтол орос хэл хорвоотой харилцах гүүр байлаа. Одоо орос мартагдаад англи орж ирж амжилгүй завсрын хэлгүй даадаа болчихоод байгаа нь бас нэг шалтгаан юм. Үнэндээ англи байтугай солонгос, хятад, японоор наймааны хэлтэй болж байгаа ч шинжлэх ухаанд нэвтрэх гүүр болохуйц хэлний боловсрол дэндүү дутаж байна.

Жич: Дэндүү урт болчихлоо. Гэтэл хэлэх гэсэн санаа минь бүрэн гарч чадсангүй. Манай нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа энэхүү гажиг, үүнийг засаж сэлбэх талаар хүн хүнд олон бодол бий байх. Миний л бодоход ийм байна. Гажиг сэтгэлгээтэй нийгэм урагшлах дэвжих талаар ярих нь дэндүү ахадсан зорилт мэт. Төөрөлдөж мунхран мухар сүсэг ид шидэнд итгэсэн зуу зуун мянган ангаахайнууд бэлэн хоол нэхэн, болж бүтэхгүй болгоноо өөрөөсөө бусад бүх юманд тохон ид шидээр бэрхшээлээс гарч амьдралаа дээшлүүлнэ гэж горьдох боллоо. Миний бодоход зовлон бэрхшээлийн цаад шалтгаан нь хүмүүс өөрснөө юм. Түүнээс хохирогч нь биш. Будда сургахдаа зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн. Шашин ч бидэнд шал өөр өнцгөөс шал өөр учир шалтгаанаар ирж нөхцөж байх шиг. Аймаар том ид шид! “Шашныг өмөөрөхүй” гэж өгүүлэл бичье гэж бодлоо. Шашныг лам хувраг болон элдэв ид шидтэн, бөө удган, зайран, үзмэрч, мэрэг төлөгч нараас өмгөөлж хамгаалах хэрэгтэй юм шиг. Шашныг шашны эдгээр дайснуудаас хамгаалах ёстой байх. Урлагийг ч үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй юм шиг. Энэ талаар та бүхэнд санал байвал bbaabar@gmail.com хаягаар бичээрэй.