Засаг солигдох үеэр улс орон даяар дээрэм тонуул хийгдэв. Одоо Киргизийн нийслэл ба захын дүүргүүдэд газар булаах ажиллагаа эхлээд байгаа гэнэ.

       http://world.news.mn/content/5811.shtml

Нэг.Хиргис домог буюу асаагүй цучил

Манай орны өргөн уудам нутагт хаа сайгүй таарах  сүрлэг булш бунх маягийн зүйлийг монголчууд Хиргисүүр хэмээн  нэрлэдэг. Тэдний зарим нь бага гэрийн дайтай байхад нөгөө нь Солонгосын Шиллагийн хаадын бунхнаас жижигсээд байх юмгүй.

Монголын тал нутагт нэгэн цагт амьдарч байгаад булш бунхаа орхин нүүж одсон Киргизүүдийн нэрээс энэхүү хиргэсүүр гаралтай ба Хиргисийн хүүр гэсэн үг хэмээн судлаачид хэлдэг. Манай эх орны баруун хэсэгт орших Хяргас нуурыг санахуй дор Киргизүүд булшны нэр төдийхнийг орхиогүй нь мэдэгдэнэ. (Харин Малчин суманд сэхээтэн дүүрэнгийн нэгэн адил нуураараа нэрлэсэн Хяргас суманд цэвэр монголчууд суудгийг дурьдаад л өнгөрье.)

 Киргиз нуур, киргиз хүүр сэлтийг орхин өгүүлэх нь: үе үеийн баатарлаг нүүдэлчид төр улсынхаа голомтын анхны цуцлыг энд л бадрааж, суут замналаа эхэлсэн болохоор монголын хээр талыг Азийн зүрх, ертөнцийн зүрх хэмээн өргөмжилж, дэлхийг атгасан их гүрнүүдийн эрч хүчний ундарга чухам эндээс үүдэлтэйд хүн төрөлхтөн итгэдэг.

 Үнэхээр энэ л нутгаас аз эзээ сорин умрыг зорьсон  Умарт Хүннүгийн хөвүүд европыг доргиож Атилла хааныхаа нэрээр түүхэнд оржээ.

Монголчуудад газар усныхаа нэрийг өвлүүлээд одсон Түрэгүүдийн үр сад Ази-Европыг дамнасан эзэнт гүрнээ цогцлоожээ. Дунд гарын газрын зураг дээр Түрэгийн байгуулсан эзэнт гүрний хилийг дагуулан харандаагаар зурах боллоо гэхэд харандаагаа нэг биш удаа дахин үзүүрлэх магадтай.

Харин өнөөг хүртэл хэнч байгуулаагүй тийм том эзэнт гүрнийг цогцлоох хувьтай нэгэн баатар тал нутгаас төрснийг бид өөрсдийн сүлд хийморийн оргилд залдаг бөгөөд нэр Монголын Чингэс хаан. Найман зууны тэртээд адлагдах, нүд үзүүрлэгдэхийн зовлонд хатаагдсан өнчин хөвүүн унасан, өмссөн хоёртойгоо гэрээс гарсан ба эргэж ирэхдээ дэлхийн хааны титмыг тэргүүндээ залсан байж билээ.

Гэхдээ  хээр тал нутагт амласан, талаас мөрөө гаргасан болгонд бас баатарлаг түүх, суут тавилан ногдсон уу гэвэл, тийм биш. Ухаандаа булшных нь нэрээр бидний таних Хиргис буюу Киргиз түмэн байна. Тэд баатруудын өлгий хээр талаар хэсэг нутаглаж байгаад өвөг дээдсийн шарил ба үзэсгэлэнт Киргиз нуураа орхин Памирын ууланд нутагшжээ. Зарим хэсэг нь газрын нам руу бууж “Талын”  Киргыз нэртэй болсон ба тэднийг өнөөгийн манай казахуудын уг сурвалж гэж түүхчид хэлдэг.

Хоёр.Хиргис түүх  буюу  улсын голомт

Хиргисүүд ХХ зуунд Зөвлөлтийн бүрэлдүүнд багтаж Зөвлөлт социалист бүгд найрамдах Киргызстан улсаа байгуулсан билээ. Нийслэлд нь Зөвлөлтүүд иргэний дайны улаан баатар Михайл Васильевич Фрунзегийн нэрийг өгчээ. Манай нийслэлд Ворошилов, Будённый, Жуков гээд нэр өгчихөөгүйг бодоход Зөвлөлтийн “зоон” дотроо  подхийсэн тусгаар улс байж гэж бодогдмоор. Харин яагаад ч юм бэ? Олон улсын нисэх буудалдаа “Манас” хэмээх туульсынхаа нэрийг өгч амжсан байв. Киргиз зохиолч Чингиз (Чингэс) Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц”, “Улаахан алчууртай хонгор”, “Анхны багш”, “Эрт ирсэн тогоруун цуваа” зэрэг уянгалаг сайхан туужууд социалист монголын сэхээтний ширээний ном байлаа. (Шал хамаагүй юм сонирхуулахазд  саяны  самуунаар мулт явсан, ард түмний “хүчингүй хүү” Бакиев өөрийгээ “Чингэсийн алтан ураг” гэж битүүхэн  бүлт үсэрдэг байсан гэх)

1990-ээд онд Зөвлөлт холбоот улс тарахад Хиргэсүүд  нийслэлээ Бишкек гэж нэрлэн  тусгаар улс боллоо. Нэгэн үе Казахстаны “хаан”  Назарбайевтэй худ ураг бололцож явсан Аскар Акаев шинэхэн Хиргис улсаа толгойлон тусгаар тогтнолын замд мөрөө гаргав.  Гэвч Акаев худынхаа замыг дагаж Хиргэс түмний үндэсний удирдагч болох замыг сонгоогүй, улс төрийн өрсөлдөгчөө устган зайлуулаагүй юм гэсэн.

Түүнд Казахстаных шиг нэфть, байгалийн баялаг байгаагүй болохоор  өрсөлдөгчдөө худалдан авах, үнэнч зүтгэгчдээ мялаах мөнгө хомсхон байсан нь нөлөөлсөн ч байж мэднэ. Бас шинжлэх ухаанд насаараа зүтгэсэн эрдэмтэн хүний зан чанар нь давамгайлсан ч байж болно.

Гурав. Хиргис маягийн сонгууль I

Ямарч байсан манай “Долдугаар сарын 1”-нээс жаахан өмнөхөн Киргизэд жагсаал цуглаан болж хууль ёсны засаг төрөө түлхэн унагаалаа. Ерөнхийлөөгч Аскар Акаев Орос руу зугтаав. Оронд нь Хиргис  түмний  “Зориг” болсон Курманбек Бакиев гэдэг хүн ард түмэнтэйгээ ялж байсан нь тодхон.

Өнөө “МАХН бол дэлхийн коммунист ажилчны хөдөлгөөний салшгүй хэсэг мөн” гэлээ гэдэг шиг Киргизийн хувьсгал нь хуучин Зөвлөлтийн бүсийн орнуудад өрнөсөн зөөлөн хувьсгалуудын нэг хэсэг байсан юм. Түрүүнд нь Гүрж, Украйньд ардчилсан замаар гарч ирсэн дарангуйлагчдаасаа иймэрхүү замаар, гэхдээ цусгүй салсан удаатай.

Энэ үйл явцыг зарим ажиглагчид “алтан зул цэцгийн хувьсгал”, “ хамба хилин хувьсгал” хэмээн өхөөрдөж, авилгачдаас салах ихээхэн догь арга гэлцсэн ч удаатай.   Киргизэд “ард түмэн яллаа” гэсэн цоглог уриа энд тэндгүй цуурайтаж, “Хиргисийн нүүдэлчдийн удам өнөө шөнийн 00.00 цагаас эхлэн авилга хээл хахуулаас эгүүрд салсан амуй” гэх суртал нэвтрүүлэг газар авсансан. Манайхны дотор ч гэсэн ийм санаа ихээхэн амилж, МАХН-ын болон түүний эзэн Энхбаярын гараас бүрмөсөн гарах сайн арга бол монголын хамба хилингээ байг гэхэд тансар хилин хувьсгал хийж өөрийн гэсэн “Курманбек Бакиев”-ыг тодруулах явдал гэж үзэх хүн ч олон болсон.

Чухамхүү “долдугаар сарын 1”-ний үймээнээс ийм үр дүн хүлээж байсан улс ч бишгүй байсан байх, даанч ард түмнээ хаяад зугтаачихнаас биш.

 Эргээд сэдэвтээ орье: Киргизэд ард түмэн ба тэдний үндэсний удирдагч Курманбек Бакиев ялаад, нэгэн зүйлийг орхигдуулжээ. Хүсэн хүлээсэн ялалтандаа урамшсан ч юмуу, хувьсгалыг далимдуулсан самуун, дээрэм, тонуулыг авч хэлэлцсэнгүй, тэгсгээд орхижээ.

Гудамжинд гарсан хиргисчүүд зүгээр нэг ялалт байгуулаад зогссонгүй дэлгүүр хоршоогоо тоноод монголын түүхнээ гардагчлан “даах чинээнийхээ ачааг жин торгоор татаад” буцсан гэдээг.

Манай цагдаагийхан  “Долоон сарын 1”-ий  үеэр гарсан дээрэм тонуулыг камераар нарийн бичиглэж, шил архи, ширхэг тамхи аваад гарсан болгоныг нэхэн барьж,  ядаж зүйл анги төлөвлөсөн.Тэднийг сүүлд нь төрөөс хууль гарч өршөөсөн.

Харин засгийн эрхийг булаан авсандаа сэхээгүй баярласан Хиргисын “ард түмний хүү” ингээгүй бололтой. Магадгүй ийм үймээн самуун л “ардын хүү” Бакиев нарт засгийн эрх бэлэглэж байгааг бодолцон талархсан ч байж магад.

 Хиргисийн улс төрийн түүхнээ үймээн самуун дэгдээх замаар төрийн эрхийг авч болдог нэгэн ШБОС “тэргүүн туршлага” үлдэв. Гэвч маш олон жирийн хүн төрийн эрх солих үйл явцад сүр хүч нэмэлцэж байгаад завшаанд нь дэлгүүр хоршоо тонож  амтшаад харьжээ.  Эрхэлсэн ажилгүй, зүгээр сууж байгаад  олз олох хүсэлтэй мянга мянган хүн дараагийн хувьсгалыг отон хүлээх болсон бололтой. Бидэнтэй адилхан нүүдэлчдийн удам юм хойно ар араасаа хүч нэмсэн цуурхал ч сайхан тараа биз. Жишээлэхэд “ Чи минь дуулав уу? өнөө Энэбекийн хүү нь Бишкект жагсаалд ороод жигули унаж ирсэн гэнэ”, “Наадах чинь юу ч биш. Манай Тэрбекийн хүргэн банкны салбарын зузаатгалын бэлэн мөнгийг уутлаад ирсэн. Хамаатан садангийн хүн тус бүрт гурван килограмм доллар өгсөн гэхчивлээ”, “За анд минь ганцаараа идсэн гахай таргалахгүй. Дараагийн хувьсгалд манийгаа дагуулаад яваарай. Амьдрал ч барзгар байна шүү” гэх маягаар.

Дотуур байрны хүүхдүүд хоолондоо цадахгүй өлбөлзөн “Бушуухан цагаан сар болоосой. Амьтан ах дүү нараа хэсэж нэг гэдэс гарахсан” гэж мөрөөсдөг дөө. Яг тэрэн шиг самуун дээрмийн олзонд амташсан мянга мянган танхайчуул “Бушуухан дараагийн хувьсгал болооосой. Тэгүүл дэлгүүр хоршоо тонож гурил будаатайгаа залгана даа” гэж хүлээжээ....

Дөрөв. Хиргис маягийн сонгууль II

Ингэж явсаар нэгэн сайхан өдөр “Ардын хүү” Бакиевыг түлхэн унагахаар “өөр нэг ардын хүүхэн” бослогод дуудлаа. Мэдээж хэрэг, төрд шүглэсэн авилга, хээл хахууль, амжиргааны доройтолдоо хилэгнэсэн олон хүн ухамсартайгаар цугларсан нь лав. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, орон нутгаас олз хайсан, дэл сул юм дэлсээд харих бололцоо отсон, хүнд гарууд, танхайчууд чамгүй олноороо Бишкект ирсэн гэнэ.

Алексей Бурдуковын дурьтгалд ийм нэг хэсэг байдаг юм. 1911 онд Ховдыг чөлөөлөх тулааны сургаар “Олзны үнэр авсан Тагнын Урианхайчууд уулнаасаа бууж ирэв” гэж. Хувьсгалт түүхнээ энэ явдлыг Тагнын Урианхай нар Манжийн эсрэг тэмцэлд хүч нэмэхээр ирсэн мэтээр өгүүлсэн байдаг л даа. Үнэндээ яасан гэхээр тэд зорьсон хэргээр бүтээж, хайсан юмаа олж, дүрвэн зугадсан хятад пүүсүүдийг дураараа тоноод харьсныг Бурдуков бас бичсэн байдаг.

Яг түүн шиг олон арван  хүн олзны үнэрээр Бишкект “хувьсгалд оролцохоор” иржээ. Учир нь тэд хэдхэн жилийн өмнөх “ардын сонгууль”-аар олон арван дэлгүүр хоршоог тонон, гэгээн цагаан өдрөөр даах чинээгээрээ аян дайны олзоо үүрэн  харьж буй баатар шиг буцсан түүхийг тодхон санаж байгаа..

Бишкект болох үймээн самууны сургаар тэд хайрцаг хайрцаг олз үүрэн харина гэж догдлон иржээ. Мэдээж дэлгүүр хоршоо, ерөнхийлөгчийн өргөөг тонох хувьтай төрсөн зарим нь хайрцагтай зурагт үүрч, хивс мөрлөн харьжээ. Харамсалтай нь  тэдний олон арав нь бууний суманд оногдон үхэж  хайрцаг үүрэх бус, хайрцаганд хийлгэж үүрүүлэн одов, хөөрхийс.

Цус нулимс үймээн самуун дундуур ард түмний “өчигдрийн хөвүүн” Бакиев санд мэнд зугтаж, оронд нь ард түмний “уржигдарын хөвүүн” болох Акаевын талынхан ирж байна. Ялалтын уриа нь тэр жилийн Бакиевынхтай яг адилхан “Ард түмэн яллаа” хэмээнэ. Хэдхэн жилийн өмнө ард түмэнд ялагдан зугтаасан Аскар Акаевын засгийн гадаад хэргийн сайд хүүхэн нь сая ард түмэнтэйгээ хамт ялж байх аж.

Эдний аль нь  жинхэнэ ард түмэн бэ? Хэдхэн жилийн өмнө Акаевыг хөөсөн Бакиевынхан уу? Бакиевыг эргүүлээд хөөж буй Акаевынхан уу?

Аль  нь төрийн эргэлт вэ? Акаев унасан хэсэг үү? Акаевыг унагаасан Бакиев өөрөө унаж байгаа  хэсэг нь үү?

Аль нь ардын хувьсгал вэ? Акаевыг зайлуулсан нь уу? Акаев эргэж ирээд Бакиевээ зайлуулсан нь уу?

Үнэн хэрэгтээ энэ бол хувьсгал, төрийн эргэлтийн аль нь бишээ. Зүгээр л Хиргис ах дүү нар маань сонгуулиа хийж байгаа нь тэр. Хиргисийн төрийн тогтоц солигдож байгаа юм биш харин засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжиж байгаа процесс. Нарийн яривал засгийн эрх мэдэл хар тамхины мафиас хөвөнгийн мафид, хөвөнгийн мафиас хар тамхиныхаа мафид ээлжлэн шилжиж буй  хэрэг хэмээн зарим судлаач үздэг юм билээ. Харин эрх мэдлийг нэгэн “хүнд гар”-аас нөгөө “хүнд гар”-т шилжүүлэхийн төлөө хиргэсүүр болон одож буй  хиргис хүний амь хөөрхийеэ.

тав. Эзнээ голдог бэлэг

Ардчилал бол хүн төрөлхтнийг тэгш боломжтой байлгахын тулд Бурханаас өгсөн бэлэг. Харин тэгшитгэлийг Бурхан хэзээ ч таалж байгаагүй бөгөөд үүнийгээ үйлийн үртэй холбон тайлбарладаг. Гэхдээ ардчилал өөрийнхөө үр шимийг хүртэх чадварыг ард түмнээс нэхдэг.

Тийм болохоор ухаант хүн-хомосапиенс үүсээд олон зуун мянган жил өнгөрч байж сая түрүүчээсээ ардчиллын буяныг хүртэх боломж олжээ. Олон улс үндэстэн “Бурханы ариун сургааль хүртэх хувь дутав” гэгчээр ухамсар, оюунлаг чанараараа ардчилалд “гологдсоор” байгаа. Өнөөдөр Ирак, Афганистанд зэвсгийн хүчээр ардчилал бэлэглэх гээд хүчрэхгүй байна.

Гэхдээ “бичиг үсэггүй хүн уншиж болдоггүй” гэсэн шалтгаанаар ном эрдэмийг буруутгаж болдоггүйн нэгэн адил тухайн ард түмэн өөриймшүүлэх туршлаггүйгээс үүдэн “ардчилал тэнд угаас хээнцэрдэнэ” , “энд ардчилал эртдэж байна”, “дарангуйллын хугацаа дуусаагүй” гэсэн дүгнэлт гардаггүй.

Засаг төрөөс хүн тус бүрийн оюуны итгэлцүүрийг үл харгалзан бүх хүүхдийг 11 жилийн боловсрол эзэмшүүлэх шаардлага тавьдаг шиг манай гариг дэлхий даяараа  хөгжлийн түвшинг эс харгалзан ардчилсан нөхцөлд амьдрах шинэ нөхцөл хэрэгцээ гарч байгаа юмаа.

Чухам ийм нөхцөлд Киргизын сургамж бидэнд болон бидэн шиг олон улс үндэстэнд олон хичээл зааж байна.

Хиргисүүдийн үлдээсэн булш бунх ба өдгөө байгуулж буй төр улсыг нь хөндлөнгөөс ажих бүрий өөрийн улс үндэстний төстэй ба ондоо төрхүүдийг эрхгүй эргэцүүлэхэд хүрнэм.

Гагцхүү улс үндэстнийхээ гэгээн саруул хувь тавиланд найднам. Яг л аврагч Христ хүн төрөлхтний нүгэл хилэнцийг өөртөө үүрэн нажидаа эдэлсэн шиг, гэмгүй ариун лам хуврагууд минь тусгаар тогтнолын золиос болон  одохдоо монгол үндэстнийхээ үйлийн үрийг нимгэлэн, нимгэлэн одсон байгаасай хэмээн залбирах бөлгөө. Басхүү ирээдүйд үйлийн үрээр амсах үндэстэн улсын минь лай ланчиг ану эдлээд өнгөрсөн зовлонгоосоо хавьгүй бага байгаасай хэмээн мөрөөснөм билээ....


2010 оны 4 дүгээр сар 10