Тэртээ 70 гаруй жилийн өмнө Монголын насанд хүрсэн эрчүүдийн тав тутмын нэг нь бөөнөөрөө хядуулсан. Алсан эзэн нь өөрийнх нь төр засаг. Алагдсан хүмүүсийн дотор лав нэг хүүхэд бий. Мэдэгдэж байгаагаар мөн найман эмэгтэй буудуулсан ба гурав нь жирэмсэн байжээ. Мөн л мэдэгдэж байгаагаар бараг гуч шахам мянган хүн төрийн шүүхийн тогтоолоор хядуулсан. Чойбалсангийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээснээр 57 мянган хүн шүүхийн тогтоолоор тэр хоёрхон жилд шийтгүүлжээ. Иймэрхүү хядлага хүний түүхэнд нэг бус удаа тохиолдож байсан. Нэроны үеийн Ром, Францын хувьсгалын үеийн жакобинчуудын хядлага, Маогийн үеийн их цэвэрлэгээ гэх мэтээр олныг дурдаж болно. Гэхдээ хүн амд эзлэх хувь процентоор нь үзэх аваас Монгол дахь тэр жилийн хядлагыг Камбожийн улаан кхмерүүдийн үйлдсэн геноцит л давж магадгүй. Найман сая камбожчуудын нэг саяыг нь Пол Пот устгасан юм гэнэлээ.

    Хэнд ч хор болж чадаргүй ядарсан буурай Монголд ингэж олноор нь хөнөөж сүйтгэх ямар хэрэг байв? Цаад учир шалтгааны логик тайлбар байна уу? Хэн ингэ гэж тушааж хэн үүнийг нь гүйцэтгэв? Алсан хядсан тухайн тохиолдол яриад байдаг болохоос цаад улс төрийн шалтгаан, логик гаргалгааг хийсэн нь төдий л элбэг бус.

    Дэлхийн нэгдүгээр дайн дууссанаар дэлхийн шинэ хуваагдал, шинэ эмх замбараа үүссэн юм. Үүнийг Вэрсалийн гэрээгээр тохирсон. Австри Унгарын эзэнт улс, Германы эзэнт улс, Отман Түрэгийн эзэнт гүрнүүд унаснаар олон шинэ тусгаар улс үүссэн. Гэвч энэ шинэ хуваагдлыг хүлээн зөвшөөрөхгүй хозогносон нэлээд хэдэн улс байлаа. Үүн дотор нацист Герман, фашист Итали, милитарист Япон, большевик Орос улсууд дахин хуваарлал, өөр шинэ эмхийг хүсч дайн өдөөхөд бэлэн болчихоод байлаа. Энэ дөрвөн гүрэн Өрнөдийн ардчилалыг зүхдэг, үзэн яддаг талаараа нэгдмэл боловч хоорондоо болохоор биендээ итгэдэггүй, биенийхээ ар нуруу руу хутга шаахад хэзээд бэлэн байсан. Сталины хувьд баруун талдаа Герман, зүүн талдаа Япон гэсэн хоёр найз-дайсантай байсан юм. Хоюулантай нь холбоо тогтоосон мөртөө хоюулантай байлдаж байсан. Амархан хэл амаа ололцохын хэрээр амархан муудалцдаг байв.

    Өргөн уудам нутагтай Орос гүрний аль ч хил эмзэг байлаа. Япончууд Азийг цагаан арьст хүмүүсээс чөлөөлөх уриа лоозогнохын зэрэгцээ Хятадыг эзлэн түрэмгийлж эхэлсэн. 1934 онд Манжуурт Манж Го хэмээх тоглоомын улс байгуулснаар Зөвлөлтийн алс Дорнодтой хиллэснээр үл барам Шинжаанд бас ямар нэг утгаар хяналт тогтоох гэж оролдож байв. Энэ нөхцөлд гагцхүү Гадаад Монгол л жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэж байлаа. Харин энэ жийргэвчдээ Сталин итгэдэггүй байсан юм. Манж Го улсын хамгийн хүндэт иргэд нь барга монголчууд гэгдэж байв. Япончууд тэднийг Хятадын дарлалаас чөлөөлсөн төдийгүй өөрийнх нь автоном эрхийг олж өгчээ. Хятадтай байлдаж эхлэнгүүтээ Өвөр Монголыг мөн хятадуудаас хамгаалах болж монгол үндэстнийг бүхий л талаар дэмжих болжээ. Үүнд нь ч монголчууд ихэд баярлан япончуудыг чөлөөлөгчөө гэж үзэж байсан юм. Япончууд Өвөр Монголд Минжаан хэмээх монголчуудын автном улс байгуулж соёл эдийн засгийн бүхий л туслалцаа үзүүлсэн юм. Түүгээр барахгүй Манжуур дахь Гадаад Монгол, Манж Го хоёрын хилийн асуудлаархи хэлэлцээний үеэр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлж байлаа. БНМАУ-ын тусгаар тогтнолыг Сталины ЗХУ-ыг оруулаад хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан тэр үед энэ үг монголчуудын хувьд их л чимэгтэй сонсогдож байсан нь гарцаагүй.

    Ийм учраас Сталинд монголчуудыг хардах шалтгаан байлаа. Ялангуяа тэрээр улаан засгийн эсрэг ард түмний бослого дэгдээсэн сэхээтэн, лам нар, язгууртнуудаас ихэд болгоомжилж байв. Иймээс энэ итгэхгүй байгаа хэсгээ бушуухан далд хийх, болбол устгахыг Монголын удирдагчдаас шаардах болжээ. “Лам нарын чинь тоо намын гишүүдээсээ хамаагүй олон байна”, “Чингис хааны үед лам нар байгаагүй” гэх мэтээр ятгасан боловч Монголын удирдагчид харин ч 32 оны бослогод оролцон шоронд ял эдэлж байсан хүмүүсээ чөлөөлөх арга хэмжээ авах болжээ. Гэтэл Сталинд сэхээтэнгүй, язгууртангүй, чинээлэг иргэнгүй, лам хувраггүй номхон балай харанхуй Монгол орон хэрэгтэй байлаа. Түүний дээр Кремлийн үгийг сонсдог төдийгүй хэлсэн болгоныг нь яв цав биелүүлдэг гүйцэтгэгч-удирдагч хэрэгтэй байв.

    Ийм зорилгоор Сталин эхлээд дуулгавартай гүйцэтгэгч Чойбалсан, түүнийг залгамжлах Цэдэнбал нарыг өөрийн шууд оролцоотойгоор буй болгосон ба газар дээр нь хядлагыг удирдах халимаг монгол үндэстэн мэргэжилтнүүдийг илгээжээ. Буриад нар урьд нь нармай Монголын үзэл гаргаж байсан учир тэдэнд үл итгэн өөрийн нутаг дээр буриад нарыг хүйс тэмтрэх ажиллагаа бас давхар явуулсан юм. Үйл ажиллагаа явахад ямар нэг саад учрахаас болгоомжлон их хядлагын өмнөхөн Зөвлөлтийн улаан цэргийг Монголын нутагт байрлуулав. 

    Их хядлагаар мянга орчим төрийн ажилтныг устгасан бол одоо мэдэгдэж байгаагаар шүүхийн тогтоолоор 17 мянга гаруй лам нарыг хөнөөсөн юм. Тогтоолгүйгээр цаана нь хэдийг хядсан нь мэдэгддэггүй. Зарим газар шорон дүүрчихсэн учир авч явсан лам нараа хээр буудаад булчихсан тохиолдол нэг бус. Улаан ямаатын хядлага зэрэг том том нь л түүхэнд хагас хугас тэмдэглэгдэн үлджээ.

    Сталинизмын буруутгасан ЗХУКН-ын ХХ их хурлын дараа түүний төстэй жижиг хувилбар ажиллагаа Монголд бас өрнөсөн. Ингэж цагаатгал гэгдэх ажил өрнөж 1962 он хүртэл үргэлжлээд зогссон билээ. Эндээс энэ их хядлага шудлагыг “хэлмэгдэл” гэж нэрлэх болжээ. Лам хувраг, баяд ноёд, язгууртныг хөнөөсөн ажиллагааг “цагаатгал”-ын үеэр дахин сайшааж, намаас явуулсан хувьсгалт арга хэмжээ хэмээн бахархан дурссан ба харин энэ хувьсгалт үйл явцын дунд нугалаа гарч зарим нэг гэмгүй нам төрийн ажилтан хажуугаар нь хэлмэгдчихсэн юм гэж үзлээ. Иймээс зориудаар “хэлмэгдэл” гэж нэр өгчээ. Хэлмэгдэл гэдэг нь монгол хэлээр хэн нэгнийг шийтгэх гээд арай хэтрүүлэх, эсвэл хоморгонд нь бага буруутай хүн өртөхийг хэлнэ. Ингэхээр нэгэнт монгол эрчүүдийн тав тутмын нэгийг хядсан нь зөв зүйтэй хувьсгалт арга хэмжээ мөн юм бол нийт алагдсан хүний дөнгөж гурав орчим хувийг эзэлж байгаа намын болон төрийн ажилтнууд үнэхээр хэлмэгдсэн болж таарч байгаа юм. Иймээс 1957-62 оны цагаатгалын явцад зөвхөн намын ажилтан мянга хүрэхгүй хүнийг цагаатгаад үлдсэн гуч шахам мянган монгол эрчүүдийн алагдаж үрэгдсэн явдлыг сайшаагаад өнгөрсөн билээ.  

    Сталин хожим дайны дараа өөрт нь жийргэвч бүс болж өгсөн Гадаад Монголыг цаашид ч Орос-Хятадыг болон Орос-Японыг зааглаж байх жийргэвч бүс хэвээр байлгахын тулд тусгаар тогтнолыг нь олж өгсөн юм. Тэрээр мөн ялагч гүрэн болох Хятадыг тал бүрээр шахан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлээд дараа нь 1946 оны 2-р сарын сүүлчээр ЗХУ мөн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Хэрэв Гадаад Монгол энэхүү жийргэвч бүсний үүрэг болон байрлал байгаагүй байсан бол монголчууд тусгаар тогтнолоо олоход үгүйдээ л хэцүү байх байсан бизээ. Ингэхээр олон улсын харилцаа ээдрээтэй, улс төрийн байдал ороо бусгаа байсан энэхүү хүнд хэцүү үед алтан амиа өргөсөн мянга мянган монгол эрчүүд бол үнэндээ эх орныхоо тусгаар тогтнолын төлөө золиослогдсон аугаа баатрууд юм.
2010.10.11