Хэдэн сарын турш хүлээлгэсэн АН-ын ҮЗХ-ны хурал өнгөрсөн баасан гаригт хуралдлаа. Парламент дахь АН-ын бүлэг УИХ-аасаа нэг өдрийн чөлөө авч Төрийн ордны их танхимд намынхаа дээд байгууллагын хурлыг хийсэн нь энэ. МАХН ээлжит их хурлаа хийхдээ мөн л УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай өдөр хийсэн. Ардчилсан намын нөхдүүд түүнийг нь төрийн машиныг гацааж байж хурлаа хийлээ гээд л дор бүрнээ шүүмжилж байсан атал ирэх жилийн улсын төсвийг ид хэлэлцэж буй энэ чухал үед барьцаж байгаа юм шиг мөн л ажлын өдөр хийв. Гэвч энэ байтугай юм холион бантан болж байхад ийм зүйлээр шүүмжлэх нь нэгэнт утгаа алдсан биз ээ.

Базаад хэлэхэд Ардчилсан намын ҮЗХ-ны хурал гэх хошин шогийн үзүүлбэр үндсэндээ их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдгийн үлгэр л болж дуусав. Ажиглагчид энэ хурлаас үнэхээр олон зүйлийг  хүлээж байлаа. Их хүлээлт байсан учраас их харамсал дагаж буй нь аргагүй биз. Тэрхүү их хүлээлтийн дотор хамтарсан засгийн газраас АН гарах эсэх, ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулж чадах эсэх, эдгээрээс улбаатай намын даргаа солих зэрэг зохион байгуулалтын асуудал ч багтаж байв.  АН-ын энэ хурлын өмнө тус намын гишүүд нь ч хурлынхаа уур амьсгалыг хурцатгах гэж зүйл бүрээр үзсэн. Лидерүүдийнх нь олон янзын ярилцлага, их хурал зохион байгуулах залуучуудын хөдөлгөөн, энэ бүгдийг нь нийлүүлж байгаад зад доош нь чихсэн Баабарын егөөдөл, улсын баатарынх нь эгдүүцсэн байр суурь зэрэг үүнийг гэрчлэнэ.

Хурал эхэллээ. Эрх барьж засагт орсон нам, Их хуралд бодлого тодорхойлоход чамлахааргүй суудал авсан улс төрийн хүчин гэдгээ худлаа ч гэсэн гаднаа харуулахыг хичээсэн албан ёсны илтгэлүүд ар араасаа  тавигдав. АН-ын индрээс ийм гунигтай, ийм гал дөлгүй, олон нийтийн сэтгэл зүйд урам зориг, итгэл найдвар өгөхүйц гялбаагүй, нэг л унжгар, гэрийн эзэн нь байхгүй айлд хоног төөрүүлэх гэж ирсэн гийчин шиг бэмбэлзсэн дуу хоолой гарч байсныг санахгүй юм.

 Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг илтгэлдээ урьд өмнө нь баруун зүүний үзлийг ялгаж чаддаггүй хэмээн хэвлэлээр болчимгүй ярилцлага өгч онигоонд орсондоо гэмшсэн мэт МАХН-аас ялгарах хэдэн зүйл дурьдлаа. Гэвч хэлж байгаа зүйл нь засгаас эрхэлж буй албан тушаалтай нь зөрчилдөж байгаа тул нэг л итгэл үнэмшилгүй сонсогдох нь гачлантай. Энэ мэтчилэн бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, хамтарсан засгийн газрын гэрээний биелэлтийн талаарх С.Ламбаа сайдын илтгэлүүд үзүүлэнгийн шинжтэй, цаанаасаа л бүх юмыг найруулж тохирчихсон үнэр ханхалуулж байсан нь МАХН-ын саяхан болж өнгөрсөн нэрээ сольсон Их хурлынх нь уур амьсгалыг өөрийн эрхгүй санагдуулж байв. Харин асуулт хариулт эхлэхэд Оюу толгойг тойрсон маргаан дэгдэв. Энэ талаар дэлгэрэнгүй бичих шаардлага байхгүй бизээ. Зурагтаар бүх хүн харсан байлгүй. Сургуулийн хүүхдүүд шиг хов ярьж, тэр чамайг надад тэгж хэлсэн ш дээ гэх мэтийн дэндүү ичгэвтэр “мэтгэлцээнийг” С.Баярцогт сайд нь Н.Батбаяр гишүүнтэй өрнүүлж, дунд нь алтан хошуу өргөсөн ялд нэр хүнд бүхий бас нэгэн сайдынх нь нэр хавчуулагдан хачирлагдсанаар АН-ын энэ удаагийн тавьсан хошин шогийн үзүүлбэр гараагаа эхэллээ. Ардчиллыхан дандаа өөрсдөө нэр хүндээ унагах юмдаа хэмээн хэлсэн үзэг нэгт нөхрийн маань үг өөрийн эрхгүй нэг юм бодогдуулна. Урьд өмнө нь энэ нам МАХН-аас ялгардаг байлаа.  Тэрхүү ялгаа нь гишүүд нь ил тод удирдлагаа шүүмжилдэг, хэзээ ч дарга нарынхаа атганд умалзаж өгдөггүй, санал шүүмжлэл нь  амьд халуун өрнөдөг, хурал нь ч тэрийгээ дагаад эрүүл саруул болдгоороо тодрон харагддаг байсан сан. Харин энэ удаагийн АН-ын хурал МАХН-ыг дуурайсан, дуурайх дуурайхдаа дэндүү маруухан дуурайсан хошин шогийн жүжиг шиг юм болж өнгөрөв. 

Ардчилсан нам өнөөдөр Ардын нам гэгчээс юугаараа ч ялгарахгүй болжээ. ҮЗХ-ны хуралд орохын өмнө гишүүдээ хайрцаглаж, сайтар тулж ажилласан энэ тэр нь тэр чигээрээ Ху намын технологийг ханхлуулж байна. Гаднаа “муухай” харагдчих вий гэсэн хямдхан айдсандаа автаад бушуухан хаалттай болгон өөрчилж байгаа мэтээс нь өгсүүлээд танк шиг зүтгүүлээд л хүссэнээрээ тэгшилдэг коммунист найзуудынх нь аргачлал аргагүй харагдаж байх юм. Тэр ч бүү хэл зарим нэг “эсэргүү” нөхдүүдтэйгөө намын удирдлага нь “тулж ажилласан” ч юм шиг хар төрж байв.

Жишээ нь, Ж.Батзанданг босч үг хэлэхэд намын онц их хурлыг хуралдуулахыг санаачилж байсных нь хувьд одоо л нэг үнэн үгний цуурай хадаах вий гэтэл ердийнөөр намдаа баярласан талархсанаа илэрхийлж олныг алмайрууллаа. Аргагүй айлд толгой хоргодохоор гүйж ирсэн даржин эрийн байр байдал ч мөн дөө. Тийм цогтой залуу ийм ч арчаагүй байдалд орох гэж. Ер нь энэ удаагийн ҮЗХ-ны хурлын дараа  гишүүдийнх нь гол дээр нэг л юм горойж үлдэх шиг болсон. Тэр нь  Ардчилсан намыг Ардын нам, Ардын засаг удирддаг болжээ гэсэн айдас.

Зүй нь бол хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн энэ энэ  хэсэг нь манай намын үнэт зүйл, эрхэм зорилгод нийцэж байгаа юм.  2008 оны сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрийнх нь  тэр зүйл заалт бол хэрэгжлээ гэж аль аль талаас нь наанатай цаанатай, үнэнтэй барьцалдуулж хурал дээрээ ярьсан бол илүү буурь суурьтай, итгэл үнэмшилтэй буух байв. Ядаж хэлбэрийн хувьд ийм төвшний тоглолтыг хийчихэж чадсан бол үнэт зүйл, өөрсдийн гэх унаган зарчмаа уландаа хаян байж, Монгол орныг хөгжлийн дараагийнх нь шат руу алхуулчих  гэсэн холын зорилгодоо хөтлөгдөн байж чадлаараа чарлаж дэмжсэн үндэсний хэмжээний цөөхөн лидерүүдийнхээ зүтгэлийг ч ийм үнэ цэнэгүй болгохгүй байв. Тэднийхээ дэмжлэгийг намын өнгөн дээр намирч суугаа бүтэлгүй хэдэн нөхөд нь ийнхүү шороотой хутгав. Н.Алтанхуяг мэтэд амьдралдаа авч үзээгүй дэмжлэгийг нь Баабар, Бат-Үүл нар өглөө. Мэдээж энэ том дэмжлэг, энэ гэнэтийн нөмөр нөөлөг ганцхан Н.Алтанхуягт зориулагдаагүй нь ойлгомжтой.

Өөрсдөө дангаар засаг барьж байгаа мэт авирлан, сарын өмнө С.Батболдын манай нам, засгаас хэрэгжүүлсэн зүйлс хэмээн уншсан илтгэлийг үг үсгийн зөрүүгүй шахам давтаад уншмар аядахаар хэн хүнгүй л энэ Ардчилсан нам чинь хааччихсан юм бэ гэж асууцгаах нь зүйн хэрэг шүү дээ. Тиймээс ч үг хэлсэн ихэнхи гишүүд энэ байдлаас гарах шаардлагатайг дурьдаж, 2012 оны сонгуульд АН амжилттай оролцохын тулд үзэл бодол, байр суурь, явуулж буй бодлогоороо ялгарах  хэрэгтэйг анхааруулсан байна. Сайд, дэд сайдын алба хашиж, ямар нэгэн байдлаар сэтэр зүүж яваа гишүүдийн хувьд  дараагийн сонгууль хүртэл хамтарсан засагт багтаж явж байж л амжилтанд хүрнэ гэж бодож байгаа. Хамгийн энгийн амин зуулгын төвшинд очиж нүүрээ улалзуулж суугаа тэднийг харин Р.Гончигдоржийн хэмжээний лидер хаацайлж үг хэлсэн гэхэд итгэмгүй. Хурлын дараа гишүүд нь “Манай муу Гончигоо дарга ч бүр хачин болчихож дээ” гэж толгой сэгсрэлдэж байхыг харах өмнөөс нь өр өвтгөж байв. 

Утас цохиж, танил нэгэн рүү ахин лавлаж үзтэл. “Сонгуульд ялаагүй мөртлөө засагт орж болох, засагт орчихоод гарахгүй нэг мөр дараагийн сонгуульд гар гараасаа хөтлөлцөн орж болох, засгийн ажлын гавьяатай бүхнийг намдаа зүүж ялалт байгуулж болох зэрэг нь энэхүү математикчийн зохиосон стандарт бус бодлогын гаргалгаа нь юм байна л даа” гэх хэгжүүн үгийг ҮЗХ-ны гишүүн танил залуу урдаас  уцаарлан хэлж байх юм.

Хамгийн сонгодог хүчин гэж итгэж явсан энэ нам дотор үнэхээр хачин хачин үзэгдэл болж байгаа ажээ. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ариунсан хэлж байх юм гэнэ. “Намынхаа журмын нөхдийг засагт байхад ядаж салбарын хүндэт тэмдгийг та бүгдэд олгочихно шүү дээ, Монгол улс одоохон хөгжих гээд байхад бид засгаас гарчихвал харамсалтай биз дээ, юунд нь ингэтлээ гуниж гутарна вэ” гэж. Ая яа яа …юу ч гэмээр юм бэ дээ. Ичиж үхмээр санагдсан шүү гэж зарим хүн шагширч байна. Ийм ч юм байх гэж.
Хурлын тухай ирсэн мэдээллүүд дотроос хамгийн хурц сонсогдсон хэсгүүдийг орхиж боломгүй санагдана. Одоогийн удирдлагынхаа байр суурийг шүүмжилж олон хүн үг хэлснээс анхаарал татсан хоёр ч мэдэгдлийг хүмүүс онцолж байна лээ. Сүүлийн үед хүмүүсийн хүндэтгэлийг зүй ёсоор хүлээж байгаа Л.Гантөмөр гишүүн хамгийн жин даасан, үндэслэлтэй үгийг хэлжээ. Тэрээр намынхаа эрхэм зорилго, үнэт зүйлсэд тулгуурласан бодлого үгүйлэгдэж байгааг хэлэхдээ аль болох төрийн оролцоог хязгаарлах, хувийн өмчийг дэмжих бодлогод суурилсан арга хэмжээг Засгийн газарт намаа төлөөлж орж ажиллаж буй сайд нар, УИХ-д ажиллаж буй АН-ын бүлэг явуулж чадахгүй байгааг анхааруулж, намаа шинэчлэх, намын үзэл баримтлал, бүтэц, бодлогод нүүрэлсэн бүхий л асуудлыг албан тушаалын барьцаанд байгаа ҮЗХ-ны гишүүдийн хэмжээнд бус намын өргөн хамт олны хүрээнд буюу их хурлаар ярилцаж шийдэх нь зүйтэй гэсэн ажил хэрэгч саналыг гаргасан байна. Олныг цочроож, дарга нараа балмагдуулсан хүн бол ҮЗХ-ны гишүүн Туул байж. Тэрээр одоогийн намын удирдлага олигархижсан, зөвхөн Н.Алтанхуягийг тойрсон Сонгинохайрхан дүүргийн гишүүд эсхүл Д.Дорлигжав мэтийн Ховд, Увсын гаралтай хүмүүс л ажил албатай болж байгаа тухай тодорхой жишээ татаж хэлжээ. Ардчилсан гэх тодотголтой Ерөнхийлөгчөөс ард түмний хүсч хүлээж байсан ганц зүйл бол шударга ёсыг тогтоох, энэ нь хууль хяналтын байгууллагад бий болсон авилга, хүнд суртлын сүлжээг үгүй хийх гэсэн итгэл найдвар байсан. Харин энэ итгэл найдвар  тасарч байна хэмээгээд, одоогийн шинээр томилогдсон дээд шүүхийн ерөнхий шүүгч, хуучин ерөнхий шүүгч хоёрыг нэр заан монголын шүүх засаглалд хамгийн бусармаг жишгийг тогтоосон нөхдүүд гэж онцлоод, шинэ ерөнхий шүүгчийг хэн лоббидсоныг хүртэл илчилж шараа болгосон гэнэ. Г.Батхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд орж нэг цаг суугаад гарч ирэхдээ л Зоригтыг томилуулсан шүү дээ гэсэн түүний үг танхимын чихийг улайлгасан гэнэ. Та нар яагаад ардчиллын төлөө зүтгэсэн бидний амьдралыг ингэж утга учиргүй болгож байгаа юм бэ гэсэн түүний үг нэгийг бодогдуулсан биз ээ. ҮЗХ-ны гишүүн Туул цааш нь шүүх, прокурорын удирдлагыг хараад л хүмүүс хэрхэн итгэл алдарсан тухай жишээ баримт гаргаж ирэн шударгаар хэлж, одоогийн УИХ-аас Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, ногоон намын Энхбат нараас өөр дахин сонгогдох хүн нэг ч байхгүй хэмээн хатуухан хэлсэн байна. Түүний энэхүү хашгираан энэ намтай хувь тавилангаа холбож зүтгэсэн мянга мянган гишүүдийн дотоод сэтгэлийн хашгираан биз ээ.

Ийнхүү ард түмний амьдрал улам бүр доройтож, засгийн бодлого учир битүүлэг явж, энэ бүгдэд АН-ын оролцоо байгаад санаа зовсон гишүүдийн санал шүүмжлэл үдээс хойшхи хуралдаанд гол байр эзлэжээ. Харин “магтсан хүүхэн хуримандаа...” гэгчээр З.Энхболдын хэлсэн үг тэгтлээ жин дарсангүй гэж чамлах гишүүн олон таарч байна. Урьд нь З.Энхболд, С.Эрдэнэ нар улиг болтлоо ярьчихсан ч юм уу аль эсхүл З.Энхболдын хувьд хүмүүсийг байлдан дагуулах, илтгэх ур чадвар дутагддаг ч юм уу ямар ч байсан энэ хоёр эрхмийн үг заалыг эргүүлж чадалгүй хүчин мөхөсджээ. Эцэст нь орой найм өнгөрч байхад  ээлжит бус их хурлыг хуралдуулах тухай тогтоолыг хэлэлцүүлэхээр санал хураахад илэрхий цөөнхийн дэмжлэг авсан байна. Урьд орой нь Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд МоАХ-ны дарга Х.Баттулга нар засгаа оролдохгүй, харин намын их хурлыг хуралдуулах тохироо хийсэн юм гэнэлээ гэсэн бор шувуу санал хураалтын өмнө технологийн дагуу ниссэн байсныг гишүүд гайхан ярьж байх юм. Тэдний ярьж буйгаас үзэхэд Женко давхар мэх хийж Ардчилсан хүчний холбоог (АХХ) гол гаргачихсан бололтой. Ийнхүү хүчгүйдсэн АХХ далаараа далан тав тавиулжээ.  Ирээдүйд  мэх мэхэндээ гэгч харин болох вий дээ. Он гаргаад зургаан сардаа их хурлаа хийгээд, байр сууриа цэгцлэх нь АН-д л ашигтай баймаар. Гэвч тэд тэгсэнгүй. Сайдын суудал, түүнийг дагалдсан их мөнгөний үнэрт намынх нь ирээдүйн хувь заяа, эгэл гишүүдийнх нь эрх ашиг манантан үлдлээ. Хөөрхий дөө, манан дундах Ардчилсан нам. 

Та нар яагаад ардчиллын төлөө зүтгэсэн бидний амьдралыг ингэж утга учиргүй болгож байгаа юм бэ…гэсэн жирийн гишүүнийх нь зүрх чимхсэн үг л тэндээс цуурайтна.