Бид дээшээ үргэлж л тэмүүлж ирсэн. Тэнгэр баганадсан сүрлэг сайхан барилга байгууламжуудыг зөвхөн киноноос үзэж суух минь хэзээ эцэс болох юм бол хэмээн бодож яваагүй Монгол хүн үгүй биз ээ. Тэгвэл Монголчуудын энэ хүсэл мөрөөдөл биелэхийг бэлгэдсэн сайхан мэдээ саяхнаас дуулдах боллоо. Энэ бол АНУ-д төвтэй “Өндөр барилга, хот төлөвлөлтийн зөвлөл” олон улсын байгууллага дэлхийн улс орнуудын нүүр царайг илтгэх өндөр барилгуудын бүртгэлд нийслэлийн маань төв талбайн чанх өмнө баригдаж буй “Вlue sky” цогцолборыг албан ёсоор оруулжээ.

Энэ байгууллагын албан ёсны сайт www.ctbuh.org руу зочилж үзвэл “Өндөр барилгуудын жагсаалт”-ыг зүгээр л метр барьж гүйгээд хийчихдэггүй юм байна. Түүнийг барьж байгуулахдаа ашигласан материалын чанар, стандартыг нарийвчлан хэмжиж, хүн төрөлхтний бүтээн байгуулалтын түүхийн ололт амжилтыг шингээсэн эсэхийг үздэг аж. Хэн нэг нь шүдэнзний хайрцаг өрсөөр байгаад өндөр болгочихыг байг гэх газаргүй. Гэвч түүнийг барилга, байгууламж гэж хэлэхэд хэцүү. Амьдарч, ажиллаж, орж гарч байгаа хүмүүст өндөр сүрлэг, сайн сайхныг мэдрүүлэхээсээ илүүтэй бат найдвартай, аюулгүй гэсэн итгэл өгч, сэтгэлийн амгаланг эдлүүлж байх барилга, байгууламжийн бас нэг зарчмын шаардлага бий.

Барилгын захиалагч “Чоно групп”-ийнхэн Монгол үндэстнийхээ сэтгэлгээний онцлогийг илэрхийлж, Монгол хүмүүсийн урлаг хийгээд гоо сайхны таашаалд нийцүүлэх үүднээс дарвуулт хөлөг онгоцны дүрсэн дээр тэнгэрийг бэлгэдсэн гүн хөх шилэн өнгө татаж бүтээжээ. Зүгээр л олон нийтэд таалагдуулах гэсэн бэлгэдэлдээ баригдаад чанаргүй, аюултай юм хийхийг тэд хүсээгүй ба уг барилгыг барихад ашиглаж байгаа бүхий л материалууд нь чанар шалгагчдын шалгуурыг давж сайн үнэлгээг авсан байна. Жишээ нь уг барилгын шилэн фасаданд ашигласан ганжуулсан шил нь манай орны цаг агаарын нөхцөл байдалд тохиромжтой нь туршилтаар батлагдсан ба уг ганжуулсан шил нь 35м/сек хурдтай салхийг буюу 1м2 талбай нь 251 кг даралт тэсвэрлэх нь чадвартай нь тогтоогдсон нь “дэлхийн бүртгэл”-д орох шалгуурыг давсан үзүүлэлт байв.

Дэлхийн хамгийн өндөр барилга болох 800 гаруй метр өндөр Арабын нэгдсэн Эмиратын Бурж Халифа цамхагийг SRC буюу ган карказ болон төмөр бетонон угсралт хосолсон технологи ашиглан барьжээ. Тайваны 508 тетр өндөр 101 цамхаг, Шанхайн 492 тетр өндөр Дэлхийн санхүүгийн төв, Хонгконгийн 484 метр Олон улсын худалдааны төв, Куала Лумпур дахь 452 метр их Петронас цамхаг гээд үлгэр жишээ өндөр барилгууд бүгд яг ийм холимог технологиор баригддаг байна. Тийм ч учраас “Чоно групп”-ийнхэн “Blue Sky”-гийнхаа “яс мод”-ыг энэ аргаар зангидаж, олон улсад хэрэглэж байгаа хамгийн сонгомол, шилдэг, шинэ, хамгийн гол нь чанартай материалуудаар барьж байгаагаараа онцлог байна.

Аль ч улс, хотууд өөрийн нүүр царай, бэлгэдэл болсон байшин барилгатай байдаг. Харин манай нийслэл Улаанбаатар гадаадынхны сэтгэлд чухам юугаараа хоногшдогийг сонирхох зорилгоор баахан гүүглэдэв. Сүх жанжны хөшөө, Жанрайсэг бурхны дуган гэсгээд дуусаж байна. Харин сүүлийн хэдэн жил Төрийн ордны өмнөх сэнтийдээ залран буй Чингис хаан маань цөөнгүй жуулчдад таалагдсан бололтой. “Blue Sky” цогцолбор баригдаж эхэлснээсээ хойш л гадаад, дотоодынхны харааг булаажээ. Яах аргагүй өндөр, сүрлэг энэ байшингийн зураг, мэдээ сэлт интернэтэд тавигдах болсон нь дээрх зөвлөлийнхний анхаарлыг татсан ч байж мэдэх юм.

Улаанбаатарын, цаашлаад Монгол Улсын нүүр царайг улам илтгэсээр байх “Blue Sky” цогцолбор манай улсын барилгын чанар, стандартын жишиг, хөгжлийн үзүүлэлт, барилгын шилдэг материал болон технологи нэвтэрсэн байдлыг дэлхийн хэмжээнд хүргэх давхар ач холбогдолтой. Учир нь энэ барилгад ашиглаж байгаа бүх материал олон улсын түвшний, чанарын дээд ангиллын бүтээгдэхүүнүүд. Хамгийн өндөр байшин төдийгүй хамгийн том байгууламж болох “Blue Sky” цогцолборыг барихад нийтдээ 3 200 тонн ган төмөр, 16 000 м2 шил ашиглажээ. Барилгын нийт талбай 40 000 м2 буюу бараг таван хөлбөмбөгийн талбайтай тэнцэнэ. Энэ байгууламжид Монголд хамгийн дээд зэрэглэлийн таван одтой зочид буудал ажиллана. Мөн пентхаус орон сууц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон оффис  болон дэлхийн алдарт брэндүүдийн бутик шопууд болон тансаг зэрэглэлийн үйлчилгээний газрууд байрлана. Олон юмсыг Монголдоо анхалж байгаа энэ барилгад мөн л Монголд анх удаа машины лифт суурилагдаж буй.

Энэ бүхэн зөвхөн “Blue Sky” цогцолборын үзүүлэлт төдий биш манай барилга, архитектурын салбарын хөгжлийн түвшинг илэрхийлж байгаа билээ.