Хэвлэлээс л мэдлээ. Дээр үед Бал дарга “Новости Монголий” сонин гарчиглаж байгаад үүнийг мэдлээ” гэж ирээд судлаач Г.Жамсранжав гуай эд нарт арга хэмжээ авч байсан шиг. Би мөн л сонин уншиж байгаад мэдсэн боловч надаар арга хэмжээ авахуулдаг амьтан гэж хаа байхав. Ингээд бичиж байгаа хэрэг. Баруун аймгуудад барьж буй усан цахилгаан станцаас болж бэлчээрийн мал аж ахуйд ихээсэн хохирол учирч байгаа юм байна. Чоно харайх гол дошиж халиад дээгүүр нь чоно бүү хэл хонь харайж чадахаа болиод байгаа юм уу , бүү мэд. Үзсэн биш. Тэндхийн Гамлет “УЦС үү? Бэлчээр үү”, “тог уу? мал уу” гэсэн шүү асуулт тавиад байгаа юм байх. Тайширын усан цахилгаан станцаас болоод Завхан голын ус багасч элсний гүнээс ундрагаа авдаг сайхан нуурууд ширгэжээ. Харлаа(зурагтаар). Тайширын Улаан боом дахь усан цахилгаан станцын гео-экологи болон инженерийн тооцоо судалгаанд маш ноцтой алдаа байсныг орон нутгийн малчид гярхай ажигласан байна. Уужуу тайвуу магнайд нь бөөн бөөн техник эдийн засгийн үндэслэл тодрох уугуул ардууд үүнийг өгүүлж байхыг цэнхэр дэлгэцээр харвай. УЦС-ын төслийн хиигчид олон зүйл ялангуяа дэлхийн дулаарал, хуурайших, цаашдаа галав юүлэх эсэх зэрэг барим тавим олон юмыг тооцооныхоо гадуур орхисон болтой байна. Хэрэг явдлыг нэг өнцгөөс нь харахад байгаль хамгаалах асуудал босоод байгаа мэт. Бид олигтойхон байвал дэлхийн дулаарал, хүлэмжийн үзэгдэл, озоны цоорхой зэргийг нийтэд нь биш юм гэхэд энэ хавьдаа шийдчихмээр ч юм шиг. Үгүй юм аа. Дэлхийн дулаарал , экологийн сүйрэлд хүний нөлөө байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ энэ дэлхий чинь хүнтэй хүнгүй, усан мөсөн галаваа юүлсээр ирснийг дунд сургуульд заадаг биш бил үү? Сүүлчийн их мөстлөг болоход хүн байх нь байсан. Харамсалтай нь түүнд байгаль бохирдуулах цахилгаан станц , хүнд хөнгөн үйлдвэрийн зий ч байсангүй. Үзээд өгье гэхнээ озоны давхрагт нөлөөлөх дусал дезодрант байсангүй. Мөсөн галав юүлдгээ юүлсэн. Дараа нь дулаарсан. Гал түлсээр байгаад дэлхийг дулааруулсан байх аргагүй. Ингээд бодоход хүний үйл ажиллагаа ертөнцийн галав юүлэлтэд нэрмээс болдог л байх гэхдээ шийдвэрлэх нөлөөтэй байж чадахгүй л болуу?

Энэ бүхний цаана үнэн хэрэгтээ монгол нутаг дахь нүүдлийн мал аж ахуй ба иргэншлийн сүүлчийн мөргөлдөөн болж байна. Нүүдэл иргэншил хоёр мөнхөд тэмцэлдэж ирсэн. Чингэс хаан ч гэсэн эхэндээ нүүдэлчдийн удирдагчийн хувьд иргэншсэн хот балгадыг нурааж, тариаланг сүйтгэж оронд нь малынхаа бэлчээр нутгийг тэлж байлаа. Гэвч дэлхий дахины эзэн болохын хэрээр хотынхон нь хотдоо, нүүдэлчин нь хөдөөдөө оршин тогнохыг зөвшөөрч эхэлсэн билээ.

Иргэншиж үйлдвэржихийн хэрээр бэлчээр хумигддаг нь ёс. Англи орон нэгэн үе хонины бэлчээр л байсан. Хониныхоо ноосыг нэхэх цэмбэний үйлдвэрээр үйлдвэржилт нь бадарсан биз дээ. Иргэншил буюу үйлдвэржилт нь бэлчээрийн малаа шахсаар орчин цагийн Англи орон төлөвшсөн хэрэг. Өнөөдөр ч монголын бэлчээрийн мал ахуй эзэмшил рүү нь түрэн орж ирж буй иргэншлийн түрлэгийг мэдрэн эсэргүүцэж байгаа дүр зургийн нэг хэсгээр бид яриагаа эхэлсэн. Цаашдаа хөдөөг цахилгаанжуулах, үйлдвэржүүлэх хэрээр малын бэлчээр шахагдана, нүүдлийн мал аж ахуй хохирно. Ингэхгүй гэвэл мэдээж нүүдэлчнээрээ үлдэж болно.Харин тог цахилгаан, дэд бүтэц, боломжийн зах зээл гээд хотшлыг дагаж явдаг хөгжил дэвшлийн тухай ярианаасаа татгалзах хэрэгтэйг ухаарах шаардлага гарна.

Мал өсч байна. Мэдээж мал өсөх сайхаан. Малгүй, махгүй, ноолуургүй, нэхийгүй нь хүртэл мал өсөхөд баярладаг. Энэ жил дөч гаруй сая мал тоолуулжээ. Монголчууд малынхаа тоо толгойг дардаг уламжлалтай. Ингээд бодоход дөчөөс нэлээд илүү сая мал байгаа хэрэг. Дээхнэ үеийн нэгэн тооцоо “монгол улсын бэлчээрийн даац богийн толгойд шилжүүлснээр 30 орчим сая мал болой” гэж байсан санагдана. Дэлхийг хамарсан дулаарал зэргээс болоод энэ тоо доошилж байгаа нь лав. Ингээд харахад манай мал өөрөө бэлчээрийн даацаасаа арваад саяаар хэтрээд байгаль- экологитоо сөрөг нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.

Аа бас иим их малтай атлаа бид сүүнийхээ хэрэгцээг гадаадаас хангадаг. Улаанбаатараас эхлээд хамгийн баян аймгийн төвүүд хүртэл. Манайхан эртүүд “иим байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй, ичмээр юм” гэхчлэн яриад л байна лээ. Энэ олон бизнесмэнүүд, сүү үйлдвэрлэгч, импортлогчид энийг бодоогүй биш бодсон л байгаа шүү дээ. Ямар ч хүнд “сүү зарна” гэхээр л монгол мал нь л санаанд орно шүү дээ. Гадаадын бизнес хөрөнгө оруулалт манайд нэвтрээд хориод жил өнгөрлөө. Тэд мөн л монгол хүнээсээ хорь дахин олон мал дээр нь ямар бизнес хииж болохыг боддог юм байгаа биз дээ. Яаж ч бодсон ашиггүй, түвэгтэй учраас л гадаадаас сүү зөөдөг хэрэг. Манай бэлчээрийн мал маш бага зардалтай шигээ маш бага ашигтай. Эзнээ тэжээнэ үү гэхээс биш улс даяараа уучих сүү гарахгүй, гардаг юм гэхэд бэлчээр хөөгөөд уул талаар нэг тарсан малын сүүг цуглуулах зардал гаднаас авснаас олон дахин өндөр болчихно.

Энд зөвхөн нүүдлийн амьдрал ба бэлчээрийн мал аж ахуйн тухай л ярилаа. Ерөөсөө мал, орчин цагийн хөгжингүй, өндөр ашигтай мал, фермэрийн тогтолцооны талаар яриагүйг болгооно уу?

Монголд нүүдэл иргэншил хоёр мөргөлдөж байна. Иргэнших үү? Нүүсэн хэвээр байх уу? Бэлчээрээ хамгаалаад хотшил, үйлдвэржилт, иргэнших процессоо зориуд сааруулах уу? Малаа бэлчээх үү? Хашаалаад эрчимжүүлэх үү? Өнөөгийн малчин хүний сэтгэхүй мэнэжмэнтээр орчин цагийн эрчимжсэн суурин мал аж ахуйг хөтөлж болох уу гэх мэт олон асуулт эндээс гарч байна.