Ардын засгийн жилүүдэд зөв­хөн  "сайн мэдээ" байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жар­гаж байгаа тухайгаа байнга дуулна. "Жаргаад байна аа хө" гээд л дуулаад байхаар нээрээ ч жаргаад байгаа юм шиг санагддаг ч байсан байж магадгүй. Зовлон хоёрхон тохиолдолд л байв. Нэг нь өнгөрсөн цаг дээр. Хувьсгалаас өмнө ард түмэн тарчлан зовж байсан тухай өдөр бүр үлгэр хүүрнэнэ. Нөгөө нь, зовлон хилийн чанадад, зүгээр нэг хилийн цаана бус социалист сис­темийн хилийн чанадад оршино. Америк тэргүүтэй орнууд зовлон­гийн далайд живэх жишээний.

Хувь хүний ирээдүй өөрийнх нь гарт биш нам, засгийн "найдвар­тай" гарт байна. Ард түмэн нам засгийн гарт жаргаж байгаа ба ирэх таван жилд хэд хэдэн хувиар илүү жаргах ба арваас хорин жилийн дараа  бидний аз жарга­лын концентраци  машид өтгөр­сөөр 100 хувь болно. Тэр үеийг коммунизм гэж нэрлэнэ.

Энэ дэглэм муу мэдээллийг хориглоно. Зөвхөн аз жаргалын мэдээг зөвшөөрөх төдийгүй, ний­тээ­рээ жаргахыг хатуу шаардана. Зовохыг хуулиар хориглож байв. Амьдын хагацалд унаж, аав ээжий­гээ буудуулсан ч гэсэн "Ачит намын буянаар жаргаж сууна аа" хэмээн дуулах төдийгүй, жаргалтай гэдгээ үнэмшүүлэх үүрэгтэй. Үр ачийг нь улам жаргаахын тулд өвөөг нь, нагацыг нь буудаж, өмчийг нь хураан авсан явдалд баясан дуу­лах учиртай.

 Гэтэл хорвоогийн амьдрал гэрэл сүүдэр, зовлон жаргалаас нөхцөлдөн бүтсэнээс хойш хүний амьдралд тэр сүүдэр тусахгүй яахин өнгөрөх билээ. Амьтан зов­дог, гэхдээ тэрийгээ хэлдэггүй. Харин хүн зовлонгоо ярьж, зовлон­гоо дуулж, зовлонгоо тунхаглаж байж сэтгэлээ хөнгөлдөг, ингэж баймаажин дотроо бугшсан хар эрчмээ юүлж онгойдог онцгой бодгаль ажгуу. Хүн ард зовлонгоо дуулахыг, зовлонгоо тунхаглахыг мөрөөдөж байлаа. Гэтэл энэ нь хориотой.  Яруу найрагч Р.Чойном шүлгээрээ дотроо онгойлгох гэж л зориглосон юм шүү дээ. 

Тэр үед хувь хүн байгаагүй юм. Хувийн эрх ашиг, хувийн өмч хо­рио­той байсан. Гэтэл хувь хүн чинь эрх ашиг, өмч хоёр дээр л тогтдог юм байгаа биз дээ. Ингээд чиний хувийн аз жаргал баяр хөөр гэж бас байхгүй болчихож байгаа юм.

Хүлээн зөвшөөрөгдсөн эрх ашиг бол "нийтийн" хэмээх хийсвэр ашиг байна. Хүлээн зөвшөөрөгд­сөн баяр бол мөн л "нийтийн" баяр юм. Чи нийтийн эрх ашгийн үүд­нээс "Мозамбикт хувьсгалт эргэлт гарсан", "Ленин төрөөд 100 жил болсон"-д баярлах үүрэгтэй тө­дийгүй, ингэсэн явдалд жаргах учиртай.

Чиний сэтгэл санаа, аз жаргал төдийгүй бие махбод ч нийтийнх. Хэрвээ санаж байгаа бол хориод­хон жилийн өмнө "Эрүүл мэнд бол бүх нийтийн үйл хэрэг" гэсэн лоо­зон хаа сайгүй байж л байсан.

Өөрөө өөрийнхөө эзэн биш байх нь зарим талаараа амар. Тамын амьтан тамдаа жаргалтай гэж үг ч бий. Ирээдүй нь нам-зас­гийн гарт, эрүүл мэнд нь бүх ний­тийн гарт, гай зовлон гадаадад байхад санаа юундаа ч зовох билээ. Гэхдээ тэжээвэр гахай ч гэсэн хоол тэжээл эрүүл мэнд төдийгүй "ирээдүй" нь эзнийхээ найдвартай гарт байдаггүй гэж үү? Гагцхүү аз жаргалаа дуулаад бай­даггүй л болохоос.

Хувь заяа,  эрх чөлөөгөө төрийн эрхэнд өгөхийг даагаад байсан ч  зовлонгоо ярихгүй, зовлонгоо дуулахгүй боогдох нь хамгаас хэцүү бооми байсан ч байж магад­гүй.

1990 оны ардчилсан хувьсгал  хувь хүнд өөрийг нь эргүүлэн өгсөн юм. Гэвч өөрийгөө өөртөө авах нь тийм ч амар юм биш аж. Одоо ч гэсэн хэрэг тарьчихаад, хулгай, дээрэм хийчихээд тэрийгээ "Амьд­рахын эрхэнд ингэлээ" хэмээн хээв­нэг тайлбарлаж суудаг нь үүний жишээ. "Төр миний хувь заяа, аз жаргалыг өөрийн мэдэлд байлгаж чадаагүй" гэсэн гомдол байгаа биз дээ. Ардчилал өөрийг нь өөрт нь өгсөн гэдгийг ойлгохгүй буюу сайн ойл­гоогүй байгаа нийгмийн сэтгэл­гээн дээр тоглох оролдлого гэж харж бас болно.

Өөрөө өөрийгөө эзэмших үнэ­хээр амаргүй. 1991 оны шинэ Үндсэн хуулинд  хувь хүний эрх, эрх чөлөөнөөс дээгүүр юм байхгүй болохыг тунхаглав. Одоо хувь хүний хувь тавилангаас дээгүүр тавих нийтийн эрх ашиг гэж байх­гүй. Одоо аз жаргал чинь чинийх, эрүүл мэнд чинь чинийх, ирээдүй чинь ч чинийх. Одоо чи тэжээвэр амьтны дүрмээр амьдрахгүй. Ха­шаа хорооноосоо өөрөө гар, өвсөө өөрөө олж ид. Чамайг эзэн чинь тэргэнд хөллөхгүй, тэнгээр ачаа­лахгүй. Ойд дураараа тэнэ. Харин чи эзэнгүй учраас өөрөө чононд бариулчихгүй явахаа мэднэ биз...

Үүнийг ухаарах, дасахад лав­тай хорин жил орлоо. Ингээд дуу­сах, цааш үргэлжлэхийг хэн ч үл мэднэ.

Дураараа байхад, дураараа дуулахад амархан дассан боловч эзэнгүй байхад дасахад хэцүү аж. Болдогсон бол өмч хөрөнгө, хувийн эрх чөлөөгөө өөрөө авмаар. Харин тэжээх тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, найдвартай бөгөөд маш их мөнгө, эрх мэдэлтэй ирээ­дүй бэлэн байлгах асуудлыг нэг тийм сайн "эзэн"-д даалгаад жарга­чихмаар байдаг. Ардчилал, эрх чөлөөнөөс "хэсэгчилсэн мэдээ алдуулалт" гэдэг шиг өөрт аятайг биедээ аваад, арай түвэгтэйг нь бусдын эрхшээлд үлдээх маягаар зохицуулахыг мөн ч их мөрөөдөв дөө.

Энэ бүхнээс хамгийн амархан нь зовлонгоо дуулах, зовлонгоо тунхаглах эрх чөлөө байлаа. Өөрөөр хэлбэл "муу мэдээ" түгээх, хүлээн авах эрх чөлөө. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний эхний өдрүүдэд л ард түмнээс нууц байсан сөрөг мэдээллийн үер зад буулаа. Энэ бүхний ачаар ард түмний нүд нээгдэж, үнэнтэй нүүр учирлаа. Үнэнтэй учраад зогссон­гүй. Чөлөөт шар хэвлэл мэдээлэл зөвхөн энэ чиглэл дээр хөл дээрээ бослоо. Социализмын үеийн намын хэвлэлийн "Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн" уриаг "Хэний үр муу явна вэ" гэсэн өөр зарчим эзлэв. Шар сонинг буруут­гах үндэс байхгүй. Тэд олон түмний үзэхийг хүсч, дуулахыг мөрөөдөж байсан тэр юмыг бэлдэж өгсөн, сортоотой менежерүүд. Уншигч­дыг ч зэмлэх үндэс үгүй. Зөвхөн сайн мэдээнд жар, далан жил пологтсон оюун санаа нь муу мэдээ үгүйлэн харангадаж байсан. Шар хэвлэл ердөө л ангасан хөрс рүү ус цацсан л төдий.

 Одоо энэ ПиАр гэж нэр байна. Уул нь тухайн ажил хэргийн үнэн зөвийг нийтэд тайлбарлан таниу­лах  ажлын нэр. Үгчилбэл нь олон нийттэй харилцах гэсэн утга. Гэтэл манайд нэгийгээ увайгүй гүтгэх, хэн нэгний мууг үзэх ажлын ерөнхий нэр болон суурьшив. Нэг нэгнийг Пи Ар хийж явааг дуулаад "Яахнэв дээ, тэгж хүний мууд дурлаж..." хэмээн шогшрохоор болж.

Энэ бүхний оргил нь сонгууль. Нэр дэвшигчид ч өөрийнхөө хөтөл­бөр, сайн тал энэ тэр дээр нэг их ач холбогдол өгөхгүй. Харилцан муу­гаа дуудалцана. Хаа ч ингэдэг л байх, гэхдээ манайхан өөрийн онцлогтой. Өөрийн сайн, бусдын мууг дуудах бэлэн туршлага, дад­лагатай том аппарат байсан нь МАХН (МАН? МАХН??). Тэд 70 жилийн туршлагатай суртал нэвт­рүүлгийн хөтөлбөрөө яльгүй за­саад ашиглаж болж байлаа. ЗХУ тэргүүтэй социалист системийн олол, гэрэлт ирээдүйн  тухай хэс­гийн толгойг өөрчлөөд өөрийн хөтөлбөрөө болгож болно. Гэхдээ  ард түмэн  маань өнөөгийн болон гэрэлт  ирээдүйн аз жаргал,  зөвхөн гадаадад болон нэгэнт орхигдсон  түүхэнд байдаг зовлонгийн тухай суртал нэвтрүүлгийг хүлээн авахаа больсон ба "Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ" горим дээр сонсдог болсон байж. Харин хи­лийн чанадад, ба өнгөрсөн түүхнээ байдаг муу муухайн тухай суртал нэвтрүүлгийг  гарчгийг нь солиод зүтгүүлж болж байв. Мөн ч амжилт­тай явсан даа. Энэ бүхнийг  Монго­лын шинэхэн ардчилал даваад гарсныг бодоход угаасаа ямар ч юмны цаг ирвээс хэнд ч яагаад ч үл дийлдэхийн үлгэр биз ээ. МАХН буюу саяхны МАН-д хүний муу туначихсан  учраас ингэсэн гэж бас болохгүй. Гэхдээ коммунист үзэл суртлын аймшгийн машиныг үр­гэлж­лүүлэн ажиллуулаад байсан нь бас үнэн. Зам тээврийн осол гарахад машиныг биш жолоочийг нь шүүдэг.

Ямар ч юманд хэмжээ, өлсөж цангахад ч хязгаар бий. Хорин жил зөвхөн муу мэдээгээр амьсгалсан нийгэм өөрөө уйдаж эхэлж байна. Аз жаргал гэдэг чинь бас хуваал­цаж байж сэтгэл тэнийлгэдэг эд аж. Сэтгэлдээ зовлонгоо нуух нь ямар их дарамттай билээ, түүн шиг сайн сайхан сэтгэгдлээ санааны гүнд бугшуулах нь бас л муухай аж.

Хорин жил өөрсдийн сонгол­тоор байгуулсан төр засгаа хараа­лаа. Муу хүмүүс тэнд очсон, муухай аргаар гарсан нь бий л байгаа. Гэхдээ энэ нь монголчуудын төр хог новш, адгийн шаар гэсэн үг биш гэдгийг мэдээд байна. Гитлер амь­дарч байсан учраас манай дэлхий бузар болдоггүй юм байгаа биз дээ гэдгийг эргэцүүлэх болов. Хүмүүс  цагаантай хартай, жигшмээр бас хайрламаар хорвоогийн тухай, өнгө гэрэл хосолсон тийм мэдээлэл, тийм л тунхгийг өнөөдөр хүлээж эхэлжээ. Оршин буй нийгмийнхээ гэрэл гэгээг, хүн ардыг хүлээж байгаа сайн сайхныг бахдан хар­сан мэдээллийг хамгийн ихээр унших болж байна. Мэдээж өөрий­гөө магтсан хоосон тунхаг, хөтөл­бөрийг биш л дээ.

Харин нийгмийг нөмөрч байсан хар бараан мэдээллийн хэрэгцээн дээр бизнесийн том орчин бүрдэж төлөвшсөн юм. Тэдэнд цаг үеэ  зөв харж, менежмэнтээ шинэчлэх шаард­лага гарч байна. Муу мэдээ­ний оргил үед улам муу бичих том өрсөлдөөн гарч, зүгээр нэг хутгал­сан тухай биш, есөн есийн наян нэг бүлсэн тухай, тод улаан өнгөтэй, бараг "3 Ди" хэм­жээстэй дүрслэн уралддаг байж. 

Хар мэдээний өлсгөлөн нийг­мийн сэтгэл зүйгээс аажмаар арилж, жам ёсны үнэлэмж ааж­маар төлөвшиж байгаа учраас хэвлэл мэдээллийн бизнест шинэ үе ирж байна. Иймд уншигч үзэгч­дийн сэтгэлийг булаахын тулд  илүү аймаар, илүү цуслаг, улам хараар дүрслэхээр уралдах, эсвэл шинэ шинэ "проблем", түгшүүр, айдас шинээр сэтгэж айлгахаар  чиглэлээр дагнан мэргэшиж урал­дах нь үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

Хүмүүс  баячууд, томчуудын гэр бүлийн тухай бичдэг нэг сэтгүүлийг өндөр үнэтэй гэлтгүй ихээр авдаг гэнэ. Нэг талаасаа томчууд яаж амьдардгийг мэдэх гэж хорхойсдог л биз. Гэхдээ хэнийг ч муулдаггүй учраас түүнийг авдаг гэж ярих хүнтэй таарлаа.

Муу юм амархан. Муу юм амар­хан шиг муу мэдээ амархан. Үнэнд хүрэх гэж зүдэрснээс муулаад явахад хялбархан. Учрыг олох гэж махаа идснээс дэвэргээд хаях хялбархан. Хүнийг эмчилж сура­хаас хорлож сурах нь амархан. Хүнийг баярлуулахаас гомдоох хялбархан...муу юм бүхэн амар­хан... Сайн байх түүнээс ч амархан, ердөө муу юм хийхгүй байхад л бол оо.