Өнөөдөр бид шүтлэгийн хямра­лын оргил дээрээ бай­на. Оргил гэдэг нь энэнээс илүү хямрахгүй болов уу гэдэг утгаар хэлж байна. Илүү хям­рахгүй гэдэг нь хямрахад бас хэмжээ бий гэдэг санаа­гаар бас хэлж байгаа хэрэг.

Өнөөдөр сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн шинэ хяз­гаар дээр ирсэн олон түмэн учир шалтгаанаа тал талаас хайж байна. Учир шалт­гаан буруутныг бусдаас хайх нь хялбар байдаг бөгөөд хүн зөнгөө­рөө энэ аргыг хамгийн түрүүнд сонгодог.

Ингээд манайхан “Энэ лам нарын байж байгаа ца­райг хар”, “Бөө нар хэр хэм­жээнээс хэтэрлээ” хэмээн үглэж, лам нар муу байгаа­гаас буддизм мухар сүсэг болж, бөө нарын буруугаас анимизм руу ухарлаа гэсэн дүгнэлт хийж байна. Ийм тал бол байгаа. Үнэний хувьтай.

Гэхдээ асуудлыг нөгөө талаас харцгаая л даа. Лам нараар бид очиж мэргэ­лүүл­дэг билүү? Тэд нар ирээд “ганц мэргэлүүлчих л дээ” гэж шалаад байдаг билүү? Ажил хэргээ бүтээх гэж бид өөрснөө сүм хийд дээр очдог билүү? Сүм хий­дийн ухуулагч нар хаалга нүдээд “очиж тийм ном уншуулж аргалуул” гэж ухуу­лаад явдаг билүү?

...Шүтлэг шашин дахин сэргэж, бишрэх шүтэх эрх чөлөө эргэн олдох үеийн нийгмийн оюун санаа­ны хэ­рэг­цээ юу байсан бэ? Мон­гол­­чууд шашныг ямар хэм­жээнд хү­лээн авах боломжтой байв гэдэг асуултын хариуг эхлээд авч үзсэн нь дээр байх.

Шашин шүтлэг нь юун тү­рүүн итгэл найдвар. Гээгдсэн итгэл, алдарсан найдварыг эргүүлэн бэлэглэгч юм.

1990 оны ардчилсан хувьс­га­лаар хүчирхийллийн дэглэмийг торгоон барьж бай­сан “Одоо зовж байгаа боловч төддүгээр таван жи­лийн дараа ийм сайхан бол­но. Яваандаа коммунизмд орохоор бүх хүмүүс дэлгүү­рээс хэрэгцээний­хээ хэрээр авдаг болно” гэхчлэн­гийн мифүүд хар аяндаа алга боллоо. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч сэргэсний үр дүнг дорхноо амсаж эхэлсэн бо­ловч  олон арван жил сэтгэл зогоож ирсэн “Тэр үед ийм болно. Тэнд хүрээд ингэж жаргана” гэхчлэнгийн “төлөв­лөгөөт итгэл”-ээ алдсан нь бас хэцүү байлаа.

Ер нь хувь заяагаа өөрийн гартаа авах бас ч амаргүй ажээ. Уул нь чиний өнөөд­рийн хувь заяа, ирээдүйн тавилан бүгдээрээ нам зас­гийн гарт байсан цагт ирээ­дүй­дээ санаа тавих хэрэг байсангүй. Эрх чөлөө, өмчлөх эрхээ эргүүлж алдмааргүй, тэгсэн атлаа ирээдүйн асууд­лаа бусдад даатгамаар нэг ийм хямралын үед шашин, шүтлэг эргэж ирсэн юм.

Бодит боломж багасахын хэ­рээр хий горьдлого нэмэг­дэнэ гэдэг үг бий. Төрөөс “төлөвлөгөөт ирээ­дүй” амла­хаа больчихсон, дээр нь эдийн засгийн хямрал нүүр­лэсэн тэр үед олон жил гол зогоож ирсэн “ирэх таван жилд аж байдал дээш­лэх” төлөвлөгөөг дөнгөж сэргэж байсан шүтлэг, бишрэл орлон авлаа.

Эдийн засаг, улс төрийн нэг тогтоцоос нөгөөд шилжих үйл явцыг дагасан хямралын үеийн  гэгээн найдвар нь шашин болсон. Гэхдээ Буд­дын шашныг аливаа мухар сүсгээс татгалзаж, гадны дээд хүчинд найдах бус өөрийнхөө сэтгэл санааг ариусган төгөл­дөр­жүү­лэх замаар гэгээр­лийн хутгийг олох тухай ном­лол байдлаар хүлээн авах сэтгэл санааны хөрс бай­сангүй ээ. Зүгээр л хүнд сай­хан ирээдүй байгааг хэлж өгдөг, хүнд хэцүү үед ирээ­дүйд буй болох “шинэ ком­мунизмын төсөөлөл”  хайрла­даг тийм үзэл суртал байд­лаар л шашныг хүлээж авч чада­хаар байж.

Ийм үед жирийн сүсэгтэн хүн лам хувраг дээр очоод “Бүтээгч дээд хүч гэж бай­даггүй” тухай “Ид шид гэж үгүй, харин үйлийн үр бодитой” гэхчлэн сургаал сонсвол урам нь хугарна.  Харин “Энэ жил сайн жил гарна”, “ийм аюул байгаа боловч тийм заслаар зүгээр болно” гэсэн сайхан үг хэлээд өгдөг лам л урам өгнө.

Ер нь зовлон бэрхшээ­лийнхээ учир утгыг мэдэх ч гэж очиж байгаа юм биш, Буд­дагийн сургаалыг дагаж явдаг болох гэж ч очиж байгаа юм биш. Ердөө л ирээ­дүйнхээ тухай сайхан үг сонсох гэж л очиж байгаа юм. Тийм учраас “сайхан төлөг буулгадаг” тө­лөгчдөд л сүсэгтнүүд дуртай байдаг. Үүнийг ч гэсэн төлгөч-менежерүүд сайн мэддэг. Зарим үзмэрч төлгөч “ийм тийм аюул нүүрлэж бай­на” гэхчлэнгийн муу мэдээ эхлээд хэлдэг нь зүгээр л мэнэжмэнт. Төлбөрөө  зохих хэмжээгээр нэмс­ний дараа л хүсээд бай­гаа сайхан мэдээг нь хэлж өгөх гэж байгаа арга. Ингээд харахаар эцсийн дүндээ хүсс­нийг нь өгч л байгаа байхгүй юу?

Иймээс Буддын сүм хий­дүүд оршин тогтноё, сэргэе гэвэл сүсэг­тэн олныхоо энэ цангааг тайла­хаас өөр сон­голт байгаагүй. Мэр­гэл­дэггүй бол лам байх аргагүй, ар­галдаггүй бол сүм орших бо­ломжгүй байсан хэрэг. Харин энэ дээр хэн нь сайн мэнэж­мэнт хийсэн тухай яривал бас өөр хэрэг.

Хэдийгээр Буддагийн үнд­сэн санаа, мухар сүсгийн эсрэг зарч­маас хөндий явж ирсэн гэж зэмлэж болох ч шилжилтийн үеийн нийг­мийн оюун санаанд итгэл хайрлах, алдагдаж буй горьдлого найд­ва­рын балансыг хадга­лах үүргээ манай сүм хийдүүд үндсэнд нь биелүүлсэн гэж хэлж болно. Ингэ­хээр сүм хийд хуврагуудад хамаг бу­рууг чихэхээсээ өмнө бид юуг шүтлэг бишрэл гэж ойлгоод хүсэн хүлээж байв гэдгийгээ харах нь зөв. Сайн лам, саар лам, хүнийг гэгээ­рэлд хөтлөх, эсвэл бусдын мухар сүсгийг далимдуулан мөлжих энээ тэрээ бол тусдаа. Тусдаа төдийгүй өнөөдөр шинээр, жинхэнээсээ тулгарч эхэлж байгаа асуудал.

Бөө мөргөл ч гэсэн үгүй­лэгдэж байгаа шүтлэг, дутаг­даж буй урам зоригийг ам­жилттай орлож ирсэн үзэгдэл. Үүргээ ч бас биелүүлсэн.

Ухаандаа, нийгэмд дэвэрч бо­лох байсан үл итгэлцэл, алдагдсан найдвараас үүсэл­тэй сэтгэл хөд­лөлийг амирлуулж, анх удаа хувь заяагаа өөрөө хариуцах болж байгаа мянга мянган хүнд горьд­лого итгэлийн ба­гана болох үүргээ лам, бөө хоёр биелүүлсэн санагддаг.

Өнөөдөр шашин шүтлэ­гийн хувьд эрүүл шинэ үе ирж байна. Хүмүүсийн амьдрал сайжирч, бая­лаг бүхий ирээ­дүй бодитой боло­хын хэрээр шашин нь хүний сэтгэл са­наагаараа төгс төгөлдөр бол­гох үндсэн үүрэгтээ орох бо­ломж гарч байна.

Манайхан бөө мөргөлийг сурталчлахдаа Чингэс хаан болон түүний үндэслэсэн Монголын их гүрний нэрийг их барих болжээ. Тэр үед бөө мөргөл байсан нь үнэн. Гэх­дээ Чингэс хаан бүх шашин шүтлэг бие биеэ үгүйсгэн тэмцэл­дэлгүйгээр тэгш эрхтэй орших ёстой хэмээн зар­лигласан анхны их хаан юм шүү. Тэрээр бөө нарыг сонс­дог байсан ч гэсэн үгэнд орох­гүй бол хатуу шийтгэдэг тө­дийгүй “Төр тэрсэлж байгаа  ямар ч шаш­ны зүтгэлтнийг тэр дотор бөөг ч гэсэн алж байх” уламжлал үлдээ­сэн анхны улстөрч бас мөн. Тэв тэнгэр бөөгийн ууцыг хугалж алсан тухай “Нууц товчоо”-нд то­доос тод бичээстэй бий.