Хаврын чуулган завсар­лахын өмнөхөн Мэдээллийн ил тод бай­дал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль бат­лагдан тэр өдрөөсөө хэрэг­жиж эхэлсэн билээ. Хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх болсон нь сайшаалтай. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Су.Бат­болд нарын санаачлан бо­ловсруулсан энэ хууль иргэд, олон нийтийг мэ­дээл­лээр хангахад чухал ач холбог­долтой бөгөөд үнэн бодит мэдээл­лийг тухайн байгуул­лага, төрийн албан хаагч олон нийтээс нуухгүй байхыг заасан байгаа. Хуульд төс­вөөс санхүүждэг ихэнх бай­гуул­лагууд хамрагдсан бө­гөөд улсын нууц, хувь хүний нууц зэрэг үүнд хамаарахгүй болохыг мөн тусгаж өгсөн.

Дээрх хууль батлагд­са­наар  сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж байгаа юм. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд хуулийн дагуу мэдээлэл өгөх үүрэг­тэй болсон. Ингэснээр сэтгүүлч бид хар сэрээр бичих, албан тушаалт­нууд мэдээлэл өгс­нөөсөө болж дарга нарынхаа өмнө толгой гу­дайх хэрэггүй болж байгаа хэрэг. Одоо тө­рийн байгууллагууд хуу­лиар хориглоогүй мэдээллийг бай­гууллагын журмаар нууцлаад хууль зөрчих асуудал байна. Үүнийг ч бас хууль сахиулаг­чид анзаарах хэрэгтэй юм.  

Захын нэг албан хаагч сэт­гүүлчдийг цаашлаад нийг­мийг төөрөгдүүлж, өөрсдөө мэдээлэл өгөөгүй тохиол­долд сэтгүүлч буруу ташаа мэдээлэх үүрэгтэй болгож хувиргаад байдаг байлаа. Хууль гарснаар аль, аль талдаа ашигтай болж байгаа билээ.

Мэдээллийн эрх чөлөөг нэ­мэг­дүүлэх нь төрийг тунга­лагшуулна. Төр тунгалагшина гэдэг нь эрх баригчид тат­варын мөнгийг юунд, хэрхэн зарж байгааг ил тод болгох үйлдэл юм. Япон, Герман, Синга­пур, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэдээ­лэл ил тод байс­наараа эдийн засаг нь хүчирхэгж­дэг. Мэ­дээл­лийн эрх чөлөө нэмэгд­сэ­нээр ихэнх мэдээллүүд эрх ба­ригчдын булхайг илчлэх,  иргэдийн эрх чөлөөг хамгаа­лахад ашиг тусаа өгдөг. 

Гэвч манайд мэдээллийг ил тод олж авах хууль хэрэг­жихгүй байгаа нь тодорхой байна. Манай сэтгүүлч хөрөн­гө орлогоо буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан төрийн албан хаагчдын тухай мэдээл­лийг ава­хаар Авлига­тай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ч.Мөнх­бая­раас асуухад тэ­рээр "Тэдгээр албан хаагчдад нэгэнт хариуцлага тооцчих­сон. Хэн, ямар хөрөнгөө нуус­ныг мэдээлэх боломжгүй. Нэр хүндэд нь халдах шаардлага байх­гүй" гэж ам тагласан хачин хариулт өгсөн байгаа юм. Нэг үгээр хэлбэл Авлига­тай тэмцэх газар авлигач­дыг хаацайлсан хэрэг болсон.

Уг нь төрийн албан хааг­чид багагүй зөрчил гаргасан аж. Худал мэдүүлсэн 60, ху­га­цаа хожимдуул­сан 20, са­наатайгаар худал мэ­дүүл­сэн 55 албан хаагч байгааг тог­тоожээ. Гэтэл нэгэнт хуулиа зөрчсөн хүмүүсийг олон ний­тэд мэдээлэхээс нууж байгаа тэр ал­бан хаагч өөрөө Мэ­дээл­лийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн саяхан Нийслэлийн проку­рорт халдаж, хутга шө­вөг­төө хүр­сэн тухай мэдээлэл манай сонинд гарсныг уншиг­чид санаж буй бизээ. Нэг дор ажилладаг прокурорууд ээл­жийн амралттай үедээ архи ууж халамцаад бие биеийн­хээ эрх чөлөөнд халдсан бай­на. Мэдээл­лийн мөрөөр холбогдох байгуулла­гуу­даас тодруулахад "Ийм хэрэг га­раагүй, огт сонсоогүй" гэсэн хариулт өгчээ. Манай сэт­гүүлч холбогдох олон албан тушаалтнаас асуусны эцэст хариулт олоогүй учраас мэ­дээллээ баталгаажуула­хын тулд тэр өдөр цагдаагийн рапортод юу гэж тэмдэглэс­нийг олж мэдсэнээр энэ тухай мэдээллийг олон нийтэд хүр­гэсэн билээ. Нэг байгуулла­гад ажилладаг хэрнээ хамт ажилладаг хэд нь бие биен­дээ хүйтэн мэс хүргэж алах  шахсан байхад мэдээгүй бай­на гэдэг гайх­маар хэрэг бус уу. Монголд мэдээ­лэл түгнэ гэдэг салхиар дамжихтай л адил хурдан. Техник технологи хөгжөөгүй үед ч малын бэл­чээртээ байгаа өвгөн энд тэндхийн мэдээл­лийг аль хэдийнэ дуулчихсан өөрийн­хөөрөө тунгааж суудаг. Хэрэв үнэн бодит мэдээлэл өвгөнд хүрвэл  элдэв цуу яриа гарах­гүй. Ер нь тэгээд монголчууд цөөхүүлээ учраас ямар нэг мэдээллийг нуулаа гэхэд до­роо л ил болчихдог. Аавын дүүгийн хүүхдээс асуухад, эсвэл ангийнхаа найзын нөх­рөөс асуу­гаад л мэдчихэж болдог улс. Мэдээ­лэл олж авах хэн нэгэн танил, ха­маатан байж л байдаг. Гэхдээ мэдээллийг хэдий чинээ нуу­на, төдий чинээ цуу их тардаг. Тэгэхээр мэдээлэл өгөхөөс татгалзсан дээрх албан хааг­чид хуулийн хариуцлага хү­лээх ёстой юм. Тухайлбал тус хуулийн 6.25.1-д Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тог­тоомжийг зөрчсөн албан хааг­­чийн зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн алба­ны тухай хуу­лийн 26 дугаар зүйлд заасан сахил­гын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж заажээ. Мөн хуулийн 6.25.2 -т Иргэн, хуу­лийн этгээдийн мэдээлэл авах эрхийг удаа дараалан ноцтой зөрчсөн албан хааг­чийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуу­лийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална гэжээ.

Тэгэхээр мэдээлэл өгө­хөөс татгалзсан мэдэн бу­дил­сан энэ мэт албан хаагч­дад хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй юм.