Сайн байна уу? Насан буурал ааваас чинь юу болсоныг дуулаад энэхүү мэйлийг бичиж байна. Үг хэлэх эрхтэй цусан төрөл чинь биш ч гэлээ насаар олон ахын хувьд ч, аавын чинь нутгийн уугуул хүн болохоор ч тэсч чадсангүй. Чи солонгос өвгөн дагаад явжээ. Ная гарсан хөгшин эцгээ хашаа, гэрт нь үлдээгээд, найман настай охиноо айлын хаяанд орхиод, чи алга болжээ. Төрсөн эцэг, төрүүлсэн охиноо кимчи үнэртүүлсэн харь өвгөнөөр сольсон учраас чамайг би “Хөхөө” гэж нэрлэлээ, битгий гомдоорой. Хөхөө гэдэг сайхан донгоддог шувуу өндгөө бусдын үүрэнд орхидог болохоор нь монголчууд үрээ хаясан хүнийг ингэж зүйрлэн ярьдаг юм шүү дээ. Өтөл настай аав чинь хар цайтай даарч суугаа, өөдсөн чинээ охин чинь нүдэндээ нулимстай харуулдаж байгаа. Амьдын хагацлын нулимс мөнх бусын харууслаас илүү гашуун шорвог. Жам ёсны биш хүний өөрийн үйлийн үр учраас тэр.



Хөгшин солонгосын өвөрт хэвтээ монгол бүсгүйн эхнийх нь чи биш, сүүлчийнх нь ч чи биш болохоор учрыг нь тунгаахыг хичээе. Хэнтэйгээ гэрлэж, хаана амьдрах нь хүний эрх хэдий ч өвөг дээдэс минь атигар морь, махир нумтайгаа эзлэн дагуулж, засч захирч явсан газар нутагт өнөөдөр үр сад нь боолчлогдож, богтлогдож, Өэлүн, Бөртэ, Мандухай, Ану хатны монгол охидшинэ цагийн шивэгчин барлаг болон цувж байна. Монгол морины туурайн тамгаар дархлагдажасан газар оронд өнөөдөр монгол охид нүцгэн биеэрээ хувь заяагаа худалддаг юм. Яагаад шинэ үеийн шивэгчинтэй зүйрлэсэн бэ? Яагаад гэвэл наадуулын чинь байгуулдаг гэрлэлтийн гэсэн нэртэй боолын гэрээ интернэтэд дэлгээтэй байна. “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ” гэдэг боолын хэлцлийг бид олж мэдээд дэлгэж байсан юм. Боолын гэрээний 5-д “Нөхрөө ажилдаа явахад нь өглөөний хоол унд бэлтгэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ” гэж заажээ. Өвчтэй, жирэмсэн, нэг өглөө босоогүй бол яах вэ? Солонгост нөхөртөө алагдсан монгол бүсгүйчийн хувь заяа өглөө сэрэх бүрт чинь чамайг отож байна гэсэн үг. “Нөхрийн зөвшөөрөлгүйгээр тэр бүү хэл хадмаасаа асуулгүйгээр гэрээс гарах, гадуур хонохыг хориглоно” гэсэн заалт байна. Энэ мэтийг зөрчвөл яс махаараа төлнө. “Гэрээсээ зугтаавал зуучлах байгууллагад 5000 долларын торгууль төлнө” гэж цагаан дээр хараар, цаасан дээр хороор хэвлэгдсэн, хүний наймааны боолын гэрээнд чи, чамтай адилхан монгол бүсгүйчүүд гарын үсэг зурдаг юм. Гуч шүргэж яваа чамайг жартай солонгос “залуу”-гийн өнгө зүс, эрийн сайханд сэтгэл татагдсан гэдэгт итгэх үндэс алга.

Хувь заяагаа өөрөө л сонгох нь хүний эрх. Хэнээсээ салж, ямартайгаа гэрлэх нь чиний л эрх чөлөө. Гэрлэлт хүртэл глобальчлагдаж байна. Монголчууд сүүлийн 22 жилд 76 орны иргэдтэй ураг барилджээ. УИХ 76 гишүүнтэй, ураг барилдсан орны тоо мөн 76. Гадаадынхантай гэрлэгсдийн 95 хувьнь чам шиг эмэгтэйчүүд. Таван хувьд нь монгол эрчүүд хүргэн ордог бол 95 хувьд нь манай эмэгтэйчүүд “Хажуу газар ургана гэдэн нь хайлаас модны жам юмаа, хадмын газар очноо гэдэг нь бүсгүй хүний заяа юм аа” болдог байна. Монголчуудтай ураг барилдагсдын 70 хувь нь солонгос хүргэн. Наад оронд чинь гэрлэлтийн 10-ын нэг нь гадаад бэр буулгаж байгаа гэсэн баримт байна. Сайн дураараа гэрлэж ханилаад хүний дайтай сайхан амьдарч яваа тохиолдол маш олон бий. Кореа, курд, эскимос, бербер хэн ч байсан мэдээж адилхан хүн. Арьс өнгөний үзэл энэ явдалд хамаатай биш. Боолын гэрээгээр богтлогдож байгааг л бичиж байна. Монгол охид хүн наймаалах гэмт хэргийн золиос болох түгээмэл. Хэнтэйгээ гэрлэх нь ч хүний эрх. Харин эх хүний ёс суртахуун, нинжин сэтгэл, бас хуулиар хүлээсэн үүргээ умартаад нялх үрээ хөхөө шиг хаях эрх лбайхгүй. Эдлэх ёсгүй эрх. Гадаадад бүх зүйл гоё биш. Зурагтаар үздэг савангийн дуурийн хөөс чамайг гоёхгүй. Охины чинь гомдол, эцгийн чинь харуусал, бүх насаараа өөрийгөө зүхэж явах чиний шаналлаас үнэтэй гоёл наад амьдралаас чинь олдохгүй. Чамайг жижигхэн дэлгүүр ажиллуулж, сардаа хоёр сая хүртэл мөнгө олдог байсан гэж аав чинь хэлсэн. Юу дутсан гэж, бас охин, эцэг хоёр чинь, юу ч юм илүүдсэн гэж явсан хэрэг вэ? Дэлгүүрийн ашгаа бага багаар хурааж, хашаа байшин авчихаад, дараа нь орон сууцны төлөө зүтгэнэ дээ гэж байсан хүн нэг нартай өдөр хөхөө шувуу болоод нисэхэд ядаж эдийн засгийн шалтгаан байсангүй. Үр, эцэг хоёроо сольж золин байж өвөр түрийдээ орсон наад залуу өвөө чинь цаанаа бас ная гарсан аав, ээж хоёртой, тэднийг нь чи бас асрах үүрэгтэй юм байна. Харь өвгөн, чавганц хоёрын өтгөн шингэнийг зөөхийн тулд,иллэг, тариа хийх гэж төрсөн эцгээ хаясаныг чинь ойлгохгүй байна. Хүний эрхээр зовсоноос өөрийн эрхээр жарга гэсэн монгол үг бий. Солонгос хадмаа, хадмын дүртэй эзнээ асарлаагээд чамд Монголдоо дэлгүүр лангуу ажиллуулсанаас чинь их мөнгө төлдөг юм уу? Тэрийг нь нөхрийнхөө зөвшөөрлөөр гэрээс гарч чадаад үрэх, хүүхэддээ бэлэг явуулах эрх байдаг юм уу? Чи “Өрөвч цайлган сэтгэлтэй” гэж дуулагддаг сувилагч байлаа. Монголд мянга мянган сувилагч бүсгүй цалингаас цалингийн хооронд өдөр шөнөгүй ажилладаг ч цагаан хувцас шигээ сайхан сэтгэлээрээ жигүүрлэж, үрээ хаях нь битгий хэл өвдөж зовсон хүмүүсийг энэрэн зүтгэж яваа. Гэрээгээр зөвшөөрсөний дагуу хүүхэдтэйгээ утсаар яриад уйлсаныг чинь дуулаад хүн чанар, эхийн зөн чинь бүр алга болоогүй л юм байна гэж бодсон. Утсаар ярьсан нь гийгүүлсэн гэрэлтүүлсэн гэсэн үг биш ч гэлээ чамайг энэлэн зовж явааг чинь мэдэрч байна. Үйл үйлээ дагана гэдэг билээ. Үйлийнхээ үрийг эдэлнэ. Үрээ хаясан үйлийн үрийн эзэн нь чи өөрөө. Үндэсгүй мөчир шиг ургадаггүй атал төрсөн эцгээ өтөл насанд нь орхисон үйлийн эзэн нь чи өөрөө.

Анхны гэрлэлт чинь бүтэлгүйтсэнийг бид мэднэ. Хадам ээж чинь танай амьдралд хошуу дүрж, хавчиж хяхаж, сэтэрхий тэвнэ ч өгөлгүй, хүүтэй чинь хөөж байсныг гадарлана. Ээжтэйгээ өссөн эрчүүдэд ихэвчлэн тохиолддог зангаар нөхөр чинь чиний талд орж байгаагүй юм гэсэн. Аав ээж, хамаатан саднаараа айлын амьдралд хошуу дүрж, зан сайтай айл, замаг сайтай нуур болцгоож байгаад дараа нь биесээ барьж иддэг “монгол заншил” чамайг нөхөргүй, охиныг чинь аавгүй болгосон нь ч үнэн. “Эр хүн эр хүндээ хайртай” гэсээр “Эмэгтэй хүн гадаад хүнд хайртай” болж байгаа нь ч бий. Эрэгтэй нь дээрээ гарч сууна, өрхийн тэргүүн дээжийг нь хүртэнэ гэсэн үндэсний бие тоолтондоо өөрсдөө нэрвэгдэж, эхнэрээсээ илүү гарах юмгүй болохоороо салж сарнидаг гэх мэт наян найман шалтгаан бий. Энэ бүх учир шалтгаан, уг сурвалжийг чамайг өмөөрчих, ойлгочих санаатай хайгаад байгаа хэрэг. Харин эцэггүй охиноо чи бүр эх ч үгүй болгоод, тэгэх тусмаа зөвхөн өөрийн амин хувийн төлөөхарь өвгөнөөр хайртай дотно бүхнээ хаясан учраас ямар ч зөвтгөл яагаад ч олдохгүй юм байна. Амин зуулгын, цалин мөнгөний, сэтгэл санааны, жам ёсны, хууль, эрх зүйн үүднээс зөвтгөх бололцоо бодоод олж чадсангүй.

Хотын төвийн ресторанд оюутан бололтой гурван охин солонгос буурчийн газар хоносон тухайгаа ичиж эрээлэлгүй, ам уралдан чанга чанга ярина. Нэг нь “Яана аа, ээж ална даа” гэж байна. Үнэндээ тэд хувь заяагаа, өөрийгөө хүндлэх сэтгэлээ, ээжийгээ “алж” байгаа нь тэр. Чиний араас боолын гэрээгээр явах шинэ үеийнхэн төрж байна. Амьдрал мөнх бус. Хөгшин хонины насгүй эцэг чинь нэг л өдөр унаад өгнө. Хойдын буяныг нь хамаатан садан, нутаг усныхан нь чамгүйгээр болгочихно. Харин ганц охиноо л битгий мартаарай, хөхөө шувуу гуай. Чалх тэнхээний эм тан, арга чарга ихтэй орны өвгөнийхөө хүүхдийг чи хэвлийдээ тээж яваа юм гэсэн. Цагаан мөөгтэй шөл, хонины гуя наана чинь үгүй ч тайван сайн амаржаарай.