Мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд оржээ.

Америкийн суут дипломатч Д.Хилл «Ирээдүйг зөгнөхөд иргэншлийн түүхээс өөр хөтөч үгүй. Түүнээс бид орчин үеийн үйл ажиллагааныхаа томьёог шавхан гаргаж авдаг юм аа» гэж тодотгон хэлж байхдаа «улс орны уг үндэс нь соёл иргэншил» хэмээх санааг онцлон илэрхийлжээ. Түүхийн явцад бүрэлдэн тогтсон соёл иргэншлийг үүсэл – хөгжил – уналтынх нь үед соргогоор ажиглаж, анхааралтай судлах нь тухайн орны нууцлаг мөн чанарт нэвтрэх хийгээд уламжлалт харилцаагаа тодорхойлох хөшүүрэг болдог билээ.

Ямагт давамгайлах зөнтэй хоёр их гүрний дунд хавчигдан орших Монголчууд бидний хөрш улстайгаа зохицож нийцэх харилцаа нь өнгөрсөн зуунд, за одоо ч гэсэн айдас – найрамдал, үзэн ядал – найрамдалд тогтож ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй биз ээ.

...Хүй нэгдлийн газар эзэмших системийг Хятадад МЭӨ II зууны үед халжээ. Нийгэм «газар эзэмшигчид» ба «тариачид» гэх хоёр үндсэн давхаргад хуваагдаж, он жил өнгөрөх тусам тэдний ялгаа холдож, улмаар бослого тэмцэл гаарч эхэлжээ. Хятад оронд ээлжлэн тогтсон төрт улсуудын мандал, мөхлийн гол шалтгаан нь газар тариалан байв. Тэд газрын шим, тариачны хүчийг дайчлах замаар л эдийн засгаа хөгжүүлж иржээ. Ийнхүү мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд оржээ.

Хятадад анх иргэншил үүссэн тэр цаг үеэс ХIII зууны эцэс хүртэл Хятад орон улс төр, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан «Өмнөд Хятад», «Умард Хятад» гэж хоёр хуваагджээ. Газар тариалан эрхлэхэд туйлын тохиромжтой өмнөд нутагт жинхэнэ Хятад үндэстэн оршин амьдарч байсан бол эрс тэс уур амьсгалтай умард Хятадад нүүдэлчид ба тэдэнтэй цус холилдсон эрлийз Хятадууд аж төрж байлаа. Өмнөд нутгийн Хятад хүн жижиг биетэй, урт шар шүдтэй, шардуу царайтай, загас, ногоо түлхүү хэрэглэдэг. Харин Умард Хятадын хүн том биетэй, цагаан шүдтэй, бяр ихтэй, мах голчилж иддэг нь хэдэн мянган жилийн турш эрхэлж байсан аж ахуй ба байгаль цаг уураас шалтгаалан хувьссан эволюци юм.

Монголчууд 1279 онд Хятад орныг нэгтгэн захирах хүртэл бүс нутгийн энэ хуваагдал эрчимтэй үргэлжилсээр байжээ. Умард Хятадын нутагт Хятад, Тоба, Төвд, Тангуд, Хятан, Монгол, Зүрчид, Солонгос үндэстэн аж төрж байхад өмнөдөд жинхэнэ Хятадын Тан, Сүн улс оршиж байлаа. Энэхүү хуваагдмал байдал нь зөвхөн улс төр, хүн ам төдийгүй эдийн засгийн хөгжлийг ч саланги хуваагдмал байдалд оруулжээ. Тэр үед Өмнөд Хятад эдийн засгийн хөгжлөөрөө Умардаас илт давуу байв. Дэлхийн худалдааны голомт – Араб, Европ тивийн худалдаачид Өмнөд Хятадтай усан замаар, харин далайд гарцгүй Умард Хятадтай Торгоны замаар худалдаа хийж байжээ. Усан замын тээвэр нь цаг хугацаа, зардал хэмнэж байсан бол Торгоны замаар аялах нь дээрэмчдэд олзлогдох, хязгааргүй уудам элсэн цөлд олон сар аялах, төөрөх, бараа таваар үнэ цэнээ алдах эрсдэл дагуулж байлаа.

Ашиг хонжоо хайгч худалдаачид мэдээж усан замаар Өмнөдтэй хийх худалдааг илүүд үзсэн юм. Тиймээс Өмнөд Хятадын нутагт үе залган оршсон эзэнт улсууд усан замын гол боомт – Ханжөу хотод төвлөн нийсэллэдэг байв. Мөн энд цаг агаар илүү зөөлөн дулаавтар тул газар тариалан нэн хурдацтай хөгжжээ. 

Ийнхүү түгжигдмэл Умард Хятад эдийн засгийн хоцрогдсон бүс нутаг болж хувирсан төдийгүй хил залган орших нүүдэлчин аймгуудын байнгын довтолгоонд өртөж, улс төр – эдийн засгийн гүн хямралд автжээ.

1279 онд Хубилай хаан өмнөд, умард Хятадыг бүрэн эзэлж, нэгтгэн захирах боллоо. Тэрээр асар уудам эзэнт гүрний хөгжлийг нэгэн хэмнэлд оруулахыг хүсэж байлаа. Гэвч хэрхэх тухай удтал мухардсны эцэст гарцыг олжээ.

Эзэн хаан гурван чиглэл бүхий цогц бодлого хэрэгжүүлэв.

Хубилай хаан 1271 онд Умард Хятадын Бээжин хотыг улсын нийслэл болгов. Ингээд Өмнөд Хятадыг Умард нутгаас захирах боломжтой болжээ.

Дараа нь Өмнөд Хятадын эдийн засгийн төв – далайн боомт Ханжөу хотоос засаг захиргааны төв – Бээжин хот хүртэл эгц шулуун усан суваг байгуулах зарлиг буулгажээ. Чухам энэ усан суваг л хоёр бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах ёстой байлаа. Хэдэн мянган км үргэлжилсэн усан суваг барих ажил хорь гаруй жил (1279-1300) сунжран үргэлжилж, асар их хөрөнгө, олон мянган хүний амиар бүтжээ.

Усан суваг Ханжөу хотоос эхлэж, Жэ-жян, Хуай-ань мужийг дайран шууд Бээжин хотод хүрнэ. Усан сувгаар аялах замд худалдаачид ачаа бараагаа буулгаж, түр хадгалах зорилгоор Хубилай хаан нэгэн жижиг хот байгуулсан нь эдүгээ Азид хөгжлөөрөө тэргүүлж буй Тяньжин хот билээ. Хотыг «Тэнгэрийн гарам» буюу «Тяньжин» хэмээн нэрлэсэн нь урт усан сувгийн гарам болж тэнгэрийн нийслэл Бээжин хотын наахна оршдог хэмээх гүн утга агуулжээ.

Засаг захиргааны төв нь Ханжөу хотоос Бээжинд шилжсэнээр усан замаар ирэх харийн худалдаачид нийслэл Бээжинд заавал очих шаардлагатай болсон нь мэдээж. Усан суваг баригдаж дуусахад энэ нь албадлага биш харин эрх ашиг болж хувирав. Эрэлт хаана төвлөрнө, тэнд худалдаачид очих нь жам хойно. Өдөр шөнөгүй бараа зөөх усан сувгийн дагууд арилжааны жижиг суурин олноор байгуулагдсан нь өнөөдөр Хятадын эдийн засгийн томоохон районууд болон хөгжжээ. Ийнхүү Хубилай хаан асар их зардал, тэвчээр зааж усан суваг байгуулснаар өмнөд, умард Хятадыг хөгжлийн нэгэн гольдрилд оруулж чадсан бөгөөд нэгэн захиргаанд удтал барьснаар Өмнөд, Умардын Хятадуудыг антропологийн хувьд бараг ижилсүүлсэн билээ.

1368 онд Юань улс мөхөж, Монголчууд тал нутагтаа хөөгдөхөд Хятадын шинэ эрх баригчид нийслэл хотоо өмнөд нутагт шилжүүлэхээр хоёронтоо оролдсон ч тун удалгүй умардын Бээжинд эргэн нийсэллэж байсан, мөн одоо ч Хятад улс энд төвлөсөөр буй нь эдийн засгийн хөгжлийг өмнөөс умард руу татаж, адил тэгш гольдрилд оруулах бодлого, аль эсвэл түүхийн явцад бий болсон зах зээлийн зайлшгүй шаардлага байж болох юм.

Хэрэв тэд өмнөд нутагт төвлөн суувал умард Хятад эзэнгүйрэн хоцрогдох нь зайлшгүй байсан хэрэг.

Эцэст нь Хубилай хаан газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхийг оролдож байв. Тэрээр ард түмний тогтвортой хөгжлийг газар тариалангаар хангаж болно хэмээн үздэг байсан бөгөөд үүнийгээ «Улс гүрэн хэмээгч ард иргэдээр үндэс болгомой. Ард иргэд хэмээгч идэж өмсөхөөр үндэс болгомой. Өмсөж идэх хэмээгч газар тариалангаар үндэс болгомой» гэх өвөрмөц философиор илэрхийлж байлаа. Тэгээд тариачдад ашигтай, тэдний урмыг сэргээх зорилгоор татвараас түр чөлөөлж, тариалан эрхлэх технологийг шинэчилж, урчууд, эрдэмтдээр шинэ багаж зэвсэг зохиолгож байв.

Хубилай хааны явуулсан цогц бодлогын үр дүнд Хятадын эдийн засаг үзэгдээгүй хурдацтай хөгжжээ. Ордны бичээч түшмэл Яао-суй «Улс гүрний санаашран түгших зовлон өнөд арилав» хэмээн бахдан бичиж байв. 

Хятад орон таван мянган жилийн иргэншлийн түүхэндээ энэ мэт нэгдэж хөгжсөн тохиолдол огт үгүй бөгөөд энэ утгаар авч үзвэл Монголчууд Хятадын иргэншилд гүнзгий ул мөр үлдээж, нэн аугаа зорилтыг шийдвэрлэж чаджээ.

...Мин улс (1368-1644), Чин улсын (1644-1911) үед тариаланд суурилсан иргэншилийн ач холбогдол өчүүхэн ч багассангүй, харин ч эдийн засгийн хөгжил нь газар тариалангаас улам их хамааралтай болж байв. Яг энэ үед Европт үйлдвэржүүлэлтийн эрин эхэлж, нийгмийн хувьсал, өөрчлөлт нь Өрнөдөд феодализмыг газар тариалантай хамт шахан зайлуулж эхлэв.

ХХ зууны дунд үе хүртэл Хятад дан тариалангийн иргэншлийн орон хэвээр байлаа. 1949 онд Хятад коммунист орон болсноор төрийн оролцоо голлох социалист эдийн засгийн бодлого хэрэгжиж эхлэв. Гэхдээ 1978 он хүртэл Хятад улс нь зөв бодлого хэрэгжүүлэх гарцаа эрэлхийлсэн эдийн засгийн туршилтын бүс нутаг болоод байжээ.

Улс төрийн хийрхэл гаарч, эдийн засаг нь туйлдав.

1970-аад оны үеэс эхлэн хөдөө тосгоны амьдрал муудаж, газар тариалангийн ажиллах хүчний цөм – тариачид шинэ амьдрал хайн томоохон хот суурин бараадах нь нийгмийн үзэгдэл болж хувирав. Дэн Сяо-пин-ы Эдийн засгийн шинэчлэлтийн бодлого нь зах зээлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрч, хувиараа эрхлэх аж ахуйг дэмжснээр ардууд жижиг дунд аж ахуй олноор эрхлэх болж, эрэлт хэрэгцээний жамаар хотуудын захаар оршин сууж эхлэв.

1970-1990-өөд оны хооронд тосгоны Хятадууд томоохон хотод шилжин суурьших үйл явц болж өнгөрчээ.

1977 онд V таван жилийн төлөвлөгөөнд Хятад орныг үйлдвэржүүлэх явдлыг эн тэргүүний зорилт хэмээн онцолж, ДНБ-д үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувийг эрс нэмэгдүүлэхээр заажээ. Үйлдвэрийн районуудыг сонгож, хими, барилгын материал, электроник, хөнгөн, хүнсний, төмрийн, машин, тээврийн хэрэгслийн, газрын тосны томоохон үйлдвэрүүдийг шат дараалсан бодлогоор байгуулав.

Зах зээлийн эдийн засагт түшиглэсэн Хятадын онцлогтой социализм нь үйлдвэржүүлэлтийн бодлогыг улс орондоо эрчимтэй өрнүүлснээр 2012 оны байдлаар үйлдвэрийн бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувийг хангадаг болоод байна. Тариачид мэргэшсэн ажилчид болжээ.

Эдийн засгийн баялгийн үндэс хувирахад Хятадын иргэншил асар богино хугацаанд хувирч эхэлсэн юм.

Байсаар бүр Хятадын шинэ удирдагч Ши Жинь-пин НТХ-ны Бүгд хуралд (2011.10.17) «Таван мянган жилийн турш тариаланд түшиглэн хөгжсөн Хятад улс одоо үйлдвэржүүлэлт ба томоохон хотуудад тулгуурлан хөгжих иргэншлийн нэн шинэ хэлбэрт шилжин орлоо» гэж мэдэгдэхэд хүрчээ.

Дэлхий дахинд нэн эрт цагаас гол баялгийг бүтээгч, аж ахуйн нэгэн эрин, соёл иргэншлийн уг сурвалж нь газар тариалан байв. Харин XIX зууны үеэс техникт үндэслэсэн үйлдвэржүүлэлт нь газар тариалангийн эринийг эцэс болгож, үйлдвэр дагасан хотуудын шинэ иргэншлийг бий болгожээ.

ХХ зууны шувтаргаар мэдээлэл технологийн эрин үе эхэлж, хүний амьдралын хэв маяг, аж төрөх хэвшил хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.

Хүн төрөлхтөний эдийн засгийн шаталсан эрин болох газар тариалан – үйлдвэржүүлэлт – технологийн эрин Хятадад нэгэн зэрэг, зэрэгцэн хөгжиж байна. Хоёр зууны өмнө Европт эхэлсэн иргэншлийн томоохон хувьсал нь улс төр, цаг үеийн зөрчлөөс болж Хятадад нэлээд хожуу, тодруулбал шинэ зуунд эхэлж, дээрхи шаталсан иргэншлийн хоёр эринтэй давхцан хөгжиж буйгаараа ихэд онцлог юм.

Газар тариалан эдийн засгийн баялгийг бүтээх гол хэрэгсэл байхаа нэгэнт болиод үйлдвэржүүлэлт, технологийн хөгжил нь Хятадын шинэ соёл иргэншлийг бий болгох уг сурвалж боллоо.

Европ тив үйлдвэржилтийг урьтан хөгжүүлж, дэлхийн шинэ дэг жаяг, зонхилох соёл иргэншлийг буй болгож, ингэснээрээ хоёр зуу орчим жил дэлхийн төв болж байв. Тэд энэ байдлаа хадгалахыг хичээх нь мэдээж боловч тариалангийн иргэншилд суурилж нэн шинэ хоёр иргэншлийг сүлэлдүүлэн хөгжих Хятад улс цар хүрээ, бүтээх баялаг, инерцээрээ тэдний орыг хүч түрэн эзэлж, Ази тивийг дэлхийн төв болгож, улмаар эмзэг чухал олон үйл явдлууд Хятадаас шалтгаалах нөхцөл байдлыг бий болгох болно. Европын хүчирхэг гүрнүүд Хятадын хөрш зэргэлдээх жижиг орнуудад анхаарлаа соргогоор  хандуулж, тэднийг «ивээлдээ» багтаах болсон нь угтаа дэлхийн төвийн байр сууриа алдахгүйг хичээсэн эрмэлзэл билээ.    

Нам гүмхэн орших Монголд үйл явдал хэрхэн өрнөнө вэ?

 Таван мянган жил өрнөсөн Монгол – Хятадын уламжлал арвин харилцаанд үл зохицох соёл иргэншил, үл ойлголцох сэтгэхүй тээглэх авч өнгөрсөн зуунд дэлгэрсэн Өрнөжих оролдлого, өнөө цагт гаарсан эдийн засгийн амин цэг ба түүнийг онилох ашиг сонирхол нь огтлолцдог.

Хятад бол Монголын мөнхийн хөрш бөгөөд бид тэднийг жигшиж зэвүүцэн, эсэргүүцэн зүхэх нь огт утгагүй хэрэг. Гагцхүү өнөөгийн нөхцөл байдалд зохицож, Монгол Улсын ашиг сонирхлыг хангах бодитой арга замыг эрэлхийлэх нь л чухал.

Хятад, Монгол үндэстний иргэншил, бүтээх баялгийн цар хүрээ нь тэс ондоо боловч уламжлалт иргэншлээс үйлдвэржүүлэлт, технологийн эринд шилжин орж буй цаг хугацаа, орчин нөхцөл нь давхцдаг юм. Монголд хөдөө, хотын ялгаа холдож, улмаар төвд тэмүүлэх хэрээс хэтэрсэн процесс өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Хүн төрөлхтөний хөгжил нь аливаа формацийн дагуу заавал дэс дараатай ахидаг бөгөөд түүнийг алгасах, яаран товчлох оролдлого зайлшгүй сүйрдэг болохыг социализмын түүх нотлон харуулав.

Хөгжлийн формац болох газар тариалан – үйлдвэржилт – технологийн эрин бие биенээ халан үүсэх жамтай. Нүүдэлчин иргэншилд тулгуурлан хагас үйлдвэржсэн Монголчууд уул уурхайн баялаг, эдийн засгийн зарцуулалтанд ухаан зарж, үйлдвэржилтийг нэн эрчимтэй хөгжүүлж чадвал ирээдүйн дэлхийн төв – Ази тивд зонхилох байр сууриа зүй ёсоор эзлэх боломжтой.

Харин үйлдвэржүүлэлтийн дараах технологийн эрин бол аливаа зохицуулалтгүй зөнгөөрөө маш хурдацтай хөгждөг үзэгдэл гэдгийг дэлхийн шинэ үеийн түүх харуулж байна.

Гэвч манай оронд «үйлдвэржүүлэлт» хэмээх үг зөвхөн улс төрийн лоозонгийн утгаар хэрэглэгдсээр өдийг хүрсэн нь харамсалтай. Социализмын үед бодлогоор бэлтгэгдсэн ажилчин ангийн сүүлчийн залгамж дээр Монголын аж ахуй тогтож буй нь нууц биш юм. Бидний «хар ажил» гэж доромжлон нэрийддэг «нийгмийн бүтээлч хөдөлмөр»-ийг дэлгэрүүлэн хөгжүүлж чадсан цагт л улс орны аж ахуй илт сэргэн дэвждэг билээ.

Хөгжилд хүрэх урт замд ганцаар туучин ядалдах нь огт утгагүй хэрэг бөгөөд харилцан ашигтай нээлттэй хамтын ажиллагаа амин чухал.

Монгол Улс Хятад улсад экспортлодог ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах сонирхлоо бодит ажил хэрэг болгох шаардлагатай гэдгийг эрдэмтэд ахин дахин хэлсээр иржээ.

Европт газар тариалан – үйлдвэржилт – технологийн эрин ээлжлэн үүссэн бол Хятад, Монголд харин энэ гурван иргэншил төгс биш боловч зэрэгцэн оршиж, ашигтай давуу тал нь хосолж, ингэснээр бусад улс орны нөхөгдөшгүй сул талыг хангаж илүүрхэх өвөрмөц боломжтой болж байгаа юм.

Ингэж гэмээнэ Монгол Улс хэдийгээр хүн ам цөөн, бодит хүч бага боловч газар зүйн онцлог байршил, газрын доорхи үнэт баялагтаа тулгуурлаж, ирээдүйн дэлхийн төв – Ази тивийн чухал үйл явдлууд Монголоос хамаарах, түүнчлэн хөгжлийн түвшин илтэд дээшлэх, харьцангуй таатай орчин бүрэлдэн тогтох төлөвтэй.

Жилийн өмнөөс чих дэлсэх болсон Хятадын төрийн дээд удирдлагын зөрчил нь хөгжлийн арга замын эрэлхийллийн харшилдаан болохоос тогтолцооных нь үндэс ганхсан хэрэг биш бололтой. Хөгжлийнх нь хөдөлгүүр нэгэнт ассан билээ.

Монголын хөгжлийг энэ зуунд тодорхойлох цаг үеийн тохироо, алдах эрсдэлтэй алтан боломжийг амжих атгах нөхцөл Монголчууд бидний гарт байна.

Манай улсыг сүүлийн үед нэн их (бодит ба хийсвэр байдлаар) сонирхох болсон Хятадын бодлогыг сэтгэл хөдлөлөөр бус, нягт судалгаагаар тодорхойлох гарцаагүй шаардлага бий болжээ.

Гашуун нясуун мэт санагдавч Германы аугаа зохиолч Хочхутын үг эрхгүй бодогдоно. – «Хүмүүсийг  хонжоо, үндэстнүүдийг зөвхөн эрх ашиг л холбож чадна».

Ч.Содбилэг