Тархи угаагч сүүдэр ший, тархи  угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”– гээд өмнөх хоёр нийтлэлдээ биччихсэн чинь боож үхэх шахсан, хорсол заналаа барьж дийлэхээ больсон, бас дэмжин уухайлсан 400 орчим комментчин над руу хандсан байх юм. Тэгвэл энэ төрлийн сэдвээр гурав дахь нь болох хөндүүр асуудал руу орох гэж байна.


“Тийм шинжлэх ухааны доктор”, “тийм ухааны PhD” гэх гуншинтай хүн өнөөгийн Монголд дэндүү олширч, хэрэв аль нэг их дээд сургуульд үндсэн ба цагийн багш хийдэг бол “профессор” цол ямагт дагалдаж, “доктор профессор тэр гуай” гэх цолтон таньж мэдэх нь бүү хэл тоолж бүртгэх аргагүй олон болсон нь XXI зууны Монголын нэгээхэн парадокс мөн. Нийгэм маань доктор профессоруудаараа хахаж үхдэгийн даваан дээр тулж ирээд байна.

Монгол Улс 2.7 сая хүн амтай, 10 000 хүн ам тутамд ногдох доктор, профессорынхоо тоогоор дэлхийд тэргүүлж, бараг толгой цохиж яваа. Доктор, професоор, академичийн тоо нь эрүүл ухааны хязгаарыг аль хэдийнээ давж одоод, одоо яг хүүхэд нохойн доог болдогийн даваан дээр очжээ. Жинхэнэ докторыг хуурамчаас (PhD) нь ялгах нэгэн мэргэн аргыг манайхан сүвэгчилж, Орост яг энэ кампани өрнөж байгаагийн тусгал нь Монгол гэлтэй “Шинжлэх ухааны доктор” (Sc.Doctor) гэсэн хаягтайгаар үйлдвэрлэж байна. Их сургуулиуд PhD-гээ, ШУА нь Sc.Doctor-оо гэж хувааж авчээ. Баруунд бол онцгой, ховорхон тохиолдолд (онолын физик, цөмийн физик, хими зэрэг явцуу салбарт) тун хязгаартай олгодог энэ том цол манайд өргөн дэлгэр нэвтэрчээ.     

Энэхүү хөгийн атлаа эмгэнэлт байдлаас гарах арга юу вэ? Хэнээр ч бичүүлчихэж болж байгаа тул юуны өмнө диссертацийн (жинхэнэ, хуурамч аль алин нь) нэр хүнд навс унасан, хамгаалуулах нэрээр шог жүжиг зохиомжилдог нь ч мөн унасан. Цөөлөх, гол нь эрдмийн зэргийн нэмэгдэл нэрээр цалин дээрээ өч төчнөөн мөнгө нэмж авч улсыг санхүүгийн талаас нь хохироож байгааг зогсоохын тулд саналаа толилуулж байгаа маань энэ л дээ! Үүнд:  

1)    Коммунист тогтолцооны үед тэр дэглэмийн төлөө үзэл суртал–улс төрийн зорилгоор хамгаалсан бүх зэрэг цолыг хүчингүй болгох аваас юуны өмнө төсвөөс үнэгүй хумсалж буй эрдмийн зэргийн нэмэгдэл гэгчийг үлэмжхэн хэмнэчихэж болох мэт.
2)    Өнгөрсөн нийгмийн улирч баларсан үзэл суртлыг хамгаалан цаас эрээчсэнийхээ төлөө хүртсэн “тийм шинжлэх ухааны доктор”, “тийм ухааны PhD” гэх гуншингаа дуудуулж түүндээ эрдэж яваа олон арван нөхдөд сэтгэхүйн талаасаа хашраалт болох учиртай.
3)    Энэ үйлсэд амьд үлгэр жишээ болог хэмээн би гарчигт хоёр эрхмийг нэр заалаа. Тэд бол хэн бүхний танил, нэртэй улс төрчид. Гэхдээ би тэдний улс төрийг энд бичих гээгүй. “Эдийн засгийн ухааны доктор Да.Ганболд”, “Эдийн засгийн доктор М.Энхсайхан” хэмээн нэр хаяг гуншингаа бичихээ больсонд нь, бүр 1990 онд тэр гуншингаа зарлуулахаас ичсэнд нь олзуурхаж энд хэргээр гарчигласан юм. Ичих булчирхайтай хоёр эрдэмтнээр төлөөлүүлэн тэгж нэрлэгдэхээс ичиж яваа олон арван эрүүл ухаантай эрдэмтэн нөхдөө төлөөлөн бичиж байгаа нь энэ юм.

Та бүхэн өөрсдөө тунгаа! Үндэсний төв номын санд бүртгэлтэй байгаа эрдмийн зэрэг горилсон бүтээлүүдийн товъёог–ном дахь дараахи жагсаалтыг уншиж үзээд Ta л лав ичиж үхмээр оргих биз.



Энэ зэрэгтнүүдийн нэлээд нь өнөөдөр ичих ч үгүй эрдмийн зэргийн нэмэгдлээ хүртээд цол гуншингаа дуудуулаад алхалж яваа.  Жагсаалт:
 
-    Намын гишүүн байх ленинч зарчим, МАХН-ын нийгмийн бүрэлдэхүүний зарим асуудал
-    Социализм байгуулах үйлсэд Монголын ард түмний интернационалч, эх оронч ухамсар төлөвшин хөгжсөн нь
-    Социалист нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох талаархи МАХН-ын үйл ажиллагаа: ЗХУКН-ын туршлагаас
-    Улс ардын аж ахуйн төлөвлөлтийн баланс ба БНМАУ-ын нийгэм–эдийн засгийн төлөвлөлтөд түүнийг хэрэглэх нь
-    БНМАУ дахь бөөний ба бэлтгэлийн үнийг боловсронгуй болгох онол–арга зүйн асуудлууд
-    Социалист хөдөө аж ахуйн салбар хоорондын харилцааг хөгжүүлэн боловсронгуй болгох асуудлууд
-    Монголын хувьсгалт өөрчлөн байгуулалт бол дэлхийн хувьсгалт үйл явцын нэг хэсэг  мөн
-    Хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал ба хөгжлийн капитал биш зам
-    МАХН-ын үйл ажиллагаан дахь интернационализмын зарчим
-    “Зүүн оппортунизм”, түүнийг даван туулах асуудал: Онол–арга зүйн туршлага
-    БНМАУ-ын ажилчин ангийн нийгмийн бүтцийн хөгжлийн социологийн зарим асуудал
-    МАХН-аас лам нарын талаар явуулсан бодлого
-    Залуучуудыг коммунист ёсоор хүмүүжүүлэх намын бодлого, Монголын хувьсгалт залуучуудын үйл ажиллагаа (1966-1971)
-    МАХН-аас МХЗЭ-ийг удирдаж, залуучуудын хөдөлмөрийн хүмүүжлийг дээшлүүлэхэд ЗХУКН-ын түүхэн туршлагын ач холбогдол
-    БНМАУ-д ШУТ-ийн дэвшлийг хурдасгах нийгэм–эдийн засгийн хүчин зүйл, механизм
-    БНМАУ-ын социалист аж үйлдвэржүүлэлт ба аж үйлдвэрийн хөгжил
-    Феодалын эсрэг эдийн засгийн өөрчлөн байгуулалтыг МАХН-аас хэрэгжүүлсэн нь
-    Орчин үеийн шатанд олон түмэнтэй харилцаагаа бэхжүүлэх талаар МАХН-аас явуулж буй үйл ажиллагаа
-    Капитализмыг алгассан орнууд дахь социалист нийгмийн давхаргын төлөвшил хөгжил: БНМАУ-ын туршлага
-    МАХН, Ардын төрөөс казак, урианхай дунд хэрэгжүүлсэн хувьсгалт ардчилсан өөрчлөлт
-    МАХН хоршооллох хөдөлгөөний ялалтыг удирдан зохион байгуулсан нь (1955-1959)
-    Социалист ардын бүгд найрамдах улсын эрүү–эрхийн хамгаалалт гэх мэт.

Дөрвөн боть номын зөвхөн хоёрыг сөхөхөд л ийм жагсаалт гарч ирж байна. Цаана нь орхигдсон өдий төдий сэдэв (хэдэн зуугаараа) байгаа ба би ч цаашаа жагсаахыг хүссэнгүй. Хүсвэл уншигчид өөрсдөө очоод үзэж болно.   



“Европын Холбооны стандарт” гэж манайд их ярих болжээ. Тэр түвшинд бидний ажил үйлс, үйлчилгээ, үнэлгээ хүрэх нь буруу биш. Гэхдээ энэ маань миний хөндөж буй эрдмийн зэрэг цолны гуншинд мөн хамаатай. Герман, Унгар, Польш, Чех, Румын, Болгар, Балтийн зэрэг посткоммунист орнуудад коммунист нийгмийн улс төр, үзэл суртал, эдийн засгийн ухааны докторуудыг толгой дараалан ажилгүй болгож, эрдмийн цол зэрэг дэвийг хураасан нь хатуу ширүүн мөртлөө яалт ч үгүй зөв алхам байсан ба хэрэв тэгэхгүй бол Европын Холбоонд элсэх нэг гол шалгуур дээр бүдрэхээр байсан юм. Европын Холбооны боловсрол, шинжлэх ухааны шалгуурт тэнцэе л гэвэл юуны өмнө тэр коммунист үзэл суртлын зорилгоор хамгаалсан эрдмийн бүх зэргүүдийг хүчингүй болго хэмээн цаадуул нь шаардсан хэрэг. Тэглээ гээд боож үхсэн, амиа хорлосон, эсэргүүцэл өлсгөлөн суулт зарласан нэг ч эрдэмтэн Унгар, Польш, Чех, Румын, Болгарт гараагүй ээ. Манайд ч гарах нь юу бол!
 
“Европын Холбооны стандарт” гэдэгтээ дүйцүүлж коммунист тогтолцооны төлөө үзэл суртал–улс төрийн зорилгоор хамгаалсан бүх зэрэг цолыг хүчингүй болгох хууль бид  гаргаваас эрдэмтдийг үнэхээр нэг сайн шүүслэх болов уу. Эцсийн гарц гээд АНУ, Япон, Герман зэрэг барууны улсуудад хамгаалсан шинэхэн докторуудыг зөвшөөрч үлдээгээд бусдыг нь бүгдийг хүчингүй болгоод бүгдийг нь дахин цоо шинээр эхлүүлэх нэг арга байна. Энэ бол шударга шүүлт байх магадлалтай!