Улс төрийн талбайд сүүлийн жил орчим үргэлжилж байгаа “Улаан”, “Цэнхэр” багуудын тоглолт ойрын өдрүүдэд улам ширүүсч байна. Сөрөг хүчин болох “улаан”-уудын довтолгоо идэвхжиж буй нь тэдний өмнөө тавьсан зорилгоос үүдэлтэй юм. Тэд Засгийн газрыг нь огцруулах хэлбэрээр эрх баригч “цэнхэр”-үүдийн хаалганд гоол оруулах зорилгыг энэ удаа тавьсан ба оновчтой довтолгоо хийж чадалгүй завсарлага аваад байна. Энэ хооронд цаг хожиж яаж оновчтой довтолгоо хийх, эрх баригч багын хамгаалалтыг хэрхэн сэт цохих талаарх стратеги, тактикаа боловсруулж буй нь илт байна. “Цэнхэр”-үүдийн хамгаалалтыг сэтлэх үүднээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн Ерөнхий сайдтай худ ургийн холбоотой төдийгүй гэр бүлийнхээ компанид тендер шийдүүлсэн гэх асуудлыг гаргаж тавив. Сэтлэлт хийх энэхүү оролдлогыг “Цэнхэр”-үүд зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой болж, мань Г.Дэнзэнгээр няцаалт хийлгэв. “Энэ бол сөрөг хүчнээс явуулж буй ор үндэсгүй гүтгэлэг“ болохыг тэр даруйд нь албан ёсоор мэдэгдлээ. Талбай руу энэ асуудлыг чирч гаргасан “улаан” багийн залуу, гайгүй довтлогчдын нэг Ж.Энхбаяр уран гоё “өшиглөлт” хийсэн ч үүнийг нь цааш гүйцээх хамтын тоглолт одоо хэрэгтэй боллоо. Худ ургийн холбоо, гэр бүлийн гишүүн гэх зэргээр нэг нэгнээ албан тушаал, эрх мэдэлд татдаг үзэгдлийг хориотойд тооцох дүрмийг өнгөрсөн жил “УИХ” холбоо дүрмэндээ шинээр тусгасан юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэ дүрмээр бол ашиг сонирхлын зөрчилд хамаарах ноцтой алдаа гаргасан байж болзошгүй гэсэн сануулга авч, торгуулийн картын тоогоо нэгээр нэмэгдүүллээ. Өмнө нь түүнийг яг ийм зөрчилд холбох хэд хэдэн баримтыг “улаан”-ууд гаргаж ирж байсан ч тэдгээрийг яг таг нотолсон зүйл одоогоор байхгүй байгаа.

Монголын уламжлалт “хөлбөмбөг”-т урд өмнө байж болоод л байсан төрлөө төрийн албанд татдаг үзэгдлийг эрс шүүмжилж, тэмцсээр байгаад дүрмээр хориглуулсан гол хүн нь Н.Алтанхуягийн багийн залуу тоглогчдын нэг Х.Тэмүүжин юм. Маш шийдэмгий тоглолттой, шинэлэг сэтгэлгээтэй түүний фэнүүд “цэнхэр”-ийн нийт фанатуудын дунд тодорхой байр суурь эзэлдэг. Гэвч тэрбээр алсын хараа дутав уу яав, хожим багаа “алж” ч мэдэх шинэ дүрмийг санаачилсан байж таарлаа. Энэ талаар багийн ахлагч Н.Алтанхуяг ямар бодолтой байгаа нь түүний үг, үйлдлээс одоохондоо анзаарагдахгүй байна. Тэр байтугай юманд реакцаа илэрхийлээд байдаггүй хүн дээ. Энэ хашир тоглогч сэтгэлийн хөдөлгөөнөө талбай дээр илэрхийлээд байдаггүй, ямар ч үед жигд тоглолт үзүүлдгээрээ ялгардаг. Баг нь барьц алдах үед өрсөлдөгч багийн сэтгэлзүйн довтолгоог огт мэдэрсэн янзгүй гөлгөр байж чаддагаараа бусдадаа нөлөөлж, тайван тогтвортой уур амьсгалыг талбайд бүрдүүлж чаддаг учраас дасгалжуулагч нь маш үнэлдэг. Арга ч үгүй байх, “Цэнхэр”-үүд баг эмоци ихтэй, түүнийгээ нууж чаддаггүй, энэ хэрээр хий гаргаж, гол өрсөлдөгч болох “улаан”-уудад олзлогддог сул талтай. Тэгэхээр багийн сэтгэлзүйд эергээр нөлөөлөх сэтгэлзүйтэй тоглогч маш чухал байдаг.



Дашрамд сануулахад “улаан” баг аль тэртээ 1921 оны ардын хувьсгалын дараахан анх үүссэн, фанат, дэмжигчид ихтэй, хөрөнгө санхүүгийн хувьд ч хөл дээрээ боссон домогт  баг юм. Багийн түүхэнд олон арван шилдэг довтлогч, хамгаалагч төрөн гарч байсан. Тэр тусмаа хамгаалалт, довтолгоо аль алийг хийж чаддаг, уран гоё хууралттай, хурдтай, шийдэмгий, олон жилийн турш чансааны жагсаалтыг тэргүүлсэн шилдгүүд олонтой юм. Тэдгээр домогт хөлбөмбөгчдийн зарим нь баруун, солгой, толгой, бүх биеэрээ бөмбөг авч тоглолтод оруулах онцгой чадвараараа илүүрхэж, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрийн сайд, Элчин сайд, Хууль зүйн хошой сайд, Их хурлын дарга зэрэг байрлал бүр дээр удаа дараа тоглож байсан байдаг.

Харин “цэнхэр”-үүд багийн хувьд 1990 оны ардчилсан хувьсгалтай зэрэг төрсөн шинэ баг. Олон жил хүчтэй өрсөлдөгчгүй, өөрөө өөртэйгээ тоглодог, үүнээсээ ч уйдаж мухардалд орж эхэлж байсан “улаан” багт хөлбөмбөгийн бурхан энэхүү хүчтэй өрсөлдөгч “цэнхэр” багийг илгээсэн гэж судлаачид үздэг. Судлаачдын санал бодол үүн дээр мөн хуваагддаг бөгөөд зарим нь хөлбөмбөгийн бурхан биш, чөтгөр нь “цэнхэр”-үүдийг илгээсэн гэж үздэг нь нууц биш. Тэдний үндэслэл нь гэвэл цэнхэрүүд бий болсноор улс орон нэгдсэн удирдлагаас гарч замбараагүй болсон, хөлбөмбөгийн ногоо дэвжээг хэрүүл маргаан, эцэс төгсгөлгүй тэмцлээр дүүргэсэн, үзэгчдийг хоёр талд хувааж, улс үндэстнийг хагаралдуулсан явдал. Үүнд итгэдэг үзэгчид хар аяндаа “улааныг” дэмждэг болсон. Үнэндээ бол өмнө нь бүх үзэгч “улаан” багийн фэнүүд байсан юм. Харин “Цэнхэр” баг төрөн гарснаар үзэгчид өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлээр хуваагдах боломж бий болсон юм. “Цэнхэр” багийн фэнүүд ердийн нэг фэн биш фанат хэв шинжтэй, багаа ямар ч тохиолдолд хамгаалдаг, улааны фэнүүдтэй удаа дараа зодоон үүсгэж байсан, үүсгэхэд ч бэлэн байдаг.

Одоо тоглолт руугаа эргэн оръё. Сөрөг хүчин “улаан”-уудын довтолгоо маш алсаас тун зальжин байдлаар энэ удаад эхэлсэн гэж болно. Цэнхэр багийн цэмцгэр тоглогчдын нэг С.Баярцогт гадаадын банкинд дансандаа нэг сая ам.доллартай гэдэг хэлбэрээр бөмбөг тоглолтын талбайд ороод ирэх нь тэр. Хэн хаанаас шидээд оруулаад ирэв ээ, хамгаалалт сэтлэх шахлаа. Хамгаалалт яаралтай зохион байгуулалтад орж, бөмбөгийг тоглолтод оруулсан этгээд хараахан гоолоо гүйцээсэнгүй. Талбай дээр лидерийн үүрэг хүлээж авсан “Цэнхэр” багийн Д.Эрдэнэбат “энэ бол алсаас шийдэгдсэн мэх” гэж мэдэгдэн бүлгээ зохион байгуулалтад оруулав. Хэдийгээр тэрбээр талбайд гарч ирээд удаагүй байгаа ч өмнө нь багийн спортоор бага залуугаасаа хичээллэсэн хүний туршлага зааж эхэллээ. Энэ бол зүгээр нэг янз үзсэн биш “Засгийн газраар оролдож” болж өгвөл гоолдох гээд байгаа довтолгоо гэж тэрээр үзсэн. Ингээд С.Баярцогтыг дэд даргаас нь буулгах операцийг талбай дээр яаралтай удирдаж, галыг намдаалаа. Фанатууд нь үзэгчийн суудлаас “Баярцогтыг намд нь буцаа, үү, үү, балиар ардын намд нь буцаа, үү, үү“ гэж орилолдож байгааг тэр анзаарсан ч тоохгүй л болов уу. Учир нь талбайн ахлагчийн хувьд түүнд нэг тоглогч ч байсан маш үнэтэй юм.

Улс төрийн хөлбөмбөгийг азаартны болгодог нэг онцлогийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр нь багуудын тоглогчдын тоо эн тэнцүү байх албагүй, эрс тэс зөрүүтэй байх нь гол. Энэ жилийн арилжаагаар “улаан” багаас Д.Арвиныг “цэнхэрүүд” авсан юм. Одоо хэд хэдэн тойрогт арилжаа, наймаа цэгцрээгүй үргэлжилж л байгаа. Өвөрхангайд нэг, Увсад хоёр, хотын нэгэн дүүрэгт арилжааны хэлцэл, үнэ хөлсний тохироо явж байна. Эдгээрийн дараа багуудын хүчний харьцаа эцэслэгдэх юм.

Ээ, энэ чинь юу болоод байна. Дахиад нэг бөмбөгийг “улаанууд” тоглолтын талбай уруу оруулсан ч хариу хамгаалалтад өртчихлөө. Тэр нь Засгийн газрын бондын мөнгөөр Монголбанк алт худалдан авч дилердээд байна гэсэн агуулгатай. Энэ бол үзэгчдийг уйдаахгүй, улам бүр сонирхлыг нь дөгөөх, цаашдаа нэлээн хол явж, юм дуулгаж мэдэх цохилт байж болох юм. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр минь гэж. Хөлбөмбөг сонирхдоггүй ч алт сонирхдог хүмүүс байдаг юм байна. Тэдний анхаарал талбай дээр туслаа. Улаанууд Монголбанк руу шалгалт оруулья гэж дайрахад Д.Эрдэнэбат "ийм юм гэж байдаггүй юм, май" гээд өнгөрлөө. Мөн Монголбанкны хэргэм бүхий залуу хэвлэлээр тун сүрхий няцаалт хийгээд байна. Алт аваагүй талаараа. Гэвч алтанд дурлагсад улам хорхойгоо гозолзуулж, алт аваагүй юм бол өөр юу авсийн гэж байна. Алтнаас өөр ашигтай юмнууд байна ш дээ, гэхдээ нууц... гэж Монголбанкны мэргэжилтэн гүрийж орхилоо. Ээ, үнэн үү дээ, юу л болсон юм бол доо, аа яаяа, юу л болох гээд байна даа ... гэж “цэнхэр” багийн зарим фанатууд толгойгоо нүдэж  эхэллээ. Нэг л биш ээ, ер нь гоол орчих гээд л байна даа гэсэн айдаст тэд автацгааж байна.

Талбай дээр ил цагаан болж байгаа эдгээр тоглолтууд ч яахав. Далдуур ер нь юу болох гээд байна? “Улаан”-ууд баг далдуур юм зохион байгуулахдаа гаршсан, тэрэн дээрээ тулбал барагтай л хий гаргадаггүй гэж ажиглагчид хэлдэг. “Улаан” багийн бурхинуудын нэг Н.Энхболд өрсөлдөгч багийнхаа зарим нөхөдтэй тохироо хийж, хамгаалалтыг сэтлэлцээд өг гэж гуйж байгаа сурагтай. Гэхдээ энэ нь хардлага ч байж болох юм. Ер нь улирлын хамгийн шийдвэрлэх тоглолтуудын үеэр фанатууд ийм хий хоосон зүйлд автах, цааш нь сэтгэмжлэх хэнээрхэлд автдаг юм. Фанатуудын фантааз гэж аймар зөгнөл байна шүү дээ бас. Мэдэх нэгэн нь мэдэх л байх...  “Цэнхэр” багийн луухгаруудын нэг “Женко” хочитыг улаанууд уургалж, хамгаалалтын бүсийг сэтлээд хаалганд маниудыгаа ойртуулаад өг гээд байгаа гэх юм. Яаж ийгээд гоол оруулчаасай гэж хүсч байгаа “улаан” фэнүүдийн улангаслаас үүдсэн энэ цуу яриан дээр нөгөө талаас “ямар нэг заль мэхээр цаадуул чинь гоол хийчих гээд л байна даа“ гэсэн “цэнхэр” фанатуудын сонор сэрэмжээс үүдсэн хардлага ирж нийлээд байгаа бололтой.

Ээлж дараатай довтолгоо, хамгаалалт, завсарлага, заль мэх, арилжаа наймаа гээд ил далд юм бүхэн нь буцалсан улирлын шийдвэрлэх тоглолт энэ өдрүүдэд ийнхүү үргэлжилж байна. Эргэн тойронд нь хөөрхөл, хардлага, хэтрүүлэл, хэрүүлээр чимэглэгдсэн тайлбарууд хаанаас дутах билээ дээ. Мөн зарын чанартай нэг зүйл дуулгахад та бүхэн “Цэнхэр” ба “Улаан” багийн хэнийг дэмжиж байгаа талаар санал хүсэлтээ 11-11 утсанд өгч болох юм.