Фрэнсис Фукуяамагийн “Улстөрийн тогтолцооны сурвалж” номын хэсгээс

Мальтусын ертөнцийн улстөр

Хохироож байж хождог Мальтусын ертөнц улстөрийн хөгжилд асар үр дагавартай байсан, тэгээд ч өнөөгийн хөгжлөөс огт өөр. Мальтусын ертөнцөд эд баялагтай хувь хүмүүст түүнийгээ үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа, боловсрол зэрэг урт хугацааны эдийн засгийн өсөлт авчрах үйлсэд хөрөнгө оруулах сонголт бага байлаа. Хэрвээ эд баялгаа улам нэмэгдүүлэхийг хүсвэл тэд улстөрийн замаар яван, бусдыг хохироож, өөрөөр хэлбэл хүчээр булаан эд баялагтай болдог байв. Хүчээр булаах нь хоёр хэлбэртэй: бусдыг дарамтлах хүч чадавхитай нь нийгмийнхээ гишүүдээс татвараар юм уу эсвэл шууд л ил цагаан хулгайлах замаар; эсвэл нийгмээ зохион байгууулалтанд  оруулан хөрш зэргэлдээ нийгмийг дайлаар мордож, бусдаас дээрэмдэж авдаг байлаа. Мальтусын ертөнц дэх улстөрийн амин чухал инстүүц нь төр байсан нь эдийн засгийн тэлсэн өсөлтөнд хүрэх гол зам байсных аж. Арми, цагдаа гэсэн хүч хэрэглэх чадварыг дайн, байлдан дагуулал гэсэн гадагшаа түрэмгийлэл болгон ашиглаж болохоос гадна мөн эрх баригчдын хүч чадавхийг хадгалах зорилгоор дотоодын хүн амын эсрэг хэрэглэж болох аж.

Орчин үеийн нөхцөл дахь хөгжил

Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хөгжлийн толорхойлох хэмжээс шал өөр болжээ. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт тогтмол болж бусад бүх хэмжээсийг тодорхойлох болсон. Эдийн засгийн тэлсэн өсөлт цааш үргэлжилсээр байсан авч нэг хүнд ноогдох гарцыг нэмэгдүүлсэн болохоос улстөрийн хувьд тийм ч чухал өөрчлөлт биш. Түүнээс гадна төр байгуулах үйл явцад ардчилал нэмэгдэн орж ирэн хуулийн засаглал мөн улстөрийн хөгжлийн нэг бүрдэл хэсэг болсон.

Төр байгуулалт, эдийн засгийн өсөлт хоорондын уялдаа

Эдийн засгийн эрчимтэй өсөлт явагдахын тулд юуны өмнө төр байх ёстой. XX зууны сүүл үе дэх Африкийн ядуурлыг түүний улс орны төр нь байнга нурж, тогтворгүй байсантай нэлээд их холбож тайлбарладаг. Дэг журам тогтоох суурь чадавхиас гадна төр захиргааны чадавхи ихтэй байх нь эдийн засгийн өсөлтөнд нь хүчтэй нөлөөлдөг байна. Энэ нь ялангуяа нэг хүнд ноогдох ДНБ маш доогуур (мянган доллараас бага) улс орны тухайд үнэхээр үнэн; харин түүнээс дээгүүр орлоготойд үнэний хувьтай ч нөлөө нь шууд уялдаатай биш болдог байна. Сайн засаглал эдийн засгийн өсөлттэй холбоотой тухай их бичигдсэн байдаг ч “сайн засаглал” гэж чухам юуг хэлээд байгаа тухай тодорхойлолт нэг их тодорхой болж тогтоогүй байгаа.

Хүчтэй эвтэй төр, эдийн засгийн өсөлт хоёр хоорондоо холбоотой гэдгийг нэлээд сайн тогтоосон ч учир шалтгаан нь тодорхой биш л байна. Ядуу улс оронд ялзрал, авилга яагаад тийм их байдгийн нэг шалтгаан нь тэд төрийн албан хаагчиддаа гэр орноо тэжээх хангалттай цалин өгдөггүйгээс тэд нар нь авлигад татагддаг ажээ. Арми, зам, сургууль, гудамжинд байгаа цагдаа зэрэгт зарцуулж буй засгийн газрын нийт зардлыг нэг хүнд ноогдох хэмжээгээр тооцоолж үзэхэд 2008 онд энэ хэмжээ АНУ-д 17 000 доллар бол Афганистанд ердөө л 19 доллар. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлт сайн засаглал авчраагүй олон тохиолдол бий. Бас үүний эсрэгээр, сайн засаглал нь эдийн засгийн өсөлт авчирсан тохиолдол ч бий. Өмнөд Солонгос, Нигерийг авч үзье л дээ. Солонгосын хойгийн дайны дараах 1954 онд Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ нь 1960 онд Их Британиас тусгаар тогтнолоо олсон Нигерийнхээс ч доогуур байв. Дараагийн тавин жилд нь Нигер газрын тосныхоо арилжаанаас 300 тэрбум ам долларын орлого олсон ч 1975-1995 оны хооронд нэг хүнд ноогдох орлого нь унасан. Үүнтэй харьцуулахад Өмнөд Солонгос энэ хугацаанд уг үзүүлэлт жилд 7-9 хувиар өссөөр 1997 оны Азийн хямрал тохиолдох үед дэлхийн хамгийн том арван хоёр эдийн засгийн нэг нь болж чаджээ. Ийм огт өөр үр дүнд хүрсэн шалтгаан нь бараг тэр чигтээ Өмнөд Солонгост Нигерийг бодвол хамаагүй дээр засаглал байсан ажээ.

Хуулийн засаглал ба өсөлт

Эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хуулийн засаглалыг заримдаа засаглалын нэг бүрдэл гэж үзсэнээ заримдаа хөгжлийн тусдаа бие даасан хэмжээс гэж үздэг. Хуулийн засаглалын эдийн засгийн өсөлттэй холбогдогч гол тал нь өмчийн эрх, гэрээний хэрэгжүүлэлт байдаг. Ийм холбоо байдгийг нотолсон маш их зохиол бүтээл бий. Ихэнх эдийн засагчид ийм уялдаа холбоог угаасаа байх ёстой зүйл мэт үздэг ч эдийн засгийн өсөлтөнд өмчийн эрх зайлшгүй, заавал шаардлагатай эсэх нь тодорхойгүй байна. Маш олон нийгэмд өмчийн тогтвортой эрх нийгмийн зөвхөн хэсэг бүлэг элитэд л байсан. Энэ нь ядаж тодорхой хугацааны хувьд эдийн засгийн өсөлт явагдахад хангалттай байжээ. Цаашилбал “хангалттай сайн” өмчийн эрхтэй орчин үеийн Хятад зэрэг нийгэмд хуулийн засаглал байдаггүй ч маш өндөр түвшний өсөлттэй.

Эдийн засгийн өсөлт, тогтвортой ардчиллын уялдаа

Хөгжил, ардчилал хоёрын холбоо шугаман биш. Өөрөөр хэлбэл илүү их эдийн засгийн өсөлттэй байх нь заавал ч үгүй илүү их ардчилал бий болгох албагүй. Автократиас ардчилал руу хийх шилжилт эдийн засгийн хөгжлийн ямар ч түвшинд тохиолдож болдог ч нэг хүнд ноогдох ДНБ өндөр болсон үед үүнээсээ эргэж буцсан шилжилт тохиолдох магадлал буурдаг. Өсөлт тогтвортой ардчилалд таатай юм шиг байдаг ч ардчиллаас өсөлтөнд үзүүлэх нөлөө нь харин тийм ч тодорхой биш байна. Сүүлийн жилүүдэд авторитар дэглэмтэй маш олон орон биширмээр эдийн засгийн өсөлт үзүүлж байгаа гэдгийг бодож үзэхэд л энэ эргэцүүлэл худлаа бишийг ойлгож болно. Үүнд жишээ нь дарангуйллын дэглэмтэй байсан Өмнөд Солонгос, Тайвань, БНХАУ, Сингапур, Сухартогийн үеийн Индонези, Августо Пиночетын Чили зэргийг дурдаж болно. Тиймээс эв нэгдэлтэй төр, харьцангуй сайн засаглал өсөлтөнд сайнаар нөлөөлдөг бол ардчилал харин түүн шиг нааштай нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй байна.

Иргэний нийгмийн хөгжил эдийн засгийн өсөлттэй хэрхэн холбогддог вэ?

Орчин үеийн захзээлийн эдийн засгуудын шаардаж буй уян хатан байдал, нээлттэй гарцууд нийгмүүдийн засаглалын уламжлалт хэлбэрийг доройтуулж, илүү уян хатан, сайн дурын хэлбэрээр солигдоход хүргэж байна. Хөдөлмөрийн хуваарьлалтын хувьсган өөрчлөгч нөлөөлөл Карл Маркс, Макс Вэбэр, Эмиль Дюркгэйм зэрэг XIX зууны сэтгэгчдийн зохиол бүтээлийн гол сэдэв.

Нийгмийн зохион байгуулалт ба либерал ардчилал

Нийгмийн бүлэг зохион байгуулалтад орох нь сул дорой хүмүүст ашиг сонирхлоо нэгтгэн нягтарч, улстөрийн системд нэгдэх боломж олгодог; тэдгээр нийгмийн бүлэг улстөрийн зорилго тавиагүй байлаа ч гэсэн сайн дурын нийгэмлэгүүд нь шинээр гарч ирсэн нөхцөл байдалд биентэйгээ хамтран ажиллах хувь хүмүүсийн чадварыг ихэсгэдэг байна. Үүнийг нийгмийн капитал хэмээн нэрлэх болсон. Эдийн засгийн өсөлт нийгмийн зохион байгуулалтын сувгуудаар дамжин тогтвортой либерал ардчилалтай холбогддог. Эдийн засгийн өсөлт нийгмийн шинэ оролцогч нар гаргаж ирдэг, тэд нар нь харин илүү нээлттэй улстөрийн системд оролцохыг шаардаж, ардчилсан шилжилт шаардаж эхэлдэг байна.

Ардчилал, хуулийн засаглал хоёрын холбоо

Ардчиллын ба хуулийн засаглалын мандал хоёр хоорондоо нягт уядаатайг түүх гэрчилсэн. Англид хариуцлага хүлээдэг төр гарч ирсэн нь Нийтийн хуулийг хамгаалсантай салшгүй холбоотой байв. Хуулийн засаглал цаашаа улам олон иргэнд хүртээлтэй болон дэлгэрэх нь ардчиллын өөрийнх нь нэг чухал элемент.

Үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдөлт


Хүлээн зөвшөөрөгдөлтийн тухай үзэл санаа өөрсдийн логикийн дагуу хөгжсөн ч үүнд нь эдийн засаг, улстөр, нийгмийн хөгжил ч бас нөлөөлсөн. Британийн номын санд суух хэний ч үл таних нэгэн зохиогч Карл Маркс капитализмыг шүүмжлэн тодроогүй бол хорьдугаар зууны түүх огт өөрөөр эргэх байсан. Түүний нэгэн адилаар 1989 онд коммунизм нурж унасан нь нэлээд хэмжээгээр зарим хүн марксизм-ленинизмын үзэл санааны тулгуурт итгэхээ больсонтой холбоотой байв. Энгийнээр өгүүлбэл эдийн засаг, улстөр дэх үйл хэрэг хүмүүс юуг үнэн зөв гэж итгэж байгаа үзэл санаанд нөлөөлдөг. Хүлээн зөвшөөрөгдөх байдал мөн өсөлтийн үр шимийг түгээх дээр суурилдаг. Нийгмийн дээд хэсэгт байгаа жижиг олигархи л өсөлтийн үр шимийг хүртдэг бол нийгмийн бусад бүлэг тийм системийн эсрэг зохион байгуулалтад орох нь олонтаа.

Юу өөрчлөгдөв?

Хэрвээ бид Мальтусын эдийн засгийн нөхцөл байдал дахь улстөрийн хөгжлийн явцыг Аж үйлдвэрийн хувьсгалаас хойших үеийн байдалтай харьцуулах юм бол ямар их ялгаатай байгааг нь шууд олж харах болно. Тэр дундаас хамгийн гол ялгаа нь тогтвортой эрчтэй эдийн засгийн өсөлт. Нэг хүнд ноогдох өсөлт төр илүү баян болсноос илүү үр дүнтэй. Тийм өсөлт нийгмийг бүхэлд нь хувирган өөрчилж, цоо шинэ нийгмийн хүчин бий болгодог. Цаг хугацааны явцад энэ нь улстөрийн оролцогч болохыг бас зорьдог байна. Харин үүнтэй харьцуулахад Мальтусын ертөнцөд нийгмийн зохион байгуулалтад орох явц хамаагүй ховор, гол төлөв хүлээн зөвшөөрөгдөл, үзэл санааны ертөнц дэх өөрчлөлтээр өдөөгдөж байжээ.

Хариуцлагатай байдал өнөөдөр

Өдгөө дэлхийн олон хэсэгт ардчилал бэхжээгүй нь уг үзэл санаа олны сэтгэлийг татаж чадаагүйгээс биш харин хариуцлагатай төр гарч ирэхэд шаардлагатай эд материал, нийгмийн нөхцөл бүрдээгүйтэй юун түрүүн холбоотой. Өөрөөр хэлбэл либерал ардчилал амжилтанд хүрэхийн тулд газар нутаг дээрээ хууль сахиулж чаддаг хүчтэй нэгдсэн төр болон тийм төрд хариуцлагатай байдал тулган хүлээлгэж чадах хүчтэй эв нэгдэлтэй нийгэм хоёр аль алин нь бүрдсэн байх шаардлагатай. Энэхүү хүчтэй төр, нийгмийн тэнцвэржилт дан ганц XVII зууны үеийн Англид биш өнөөгийн хөгжсөн ардчилалд ч шаардлагатай байгаа ажээ.