Аяа, Солонгос кино...бидний хамгийн их үзэж, хамгийн их  үзэн ядаж, хамгийн их автаж байгаа үзэгдэл  бол манай бараг бүхий л сувгаар гарч байгаа солонгосын олон ангит кино болоод байна.

Гэрийн ажилтай, орон гэртээ байхдаа учиргүй их стрессдүүлэхгүй хирнээ, сэтгэл хөдөлгөөд байхуйц үзвэр сонирхсон хэсгийн сэтгэлийн цангаа тайлдаг юм нь солонгос кино болж.  Түүнийг маш олон хүн үздэг, мянга мянган хүний сэтгэлд нийцдэг гэдгийг нотлох амархан. Ердөө л дундуур нь явж байгаа рекламны тоо, үнэ цэнийг харчих. Наад зах нь хашаа байшингийн зар явж байна уу, үнэтэй брэндийн сурталчилгаа харагдана уу гэхчлэнгээр. Төр ухаангүй байж болох ч  хувийн бизнес эрхлэгчид ухаангүй байж болдоггүй. Ухаангүй төр оршоод л байдаг байхад ухаангүй хувийн бизнес дорхноо нураад уначихдаг номтой. Бизнес эрхлэгчид хэн хэдийд, юу үзэж байгааг андахгүй учраас л сурталчилгаагаа тийш нь аваачдаг.

Нөгөө талаасаа солонгос кино хаана ч тоогдохоо болиод, хэрэггүй юмаа манайд хямдхан шахаад, бид л муугаараа түүнийг үзээд байгаа юм биш бололтой. Азийн төдийгүй, дэлхийн хүн амын нийтийн урлагийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг болон өндийж байгаа Солонгос олон ангит киноны давалгаа  тивээсээ аль хэдийнэ хальж Америкт хүртэл тэлж яваа ажгуу.  Солонгос кино үзэж байгаа хүн маанаг байдаг бол бид ганцаараа маанаг биш  гэдгийг санан дотроо уужруулж болж байна. Солонгос одод түрүүчээсээ Холливудын од болж, Солонгосын хамтлагууд япончуудыг сөхрүүлж байгааг харахад ер нь ч ганцаараа галзуураагүй болтой юм аа. Япончууд л гэхэд Солонгосын нийтийн урлагийн түрэлтээс жигших нь бүү хэл таашааж, иймэрхүү юмаа эд хийж л байг, харин бид ийм юмнаас чөлөөлөгдөж технологио хөөх завтай боллоо гэх байдалтай.

Манай үзэгчид Зөвлөлтийн урлагийн давалгаан дор явсан маань ердөө хориодхон жилийн өмнөх явдал.  Ердөө наяад онд Үндэсний телевиз нь долоо хоногийн дөрөвхөн өдөр нь 18-23 Цагийн хооронд л монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг байсан. Бусад цагт нь нийтийн хэлж заншснаар  “Орбита” буюу Зөвлөлтийн нэвтрүүлэг оросоор гарна. Зурагтаар байтугаа кино цэг, театраар гарч байгаа кино үндсэндээ орчуулгагүй. Хөдөө аймагт орос зурагт гардаг болоод айхавтар том дэвшил гарч байсан. Тэгж монголчууд анх удаагаа олимп дэлхийн аваргыг цэнхэр дэлгэцээр шууд харж үзсэн. Мэдээж орос хэлээр. Орбит гардаг газрынхны дуртай спорт нь хоккей болж, Харламовоос эхлээд өөрийн гэсэн шүтдэг тамирчинтай бож үзсэн.  Тэгж байснаа үндэснийхээ нэвтрүүлгийг орон нутагт бичлэгээр явуулж маргааш нь нөхөж үзүүлдэг болсноор ёстой хаданд гарч л байлаа. Яахав дээ, “маргаашийн цаг агаарын мэдээ” нь “өчигдрийнх” болж таардаг зэргийг эс тооцвол болоод явчихдаг байсан.

Хэцүү байсан тухай улиглах гэсэн юм биш. Соёлын түрлэг гэхээрээ уусгаж аваад явчихдаггүйг ярилцах гэж тэр. Харин ч хөгжлийн эрэмбээр түрүүлж яваа орны соёл нь хоцорсон нэгнээ чирж явдаг. Зөвлөлт маягийн гэгдэх оросын иргэншсэн амьдралын сургууль, соёлын довтолгоо зэрэг нь малчин нүүдэлчин монголчуудын амьдралын өнгө төрхийг өдий зэрэгтэй болгосон сургууль байсан билээ. Түүнээс болоод бидний хамар ургаж, царай шарлаагүй л явсаар 21 дэх зуунруу хүн төрөлхтөнтэй зэрэгцэн орсон.

Тэр үед “Орос хэл бол мэдлэгийн түлхүүр”, “Орос хэл, оньсон техник сурах” гэсэн хэллэг байсан нь орос орноор дөрөөлөн өрнөдийн амьдралын жишиг, суурин иргэншилд сурах гэсэн хоёргүй нэг утгатай байв. Энэ хэллэг монголчуудын амьдралын нэгэн үеийн  хамгийн мундаг мессеж байж хөгжил дэвшилд хөтөлсөн.

Тогтож байсан дэглэм нь өөрөө гаж байсан болохоор зам мөрөөрөө нөлөөлж байсан өрнөдийн соёлыг албадлага болгон түвэг учруулсан нь бишгүй. Зөвлөлтийн ном, киногоор хүмүүжих гэж нэг түвэгтэй юм байх. Островский гэдэг хараагүй зохиолч, өөрийнхээ намтар дээр түшиглэн “Болд хэрхэн хатаагдсан нь” ном бичжээ. Тэнд нь Павел Корчагин гэгч хараагүй хувьсгалч гарна. Нам төрийн зүгээс ард түмэн ялангуяа өсвөр үеийнхнийг Павел Корчагин шиг болгох хөдөлгөөн өрнүүлээ л, номыг нь заавал уншуулж, товчлол хийж шалгуулаа л... Арай л “Павел Корчагиныг дуурайж нүдээ сохол...” гэж шаарддаггүй байсан байх.

Бас коммунист хувьсгалын удирдагч Ленины намтрыг янз бүрээр зохиол болгоод түүнээс нь суралцуулах гэж үлэмж залхаана. Үнэн худлыг мэдэхгүй, Ленин багадаа Володъя байхдаа айл хэсэж яваад ваар хагалсан гэх. Эхлээд ваарын хагархайг нууж, хэргийг газарт үзлэг хийх аргагүй болгосон боловч сүүлд нь сайн дураараа хэргээ хүлээсэн тухай тэнд өгүүлнэ. Бодвол, тэр үед байсан “өөрийгээ илчлэх” хөдөлгөөнийг л сайшаасан ухуулга байх. Хэлмэгдлийн үед өөрийгээ илчлэн “би бол дайсан” гэсэн хүнээс ямар ч нотлох баримт нэхэлгүйгээр буудаж байсан  боловч Ленинийг тэгээгүй байдаг.

Ингээд л хүүхдүүдийг Ленинч ёсоор хүмүүжиж “ваар хагалсан явдлаа хүлээх”-ийг шаардана. Дэглэмдээ үнэлэгдсэн сайн пионерэн, баатарчуудан хүүхэд болохын, үгүйдээ ээлж өнгөрөөхийн тулд хүлээчихмээр хал бал багатай хэрэг юу байгааг болоход хүрэх энүүхэнд. Хөдөө нутагт элэнцгийнх нь ваар байх билээ. Вааран шаазан байвч хагалахад хайран, явж явж хэргээ хүлээхийн тулд хэрэг тарина гэхээр бүр харамсалтай. Сургууль дээрээ магтуулдаг л юм байгаа биз, харьж ирээд турсгаа хуулуулна биз дээ...За тэр аавыгаа барьж өгч алуулдаг Павлик Морозов энэ тэрийг бол ярих ч юм биш.

Тэр үед зөвлөлт маягийн соёлын түрлэгт таагүй ханддаг сэхээтнүүд бишгүй л байсан байх. Харин түүнээ илэрхийлэн гаргах нь хориотой, төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогддог цаг байсан. Аливаа гэм буруутай үйлдэлд наалддаг  “Монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэсэн тодотгол бол хэрэгтнийгхамгийн чангаар, хайр найргүй гэсгээж болох заалт байсан даа.

Харин 1990-ээд оноос дэлхий ертөнц нээгдэж, Орос-Зөвлөлтөөс өөр орны соёлын давалгаа орж ирэх боломж гарлаа. Өмнөд хөршөөсөө олон жил зэнзийрхэж явсан учраас хятадын соёлоос жаахан жийрхэнэ. Америк арай хол, Япон болохоор “Халх голын асуудал” дээр хар тамгатай байсан цаг. Ингээд Солонгос дээр тогтож.

Үе үеийн хүүхдийн тоглоом наадам, дуурайх дуртай баатраас  нийгэмд нөлөөлсөн соёлын улбааг харж болдог. Социалист монголын хүүхдүүд  зөвхөн Павел Корчигин болохын тулд нүдээ ухахаас буцдаггүй байсан ч юм биш. Хэдийгээр Чингис болж тоглох нь хориотой ч гэсэн Дандарбаатар болж тоглож болж л байсан, юм үнэнээрээ сайхан. Дараа нь монгол хүүхдүүдийн дуурайх дуртай баатрууд нь  Хойд Солонгосын Хонгильдон,  улмаар урд Солонгосын Ким Ду Хан, Эх газрын бус Хятадын Жаки Чан, Брус Ли... гээд үргэлжилсэн. Ертөнц уужим, дуурайчихмаар баатар нэн олон болохыг манайхан харсан хэрэг. Харин тэдний хэнээр нь ч Хонгильдоны намтраар зохион бичлэг хийлгэн залхааж, өнөө оточ “хэн” шиг болохыг шахаж залхаагаагүй билээ.

1990-ээд оноос ах Зөвлөлт, дүү Монгол аль алин нь коммунизм байгуулах замаасаа буцаж, баримжаа алдсан. Энэ баримжаагүй ертөнц дотроос соёл, хөгжлийн  үлгэр нь Солонгос  л болж харагдсан. Зөвлөлтийн орыг нэг хэсэгтээ л тэд гишгэсэн. Жишээлэхэд Монголчуудын соёлын түүхэнд нөлөө үзүүлсэн гадаад бараа бүтээгдэхүүний рейтэнгийг гаргалаа гэхэд анхны түгээмэл  радио  болох Зөвлөлтийн “Эх орон 52”, анхны  түгээмэл амины машин  Солонгосын “Хьёндай Эксел”...гэхчлэн дурайх биз ээ.

Яг энэ цаг үетэй залгалдаад  Солонгосчууд нийтийн цэнгээний урлаг, сериал кино, хамтлаг дуучдын үйлдвэрлэлээрээ Ази тивдээ ноёлж, улмаар далайн цаад тал руу хальж эхэлсэн дэврэлт таарчээ. Азийн урлаг өрнөд рүү гарахад нэг том бэрхшээл байдаг юм гэсэн. Тэр нь ур чадварын асуудал биш. Ердөө адилхан намхан хамартай баатруудыг ялгахгүй, хооронд нь хольж хутгаад болдоггүйд л хамаг зовлон байдаг гэсэн. Ойрхноос латин америкчууд “ Би ч Чаки чан Брус Ли хоёрыгоо ч муухан ялгахтай” гэлцэх болсон болтой.

Монголыг төдийгүй дэлхийн үлэмж нутгийг хамарсан Солонгосын нийтийн урлагийн үйлдвэрлэл манай уран бүтээлчдийн өмнө шинэ шалгуур тавьж байгаа юу гэвэл, тийм. Тэдний маань хийсэн баргийн юм нь ядаж л Солонгос сериалын хэмжээний шалгууртай болсон  монгол үзэгчдийн шүүлтүүрт торж өгөхгүй байгаа нь бас үнэн. Энэ гомдлоо тайлахын тулд “Лаа үйлдвэрлэгчдийн өргөдөл” зохиож яваа нь “Солонгосын  соёлын аюул нөмөрлөө” гэхчлэнгээр илэрч байгаа хэрэг.(Лаа үйлдвэрлэгчдийн өргөдөл бол Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үзэгдлийн сонгодог үлгэр юм. Францын төрөөс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд өөрийн орны лаа үйлдвэрлэгчдийг зүсэн бүрээр дэмжиж үзжээ. Гэтэл нөгөөдүүл  хамгийн сүүлд “Лааны үйлдвэрлэлд саад болж байгаа нарыг унтраагаад өгөөч” гэсэн хүсэлт гаргасан тухай өгүүлдэг)

Тэгэхээр соёлын солонгос түрлэгийг үзэн ядахын оронд суралцах хэрэгтэй байна.  Аз болоход өнөөдөр дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжүүр бэлэн байна. Барианд орохын тулд урьдаа яваа морины борвийг хянгарддаг шуламын үлгэрийг давтахын оронд гүйцэж түрүүлэхийг оролдох цаг.  Шинэ сайн юм хийж сурахын оронд байгаа сайныг нурааж, оронд нь өөрөө харагдах гэж зүтгэхээ болих учиртай үе.

Солонгосоо байг гэхэд Д.Сосорбарамыг нэг харчих даа. Тэрээр “энэ хятад ардын дуу, тэр орос ардын бүжиг, энэ латин таанц ингэж гай боллоо” , “ тэрийг л хаагаад, хориглоод  өгөхгүй бол манай ардын урлаг хэцүүдлээ” гэж хэзээ ч ярьж байгаагүй. Маэстро болохоор хэний ч замд дэгээ тавилгүйгээр урагшаа алхаад, ардын язгуур урлагаа дэлхийд таниулаа л, хүн төрөлхтний сонирхон таашаавал зохих юмны нэг гэдгийг харуулаа л явж болоод байна шүү.

Урьдаа яваа юмтай уралдаач азтай. Учир тэр өөрийгээ хаана явааг, тэргүүнд гарахад юу дутаж байгааг байнга мэдэрдэг. Харин түрүүлж яваа хүнд ийм боломж байхгүй.  Манай нийтийн урлагт ийм боломж байна. Эхлээд дууриа, тэгээд зэрэгц, дараа нь дутаж байгаа юмыг нь олж хар, улмаар тэр зүйлийг нь өөртөө бий болгоод түрүүл. Уралдаан бүхэн нийтлэг ийм л дүрэмтэй. Манайхны олон арван жил бүжсэн “Хөдөөгийн жавхаа”, “адуучин залуу” , “илгээлтийн эздийн алдар” гэхчлэнгийн бүжигт гардаг түгээмэл элемэнтүүдээр “Ганнам стайль” хийсэн солонгос нөхөр дэлхийн од болчихыг харлаа. Тэр хөдөлгөөн дүрслэл бидэнд байсан. Харин юу дутаад бид биш тэр гараад ирэв...Воо, энд л сурах юм байгаа хэрэг.

Солонгосын ялангуяа түүхэн сериалуудад үндэстнийхээ мораль, эрдэм ухааны уламжлал, анагаахуй, хоол хүнсний соёл сэлтийг сурталчилж байгаа нь үнэхээр үлгэр авууштай. Яагаад бид нүүдэлчний уламжлал хүнс борц сэлтээс эхлээд, уламжлалт анагаах ухаан, ялангуяа бэртэнгийг эдгээх бариа, эмийн ургамал, бахдаад байдаг бөх мориныхоо тухай ийм юм хийж болохгүй билээ гэж бодогдоод байдаг. Эхлээд дуурайж хий, зохиол зохиомж, найруулгыг хуул. Ямартаа,  санааг нь хуулж байгаа биш арга барилыг хуулахад яадаг юм бэ?  Ер нь “Хүний санааг хулгайлж болно. Гагцхүү эзэн нь үзээд танихгүй байх ёстой” гэсэн алтан дүрэм бас бий  шүү дээ. Ингээд нэг мэдэхэд тэдний төвшинд ойртоно. Дараагийн оролдлогоор зэрэгцэнэ. Нэг өглөө гүйцэж түрүүлэхээ байгаа гэхэд ана мана болохыг хэн байг гэх билээ.

Ер нь Солонгос кино биднийг яаж хорлоод байна гэсэн гүн ухааны асуултын хариуг хайцгаая. Тэд монголын түүхийг гуйвуулаад байна уу? Үндэстний хувьд биднийг үгүйсгээд байна уу? Үндэсний, алтан мөнгөн үеийн гэлцэн хэмээн орой болгон үзэж байгаа социалист уран сайхны кинонууд шиг монголчууд 1921 оноос урагшаа ямарч түүхгүй, Тусгаар тогтнолоо сэргээх хөдөлгөөний удирдагч Богд хаан нь сохор мухар төдийгүй монгол орон сөнөөсөй гэж хүсдэг байсан мэтээр үзүүлдэг Солонгос кино хаа байна. Ардын намыг байгуулсан Данзанг гүтгэн нам байгуулаагүй төдийгүй урвагч байсан хэмээн шинэ үеийнхний оюуныг төөрөгдүүлсэн санаа ямар солонгос кинонд гарав.  Хорыг холоос битгий хай гэж үг бий юм гэдэг. Эрүүл ертөнцөд түүх эхэлж бүтээгдээд тэр нь урлагт дүрслэлээ олж зохиогддог юм гэсэн. Харин бид эхэлж ямар нэгэн үйл явдал зохиож, тэрнийгээ урлагийн бүтээл болгоод улмаар түүнээ” түүх мөн” гээд зүтгэдэг уламжлалаасаа хэзээ салах юм бэ гэсэн асуулт “солонгосын аюул”-ын өмнүүр тавигдаж байгаа шүү.

Аа нээрээ, солонгос кино харахаар үнэхээр дургүй хүрээд байвал үзэхээ болчихооч. Нэшнл жоографик, Время, Боловсрол суваг, Ийглийн мэдээ гээд үзэх юм зөндөө. Ялангуяа залуус оюутнууд хааяа хааяа зурагтаас холдож хичээлээ давтаж байхад их зүгээр гэх юм билээ.

Солонгосоос ч Со-гоос ч сурах юм их байнаа.