Алдарт эдийн засагч Милтон Фридманы “Хувь заяагаа сонгох нь” бүтээлийн ”Инфляцын анхдагч шалтгаан” бүлгийг сонирхуулж байна.

Инфляц бол өвчин, заримдаа бол бүр алах өвчин, цаг тухайд нь зогсоохгүй бол нийгмийг сүйрүүлдэг өвчин. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Орос болон Германд үүссэн инфляц нь өдрөөс өдөрт лавшран олон дахин өсч, хэт инфляц болохынхоо хэрээр нэгэнд нь коммунизм нөгөөд нь нацизмийн хөрс суурь бэлдэж өгсөн. Хоёрдугаар дайны дараахи Хятадын хэт инфляц Мао Зэдунд амархан Чан Кашиг ялах бололцоог гаргаж өгсөн юм. 1954 онд Бразилд жилийн инфляц 100 хувь хүрсэн нь цэргийн дэглэм тогтоох нөхцөл авчиржээ.  Илүү хурц хэлбэрийн инфляц Чилид Сальвадор Аллендэг (1973), Аргентинд Изабэл Пэроныг (1976) түлхэн унагах шалтгаан болж аль алинд нь цэргийн хунт төрийн эрхийг авсан байна.  

Аль ч төр инфляцын хариуцлагыг өөртөө хүлээх тун дургүй. Төрийн төлөөлөгчид ямар нэг шалтаг олж нэрлэж чадна. Шунал нь дэндсэн бизнес хүмүүс, бүтэлгүй үйлдвэрчний эвлэл, харамч хэрэглэгчид, арабын шейхүүд, цаг агаарын хүндрэл болон холбогдолгүй бусад бүх юм руу ч зааж дөнгөнө. Шунахай бизнес эрхлэгчид ч бий, хэрэглэгчид угаасаа харамч,  үйлдвэрчний эвлэл бүтэлгүйтэнэ, арабын шейхүүд газрын тосны үнэ нэмдэг, цаг агаар ихэнхдээ л хүндэрч байдаг, энэ мэдээж. Гэхдээ энэ нь зарим бүтээгдэхүүний үнийг л өсгөнө үү гэхээс нийт бараанд нөлөөлнө гэж байхгүй. Түр зуурын хэлбэлзлэл буй болгоно уу гэхээс үргэлжилсэн инфляц үүсгэнэ гэж бүр үгүй. Учир нь ердөө ганцхан энгийн шалтгаанд оршиж байна. Дээр буруутгагдан чичлүүлэгсэдийн хэнд нь ч бидний түрийвчлээд явдаг алга дарам цаасыг хэвлэдэг хэвлэлийн машин байхгүй. Тэр жижиг цаасыг гүйлгээнд оруулахыг батлах эрх хэнд нь ч байхгүй.

Инфляц бол капитализмын өвөрмөгц үзэгдэл биш. Коммунист Югослав Европт хамгийн аймаар инфляц буй болгож байсан бол капитализмын жишээ болсон Швейцар үргэлж хамгийн бага инфляцтай байдаг. Мао Зэдуны үед Хятад бага инфляцтай байсан байхад капиталист эдийн засагтай Итали, Их Британи, Япон, АНУ сүүлийн арван жилд нэлээд инфляцд өртлөө. Орчин үеийн ертөнцөд инфляц гэдэг бол хэвлэх үйлдвэртэй холбоотой үзэгдэл юм.

Инфляц нь үргэлж, хаана ч монэтар үзэгдэл* байдаг гэж хүлээн зөвшөөрөх юм бол инфляцын шалтгааныг ойлгож эмчлэх аргыг олно. Их энгийн асуулт тавъя. Яагаад орчин үеийн төрүүд мөнгөний тоо хэмжээг огцом өсгөөд байна? Аймаар хор уршгийг нь мэдсээр байж инфляц үүсгээд байдгийн учир юу вэ?

Хэрвээ зах зээл дахь бараа үйлчилгээний өсөлт мөнгөний тоо хэмжээний өсөлттэй зэрэгцээд байх юм бол үнэ тогтвортой байх хандлагатай байна. Тэр байтугай үнэ бууж ч болох юм, яагаад гэвэл орлого нэмэгдэхийн хэрээр хүмүүс баялагаа мөнгөн хэлбэрээр хадгалах сонирхолтой болно. Мөнгөний тоо хэмжээ бүтээгдэхүүнээсээ эрс их болоод ирэхээр инфляц үүснэ. Нэгж бүтээгдэхүүнд ноогдох мөнгөний хэмжээ нэмэгдэх тутам инфляцын хувь нэмэгдэнэ. Эдийн засагт өөр ямар ч тайлбар үүн шиг үнэн тулгуур нотлогоо болж чадахгүй.

Материал, хүмүүсийн чадамж, мэдлэгийн дэвшил, ашиглах чадвар зэрэг нь бүтээгдэхүүний тоо хэмжээг үргэлж хязгаарлаж байдаг. Бүтээгдэхүүний тоо хэмжээ их сайндаа л алгуур өснө. Өнгөрсөн зуун жилд АНУ-ын бүтээгдэхүүн жилд дундачаар 3 хувь өсч байлаа. Эдийн засгийн хөгжлийн оргил үедээ ч Японы бүтээгдэхүүний өсөлт 10 хувь л хүрч байв. Түүхийн зарим үед мөнгийг тамхи, давс, хясаа орлож байсан ба иймэрхүү бараагаар орлуулсан мөнгө ч мөн л материалиар хязгаарлагддаг. Гэтэл орчин үеийн мөнгөн тэмдэгт цаас, түүнийг гүйлгээнд оруулж буй бүртгэл нь материалын ямар ч хязгаарлалтанд өртдөггүй. Номинал тоо хэмжээ өөрөөр хэлбэл доллар, марк, фүнт стерлинг болон өөр валютын тоо хэмжээ дуртай хэмжээгээрээ өсч болно. Заримдаа бүр хүн үнэмшимгүйгээр ч  өснө гээч.

Жишээ болгоод хэлэхэд дэлхийн нэгдүгээр дайны дараа Германд хэт инфляц болж гүйлгээн дахь мөнгөний тоо хэмжээ сард дундачаар 300 хувь өсч байв. Үнэ ч мөн ингэж өссөн. Хоёрдугаар дайны дараах Унгарын хэт инфляцын үед гүйлгээн дахь мөнгөний хэмжээ сард дундачаар 12 мянган хувь өсч байсан бол үнэ үүнээс ч их, тухайлбал сард дундачаар 20 мянган хувь нэмэгдэж байв. 1969-79 онд буюу нилээд бага инфляцтай байхад АНУ-ын мөнгөний тоо хэмжээний өсөлт жилд дундачаар 9 хувь байлаа. Үний өсөлт дундачаар 7 хувь орчим. Чухам энэ зөрүү хоёр хувь нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн 2,8 хувийг хангаж байлаа.

Дээрх жишээнээс харахад мөнгийг тойрсон асуудал нь үйлдвэрлэлийнхээ жинхэнэ байдлыг бүрхэгдүүлж байна. Ингэхээр бүтээгдэхүүний төвшингийн асуудлыг хөндөлгүйгээр ерөөс инфляц гэдэг нь цэвэр монэтар асуудал юм. Үүнээс гадна гүйлгээн дэхь мөнгөний өсөлтийн зэрэг нь инфляцын зэрэгтэй шууд, нэгэн утгатай холбоотой биш болох нь харагдаж байна. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл удаан үргэлжилсэн инфляц мөнгөний  хэмжээг огцом өсгөсөнтэй давхцаагүй тийм ганц ч тохиолдол түүхэнд байхгүй. Өөрөөр хэлбэл мөнгөний тоо хэмжээний огцом өсөлт инфляцтай холбогдохгүй байна гэж үгүй.

Мөнгөний тоо хэмжээ огцом өссөн нь инфляцын өсөлтийг буй болгож байна уу, эсвэл эсрэгээр үү? Судалгаанаас үзэхэд юмны үнэ өсөхөөс ойролцоогоор зургаан сарын өмнө мөнгөний тоо хэмжээ өссөн байдаг. Тухайн орны мөнгөний тоо хэмжээг тогтоох эрх бүхий институцийн зохицуулалтын дараа юу болсныг, ямар түүхэн уналт учирсныг нарийн судалгаа хийж үзэхэд үнэндээ аль нь шалтгаан, аль нь үр дүн болохыг алган дээрээ тавьсан мэт тод харж болдог.

Нэлээд явдал болсон нэг жишээ Америкийн иргэний дайны үеэр болсон юм. Өмнөдийнхөн 1861 оны 10-р сараас 1864 оны 3-р сар хүртэлх хугацаанд мөнгө хэвлэн дайн байлдаанаа санхүүжүүлж байсан нь сарын 10 хувийн инфляцтайгаар эргэж тусаж байв.  Инфляцаа сааруулахын тулд  реформ хийх шийдвэр гаргав. 1864 оны 5-р сард мөнгөний шинэчлэл амьдралд хэрэгжин мөнгөний тоог эрс цөөллөө. Хэдийгээр Умартын цэрэг ойртож байсан, цэрэг дайны хувьд ялагдал тулсан, төр нь дампуурч, цэрэг нь ёс суртахууны хувьд уналтанд орчихсон байсан ч гэсэн барааны үнэ эгшин зуур унаж байлаа. Мөнгөний нөөцийг багасгасан нь дээр өгүүлсэн том аюулаас илүүтэйгээр зах зээлд нөлөөлжээ.

Дээрхээс үзэхэд нийтийн дунд тархсан байдаг инфляцын тухай ойлголт бодит үнэнээс их зөрж байна. Зарим нь болохоор үйлдвэрчний эвлэлийг зодуурын хүүхдээр сонгоод авчихсан байдаг. Монопол байр сууриараа далайлган ажлын хөлс нэмүүлдэг, тэр нь өртгийг ихэсгээд, цаашаа үнийн өсөлтөнд нөлөөлж байна хэмээн аашлана. За тийм байдаг байж, тэгвэл үйлдвэрчний эвлэл бараг үүрэг рольгүй Япон эсвэл үйлвэрчний эвлэл нь засгийн газрынхаа нарийн хяналтанд байдаг Бразилыг өөр аль ч оронд байдаггүй хүчтэй үйлдвэрчний эвлэлтэй Их Британи юм уу овоо хүчирхэг үйлдвэрчинтэй Герман, АНУ-тай зэрэгцүүлээд хар л даа. Үйлдвэрчний эвлэл өөрийн гишүүддээ үйлчилдэг, бусдын хөдөлмөрлөх эрхэд хязгаар тавин их хор хохирол учруулдаг, гэхдээ тэд инфляц үүсгэж чадахгүй шүү дээ. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс давсан ажлын хөлсний өсөлт гэдэг бол инфляцын шалтгаан биш харин үр дагавар нь юм.

Бизнес эрхлэгчид ч инфляци үүсгэхгүй. Тэдний дээш нь өсгөөд байгаа үнэ бол өөр хүчин зүйлийн үр дагавар. Инфляц ихтэй газрын бизнес эрхлэгч шунахай байдаг, гайгүйтэй газрынх нь шунал багатай байдаг гэсэн юм байхгүй шүү дээ.  Эсвэл тодорхой үед тэд шунахай байгаад заримдаа шунал нь гайгүй болчихдог гэж байхгүй биз дээ. Тэгвэл яагаад зарим оронд юм уу цаг үед өөр оронтой юм уу цаг үетэй харьцуулахад инфляц их юм уу бага байдаг вэ?

Бас нэг сонин тайлбар бий, юу гэвэл голдуу инфляцын хариуцлагаас мултрах гэсэн төрийн төлөөлөгчдийн дуртай тайлбар нь инфляц гаднаас халдварлан орж ирсэн тухай. Валютын ханш алтан дээр тулгуурласан байх үед ч иймэрхүү тайлбар ховор бус тохиолдолд үнэн байсан л даа. Тэр үед инфляц нь олон улсын үзэгдэл байсан, учир нь улс болгон нэг ижил барааг мөнгө гэж тооцдог, тэрхүү мөнгө-бараа нь тоо хэмжээний хувьд зах зээл дээр гэнэт элбэгшихээр бүгдийг нь инфляц нөмөрдөг байж.  Одоо үед ийм тайлбар ямар ч үндэслэлгүй.  Хэрэв тийм байсан бол орчин үед инфляцын төвшин орон бүрд ялгаатай байгаагийн учир юу вэ? Далaад оны эхээр Япон, Их Британи хоёрын инфляц 30 хүрч байхад АНУ-ынх 10 орчим, Германых 5 хувь л байсан шүү дээ.

Төрийн өндөр зарлага, төсвийн их алдагдал зэрэг нь аль ч оронд инфляц үүсгэдэг гэдэг талаас нь л харах юм бол инфляц нь дэлхийн нийтлэг үзэгдэл мөн. Инфляцд орсон улс түүнээ хянаж чадаж байна уу, үгүй юу гэдэг талаас нь үзэх юм бол энэ нь олон улсын үзэгдэл яав ч биш. Үүнтэй нэгэн адилаар төрийн өндөр зарлага, төсвийн их алдагдал гадны хүчин зүйлээс шалтгаалахгүй шүү дээ.

Хөдөлмөрийн бүтээмж бага байхыг инфляцын гол тайлбар болгох дуртай байдаг. Бразилийг л жишээлэхэд тэд нэг талаасаа үйлдвэрлэлийн өсөлт маш сайтай атлаа инфляц нь их өндөр байна. Яг үнэндээ инфляцын гол шалтгаан нь нэгж бараанд ноогдох мөнгөний тоо хэмжээ боловч бидний ажигласнаар зах зээл дэх мөнгөний тоогоор үйлдвэрлэлийн төвшинг хянаж болдог аж. Хөдөлмөрийн бүтээмж шиг улс орны алсын хөгжилд нөлөөлдөг өөр хүчин зүйл байхгүй.  Ухаан нь бүтээмж жилд 3,5 хувиар өсөөд байхад хорин жилийн дараа үйлдвэрлэл хоёр дахин өснө. Бүтээмжийг 5 хувь гэж тооцвол энэ амжилт арван дөрвөн жилийн дараа гарна. Ялгаа нь тун их байгаа биз. Гэхдээ л хөдөлмөрийн бүтээмжийн инфляцд үзүүлэх нөлөө хоёрдугаар зэргийн үйлчилгээтэй, хамгийн гол нөлөө нь мөнгө юм.

Арабын шейхуудын тухай юу хэлж болох вэ? Тэд бидний амьжиргааны өртгийг өсгөсөн нь үнэн л дээ. Газрын тосны үнэ гэнэт өссөнөөс болж  бид зарлагаа нөхөхийн тулд гадагш нь илүү бараа үйлчилгээ гаргах шаардлагатай болсон. Үйлдвэрлэл багасаж үнэ нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь нэг л удаа үйлчилсэн, юу гэвэл үний өсөлт удаан үргэлжлэх инфляц бий болгоогүй. 1973 оны газрын тосны хямралын дараах таван жилд Германы инфляц 7 хувь байснаа 5 болж буурсан бол Японых 30 хувиас 5 хувь руу орж ирсэн. АНУ-ын хувьд хямралын үеэр 12 хувь хүрч оргилдоо хүрснээ 1976 онд мөн л 5 хувь болон буужээ. Тэгснээ 1979 он гэхэд 13 хувь хүрч өссөн байна. Энэхүү орон бүрд тал тал тийшээ хөдөлж буй тахирмагаас үндэслээд бүхнийг газрын тосны хямралаар тайлбарлаж болох уу? Газрын тосны хэрэгцээнийхээ хагасыг өөрсдөө олзворлодог АНУ, тос олзворлолтоор тооцогдохуйц томд ордог Их Британийг бодвол энэ бүтээгдэхүүн нь гаднаас зуун хувь хамааралтай Герман, Япон улсууд хямралаас үүдсэн инфляцаа амжилттай давж чадсан нь харагдаж байна.

Үндсэн асуудал руугаа оръё. Инфляц бол мөнгөний тоо хэмжээ үйлдвэрлэлийнхээ хурдцаас даван өсөхөд ажиглагддаг монэтар үзэгдэл.  Мөнгөний тоо хэмжээ ах нь, үйлдвэрлэл дүү нь. Инфляц өсгөдөг олон хүчин зүйл бий, харин гагцхүү мөнгөний тоо хэмжээний өсөлт л үргэлжилсэн инфляцын үндсэн шалтгаан болно. Нэг үгэндээ инфляц нь хэвлэх машины ажиллагааны шууд үр дүн мөн.