Ердөө хорь гаруйхан жилийн өмнөх рүү өнгийгөөд, 1990 оноос урагшаа харвал Дэнжийн 1000-ын зах дээр ноолууран цамц зарсан этгээд “дамын наймаачин” хэмээн нийгэмдээ ад шоо үзэгдэж, хуулиар буруутгагддаг байлаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн тал хувь нь Нарантуул захаас хоол хүнс, хувцас хунар, эд хэрэглэлээ худалдан авч байна. Улаанбаатарын бүх дэлгүүр өөрсдийн барааг өөрсдийнхөө хүсэл, хүмүүсийн худалдан авах чадвар хоёр дээр тулгуурлан үнээ зохиож, зарж байгаа. Төр үүнд ямар нэг байдлаар оролцох, зохицуулалт хийх боломжгүй юм. Яагаад гэвэл энэ бүгд тэр хүмүүсийн хувийн өмч, хувийн өмчийг хуулиар хамгаалдаг учраас тэр. Харин төрийн үүрэг бол үйлдвэрлэл, худалдаагаар бий болсон тэдний орлогоос хуульд заасан татвар, хураамжаа бүрэн авч цэрэг, цагдаагаа хувцаслаж, эмч, багш нараа чадавхижуулан төрийн үйлчилгээг иргэддээ хангалттай түвшинд үзүүлэх явдал. Төрийн түшмэлүүдийн шударга шулуун байдал, ажлын хариуцлага ч бас үүнд хамаарна.

Мартах ёсгүй үнэн

Ялангуяа манайх шиг хувийн өмчгүй нийгмээс хувийн өмчид суурилсан нийгэмд шилжсэн улс орны хувьд анхны хуримтлал хэзээ ч хууль ёсны дагуу бий болдоггүй нь бараг зүй тогтол. Тийм ч учраас ерээд онд хийгдсэн өмч хувьчлал, түүгээр бизнесийн гараагаа эхэлсэн үндэсний хөрөнгөтнүүд одоо хэр нь нийгмийн зарим хэсгийн зүгээс шүүмжлэл хүлээсээр байгаа. Гэлээ гээд яах билээ. Хүссэн ч, эс хүссэн ч баялгийг тэд л бүтээж, харин бусад нь тэднээс хамааралтай амьдарч байна шүү дээ. Тиймээс өнөөдөр Оюутолгой ажилчдаа цомхотголоо, АПУ компани 300 ажилчнаа нэгэн зэрэг халжээ, уул уурхайн компаниуд уналтад орж, хөрөнгө оруулалт буурч байна гэх мэт мэдээллүүд монголчуудын хувьд гамшгийн хэмжээнд сонсогдож, Нарантуулын наймаачдын орлого хумигдан, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Энэ удаагийн хямралыг бизнесийнхэн дэлгүүрийн лангуун дээр давс, гоймон хоёроос өөр зүйлгүй болоод байсан ерээд оны шилжилтийн үетэй адилтгах хэмжээнд үнэлж байгаа нь оргүй ч зүйл биш байх. Эдийн засгийн индикатор нь тэд шүү дээ.

Засгийн газар хямралыг 100 хоногт даван туулах “цахилгаан төлөвлөгөө” боловсруулж, УИХ-аар батлуулаад хугацааны тэн хагасыг үдэж байгаа ч одоогоор сайжралыг олсонгүй. Харин үүнтэй давхцуулан боловсруулсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ дээр гацчихаад байна. Нэгэн үе хямралын шалтгааныг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж, “Хөрөнгө оруулалтаа нэм” хэмээн гаднаасаа дарамтлуулж, дотроосоо ч шахагдаж, хэсэг хугацаанд хаданд хавчуулсан халиуны зулзага мэт тэлчилсэн Засгийн газар дотоод эх үүсвэрээ дайчлахын тулд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хэмээх уг хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн хэрэг. Нэгэнт хөрөнгө оруулагчдыг хүчээр тууж ирэх боломжгүй, хөнгөлөлттэй зээл тусламж авья гэхэд зөвшөөрөгдсөн хязгаарыг давчих гээд байгаа учраас дотоодын эдийн засагт эргэж байгаа нуугдмал хөрөнгийг ил гаргаж, бүртгэлд оруулья гэдэг утгаар энэ хуулийг санаачилсан байж таарна. Тэгээд ч далд эдийн засгийнх нь нийт эдийн зсагтаа эзлэх хувь хэмжээ их байх тусмаа инфляци, төгрөгийн ханшаас авахуулаад тооцох боломжгүй, зохицуулах аргагүй эрсдэлүүд ихээр гардаг. Үүн дээр зөвхөн Монголбанк, Засгийн газар хоёрыг харааж зүхсэнээр асуудал шийдэгдэхгүй л дээ.

Үүнээс өмнө 2008 онд УИХ мөн үүнтэй ижил агуулга бүхий Татварын өршөөлийн тухай хуулийг нэг удаа батлан хэрэгжүүлсэн билээ. Татварын өршөөл үзүүлэх тухай уг хуулиар;

6.1.1. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь;

6.1.2.Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь;

6.1.3. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгож татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг;

6.1.4. 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь;

6.1.5. Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлийг үндэслэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг;

6.1.6. Эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь

чөлөөлөхөөр тус тус заажээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад 20792 аж ахуй нэгжийн 19 тэрбум 400 сая гаруй төгрөгийн татварын өрийг цайруулж, төсөвт орох орлого төдий хэмжээгээр тасарсан ч үр дүнд нь дөрвөн их наяд орчим төгрөгийн хөрөнгө ил болж, бүртгэлд хамрагдсан тухай тэр үеийн Сангийн сайд мэдээлсэн байдаг. Энэ хөрөнгө бүртгэгдсэнээр Монгол Улсын татварын бааз суурь төдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.

Татварын өршөөлийн тухай хууль гарахаас өмнө бүртгэлгүй, банкаар дамждаггүй, татвар тавигддаггүй энэ нуугдмал хөрөнгө, далд эдийн засгийн хэмжээ нийт эдийн засгийнхаа бараг 40 хувьтай тэнцэж байгаа тухай эдийн засагчид ярьж, бичдэг байсан. Одоо энэ харьцаа 50:50 хувьд хүрсэн байхыг үгүй гэх газаргүй. Хэрвээ энэ тоо бодитой бол цаашдаа татварын бааз суурийг дахиад хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэсэн үг. Юун уул уурхай...

Бэлээхэн жишээ байна шүү дээ. Сүүлийн хоёр жилийн дотор Монголдоо томоохонд орох бараг бүх компанийн захирал АТГ-ын хаалгыг татлаа. Ихэнх нь татвараас нуусан, зугтсан, хөрөнгөө нуусан хэрэгтэй. Тэглээ гээд үйлдсэн хэргийг нь нотлоод шүүхээр ял өгчихсөн нь цөөхөн ч АТГ гэж нэг “хадны хар мангаа”-наас толгойтой бүхэн л айж ширвээтэж байна. Угаасаа эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэхээр тусгайлан бэлтгэгдсэн хүн хүч, боловсон хүчин хомсхон болохоор зарим нь ч татварын тайлангаа бүрэн уншиж чадахгүй нөхдүүд хүчээр хэрэг тулгадаг тухай хэл яриа, хэрүүл маргаан сонсогддог л юм билээ. Энэ далимд нь зарим нэг эрх мэдэлд ойр хэсэг нь нөгөө хэдийнхээ бизнесийг булаан дээрэмдэж, үүндээ хууль хяналтын байгууллага, тусгай албадын хүчийг ашиглах болсон тухай ч сонсогдох болсон. Х.Тэмүүжин, “Женко” хэмээх Х.Баттулга нарын гол зөрчилдөөн ч гэсэн үүнээс үүдсэн байж мэдэх л юм. Бүхэл бүтэн салбар толгойлж байгаа Хууль зүйн сайд хүн үүнийг нь зүгээр хараад суухгүй нь лав. Сүүлдээ бүр хуулийн байгууллагууд нь өөрсдөө том мөнгөний араас ангуучилдаг, эрх мэдэл, нөмөр нөөлөгтэй хүний хамгаалалтад орох гэж хөөцөлддөг, үүгээрээ ажил албан тушаалаа хамгаалж үлдэхээр улайрдаг болсон гэх юм билээ. Оргүй ч биш байх.

Ийм нөхцөлд нэгдүгээрт, бизнесийнхний энэ айдсыг арилгаж, баялаг бүтээгчдээ  хамгаалж үлдье, хуулийн хүрээнд ил тод ажилладаг болгоё, үр дүнд нь татварын бааз сууриа нэмэгдүүлье, хоёрдугаарт хуулийн байгууллагуудын энэ буруу хандлагыг засч залруулья, улс төр, эрх мэдлээс ангид ажиллуулья гэвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлахаас өөр аргагүй. Энэ ч гэсэн одоо явагдаж байгаа хууль, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх бас нэг шахалт, шаардлага болж байгаа юм.

Түүхээ мартаж, шинээр бичих нь

Бизнест “түүхээ мартах” гэж ойлголт байдаг. Үүнийг тухайлбал, одоо УИХ дээр яригдаж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар жишээлэн ойлгож болох юм. Уг хуулийн төсөлд “2014 оны долдугаар сарны 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний дотор харьяалах таварын алба, гаалийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, харилцагч санхүүгийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан болон дор дурьдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр” заасан байгаа. Үүнд;

-НӨАТ-ын тухай хууль

-Татварын ерөнхий хууль

-Нийгмийн даатгалын тухай хууль

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,

-Гаалийн тухай хууль

-Авлигын эсрэг хууль орж байна. Мөн  дээрх үндэслэлээр холбогдох хуульд заасан хариуцлааас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдийг ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр нь дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглож, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг, татвар ногдох орлого, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үссвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглохоор заасан байна. Түүгээр зогсохгүй “Нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, энэ хууль гарахаас өмнө нийтэлсэн мэдээллийг дахин нийтлэхийг хориглох” тухай заалт оруулсан байгаа.

Өөрөөр хэлбэл, энэ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлснийхээ төлөө хувь хүн, хуулийн этгээд ямар нэг хохирол амсахгүй гэдгийг төр өөрөө батлан дааж байгаа хэрэг. Та хэдийгээр энэ хуримтлалыг бий болгохын тулд хууль зөрчсөн, татвараас зугтсан, нуусан далдалсан байж болох ч энэ тухайгаа заасан хугацаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлж, бизнесийн нэр хүндийг тань ч мөн адил хамгаална. Харин цаашид бүх зүйл хуулийн дагуу явна шүү гэсэн үг. Үүнийг л түүхээ мартах буюу түүхийг шинээр бичих гээд байгаа юм. Бизнест нэр төр гэдэг зүйл эрхэм. Хэрвээ өнөөдөр өршөөлд хамрагдлаа ч маргааш нь “Чи тэдэн тэрбумыг хөрөнгөө нуусан, далдалсан авлигач, хулгайч” гээд хэвлэлээр цоллуулаад, хүмүүст ад шоо үзэгдээд эхлэх юм бол юуных нь өршөөл болох билээ. Тиймээс л 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч СТӨ-нд иргэд, бизнесийнхэнтэй уулзах үеэрээ амлаж байсан даа. Бүгд нэг гараанаас эхэлье, өмнөх хорин жилд алдсан оносон зүйл байвал нэг удаа хэлтрүүлье, үүнээс цааш л бүгдээрээ нэг хуультай явья гэж...

Уг хуулийн зохицуулалттай зэрэгцээд “одоо татвар, нийгмийн даатгалын байгууллага дээр өр үүсээд, хуулийн байгууллага дээр хэрэг шалгагдаад явж байгаа 2000 гаруй аж ахуй нэгжийг яах юм бэ” гэдэг асуултыг олон хүн тавьж байгаа. Гэвч Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн зорилго нь өр, төлбөрийн асуудлыг зохицуулахад чиглээгүй учраас “Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил гарсан хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй” хэмээн заасан байна. Харин уг хуулийн дагаж гарч байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд дээрх хэргүүдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, та хуулийн дагуу ногдуулсан татвар, хүү, алдангиа төлнө, харин энэ хэрэгт чинь ямар нэг эрүүгийн болон торгуулийн ял, шийтгэл оноохгүй гэсэн үг.

Улстөрчдөд хөшүүрэг

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд бас нэг зохицуулалт орсон нь Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу дутуу мэдүүлсэн төрийн албан хаагчдыг нэг удаа хариуцлагаас чөлөөлөх асуудал. Мэдээж олонхи нь “Яахаараа улстөрчид өөрсдөдөө зориулж хууль гаргадаг юм бэ?” гэдэг асуулт тавьж таарна. Тэгвэл энэ ч бас шударга ёсны нэг зарчим гэдгийг зүрхлээд хэлчихье. Учир нь, тэд ч энэ гэсэн нийгмийн нэг эд эс. Ингэж байж магадгүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давж, батлагдаж гарах боломжтой болох юм. Бизнесийнхэнд олгож байгаа боломжийг төрийн албан хаагчдад ч гэсэн олгохгүй гэвэл нийгмийн нэг хэсгийн эрх ашигт илт үйлчилсэн гэж болохоор, өөрсдийнх нь эрх ашигт харин ч сөргөөр нөлөөлөхүйц ийм хуулийг УИХ-ын 76 гишүүн нэгэн дуугаар гар өргөн дэмжинэ гэж итгэхэд хэцүү. Тэг гэж албадах ч бас боломжгүй юм. Энэ ч үүднээс хууль санаачлагчийн зүгээс энэ зохицуулалтыг хуульд зориудаар суулгаж өгсөн биз. Хэрвээ УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч гэдэг утгаар нь өршөөлөөс хэлтрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүрвэл хуульд нэрлэсэн “хувь хүн, хуулийн этгээд” болоод төрийн албан хаагчдын хооронд хуулийн хувьд тэгш бус байдал бий болно гэсэн шүү дээ. Хуулийн өмнө хүн бүр тэгш гэсэн атлаа нэгийг нь хамгаалж, нөгөөг нь яллах байдлыг хуулиар бий болгож болохгүй биз дээ.