1990  оноос   хойш  Монголд С.Зориг, С.Баяр, Н. Энхбаяр  гэсэн  гуравхан  хүчтэй  улстөрч  гарч  ирсэн юм.  Энэ гурваас  өөр  лидер  гээд  хэлчихээр  нийгэмд  нөлөөтэй, зангарагтай  хувь  хүн  улс төрийн  тавцан  дээр үнэндээ  тодорсонгүй ээ. Бүгд л  нэг  тийм  үлбэгэр, яг  нэг  хэвэнд  цутгачихсан  мэт  мөлгөр,  сэтгэж  бодож,  шийдэж  байгаа  нь  тулга  тойрсон, холдлоо  холдлоо  гээд  төрийн ордны  үүднээс  үл  хэтрэх,  нэн  сул  дорой,  улс  төрд  ээлжлэн  “айл гэр” болон  тоглоцгоож,  өдөр  хоногийг  аргацаасан  л хүмүүс.  Хэлвэл  хэлсэн шиг  хэлж, хийвэл  хийсэн шиг  хийж, алдаа, онооныхоо  үрийг  адилхан  хүртэж  чаддаг, бусдыг  сайн, муу  аль ч талаараа  эрхшээн  дагуулсан лидер буюу манлайлагч  бидэнд  үнэхээр үгүйлэгдэж  байна аа. Хамгийн  золгүй  үедээ ч үүрэг  хариуцлагаасаа  зугатаахгүй, үнэнч  байх нь  улстөрч  хүний  агуу  чанар  байх ёстой  болов уу. Миний энэ бодол  бусдад  нийцэх  эсэх  нь хамаагүй  ээ. Гэхдээ л  Монголд  миний өөрийн  хэмжүүрээр  шүүгээд  үзэхэд  агуу  чанар, үзэл  санаатай, хүчтэй  улстөрч  өнөө  цагт  алга. Хариуцлага  гэдэг  үг улстөрчдийн  хамгийн их давтамжтайгаар  хэргэлдэг  бараг  л   тунхаглал аа  болгочихсон атлаа  хий  хоосон  цуурайнаас  цаашгүй.  



Хариуцлагаас  бултаж, зугатаах  болохоороо  хэнийгээ  ч  золиослоход  манай  “хүнд  гарууд”   хэзээд  бэлхэн  байдаг  нь  харин ч  нэг  гайхамшигтай  шүү. Энэ онцгой гэмээр  чанар  намрын  чуулган  эхэлсэн  өдрөөс  тодорхой  харагдаж  байна аа.  Ерөнхий сайд  Н.Алтанхуяг  Засгийн  газрын  бүтцээ  өөрчлөнө гэдгээ албан  ёсоор  мэдэгдсэнээс  хойш  юм  юм  л  боллоо. Анзаарсан  бол  түүний  танхимын  зарим нэг сайд  нойр, хоолноосоо бараг  гарч,  ухаан  санаа  элий  балай  явлаа. Бүр  үхэх нь ээ. Сайдын суудлаа  алдах нь  зарим нэгэнд  цаазын  тогтоол сонсохоос  ч дор  байдаг  бололтой. Миний  яамыг, миний суудлыг  нэгтгэн, цомхотговоос  хулгайч, луйварчин  гэдгийг  чинь  илчлээд  өгнө  гэх  мэтээр  нөгөө  муу  Ерөнхий сайд аа, намын  нөхдөө  дарамтлаад  ч байх шиг. Н.Алтанхуяг    баргийн хүний  эвийг  аргадаж,  учирлаж, өрөвдүүлж  бүр болохгүй бол тэнэгтэж    байгаад  ч  болов  олоод  байдаг  нөхөр. Бүтцийн  өөрчлөлт  гэдгээр  цаг  хожих  нь  түүнд  амин чухал  болоод  байгаагаас биш  яамдаа  нэг  хоёроор  хасаж , нэмснээр  эдийн  засаг  эрчимжээд, Алтанхуягийн  Засгийн  газрын ажил  мундаг  болоод  ирнэ гэвэл  үнэндээ л  үлгэр. Харин ч үлдсэн  хугацаандаа хийж  бүтээсэн сайн  талууд   дээрээ  тулгуурлан  маш  зоригтой, шийдэмгий  ажиллах  нь  түүнд  хамгийн  зөв  гарц  байх  атал  тэр  өөр  зам  сонгож  байх  шиг  байна. Ажил  урагштай  бол  арав  байтугай  хорин  яамтай  байсан ч яадаг  юм. Гэтэл  мань  хүн фракцуудын  эрх  ашигт  тохируулж  бүтцийн  өөрчлөлт хийж  байгаа нь  түүнд  эргээд  нэгэн  цагт хүчтэй  “нокаут” буулгах  байх даа, харж  л  байгаарай. Тэр  юм хийгээд  байгаа, харсаар  үзсээр  өөдлөн  сайжирч байгаа яамдаа  нэгтгэн, цомхотгож, үрэлгэн, үйл  ажиллагаа  нь  уначихсан  яамдаа  хэвээр  үлдээж  байгаа нь  гайхалтай. Шинэчлэлийн  Засгийн  газрын  үед  Зам , тээврийн  яамны  хариуцсан  салбарт  хамгийн  том  дэвшлүүд  гарсныг  монголчууд  мэднэ. Энэ зунжингаа  найр, наадам  хийж  Монголоо  хөндлөн  гулд  давхисан  болохоор  зам , харгуй  хэрхэн  өөрчлөгдсөнийг  сургаар  биш нүдээрээ  харцгаасан даа. Сүүлийн  арван  жилд  тавьсан  хатуу  хучилттай  замтай  тэнцэх  замыг  энэ  хоёр  жилд  тавьчихлаа. Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн зургаан  аймаг  нийслэлтэй  хатуу  хучилттай замаар  холбогдсон  нь    Монголын эдийн  засгийн  хөгжилд   маш  үр өгөөжтэй  бүтцийг  бүтээлээ. Хөшигтийн  хөндийд  байгуулж  буй  Олон улсын  шинэ  нисэх  буудлын  гүйцэтгэл  төлөвлөгөөт  хугацаанаасаа  хурдтай  явж  байгаа, агаарын  тээврийн  салбарт  гарсан  шинэчлэл, хамгийн чухал  төмөр  замын салбарын  бодлого  батлагдсан   гээд  энэ  Засгийн  газрын үед  хэний  ч  өмнө  нүүр  бардам  тайлагнах  бүтээн  байгуулалтыг  хэрхэн  үгүйсгэх  гэж.  Тэгвэл  болж  бүтэж  байгаа,  ажил  нь  цэгцэрсэн  салбараа  улам  дэмжиж  тордохын  оронд  татан  нэгтгэж  байгаа  Ерөнхий  сайдыг    хэвийн  сэтгэж  байгаа  гэхэд  хэцүү  санагдана.  АН –аас  2012 оны  сонгуульд  “Хүн  болгоныг  ажилтай, орлоготой  болгоно”  гэсэн  уриа, мөрийн хөтөлбөртэй  орж  ялалт  байгуулсан. Хөдөлмөрийн яамыг  шинээр  бий болгосон. Харин үр дүн  хаана  байна. Эсрэгээр  ажлын  байр  улам  цөөрч, иргэдийн  орлого хумигдаж, аж ахуй, компаниуд  дараалан  дампуурсан. Соёл, спорт, аялал , жуулчлалын  яамтай болсноор  ямар  дэвшил  гарсныг  сайд  нь  өөрөө  хэлж  мэдэхгүй  сууж  байх  нь  Н. Алтанхуягаас  бусдад  ойлгогдохгүй  байна. Нэгтгэмээр цомхотгомоор байгаа бол  хамгийн  түрүүнд  ийм  яамдаа  цэгцэлмээр  биш үү. Эрүүл мэнд, Боловсролын  гээд   үнэн  ядруу, газраар  нэгэнт  мөлхсөн  салбаруудад  л  бодлогын, бүтцийн  өөрчлөлт  хийвэл  нүдээ  олсон  хэрэг  болох  байлтай. Ийм л урагшгүй болчихсон салбарын сайдуудтайгаа хариуцлага тооцсон шиг тооцоод бүтцийн өөрчлөлт хийсэнгүй гэсэн шүүмжлэл түүнд хаяглагдаж байгааг бодвол анзаарч байдаг байлгүй. Танаас хариуцлага нэхээд байна шүү дээ уг нь. Ерөнхий  сайд маань бүтцийн  өөрчлөлт хийнэ  гэдгээ  мэдэгдэхдээ “Хоёр  жил  яваад  ирсэн  Засгийн  газрын  бүтэц  маань  буруу  болохыг  мэдлээ ” гэсэн . Тэгэхээр Монголын түүхэнд   Засгийн  газар буруу  бодлогоор  явж  байжээ  гэдгээ,  хүлээн  зөвшөөрсөн  анхны  тохиолдол, бас  алдаагаа  хүлээн  зөвшөөрсөн  анхны  Ерөнхий  сайд  Н. Алтанхуяг  болж  байна. Тэгээд  танхимынхаа  багийн  бүрэн  эрхийн  хугацааг  дуусгалгүйгээр  гарам  дээр  морио шинээр  солих  шийдвэр  гаргасан  нь  бас  л  анхны  гэх  тодотголтой  болж  түүхэнд   үлдлээ. Юутай  ч  Ерөнхий  сайдын  хөзөр  дэлгэгдсэн. Нийгмийн  хүсэн хүлээж  байсан  хүлээлтээс  тэс  хөндлөн “ модоор”  тэр  тоглоомоо  үргэлжүүлэхийг  хүсчээ. УИХ –аас  хэрхэхийг  мэдэхгүй. Түүний  хүсэж  буй   бүтцийн  өөрчлөлт  нь  тэгээд  өмнөх  шигээ  буруу  л  биш  байгаасай. Талх  зүсэж  байхдаа  аль тал  дээр  нь  цөцгий  түрхэхээ  урьдчилан  мэдэх  боломжгүй  байдаг  шиг  бүтцийн  өөрчлөлт  хийхдээ  арай  тэгж  хандаагүй  байлгүй  дээ Ерөнхий  сайд  маань.


http://toimsetguul.mn