\эсээ\

Морин жил отголж, хонин жил айлчлан айсуй. Бэлгэч ёс сурталтай монголчуудын ухаарлаар, морь жил хатуу ширүүн, хонин жил зөөлөн аядуу хэмээнэ. Нээрэн ч энэ  морин жил, “морин жилийн дайныг яана” гэдэгчлэн, дэлхий даяхнаар дайн дажин, үймээн түүвээн, гай гамшиг, галт мөргөлдөөн, аллага таллага, айдас түрэмгийлэл ихэд нүүрлэсэн хатуу жил боллоо. Манай монгол улсад төр засаг солигдон, түмэн олон бужигнаж, ардын амьдрал ядуурч, өр шир, зээл хүүд хүүлэгдсэн жил болон өнгөрч байна. Харин ирж буй эсэргэн хонин жил монгол хүний амь амьдрал өөд нар үзэж (өөдөлж), эх орны хөгжил, эдийн засаг дэвжин дээшилж, үйл үйлдвэр байгуулагдан, бүтээн байгуулалт, шийдвэр шийдэл өрнөсөн өрнүүн амжилттай, өгөөмөр баян, өнтэй тарган жил гараасай гэж өмнөөс бэлгэшээнэм.

Хөдөх бядуу би, зууд дөтөлж насалсан буянтай буурал ээжээ элэг зүрхнээсээ дурсан санагалзаж, тэргүүн мэхийн ёсолж санавал, жилдээ бүтэн нэг эргэж дэлхий нараа тойрох тойрог буюу гурван зуун гучин таван хоногт ээжийн минь ганцхан хүсэн хүлээдэг, эртээс банжин базааж, бэлтгэдэг баяр нь Цагаан сар. Бус баярыг бол чимхийн чинээ бодож, өчүүхэн ч эс тооно, өдийхэн ч үл тэмдэглэнэ. Энэ жилийн цагаан сараа нэжгэр хөлтэй биш ч гэлээ, нэмгэн хөнгөн бус, тэгш дүүрэн, дэлгэр сайхан тэмдэглээд, шинэ сараа угтан золгосны маргаашаас л дараа жилийн цагаан сар хүртэл жилжингээ гэрийн хогшил хөрөнгөө хадгалдаг олон оны ис тортог сууж, тос даан нэвчсэн хоймрын хүрэн бор авдрандаа олсон зөөсөн зөөр хөрөнгө, эд эдлэл, бэлэг сэлтээ хулгана зурам хөёө ноохойгоо хураан нөөх мэт хумин цуглуулж, цуглан боож, хүндлэн золгох ах дүүгийн бэлгийг хүн бүрээр нэрлэн боож, бор авдрандаа хадгалдагсан. Архи дарс, амттан шимттэн, ааруул хурууд,  идээ будаахныг болов, хөлийн авдрын булан тохойд даавуу шаавуунд баадагнан, далд хийж “цагаан сараар хэрэглэнэ” хэмээн нөөцөлдөгсөн. Хууччуул цөм цагаан сардаа ингэж л бэлтгэж, чингэж л өөрийн хэр хэрээрээ, чинээ чинээгээрээ, дутаж гуцах юмгүй дүүрэн бэлгэтэй, түвшин сэтгэлтэй шинэлдэг билээ. “Бэлтгэл сайтын бэл их” гэгчээр, жилжингээ бэлтгэсэн учраас ээж аавын минь цагаан сар нүсэр хүнд, бэл бэнчинтэй бус ч гэлээ, юм юмтай, элбэг дэлбэг бийлэгжүү болдог байв.

Монгол хүн бүр ирж яваа урин цагаа угтасны, ихэс дээдэс, ах захаа хүндлэн золгох учрын, нэг нас нэмсний гурван их баяр давхцан тохиосны бэлгэ дэмбэрэл боддог, шинэ жил, шинэ сар, шинэ өдөр гарсны гурвал өлзий хутгийг халуун ам бүлээрээ, ах дүү ураг саднаараа бэлгэшээн тэмдэглэхдээ өтгөс буурлуудаа өргөж хүндэтгэх, нялхас нярай, хүүхэд багачуулыг баярлуулан баясгахыг эрхэмлэн, төр түмнээрээ сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдэлж, алд цагаан хадаг дэлгэн золгож, аяга дүүрэн айраг сүүгээ барьж, таван тансаг идээгээрээ дайлж цайлан, харамж шан, бэлэг сэлт, харамгүй өргөж, сар шинийнхээ баярыг өнөр олноороо өргөн өтгөн тэмдэглэсээр ирсэн эртний төрт ёс, түүхэн уламжлалтай билээ.

Тоогүй нь, түүх сөхвөл төр түмний энэ их баярыг 1930 оноос лам хувраг, баяд ноёд, феодалуудын найр цэнгэлийн өдөр хэмээн шоо үзэх болж, 1932 оноос байран суурин хот хүрээ газруудын айл өрхийг цагаан сар хийхийг хаан хориглож, баяр хийсэн айлыг “феодалын үлдэгдэл”, “хоцрогдсон ард” хэмээн элдвээр гоочлон хочилж, хавчин хяхаж,  хатуу цээрлэдэг болжээ. 1952 оны өвлийн адаг сарын битүүнд маршал Х.Чойбалсан нас барсан тул түүгээр шалтаглан цагаан сарын шинийн нэгнийг “гашуудлын өдөр” болгон зарласнаар барахгүй 1954 оны 1 дүгээр сарын 26-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч, цагаан сарын өдрийг ажлын өдөр болгожээ. Түүнчлэн МАХН-аас 1960 онд манай оронд “Нэгдэлжих хөдөлгөөн” ялсан нь ач холбогдлоороо ардын хувьсгалтай эн тэнцэнэ” хэмээн түмэнд тунхаглан зарлаж, мөн оны 1 дүгээр сард АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг бууж, жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг  “Нэгдэлчдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар товлон тогтсон нь зөвхөн хөдөөх ард малчдын тэмдэглэх баяр болж, хамрах хүрээ, эрч далайц нь эрс хумигджээ. Ийнхүү 1950-иад оны дунд үеэс 1980-аад оны сүүлч хүртэл монгол үндэстэн угсаатны олон эрин зууны турш төр түмнээрээ ёслол төгөлдөр тэмдэглэсээр ирсэн мянга мянган жилийн үүх түүхтэй, өв уламжлалтай, ёс заншилтай томоохон баяр ёслолыг төрийн хэмжээнд бүү хэл, түмэн олны дунд ч тэмдэглэх явдал хязгаарлагдан орхигдоход хүрсэн юм.

Зүдэг бүдэг, хаалт хоригтой он жилүүдэд ээж минь цагаан сараа ёслон тэмдэглэхээ хэзээ ч омтгойлон орхисонгүй, шинэлдгээрээ шинэлж, ёсолдгоороо ёсолж, зочилдгоороо зочилж байсан юм. Ардын сэтгэлд ашид байгаа ахуй амьдралын заншил, үндэстний өв соёлын үнэт уламжлалыг засаг төрийн хатуу чанга хууль ч хааж чагталж чаддаггүй, цааз хориг ч цагдаж хүчирдэггүй, өөрчилж хувиргаж болдоггүйн нэг жишээ энэ.

Шинийн нэгний өмнөх өдрийг “битүүн” гээд урьдчилан тогтсон ёс, үйл үйлдэнэ. Юун түрүүн гэр орноо шүүрдэн, бурхан тахил, авдар шүүгээ, ор эргэнэг, сав суулга, тавилга эдлэлийг нэг бүрчлэн нэгжин цэвэрлэж, тоос шороог нь арчиж, яндан гөвж хөөлөн, зуухны үнс нурам гаргана. Тооно, унь, хаалга, шалаа угааж, гудас хөнжил, ширдэг дэвсгэрээ гадаа сэгсэрч, гэрийн доторхийг гэрэлттэл гял цал цэмцийлгээд, гадаах хашаа хороо, зам талбайг цэвэрлэн, хогоо хол аваачиж асгана. Гэртээ шинэ тавилга тавьж, тавгийн идээ, ууц шүүсээ ном журмаар засна, бор, ногоон, цагаан идээ бэлтгэнэ, архи айргаа сөгнөнө.  Одоогийнх шиг бэлэн зэлнийг хэрэглэхгүй, бүхнийг өөрсдөө хийнэ, тухайлбал ул боовоо хэвлэн хайрна, “дугуй цагаан” гэх аарцтай еэвэн хийнэ, тосоо холино, тогоогоо нэрнэ, үүцээ задалж мах чанана, намрын махан, өөхөн, тосон, халиман тарга гүйцсэн иргэн хонины ууцаар шүүс тавина, алим, чавга, чацаргана исгэж “бараашик” нэртэй шар айраг бэлтгэнэ, хүүхэд томчуудад өгөх бэлгийг өрхийнхөө үйлдвэрээр хийнэ.

Битүүний үдэш хонины хуйхалсан толгойг битүүгээр нь болгож, борви шаант, дунд чөмөг чанаад “битүү хагалах” ёс үйлдэн толгой эрүүг зааж, чөмгийг ташиж, хүн бүр хувааж идэх ба бас битүү хоол гэж бууз, банш хийж битүүртлээ иднэ, “цагаан сараар нэг цаддаг” гэдэг үг үүнээс гарчээ. Битүүний үдэш гэрийн тотгон дээр гурван мөс тавьдаг заншилтай бөгөөд энэ нь ертөнц дэлхий, хүн төрөлхтнийг эргэгч, ивээлт бурхан, охин тэнгэр Лхам бурханыг угтахын бэлгэдэл бөгөөд айл болгонд аз жаргал авчирдаг гэх Лхам бурхан унаа хүлгээ унаж тэнгэрийн орноос бууж ирээд, хормын хугацаанд айл бүрийг эргэж гадаах мөсөн дээр  хувь хишгээ хүртээгээд явдаг гэж хууччуул хуучилдаг.

Шинэлэн золгох цагийг монголчууд ихэд бэлгэдэн бэлэгшээдэг. Шинийн нэгний өглөөний цагийг тухайлбал, наран ургахаас нар голлох бага үд буюу үдээс өмнөх үеийг хамгийн бэлгэдэлтэй сайн цагт тооцож, тэр цагт багтан аав ээждээ хүрч очиж золгоно, мөн ойрын төрөл садан, ахмад настантай амжиж золгохыг хичээдэг.  Шинийн гурван хүртэлх хугацаа бол хүндэтгэлтэй хоногууд бөгөөд тархай бутархай ас асдаа нүүдэллэн аж төрдөг монголчууд бие биеэс алс зайдуу өвөлжинө, тиймээс цаг зав гарахгүй тохиолд шинийн наймны билигт сайн өдрийг сонгон хүлээж байгаад тэр өдрөөр очиж шинэлнэ. Энэ өдөр нь утга бэлгэдлийн хувьд  шинийн нэгэнтэй адил гэж үздэг. Түүнээс хойш шинэ хуучрах тул айлууд хүндэтгэлийн шүүс идээгээ буулгаж, багахан баг идээ засах ба бүтэн сардаа шинэд хуучралгүй үргэлжилнэ.

Манайхан шинийн нэгний өглөө үүр цүүрээр эртлэн босоцгоон, ээж минь  улаан галаа өрдөн, уураг болсон цайгаа чанаж, ууц шүүсний дээж-тос өөхөөр галын бурханаа мялаагаад, аргал хомоол уугиулан арц хүжис асаан гэрээ ариулж, аагтай шаргал цайныхаа дээжийг байгаль эхдээ сацал сацан өргөнө. Үүр манхайтал цайж гэгээрэхийн үес, хүн бүр өөр өөрийн зүг мөрөө зөв гаргах бөгөөд зүгийн идээг зүг бүртээ сацан ёсолно. Ургахын улаан нартай уралдан шинэлэн золгоцгооно. Ээжийн дээжлэн барьсан дүүрэн цайг дуустал ууцгаана, “өглөөний цай дүүрэн уувал өдрийн жаргал” хэмээхийн учир тэр бөлгөө. Битүүлэг, цагаалганаас зоогийн савныхаа хэрээр идэж уух ба цагаан сарын өдөр гэдэс цатгалан, мөр бүтэн, гоё сайхан явбал тэр жилдээ өнгөтэй өөдтэй байдаг гэж бэлгэшээхийн учир тэрээ.

Ээж  минь жилжин өмсөөгүй, нандигнан эвхэж боосон саарал сатинан хурган дотортой гоёлын дээлээ өнөөх бор авдарнаасаа гарган, гадаа шинэ цасан дээр саваагаар саваадан  гүвж, үс хялгасыг нь сэргээн сорлоод, тоос шороог нь сэгсэрч өмсөнө. Харин аав минь сэгсүүргэн дотортой хүрэн минчүү дээлээ шар дурдан бүсээр чавхийтэл ороож хөөргөж өмсөнө. Харин хүү намайг сургуульд орохоос өмнө багашаархан багад минь ишгэн дотортой шинэ дээл оёж өмсгөн мялаагаад, авга ахын гараа гарган урласан иж бүрдэлтэй мөнгөн хэт хутгыг бүсэнд минь хавчуулан зүүж өгөхөд хөөр хөөрцөг болдог байж. Манайхан (аав, ээж, ах, бид дөрөв) гэртээ шинэлж бараад, аав ээжээ даган ах дүү нараар айлчлахдаа аавын зааснаар, хэт хутгаа хуйнаас нь сугалан гэрт орж, ахмад настны амрыг айлтган золгоход мөнгөн хутганы хэт бэл, хийц чанарыг томчууд үзэж сонирхон, шагшин магтангаа түүнийг эдэлж яваа бяцхан хүү миний магнай духыг үнэрлэн үнсэж,  өхөөрдөн энхрийлдэг байсныг одоо санахад тов тодорхой, сайхан ухаарал дурсамж үлджээ. Аав минь гурван үеийн дархан учраас шинийн нэгний өглөө дархан хүний ноён багаж гэгддэг таван жингийн гүн зэрэгт дөшөө гарган, тархи, толтыг нь толийтол зүлгэн, өө сэвийг нь дараад өөх тосоор мялааж, дархчуулын шүтээн-Дамдинчоо бурханыхаа өмнө хүндэтгэн зална. Ээж минь сартуулыг даасан Банданлхам бурхандаа дээжилсэн идээгээ өргөж, тахилын ширээнээ талбина.

Миний багад хөдөө сумд цагаан сар их л өргөн дэлгэр, хөл хөсөөнтэй болдог байв. Хүүхэд биднэр цагаан цуу-янбуугаар оёсон уут үүрээд л сумын төвийн айлуудыг нэгийг ч үлдээлгүй гудамж алгасалгүй айл айлаар ордогсон. Айл бүр хүүхдийн хувь гэж тостой тосгүй, чихэртэй чихэргүй, том жижиг, хээтэй хээгүй янз бүрийн хэвийн боов боорцог, бяцхан гарын бэлгэтэй өгнө, хэдэн гудамж хэсээд л хэдийнэ хүүдий маань дүүрнэ, дараа нь хаврын уртад мөнөөх хүүдий хүүдийтэй ул боов, дугуй боов, еэвэн өл залгах хоол хош болдогсон. Шинийн нэгэнд хүүхэд нохойг баярлуулж, хоол унд өгч (хар чавганы чанамал, үзэмний шүүс, цагаалгын будаа, ууц шүүсний хэрчим мах) дайлна, хүүхдийн нүд горьдоно хэмээн айл бүхэн орж ирсэн хүүхдийн гар цайлгаж, бэлэг өгнө. Айлуудын өгсөн бэлгийг  ээждээ авчирч өгөхөд, ээж минь түүнийг өөр бусад айлын хүүхдэд өгнө. Ингэж л хүүхэд бүхэн айл болгоноос шинийн бэлэг сэлт, хувь хишиг хүртдэг заншилтай байв. Хүнийг хүлээн угтах, хүндэтгэн дайлах, ахмадтай мэндлэн золгох, ам зөвтэй үг хэлэх, хүнээс бэлэг авах, бэлэг өгөх зэрэг хүнч ёсны харилцаа, хүнлэг ёс суртахууны анхны “цагаан толгой”-д цагаан сараар л суралцдаг байжээ. Ер нь цагаан сар бол монгол ёс заншил, утга бэлгэдэл, ёс ёсолгооны иж бүрдэл өдөр бөгөөд энэ өдөр ёсыг ёсолж, ёрыг цээрлэж явах учиртай. Цагаан сард бүх юм цагаан байхыг эрхэмлэнэ. Цагаан өнгө бол бүх өнгөний дээд, эх  өнгө гэдэг бөгөөд хиргүй цагаан сэтгэл, ариун ёс журмын бэлгэдэлтэй хэмээн үздэг. Тийм болохоор цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан өнгийн дээл \хурган дотортой дээл\ өмсөж, цалин цагаан мөнгөн аяганд цай ууж, цагаан идээгээр өвч идээ засч, сүүтэй, аарцтай цагаан будааны будаалга, бэрээс идэж, цагаан өнгийн бэлгэ авч өгч, цагаан цайлган сэтгэлээр хүнтэй харьцаж...байдаг учир цагаан сар тэмдэглэхийг өөрөөр бас “цагаалга хийнэ” гэж ярьдаг нь ийм учиртай.

Ноорой ноорхой, хир даг, шороо тоос болсон хувцасгүй, ёхлох, ёолох ёргүй, ёоз авир ааш гаргахгүй, муу үйл хийхгүй: архи ууж агсамнахгүй, алдаатай үг хэлэхгүй, худал хулгай хийж нүгэл үйлдэхгүй, ардын заншлаар бол, шинэлэхдээ ямар байвал тэр жилдээ тийм байна гэдэг тул, үгийн аль сайныг хэлж, үйлийн урныг урлаж, хувцасны шинийг өмсөж, идээний шимттэйг идэж, эдийн  сайхныг  эдэлж хэрэглэж явахыг хэн хүнгүй хичээдэг. Одоо ч гэсэн би хэвшсэн хэв заншлаараа, уламжлалаа дээдлэх ухаанаараа Цагаан сарыг ихэд тоон үзэж, бэлгэшээн бодож, бэлтгэн базааж, ёслон тэмдэглэх бүрийдээ муу ээжийгээ сүслэн санаж, өглөө эртлэн босч, ёсыг ёсчлон үйлдээд, хамгийн түрүүнд “амьд хоёр бурхан” гэгддэг аав ээжийнхээ бурхан хөргийнх нь өмнө тахил тавиг өрж, балин дээж өргөж, зул хүж мандааж, маань мэгзэм хэлж, буян ном үйлдээд, аав ээжийн шүтээн Бурхдад адислан мөргөж сүсэглэнгээ, шинэ жилдээ ёо гэх өвчингүй, ёох гэх залхуугүй, идээ цагаа элбэгтэй, эд агуурс арвинтай, эрдэм номоор баян, санаа сэтгэлээр өөдрөг, сайн сайхан байхын ерөөл талбин, ээж аав, эх орон, үр хүүхэд, ач зээ нарынхаа амар амгалан, аз жаргалын төлөө,  уламжлалт цагаан сараа хүндэтгэн дээдэлж, ёслон тэмдэглэсээр явна.

                Доктор Д.БАТТОГТОХ