-Хүнд ой санамж гэж юм хэрэгтэй.
Төрийн ой санамж илүү урт хугацааных байх ёстой-


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд “Би харамсаж байна” хэмээн хэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд сошиал ертөнцөөр хамгийн их түгээгдсэн мэдээлэл болов. Учир нь энэ өдөр нэгдсэн чуулганаар Тахарын албыг татан буулгах асуудал дэмжигдсэн нь зөвхөн хууль санаачлагч нь дангаараа харуусаад өнгөрөхөд хангалтгүй нөхцөл байдалтай байснаас тэр биз.

2012 оны сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан “Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бий болгох, Тахарын албыг байгуулах” амлалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар жил шахам ажиллаж байж 2013 оны долдугаар сард Тахарын албаны тухай хуулийг баталсан юм. УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаанд мэтгэлцсэний эцэст манай хууль тогтоогчид “Маршалын албаны тухай” хуулийн нэрийг өөрчилж, “Тахарын албаны тухай” нэртэйгээр баталсан билээ. Тахарын албаны тухай хуулийг Засгийн газар 2104 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, шүүхээр таслагдсан ялтан хоригдлыг хуяглан хүргэх, шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан яллагдагчийг албадан авчирах, хорихоос оргон зайлсан ялтан хоригдлыг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Тахарын албыг ХЗЯ-ны харьяанд байгуулаад жил хагасын нүүр үзэж байна.

1990 онд Ардчилсан хувьсгал ялж, монголчууд ардчилал, зах зээлийн замыг сонгосон. Тухайн үед шинэ залуу ардчилагчид “Хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, чөлөөт нийгмийг байгуулах”-аар тунхагласан ч түүнээс хойших хорь гаруй жилийн хугацаанд яг хүн рүүгээ чиглэсэн, хүний эрхийг хамгаалах чиглэлд хийсэн цорын ганц хууль нь /1992 оны Үндсэн хуулийг оролцуулахгүйгээр/ одоо яригдаж байгаа Тахарын албаны тухай хууль. Бусад нь ихэвчлэн эдийн засгаа либералчлах, институци хоорондын харилцааг зохицуулахад чиглэж байв.

2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүний мөрийн хөтөлбөрт хуулийн салбарыг шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох асуудал нэгдүгээрт тавигдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр нэлээн ч урагштай явсан. Шоронжсон гэгддэг 2002 оны Эрүүгийн хуулийг өөрчлөхөөр Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулиудыг, тэдгээрийг дагуулан Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /одоогийн ЭБШХ/ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг одоогийн парламент дуун дээр дэмжиж өгөөгүй ч Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Гэрч, хохирогчийн хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэх мэтчилэн хуулийн байгууллагуудын чиг үүрэг, албан хаагчдын эрх хэмжээг журамлаж, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон шинэ хуулийг баталж хэрэгжүүлээд явж байна. Дахиад ч өөр олон хууль хэлэлцүүлэгт орж ирэх ёстой

Өнөөдөр татан буугдах дээрээ тулаад байгаа Тахарын албаны хамгийн гол чиг үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах, шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах явдал. Аливаа гэмт хэргийг шударгаар шийдвэрлэхэд гэрч, хорирогч нарын үнэн зөв мэдээлэл чухал үүрэгтэй. Гэвч манайд тэдний аюулгүй байдлыг хамгаалсан хууль, хамгааллын тогтолцоо байгаагүйн улмаас гэрч, хохирогчдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, худалдаж авах замаар хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад учруулж, гэм буруутай этгээдүүд ял завших явдал цөөнгүй. Гэтэл дээр нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэрэг тэвчишгүй байдалд хүрээд байгаа тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр сүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ. 2014 онд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг  өмнөх оныхоос 2.6 дахин, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 3.5 дахин өсч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шалтгаанаар таван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулжээ. Сүүлийн таван жилийн дотор гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 3048 хэрэг гарч, хүчирхийллийн улмаас хүнийг санаатай алсан гэмт хэрэг 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг 2727 гарсан байна Энэ бүх тохиолдолд хэдийгээр хуулиар үүрэг хүлээгээгүй ч гэлээ хүний эрхийн төлөө тэмцдэг ТББ-ууд л ачааны хүндийг үүрч, ихэвчлэн гадаадын тусламжийн байгууллагуудаас гуйсан багахан санхүүжилтээрээ хүчирхийллийн улмаас хохирогчдыг хамгаалалтандаа авч ирсэн. Гэсэн хэдий ч төсөв хөрөнгө, байр савгүйн улмаас хохирогчдыг дээд тал нь 14 хоног байрлуулаад ар гэрт буцаахаас өөр аргагүйд хүрдэг, хохирогч нар эргээд хүчирхийлэгчтэйгээ, хүчирхийллийн орчиндоо амьдрахад хүрч, үүнээс болоод санаанд багтамгүй хэрцгий хэргүүд гардаг.

Харин Тахрын алба батлагдсанаасаа хойш ТББ-уудтайгаа хамтарч ажиллаж, харуул хамгаалалт, хөрөнгө төсвөөр дэмжээд, харин хохирогчдод үзүүлэх бусад тусламж, үйлчилгээг ТББ-уудаараа гүйцэтгүүлэх болсноор байдал харьцангүй дээрдээд байсан юм. Монголын төр хүнээ, иргэнээ хамгаалахын төлөө гаргасан цорын ганц хууль нь энэ. Өмнө нь бол малыг л төрийн хамгаалалтад авч байснаас хүнээ хамгаалах талаар бодож ч байгаагүй л болов уу. Ялангуяа нийгмээс далд нууцаар, гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн бага насны хүүхэд, хүч буурай эмэгтэйчүүд байдаг. Гэтэл одоо Тахарын албыг ШШГЕГ-тай нэгтгэчихээр тэд шоронгийн хоригдлуудтай яг адилхан нөхцлөөр “хамгаалуулах” болчихоод байна л даа. Шоронгийн хянагчийн ажил муу муухай гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Угаасаа ажиллах нөхцөл, дадал соёл нь өөр гэдгийг хэлж байна. Шүүхээр шийтгүүлсэн ялтан, хоригдлуудтай өөрсдийн арга барилаар харьцаад сурчихсан хүмүүс тэр дадлаараа хүчирхийлийн золиос болсон сэтгэлийн шархтай хүүхэд, эмэгтэйчүүдтэй харьцвал юу болох вэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ядаж л ял эдлүүлэх газар, шүүхээс буруутгагдсан нөхдийг засан хүмүүжүүлэх үүрэгтэй цэргийн анги нэгтгэл болохоос биш жирийн иргэнд үйлчилдэг энгийн байгууллага биш.

Өмнө нь ч гэсэн Х.Тэмүүжинг сайд байхад “Цагдаагаа адаллаа, шүүмжиллээ. Салбараа самарчихлаа” гэдэг л байсан. Гэвч Хууль зүйн сайдын үүрэг Монгол Улсын гурван сая иргэний аюулгүй байдлыг хамгаалах болохоос биш, өөрийх нь удирдлаган доор ажилладаг хэдэн цагдаагаа буруу зөвгүй хаацайлаад явахын нэр биш л дээ. Өмгөөлж хамгаалдаг байлаа гэхэд тэр нь ч гэсэн утга учиртай байх ёстой биз дээ. Энэ хүнд ийм үүрэг хариуцлага хүлээлгэсэн юм чинь түүнийгээ гүйцэтгэхэд нь шаардлагатай техник хэрэгсэл, цалин хангамж, эрх зүйн баталгааг төр өгч чадаж байна уу үгүй юу гэдэг ч юм уу. Түүнээс биш цагдааг өмгөөлөх нэрээр тэднээс аюулгүй байдлын үйлчилгээ авах ёстой жирийн иргэдийн эрх ашгийг хөсөр хаяж, хойш тавьж болохгүй. ШШГЕГ-ын тухайд ч гэсэн тэнд ажиллаж байгаа ажилтнуудын эрх ашгаас түрүүнд тэднээр аюулгүй байдлаа хамгаалуулах гэж байгаа жирийн иргэдийнхээ эрх ашгийг бодож үзэх ёстой.

Хоёр дахь нь түүнээс ч аюултай. Тахарын албаны чиг үүрэгт шүүгч, прокурорын байгууллагыг хамгаалалтад авч, шүүгч, прокурорын аюулгүй байдлыг хангах. Хэрвээ шүүх хурлыг хэн нэг этгээд тасалдуулахыг оролдвол /долдугаар сарын 1-ны хэрэгт шалгагдсан цагдаагийн дарга нарын шүүх хурлыг эсэргүүцсэн цагдаагийнхан шүүгчид халдаж, шүүгчийг барьцаанд авч байсан гашуун туршлага ч бий/, эсвэл шүүгчийг хэрэг маргаанаа хараат бусаар шийдвэрлэхэд нь саад хийх зорилггор хэн нэгэн занаж сүрдүүлбэл энэ бүхэнд Тахарын алба бэлэн байх ёстой. Тэр үүргийнхээ хүрээнд тагнуулын буюу гүйцэтгэх ажил ч явуулах хэрэгцээ шаардлагатай, тийм эрхтэй. Оргон зайлсан хоригдлыг эрэн сурвалжлахад ч мөн ялгаагүй. Харин ШШГЕГ хорих ангид элдэв гэмт хэрэг гарахаас сэргийлэх зорилгоор дотооддоо, өрөөр хэлбэл хашаан дотроо л гүйцэтгэх ажил явуулах эрхтэй гэнэ. Гэтэл Тахарыг ШШГЕГ-т нэгтгэчихвэл урьд өмнө хорихын хашаанаас гардаггүй байсан гүйцэтгэх ажлыг ШШГЕГ Монгол Улсын хэмжээнд шүүхийн шийдвэргүйгээр явуулах эрхтэй болно гэсэн үг. Хууль зүйн сайд ч энэ талаар “Тахарын албаны гүйцэтгэх ажил явуулах эрхийг ч бас хуулиар хүлээсэн бусад чиг үүргийнх нь хамтаар ШШГЕГ-т шилжүүлж байгаа” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ингэвэл шоронгоо ч хянана, шүүх, прокуроруудыг ч хянана, тэднээр дамжуулаад улстөрчдийг ч хянаж чаддаг болно гэсэн үг. Тиймээс л “Бас нэг АТГ гарч ирэх нь ээ“ гэж болгоомжлоод байгаа хэрэг.

Саяхан УИХ дээр орж ирсэн Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай /хуучнаар ЭБШХ/ хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Тахарын албанд бас нэгэн чиг үүргийг харьяалуулж болох тухай яригдаад өнгөрсөн. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гардаг эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, хүчээр мэдүүлэг авах, мэдүүлэг зохиох гэх мэт хуулийн байгууллагын ажилтнуудын хуулиас гадуур хийдэг ажиллагааг бүхэлд нь “Мөрдөн шалгах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг” гэж нэрлээд Тахарын алба шалгадаг байя гэж. Одоо л “Прокурорын мөрдөнгөө дахиж байгуулья. Прокурорын мөрдөнг АТГ-т шилжүүлснээс болоод хүний эрхийн зөрчил гаарлаа” гэж яриад байгаа болохоос биш прокурор ч гэсэн яллах чиг үүрэгтэй л байгууллага. Нэгэнт яллах чиг үүрэгтэй байгууллага учраас гэмт хэргийг илрүүлэхээ нэгдүгээрт тавиад хэргийг шалгах явцад гарч байгаа хүний эрхийн зөрчил, хуулийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааг шалгаж тогтоох үүргээ хёрдугаарт тавиад байна. Тиймээс Тахарын алба хөндлөнгөөс орж шалгах нь илүү үр дүнтэй гэж. Магад ч үгүй.

Тахарын албанд хуулиар хүлээлгэсэн бусад чиг үүргийн хувьд заримыг нь цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг байсан, зарим чиг үүрэг нь огт эзэнгүй явж ирсэн байдаг. Ялтан, хоригдол орголоо гэхэд цагдаагийнхан түргэн аваад, өмнөх ажлаа орхиод хэдэн сараар араас нь хөөцөлддөг. Яллагдагчийг шүүх хуралдаанд авчирах үүргийг ч бас өөрт нь хуулиар оноогоогүй ч цагдаа л хийдэг байв. Гэтэл ард нь иргэдэд өдөр тутам үзүүлэх ёстой аюулгүй байдлын үлчилгээ буюу хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргийн араас мөрдөн шалгах ажил нь ор тас орхигддог. Шүүхийн хамгаалалтыг гэхэд хуулийн ямар ч боловсролгүй чөлөөндөө гарсан офицер, тэтгэврийн насныхан л “гэрээт хамгаалалт” нэрээр хийдэг байлаа. Түүнээс болоод шүүх хуралдааны өмнө шүүгчээ барьцаалуулж ч байлаа шүү дээ.

Энэ мэтчилэн хэнд, хаана харьяалуулсан нь тодорхойгүй, эсвэл хэнд ч харьяалуулаагүй, хуулиар зохицуулагдаагүй байсан олон чиг үүргийг нэгтгэж Тахарын албыг байгуулсан юм. Хуулийг нь ч эдүгээгийн УИХ өөрөө баталсан. Ингэхдээ хямралтай жилийн төсөвтөө багтаан салбарын хэмжээнд ямар ч орон тоо, төсөв нэмэлгүйгээр хүн хүч болон төсөв хөрөнгөний хувьд цэвэр дотоод нөөцөөрөө ажиллуулж ирсэн байдаг. Харин өнөөдөр энэ албыг татан буулгах биш, илүү чадавхижуулах тухай ярьсан бол Хууль зүйн сайдын хувьд зөв зүйтэй зүйл болох байлаа л даа. Харамсалтай нь Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн төрийн энэ чухал алба, ийм эрх мэдлийг зүгээр л найз нөхөд бие биедээ “амны алчуур” болгоод бэлэглэчихлээ.

Хоёрхон жилийн өмнө УИХ-ын чуулганаар Маршалын албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад гишүүд “Уг нь зөв зүйтэй, зайлшгүй гаргах ёстой чухал хууль. Гэхдээ “Маршал” гэдэг нэр нь ойлгомжгүй байна аа. Монголоор ямар нэг ойролцоо нэршил байхгүй юу?” гэж Х.Тэмүүжин сайдыг шалж байлаа. Тэгэхэд мань эр ”Хамгийн ойрхон нэршил нь “Тунгалаг тамир” кинон дээр ширтэйгээ шоронгоос оргосон Төмөрийг хайгаад явж байдаг Бадарч гэдэг тахар байлаа” гэж хариулсан. Тэгээд л Маршалын албыг Тахарын алба болгож нэрийг нь өөрчлөөд хуулийг баталсан шүү дээ. Одоо тэгээд гэнэтхэн “Тахар гэж урьд өмнө Монголд байгаагүй хаанахын ямар гээч булай юм гаргаад ирэв” гэж цочиж бусгаад байж болохгүй л дээ. Хүнд бас ой санамж гэж юм хэрэгтэй. Ялангуяа төрийн ой санамж илүү урт хугацааных байх ёстой. Нэг сайдынхаа хийснийг нөгөө сайд нь ойлгохгүй байх бол байж болох асуудал. Харин УИХ өөрийнхөө гаргасан шийдвэр, баталсан хуулийнхаа төлөө өөрөө хариуцлагатай байх ёстой.