УИХ-ын 60-р тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ нар Багануур, Сүхбаатар дүүрэгт сонгуулийнхаа компанит ажлыг эхлүүлжээ. Дүүргүүдийн Засаг дарга нартай хөтлөлцөөд, ганц эмэгтэйгээ дундаа хийчихсэн эвтэй дөрөв шиг тавуулаа явж байна. УИХ-д нэр дэвшиж байгаа дөрвийн гурав нь “Нэг ардчилал”-ынх. Тэдэн дундаа Лу.Гантөмөр нь Сүхбаатарын тойрогт дөрөв дэхээ нэр дэвшиж байгаа. Харин Х.Тэмүүжин 2008 онд Баянгол дүүргээс, 2012 онд намын жагсаалтын гуравт бичигдэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд болсон. М.Батчимэг мөн 2012 онд АН-ын эмэгтэй квотоор намын жагсаалтад бичигдэж УИХ-ын гишүүн болж байв. 

Б.Мэдрээгийн хувьд өмнө Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодож үзсэн, 2012 онд намын жагсаалтыг 12-т бичигдээд урдуураа таслуулсан хүн. Угаас түүнд хэр тааруу, хямдхан улстөрчидтэй адил тал засах, хоёр нүүр гаргах хуурмаг зан байдаггүй. Хэлэх үгээ бодох санах юмгүй шулуухан хэлчихээд гудийхгүй явж өгдөг нөхөр. Түүгээрээ ч заримдаа алддаг байх. Харин давуу тал нь гэвэл тэр жинхэнэ профессиональ. Банк, санхүүгийн тал дээр Монголдоо номер нэг гэж хэлж болно. Үүнийг нотлохын тулд их олон том тоо хэлэх шаардлагагүй. Зүгээр түүний удирдаж байгаа ХХБ-ны үүдээр ороход л харагдана. Байгууллагын соёл, үйлчилгээний чанар, гадаад нэр хүнд, барилга байшингийн гадна дотно төлөвлөлт хүртэл бүх зүйл нь төгс байдаг. Тиймдээ захын улстөрчидтэй нялуураад, сүжрээд, улс төрийн тоглолтод нь татагдаж ороод явдаггүй, тэр хэрээр өөрийгөө тоож явдаг нэгэн. 

Харин ардчиллын түүхэнд түүний хийсэн гавьяа бол бий. Үндэсний дэвшил холбоо, МҮДН-ыг байгуулсан анхдагч нарын нэг. Соцдекүүд нь голдуу МУИС-ын багш нар, математикч, физикчид, шинжлэх ухааны хүмүүс байхад МҮДН-д инженер, эдийн засагчид нь нэгдэж байв. Тухайн үедээ Монголын улс төрийн оюун сэтгэлгээний хуваагдал нь энэ намууд байжээ гэж хэлж болно. Одоо л фракци болтлоо жижгэрээд, тэр жижигхэн шуудайдаа хогийн ургамал, хувийн эрх ашиг, юу тааралдсанаа чихдэг болчихсоноос биш. 

Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын хувьд улс төрд дөрвөн жилийн зайтай ар араасаа цуварч орж ирсэн АН-ын шинэ үе, залуу халаа. Лу.Гантөмөр нь гурав дараалан энэ тойргоос УИХ-д сонгогдож, Боловсролын сайд болсон. Түүн шиг “АН сонгуульд ялбал би Боловсролын сайд болно, хүүхэд болгоныг сургана. Оюутолгой, Тавантолгойгоос илүү монгол хүний толгой Монголыг авч явна” гэж хэлээд сайд болсон хүн ховор. Боловсролын сайд болонгуутаа хамгийн түрүүнд “Авьяас”, “Ном” хөтөлбөр гээд сургууль, багш нарыг уриалаад явахад нь эхэндээ эргэлзэж байснаа нуух юу. Бас л нэг нас богинотой түрхэн зуурын давалгаа болоод өнгөрөх нь дээ гэж. Гэтэл хүүхэд бүрийн авьяасыг нээнэ гэснийх нь цаана хүүхэд бүрийг алагчлалгүй сургах хамгийн зөв үзэл байсан юм билээ. Одоо Монголын хүүхдүүд ар гэр, аав ээж, ахуй амьдралаараа алагчлагдахгүйгээр зовхи нь өөдөө явах цаг ирсэн. Өмнө нь зөвхөн дарга нарын хүүхэд л гадаадын том том сургуульд төсвийн зардлаар сурдаг, тэндээ шингэдэг байсан бол түүнийг Боловсролын сайд болсноос хойш мянга гаруй оюутан залуус хичээл сурлагаараа шалгараад дэлхийн шилдэг 100 их сургууульд төрийн зардлаар суралцаж байна. Тэдний хэд нь даргын, хэд нь ардын хүүхэд байна, тоолоод үзээрэй. Лу.Гантөмөрийг Сүхбаатарчууд сонгох болсон, бас сонгох ёстой шалтгаан энэ. Монголын төр энэ идэр залуу хүнийг чөмгийг нь дундартал ашиглах ёстой.

Х.Тэмүүжин. Бас л жирийн ардын дундаас гарсан шинэ цагийн сэхээтэн, шинжлэх ухааны хүн. 2008 онд анх УИХ-д анх сонгогдохдоо “Хүнээ мартсан төрийг, иргэнээ алагчилдаг хуулийг өөрчилнө” гэж хэлээд орж ирсэн. Хэлсэндээ эзэн байхын төлөө их ч зүтгэсэн, хийсэн. Сонгуулийн маргаанаас болж шүүхээр жил шахам явж байж 2009 онд гишүүний тангаргаа өргөсөн ч УИХ-д орж ирсэн даруйдаа Нээлттэй сонсгол зохион байгуулах тухай УИХ-ын тогтоол батлуулж, долдугаар сарын 1-ний хэргээр Хүний эрхийн дэд хорооноос анх удаа УИХ-ын түвшинд Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Үүний дараа Монголын төр уг хэрэг явдлын үеэр амиа алдсан таван залуу хүний гэр бүлийнхэн, нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлал гуйж, хилсээр яллагдсан 70 гаруй залуусыг Өршөөлийн хуулиар сулласан. 

Үүнийхээ дараа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлуулж, 2012 онд АН-ын жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэн Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, хууль зүйн салбарт шинэчлэлийн хоёр дахь том давалгааг эхлүүлсэн. Одоо түүний санаачлан батлуулсан хуулиудыг хөрсөн дээр нь буулгаж, амьдрал дээр хэрэгжүүлэхэд түүнээс дутуугүй үзэл санаа, итгэл үнэмшилтэй мэргэшсэн хуульчид Монголын төрд хэрэгтэй. Энэ ажил хэрвээ зогсвол өнгөрсөн дөрвөн жилд олсон бүх ололт эргээд нурах болно. Хүнээ мартсан төр, иргэнээ алагчилдаг хууль ёс эргээд ноёлно. Х.Тэмүүжингүй улс төр ийм л эрсдлийг дагуулна.

М.Батчимэгийн хувьд УИХ-д дөрөвхөн жил суухдаа төрийн хариуцлага, цэвэр тунгалаг байдал, үндсэн хуульт ёс, засаглалын зөв тогтолцооны тухай баргийн эмэгтэй хүнд ахдахаар том сэдвээр жинтэй үг хэлж байсан туршлагатай судлаач, бодлого тодорхойлогчийн нэг. Ийм бие биенээ нөхсөн шигшмэл нэр дэвшигчид Сүхбаатар дүүрэгт зэрэгцсэн нь нэг талаас аз завшаан. Үүнийг харин завшаан болгож ашиглах уу, завсар оруулаад алдах уу? гэдэг нь Сүхбаатарчуудаас шалтгаална. 

Харин тэдний өрсөлдөгчид нь МАН-ын хамгийн баян, хөрөнгөлөг хэсэг. М.Батчимэгтэй өрсөлдөж байгаа Сү.Батболдын Монголын бүх баялгийн 95 хувийг эзэмшиж буй 200 гэр бүлийн нэг. МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн. Баян, хөрөнгөтэй байлаа гээд монголчуудын төлөө юу хийснийг нь хэн ч мэдэхгүй. Д.Цогтбаатар бас л Монголын баячуудын нэг. Түүний эзэмшлийн тансаг ресторанд таваг шөл 50 мянган төгрөгийн үнэтэй байдаг гээд бодохоор хийдэг бизнес, амьдардаг орчин нь олонхи монголчуудаас огт ондоо. 

Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа “Харвардын коммунист” гэдэг алдрыг улс төрийнхнөөс авсан. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр Онц байдлын штабыг ахалж байсан гэдгээрээ цагдаагийн суманд өртөж нас барсан таван хүний амьтай шууд холбогддог. “Хэрвээ цагдаа хүн буудсан бол би хариуцлагыг нь хүлээнэ” гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс хашгирч байсан ч цагдаагийн дарга нар хэргээ хүлээж шоронд явахад мань хүн Монголд байгаагүй. 

Улстөрчид Сүхбаатарын дөрвөн тойргийг “Үхлийн тойрог” гэж нэрлэсэн байна лээ. Яагаад заавал “үхлийн” гэж? Ялалтын тойрог болгож яагаад болдоггүй юм. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг үг энэ цагт хуучирсан. Мөнгө байтугай эрсдэл хүлээж байж мөрөөдөлдөө хүрдэг цаг үе. Тийм болохоор мөрөөдөөд үзье л дээ. Сүхбаатарын дөрвийг дөрвүүлэнг нь гаргая, АН-аас. Ийм хүчтэй баг, ийм боломжит сонголт УИХ-ын өөр аль ч тойрогт байхгүй. 

Харамсалтай нь манай монголчууд нэг муу зантай. Халшрамтгай. Юм бүхнийг тэнцүүлж байж санаа нь амардаг. Сайн, муу хоёрыг, хар, цагаан хоёрыг, АН, МАН хоёрыг хүртэл тэнцүүлээд дундаас нь заавал нэг завсрын өнгө гаргаад ирдэг. Сүүлийн найман жил ингэж явлаа. Үр дүн нь энэ. Өөх ч биш, булчирхай ч биш, үхсэн ч биш, сэхсэн ч биш өнөөдрийн бидний амьдрал. 

Сонгуулийн ажлаар хөдөө яваад ирсэн нэг найз маань “Пээ, тэр хүмүүст чинь баян чинээлэг харагдахгүй бол болдоггүй гэнэ. Нүнжиг хардаг юм байна” хэмээн дуу алдсаар ирсэн. Мөнгөтэй хүн нүнжигтэй харагддаг гэнэ. Тэгвэл хүнлэг сэтгэл, шударга түвшин байдал, зарчимч зан чанар ч гэсэн хүний нүнжиг, үнэт чанар мөн. 

Монголын баячууд оффшорынхоо мөнгийг оруулж ирээд улсаа хөгжүүлнэ, үр хүүхдийг чинь тэжээнэ гэвэл худлаа. Харин иргэнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө, улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй ийм л залуус, ирж яваа цагийн хүмүүс ачааны хүндийг үүрч гарна. Төрийн нүүр болж, түмэн олны урд гарч замчилна. Алийн болгон феодолын үе шиг баян айлын тогооны хусам горьдсон хамжлагын сэтгэхүйгээр явах юм бэ. Хорин нэгдүгээр зуун гарсаар 25 жил өнгөрчихөөд байна шүү дээ.