-Хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж, хохироосон хувь хүн, албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий прокурор, тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс нэр холбогдсон гэсэн. Нэр дурдагдсан албан тушаалтай хүмүүсийн нэг нь таныг гэж хэвлэлээр гарч байна. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна...

-Би энэ асуудлыг шалгахыг дэмжиж байгаа. “Нээрээ энэ учир битүүлэг хэргийг шалгаж, илрүүлэх гэж байгаа юм болов уу” гэж бодож байна.

-Та цахим хуудсандаа “Энэ өдрийг арван жил хүлээлээ. Сумаа тавиад нумаа нуусан хүмүүс нь илэрнэ гэж найдаж байна” гэсэн байсан. Тэр пост болонсаяын хариултаас харахад хэргийн эзэд олдоосой гэсэн нэг санаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ “...арван жил хүлээлээ” гэдэг нь юу гэсэн үг юм. Тодруулж хэлж өгөөч...

-Тэгсэн. Нэгэнт миний нэр дурдагдаад байгаа болохоор би байр сууриа илэрхийлсэн юм. Энэ хэрэг 2012 онд болсон. 10 жил өнгөрсөн байна. Хэргийг хийсэн, зохион байгуулсан эзэд нь “гүйцэтгэх ажиллагаа” хийх мэдлэг, чадвартай хүмүүс байх шиг. Тэгээд л илрээсэй гэсэн юм. 

-Энд анхаармаар нэг зүйл байгаа юм. Хэрэг ид мандаж байх үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга уу, саяхан энэ албыг хашсан таныг хэлээд байна уу.

-Харин би гайхаад л байна. Гайхаж байгаа нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтан яригдаж байна. Энэ “Суруга Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан япон хүнтэй холбоотой “хар тамхины” гэх хэрэг гарах үед би жирийн иргэн байсан. Ямар нэг албан тушаалтай байгаагүй. Тэр тусмаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байгаагүй. 

- Гэвч таны нэр яалт ч үгүй энэ компанитай холбогдоод байдаг. Та огт танихгүй, хамааралгүй гэвэл худлаа болох байх. “Суруга Монгол”-ынхонтой чухам яагаад холбогдох болсон юм бэ, тэдэнтэй та ямар харилцаатай байсан юм.

-Тийм. Би олон жил холбоотой ажилласан. 2001 онд би өмгөөлөгч хийж байлаа. Тэгээд энэ компанид хуулийн зөвлөгөө өгдөг байсан. 

- Өмгөөлөгч байхдаа тэдний компанитай хамтарч ажилласан болохоор илүү их мэдээлэлтэй байсан байх. Энэ давуу талаа арай ашиглаагүй биз дээ.

-Япончууд тэгж хүнд ашиглуулдаг хүмүүс биш. Маш зарчимтай, бас далд өвөрмөц ажилладаг. Хэрэгтэй гэсэн асуудлаараа л зөвлөгөө авна уу гэхээс бусад мэдээллээ хэнд ч гаргахгүй. Би энэ компанид шаардлагатай асуудлаар нь хуулийн зөвлөгөө өгч, хуулийн хамгаалалт хийж байсан. Барилга барьж байсан газрыг нь эрх мэдэлтнүүдийн олон удаагийн дайралтаас хамгаалсан. Маш их дайралт ирж байсан. 

- “Суруга Монгол”-ын захирал гэх хүний байрлаж байсан өрөөндхар тамхи зориуд хийж, манай хуулийнхан орж баривчилсан. Тэр хар тамхийг зориуд тавьсан хүн нь олдсон, шүүхээр орсон гэж дуулдаж байгаад чимээгүй болсон.Та энэ талаар юу мэдэх вэ?

-Би мэдэх юм аа л хэлье. 2012 оны нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гараад дэд сайд байсан би ч өргөдлөө өгөөд ажлаас гарсан байсан юм. 2012 оны 2 билүү 3 дугаар сард тус компанийн дэд ерөнхийлөгч Батмөнх над руу утсаар залгаж ийм асуудал үүссэн болохыг хэлсэн. Би орчуулагч Бат-Оюун руу залгаж тодруулсан. Тэр өдөртөө япон нөхөдтэй уулзсан. Яг энэ үед Японы “Суруга корпораци”-ийн ажлаар Японы “Асахи” хуулийн фирмийн хуульчид Монголд ирээд ажиллаж байсан үе. Тэдэнтэй ч уулзсан. Тэр япон хүн шалгагдаад буруугүй гэж тогтоогдсон. 

-“Суруга Монгол”-ын хувь заяа яаж шийдэгдсэн бэ. 2014 онд Японы талын удирдлага таныг “Ямар нэг асуудалд холбоогүй. Монголд мөнгө алдаагүй, монгол хамтрагчтайгаа муудаагүй гэж ярилцлага өгсөн” байдаг. Гэтэл энэ асуудал ер нь хэрэг мөн үү. Японы тал хохироогүй гээд байдаг, ер нь энэ хэргийн хохирогч өнөөх хар тамхины асуудалд орооцолдсон хүн л болоод өнгөрсөн юм уу.

-“Суруга Монгол” компанийн хөрөнгө оруулагч нь Японы “Суруга корпораци” юм. 2014 онд энэ компанийн эзэн Ц.Ивата Монголд ирж надтай уулзсан. Тэр үеэрээ нэрт сэтгүүлч Б.Ганчимэгтэй уулзаж ярилцлага өгсөн байдаг. Намайг холбогдуулсан олны ам дамжсан хов живд тодорхой хариулт өгсөн. Эрхбиш япон хүний үгэнд итгэх биз. Харин 2016 онд Япон дахь “Суруга корпораци” зарагдсан гэж ойлгосон. Түүнээс хойш холбоогүй. Харин тодруулж хэлэхэд Япон хөрөнгө оруулагч 2016 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан юм шүү. “Хар тамхины” гэх уг асуудал 2012 онд болсон. Түүнээс хойш 4 жил ажилласан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ асуудал “Суруга Монгол” компанийн бизнест нөлөөлөөгүй. Харин ч Монголд барилга барьж олсон ашгаараа Япон дахь өрөө төлж дуусгасан.

-Хэвлэлд гарснаас харахад “Суруга” кропорациас мөнгө нэхэмжилж байсан гэх Ж.Араки гэж хүн ямар учиртай хүн бэ. Тэр хүн “Суруга Монгол”-ын асуудалд Монголоос баахан хүмүүсийг холбожмэдээлэл анх тараасан хүн мөн үү?

-Яривал их урт түүх болно. 2012 оны 11 дүгээр сард санагдаж байна. Суруга компанийн хэдэн япончууд “Ардчилал” сонин барьчихсан надтай уулзлаа. Сонинд “Суруга компани Монголд мөнгө угаадаг, гэмт бүлэглэлтэй холбоотой” гэсэн утгатай мэдээ гарсан байлаа. Тэд “Гомдолтой байна, яах уу” гээд..би “Энэ сонин хувь хүний сонин биш, МоАХ гэдэг ТББ-ын сонин, асууж тодруулж өгье” гээд, тус сонины эрхлэгч Цолмонг дуудаж асуулаа. Цолмон “Мэдэхгүй байна, энэ мэдээ яаж орж ирснийг мэдээд хэлье” гэсэн.Удалгүй 7 хоногийн дараа “Араки Жожу гэдэг хүн төлбөртэй тавиулсан байна, Монголд хааяа ирж очдог япон хүн юм байна” гэлээ. Энэ тухай нь би Суруга компанийн удирдлага болон тэдний ажлыг хийдэг “Асахи” фирмийн хуульчдад хэлсэн. Сонирхолтой нь тэдний нэг хуульч нь “Энэ хүн тантай уулзана гэвэл битгий уулзаарай, саяхан шоронгоос гарсан, Токиод байдаг төв компанид очиж мөнгө нэхэж хэл ам хийгээд байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Энэ Араки гэдэг хүнд Суруга-тай холбоотой маргаан зөрчил байсан байх.

- Та тэр компанид хувьцаа эзэмшиж байсан уу. Монгол талын хувьцаа эзэмшигчээр дамжуулан хуулийн байгууллага болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын оролцсон хэрэг гэсэн болохоор асууж байгаа юм шүү.

-Үгүй. “Суруга Монгол” бол Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан.

-Та Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд байхдаа тус комданийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Та яагаад цуцалсан юм бэ. Япончууд чамбай хүмүүс. Ямар нэг алдаа гаргаагүй л баймаар юм.

-Би тухайн үедээ хуулийн дагуу л ажилласан. Яаманд энэ асуудлыг хариуцдаг байнгын ажиллагаатай ажлын хэсэг байдаг. Би дэд сайдын хувьд ажлын хэсгийг ахалдаг байсан. Энэ үеэр 10 орчим гадаадын хөрөнгө оруулалтай компани хуулийн зөрчилтэй гэдгээр асуудал орж ирсэн. Би сайн санаж байна. Манай ажлын хэсгийн гишүүд, яамны хүмүүс “Дэд сайдмаань Суруга компанийн хуулийн зөвлөх байсан хүн, одоо яах нь вэ” гэсэн маягтай намайг харж байсан болов уу.Яг адилхан асуудалтай Солонгос, Хятад, Японы компаниуд байсан.Би мэдээж зөвхөн Суругаг улаан цайм лоббидож авч үлдэж чадахгүй, тэгээд л бүгд цуцлагдсан. Харин “Тусгай зөвшөөрөл цуцалж байгаа шалтгаан арилмагц тусгай зөвшөөрлийг сэргээнэ” гэдэг заалтыг тушаалын төсөл дээр би өөрийн гараар засч оруулсан. Япон найзуудаа дэмжиж чадах юм болэнэ л байсан. Хууль бол хууль шүү дээ. Мэдээж дэд сайдын эрх мэдлээ ашиглаад Суруга-г дэмжээд авч үлдэж болох байсан байх, тэгвэл яг адилхан шалтгаанаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа бусад Солонгос, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд яах уу? Удалгүй бүгд үүссэн хуулийн зөрчлөө арилгаад тусгай зөвшөөрлөө сэргээсэн. Харамсалтай нь энэ асуудлыг хов жив болгож тараасан хүн нь Монгол Улсад сууж байсан элчин сайд асан Ичихаши гуай байсан. Дараа нь Ичихаши гуай надаас албан ёсоор уучлалт хүссэн.

-Та хоёрын нэг уулзалтын тэмдэглэл хэвлэлд гарсныг харсан юм байна. Түүнээс гадна “Суруга Монгол”-ын газрын асуудалтай таныг холбож бичсэн харагдсан. Тэр ямар учиртай юм бол?

-“Суруга Монгол” компани газар эзэмших тусгай зөвшөөрлийн дагуу барилгажуулах газраа хэнд ч алдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. 2014 онд тус компанийн эзэн Ц.Ивата ч энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин Япон дахь “Суруга корпораци”-ийг нэг монгол хүн худалдаж авсан юм шиг байгаа юм, тэгээд тэр хүн Монгол дахь төслийн газрыг хэсэгчлэн бусдад зарж дуусгасан юм шиг байгаа юм ...

-Тэр хүн хэн бэ?

-Өөрсдөө хайгаад олчих..Та нар чадна ш дээ.

-Надад олоод сонсчихсон хүн байгаа л даа. Таныг хэлэх болов уу гэж бодсон юм. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүг гэж сонссон юм байна.

-.....

-Төмөр замын хэрэг 2017 онд сөхөгдөх үед прокурор Энх-Амгалангийн дүү Бат-Амгаланд “Суруга Монгол”-ын газраас 1.4 га газар өгсөн гэх мэдээлэл явж байсан. Үүнийг бас тантай холбодог...

-Гүтгэлэг. Нэгдүгээрт, надад газар байгаагүй. Өөрт байхгүй юмыг хүнд яаж өгөх вэ дээ. Хоёрдугаарт, Төмөр замын гэх хэрэгт намайг холбогдуулан 2015 оноос 2019 оны 9 дүгээр сар хүртэл шалгаад буруугүй гэж үзсэн. Ерөнхий прокурор Энх-Амгалан 2019 оны 3 дугаар сард албан тушаалаасаа буусан. 2019 оны 9 дүгээр сард хэрэг АТГ-ын саналаар хэрэгсэхгүй болоход жирийн иргэн Энх-Амгалан яаж нөлөөлөх үү? Суруга компанийн шинэ эзэн нэг монгол хүн гэж саяхэлсэн дээ. Ерөнхий прокурор асан Энх-Амгалангийн дүү тэр хүнтэй л холбоотой юм болов уу гэж би ойлгож байгаа.

-Та энэ асуудалд ямар ч холбоогүй юм бол яагаад таны нэр яваад байгаа юм. Эсвэл энэ ямар нэг улс төрийн бүлэглэлүүд бие биенээ намнах гэж ийм асуудал гаргаж ирэв үү?

-Харин тэгээд л би “сумаа харваад нумаа нуусан хүмүүс” илрээсэй гээд байгаа юм. Хэн нэгэн хүн, эсвэл бүлэг хүмүүсийн зохион байгуулсан “гүйцэтгэх ажиллагаа”-ны нэг золиос нь би.ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа би энэ хэргийн талаар тухайн үеийн цагдаагийн даргад тодорхой мэдээлэл өгч, хэргийг илрүүлэх, бодит үнэнийг тогтоох талаар хэлж байсан. Үр дүн гараагүй. 

-Энэ бүхний цаана хэн байгаа юм. Танд энэ талаар хэлэх юм байна уу?

- Байна аа. Энэ асуудал их олон талтай. Нэгдүгээрт, бизнес. Ашигтай байршилд их хэмжээний газар авч барилгын том төсөл хийж байгаа Японы хөрөнгө оруулагчдад манай том компаниуд, эрх мэдэлтнүүд дургүй байсан. Тэд янз бүрээр газраас нь салгахыг оролдож, тэр бүгдтэй нь би өмгөөлөгчийн хувьд тэмцэж ирсэн. Олон удаагийн ийм дайралтаас би хамгаалсан. Өөрөөр хэлбэл, би хуулийн хамгаалалт хийж байсан. Тэгэхээр зориуд асуудал үүсгэж, намайг гүтгэсэн. Ингээд Японы компани хуулийн хамгаалалтгүй болгосон. Хоёрдугаарт, энэ компаниар дамжуулаад би Монгол, Японы харилцаанд шинэ гарц гаргасан байсан. Энэ гарц маш амжилттай ажиллаж байсан бөгөөд одоо бодоход энэ нь олон хүнд таалагдаагүй юм шиг байна. Би “Суруга корпорац”-тай хамтарч лобби хийж, 2010 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Японы парламентад үг хэлүүлж байсан гээд л бодчих. Харин энэ бүх нөлөөлөл хэн нэгний дургүйг хүргэжээ гэж боддог. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, нөлөөллийг хаах үйл ажиллагаа давхар явагдсан гэж харддаг.