Ардчилсан намын даргын сонгууль намын хувь заяа, цаашлаад Монголын улс төрийн ирээдүйг тодорхойлох эргэлтийн цэг болж хувирлаа.

АН-ын энэ удаагийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм болоод дараагийн даргын асуудлаа хэлэлцэнэ. Гэвч үнэндээ Х.Баттулгын сүүдрээс гарах ганц зорилготой. Гэхдээ маш хүнд сорилттой нүүр тулж байна. Инерцээ алдах шахсан Х.Баттулга Баянхонгор, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай гэхчлэн тойрсоор Монгол нутгийн талаас нь “энерги” авсан. Энэ бол тооцоолохоос аргагүй бодит хүч. Хэдий тийм ч Х.Баттулгаас салахгүйгээр АН шинэчлэгдэхгүй нь гашуун үнэн. 

Отгон ах

Х.Баттулга бол ганц хүн биш, АН-ын хуучин тогтолцооны эцсийн үлдэгдэл.

Өнөөдрийн АН-ын даргын сонгууль гэдэг “ах нар”-тайгаа салах ёс хийх ёслол юм. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, С.Эрдэнэ нар улс төрийн тавцангаас арчигдсан. Эдэнтэй хамт “Алтан гадас”, “Зүүн хойд Ази” гэх мэт фракцууд ч түүхийн хуудсанд бичигджээ. Харин МоАХ буюу Х.Баттулгын бүлэглэл үлдээд буй. АН-ын “ах нар”-ын отгон нь Х.Баттулга. Хэрэв түүнийг ч дэвжээнээс буулгаж чадвал АН-ын шинэ үе намаа авч, хуучны хир буртгаас нь салгах боломж нээгдэнэ. О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа... “ах нар”-ын фракцтай хутгалдаагүй, ардчиллыг амьдрал дээр цогцлоох учиртай шинэ үеийн төлөөлөл. Монголын улс төрийн 25 жилийг нэг үе гэвэл АН-ын дараагийн үе нь хаалгаа тогшиж байна.

Отгон дүү

Отгон дүү нь отгон ах Х.Баттулгынхаа ачийг хариулах нэг насны өртэй билээ.

Отгон ах Х.Баттулга АН-ын дараагийн үе рүү улирах гэж 2024 оны УИХ-ын сонгуульд өөртэйгөө нийлээд 20 хүн сойсон. Хориос хоосонгүй, Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн газарт хэд хэдэн сайдын суудал авсны дээр АН-ын шинэ үеийнхэн дунд АН-д ганц жил болсон Л.Мөнхбаясгаланг багтаасан нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй “ах дүү” явсных нь гавьяа билээ. Харин ҮБХ-ны хурлаар намын даргын сонгууль яригдахыг зарласны маргаашаас АН-ын отгон дүү нар зэрэг хэлд орцгоолоо. Эхлээд О.Алтангэрэл, араас нь Л.Мөнхбаясгалан нэр дэвших болов. Төдөлгүй Ч.Лодойсамбуу ч нэмэгдлээ. Удалгүй УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ө.Шижир нар “Улс төрийн намын хуульд нийцүүлж дүрмээ шинэчлээд, дүрмээрээ орон нутагт төлөөллийн байгууллагаа сонгоод дараа нь сонгууль хийе” гэх мэтээр ам ангайх тоолондоо аль болох хугацаа хожих хувилбар гаргаж ирэв. АН-ын GenZ-чүүд отгон ахдаа ашиглуулах ариун үүргээ биелүүлж буй нь энэ билээ.

Нам дамнасан ах дүүс

Бодит аюул бол Х.Баттулга өөрөө биш, Л.Оюун-Эрдэнэтэй үүсгэсэн хоршил юм.

Хамгийн ноцтой аюул нь Х.Баттулга өөр намын бас нэг дүүтэй. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар үнэн хэрэгтээ Жэнко Х.Баттулгын засгийн газар байсан” гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц хоёргүй утгаар хэлсэн. Х.Баттулга АН-ын даргаар сонгогдъё гэвэл Л.Оюун-Эрдэнэ дүүгийнхээ хүчийг ашиглана, Л.Оюун-Эрдэнэ эргэж улс төрөөр тоглохын тулд ахдаа тусална. Нам дамнасан ах дүүсийн хослол АН-ыг шинэчлэл, өөрчлөлтөөс бүрмөсөн салгаж, Монголын нийгмийг инжежерчлэх ах дүүсийн аюумшигт ажиллагаа үргэлжилнэ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын тоглоом бүтвэл Монголын ардчилал сэхээнд хэвтэнэ. 

Шинэ үе

Ахмад үе ардчиллыг тунхагласан бол шинэ үе ардчиллыг цогцлоох үүрэгтэй.

АН-ын ахмад үе хар зөнгөөрөө социализмын дарангуйллыг нурааж, Монголд ардчиллын үүдийг нээсэн. Харин шинэ үе нь ардчиллыг бэхжүүлж, эдийн засгийн эрх чөлөө, шударга тогтолцоог цогцлоох үүрэгтэй. Энэ бол бурангуй нийгмийг халахаас илүү нарийн, илүү хүнд даалгавар. Хэрэв АН-ын даргаар популист амлагч, эрх мэдлээс зууралдсан өвгөн сэтгэлгээтэй ахмад сонгогдвол ганц намаа бус ч Монголын ардчиллын ирээдүйг эрсдэлд оруулна. Монголын улс төрд одоо барууны үзэл баримтлал, бизнес ба эдийн засгийн эрх чөлөөг туг болгосон шинэ үе шиг хэрэгтэй нь үнэндээ алга. Монголчууд өнөөдөр шударга ёс, тэгш боломжийг шаардаж байна. 

Эргэлтийн цэг

АН энэ удаа зөвхөн даргаа сонгохгүй. Монголын ардчиллын ирээдүйг, эрх чөлөөний хувь заяаг сонгоно.

АН-ын дарга бол намын дотоод асуудал биш. Энэ бол Монголын ирээдүй. Х.Баттулга дахин хяналт тогтоовол, АН шинэчлэгдэх боломжоо бүрмөсөн алдана. Шинэ үе намынхаа жолоог атгавал ардчиллыг цогцлооно. Энэ бол эргэлтийн цэг. Х.Баттулга хүчтэй, гэхдээ хуучин үеийн үлдэгдэл. Монголын нийгэм шинэ үеийг хүсэж байна. Ардчилсан намын хувь заяа ганц хүний амбицаар биш, шинэ үеийн зориг эрмэлзмлэлээр шийдэгдэх учиртай. МАН малгайдаа багтахгүй хагарчихсан “тэнгэрийн цаг” тохиож байгаа энэхэн мөчид даргаа сонгохгүй бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын нэг нь эрх мэдлээ бататгаж аваад ирэх сонгуульдаа бэлтгэж, АН-ыг самардаг үндсэн ажилдаа шамдан орно. Үүлэн чөлөөний нар шиг олдож байгаа энэ боломжийг ашиглаж олонхоороо намын даргаа сонгож, нэгдэж нягтраад урагшаа явахгүй аваас өврөөс Х.Баттулга, өмднөөс МАН ноцох нь гарцаагүй. Ингэвэл 2020-2024 оны гашуун түүх давтагдаж дарга ч үгүй, тамга ч үгүй, тарамдах тул даруй шийдэх нь зөв. Тэнгэрийн цаг, АН-ын цаг, ард түмний цаг, ардчиллын цаг дөрөв зэрэг тохиожээ.