-Боловсролын сайдын “нүд рүүгээ хатгасан” Боловсролын тухай хууль-

Англи хэлийг хоёрдагч хэл болгох тухай асуудлаас болж Боловсролын ерөнхий хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага аваад байсан МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ.Тэд “Англи хэлийг нэг, эсвэл хоёрдугаар ангиас нь заах асуудлыг хуульчлах нь буруу. Үүнийг сургалтын хөтөлбөрөөр зохицуулж болно. Хэддүгээр ангиас нь ямар хэл заахыг боловсролын байгууллага нь шийдэх ёстой" гэж шийдсэн байна. Мөн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо "англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй” гэв. 

Ингээд монголчууд англи хэлийг хоёр дахь үндсэн хэлээ болгох, бага сургуулиасаа үзэх хөг нь өнгөрөв бололтой. “Англи хэлний сургалтыг сайжруулах” гэдгийн ард хэдэн үг байгааг тоолоод үзээрэй. "Болж өгвөл нэгдүгээр ангиасаа үзэх" гэдэг нь болохгүй ч байх магадлалтай гэсэн үг. Тэгээд араас нь “бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй..” гэдэг нь лав өнөөдрөөс бэлтгээд эхлэхгүй юм байна гэсэн үг. "Бэлтгэл хангах" гэдэг үгийн араас залгасан үг нэг бүр нь англи хэлийг “нэгдүгээр ангиас нь үзэх” бодлогыг арав, арван жилээр хойш татах нь ээ гээд л ойлгочих.  Хууль хэрэгжүүлэх тогтоол гээд байгаа зүйл нь ийм л юм гарах нь байна.

"Хэддүгээр ангиас нь ямар хэл үзэхийг боловсолын байгууллага шийдэх ёстой"  гэжээ. Уг нь бол англи хэлийг хоёр дахь хэлээ болгох чинь өнөөдөр ирж, Л.Энх-Амгалангийн үед л яригдаж байгаа юм биш, өнгөрсөн 30 гаруй жилд ажилласан үе үеийн Боловсролын сайд нарын мөрөөдөл байсан юм билээ шүү дээ. Хоёр жилийн өмнө 2021 онд боловсролын салбарын 100 жилийн ойгоор уулзаж ярьсан тэдний гол сэдэв. Тэгээд өнөөдөр анх удаа салбарын сайд нь бодлого болгоод хууль болгож бичсэн нь энэ. Гэтэл нам нь Боловсролын сайдаа “Чи яасан олон юм ярьдаг юм” гээд нам дараад авлаа л даа. Ямар аргаа барсандаа сайд нь өөрөө Байнгын хороон дээр эсрэг санал өгөөд хуулиа унагаж байх вэ дээ. Боловсролын салбарын бодлогыг Боловсролын сайдаас өөр хэн тодорхойлох ёстой гэж. Тэр нь Засгийн газрын бодлого болоод нам нь дэмжээд явах ёстой биз дээ. Гэтэл Боловсролын хууль дээр лав нам нь Засгийн газрынхаа эсрэг ажиллачихлаа. Ардын нам ингэж англи хэлийг хоёр дахь хэлээ болгох боловсролын бодлого, англи хэлээр дамжиж дэлхийнтэй хөл нийлэх монголчуудын мөрөөдлийг тас цохилоо. Хэрвээ хууль болгоод баталчихвал хэрэгжүүлэхээс аргагүйд хүрнэ гэдгээс айж л дээ. Хэрэгжүүлж болохгүй шалтгаан нь чухам юу байгаа юм бол? Ерөөсөө Монголын хүүхдүүдэд боловсролыг ялгавартайгаар олгох, боломжийн тэгш бус байдлыг бий болгох нь МАН-ын бодлого юм болов уу. 

Саяхан дэгдсэн Боловсролын зээлийн сангийн асуудлыг санаж байгаа биз дээ. Яагаад зөвхөн баячуудын, томчуудын, дарга нарын хүүхдүүд БЗС-гийн зээлээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах ёстой юм бэ? Ардын хүүхдүүд яагаад сурч болдоггүй юм? гээд нийгмээрээ, нийтээрээ хараасан, нулимсан. Яагаад гэвэл тэр чинь IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой хүүхдүүдэд олддог боломж юм аа. Монгол сургуулиар, монгол хэлээр боловсрол авсан хүүхдүүд тэр түвшинд хүрч чадахгүй байна аа гэж мөн ч их хуцсан даа. Энэ л манай боловсролын ялгаатай байдал, улсын сургуулиудын гол хоцрогдол болчихоод байгаа юм шүү дээ. Гэтэл МАН энэ ялгаатай байдлыг дэмжиж байгаа юм байна. Ардын хүүхэд англиар хэлд, хөлд орж болохгүй ээ л гэж байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг гол бодлогоо болгодог социал демократ үзэлтэй нам ийм ялгаварлал гаргана гэдэг байж болох зүйл үү? 

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “Дэлхий нийт төв рүүгээ тэмүүлж байна. Биеэсээ улам хамааралтай болж, хил хязгааргүй болж байна. Төвөөс зугтсан бүхэн харанхуй ард түмэн болно гэсэн үзэл санаа гүн бат ойлголт боллоо.  Энэ үзэл санаа нь дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэгийг англи хэлтэй болголоо. Хөгжихийг хүсч байгаа бүх үндэстэн хар шар, өнгөт, цагаан арьстан гэж ялгаралгүй англи хэлийг үндэсний хоёр дахь хэлээ болголоо. Манай хамгийн ойрын хөрш (саяхан л Назарбаевын дарангуйлалд байсан) Казакстан улс англи хэлийг үндсэн хоёр дахь хэл гэж албан ёсоор зарлаж, хууль батлаад хоёр жил болж байна” хэмээн ярьсан байна.

Мөн дэлхийн хамтын нийгэмлэг англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсон байна. Үүнд,

-Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг. 

-Үндэстний үнэт зүйлгүй, гадны нөлөөнд хэт автсан, гадны гар хөл төрийн бодлогод нь шургалсан, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл байнга явагдаж байдаг улс орнууд.

-Тухайн ард түмнийг харанхуй, мунхаг, мэдлэг боловсролгүй байлгаж, үүгээр нь далимдуулж эх орныг нь тонон дээрэмддэг технологи хэрэгжиж байгаа улс үндэстнүүд... гэж тодорхойлжээ. Тэгвэл Ардын  нам төр барьж байгаа Ардчилсан Монгол улс тэгвэл аль категорид нь багтах бол. Англи хэлний боловсролыг Ардчилсан намд захиалах ёстой юм болов уу?

inews.mn