Саяхан даа, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гэдэг яруу найрагч ахайтан чуулганы хуралдаан даар “Тэтгэвэр бол төрөөс үзүүлж буй халамж юм” гэж хэлээд соошлаар нам даруулсныг санаж байна уу? Насаараа хөдөлмөрлөж, цалин орлогоосоо хуримтлал үүсгээд түүнийгээ өтөл насандаа эргүүлэн авч байгаа иргэд “Тэтгэвэр бол халамж биш, даатгал юм. Хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөө эргүүлэн авч байгаа иргэд яахаараа халамжийн гуйлгачид болдог юм” хэмээн заргалдаж, нам дарж авсан. Гэвч Г.Мөнхцэцэг гишүүний толгойд суусан энэ “эргүү” ганц хүний асуудал биш байж.

Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцахаар зохицуулсан нь иргэдийн бухимдыг хамгийн ихээр төрүүлээд байгаа юм. Тэр ч байтугай малчид өөрсдөө хүртэл нь үүнд тааламжтай хандахгүй байгааг гишүүн М.Оюунчимэг хэлэв. Угаасаа ч малчдын НДШ-ийг төр хариуцна, төсвөөс төлнө гэдэг чинь нэг төрлийн ялгаварлал шүү. Ийм ялгаварлалыг хуулиар тогтоож болохгүй гэдгийг олон гишүүд тайлбарласан. Гишүүн Х.Ганхуяг бүр “Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө Цэцэд хандана шүү” гэж хүртэл айлгаад ч нэмэр болсонгүй. “Эхний хэлэлцүүлэг дээр хөндөөгүй асуудлыг эцсийн хэлэлцүүлэг дээр өөрчлөхгүй” гээд дээгүүр нь алхаад гарчихлаа.

Товчхондоо, малчдын НДШ-ийг төр хариуцна гэдэг нь эрх баригч намын ирэх сонгуульд зориулсан пиар, нэг төрлийн саналын худалдан авалт гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Мал аж ахуй дээр ажиллаж байгаа 200 мянган (албан ёсны статистикаар 248 мянга) өрхийн 400 мянган иргэний төлөх ёстой НДШ, тэтгэврийн даатгалыг нь төсвийн орлого бүрдүүлж байгаа татвар төлөгчид, МАА-гаас өөр салбарт ажил эрхэлж байгаа бусад даатгуулагч нар төлөхөөр болов. Тэр нь нөгөө албан ёсоор ажил эрхэлж, цалингийнхаа 34 хувийг татвар, шимтгэлд өгчихөөд үлдсэнээр нь арай гэж амьдралаа авч явж байгаа 800 мянган иргэн шүү дээ. Ажил эрхэлж байгаа хоёр хүн нийлээд ажил эрхэлдэггүй, ямар ч татвар төлдөггүй, өөрт нь ямар ч хамааралгүй, огт танихгүй гурав дахь хүний тэтгэврийн хуримтлалыг бий болгоно гэсэн үг. Ийм хууль байж болох уу?

Үүнийхээ оронд тодорхой хугацаанд цалин орлогогүй болсон, ажилласан жил нь завсардаж НДШ-ээ төлж чадалгүй хоцорсон иргэдийнхээ НДШ-ээ нөхөн төлөх боломжийг нь олгох хэрэгтэй шүү дээ. Нэг удаагийн өршөөл зарлаад “НДШ-ээ нөхөн төлөөрэй” гэхэд л хичнээн тэрбум төгрөгийг НДС-д төвлөрүүлдэг билээ дээ. Дээр нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 250 мянган иргэнээ оруулаад ирвэл тэтгэврийн даатгалын сан хэдэн зуун тэрбумаар нэмэгдэнэ л дээ.

Гэтэл энэ хуулиар “НДШ-ийг тухайн жилд нь төлж чадаагүй бол нөхөн төлөхийг хориглоно” гэсэн байна. Нэг нь “төлье” гээд байхад төлүүлдэггүй, нөгөөг нь болохоор “төлөхгүй ээ, би тэтгэвэрт авахгүй” гээд байхад төр өмнөөс төлдөг ямар хууль, ямар нийгэм байна аа?

Хоёрдугаарт, “тэтгэвэр бол төрөөс үзүүлж буй халамж юм” гэдэг тархины эргүүгээсээ ч гэсэн салах ёстой. Тэтгэвэр бол хуримтлал, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. Ажил хөдөлмөр эрхэлж цуглуулсан орлогынхоо тодорхой хувийг ажлын чадваргүй болсон үедээ хэрэглэхээр хадгалсан хуримтлал шүү дээ. Энэ нь төр болоод төсөвт ямар ч падлийгүй зүйл. Тийм учраас Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санг улсын төсвөөс тусад нь авч явдаг. Тийм болохоор тэтгэвэр бол халамж биш. Харин халамж бол ажлын чадваргүй, цалин, орлогогүй хүмүүст төрөөс үзүүлж буй дэмжлэг туслалцаа. Тийм болохоор Халамжийн сан, Халамжийн тухай хууль гэж тусдаа байдаг.

Гэтэл манай Нийгмийн даатгалын тухай хуулиар “халамжийн тэтгэвэр” гэдэг хоёр толгойтой тугал шиг юм гаргаж ирээд 60 нас хүрсэн боловч тэтгэвэр авах эрх нь үүсээгүй (Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй. Хуулийн 6.1) буюу даатгал, шимтгэл төлөөгүй бүх хүмүүст “халамжийн тэтгэвэр” гэдэг зүйл олгодог юм байна. Өөрөөр хэлбэл, даатгал төлсөн хүмүүсийн мөнгийг даатгал төлөөгүй хүмүүст нь олгодог гэсэн үг. Тэр нь тэрбумтан, мянгат малчин ч байж болно. Ганцхан “тэтгэвэр авах эрх үүсээгүй” буюу НДС-д шимтгэл төлөөгүй гэдэг үндэслэлээр хавтгайруулан халамж олгодог. Тэрийгээ “халамжийн тэтгэвэр” гээд нэрлэчихсэн. Түүнээс нь манай ахайтны “Тэтгэвэр бол халамж юм” гэдэг алдарт афоризм гарч ирсэн бололтой.

Гэтэл халамж гэдэг чинь ажлын чадваргүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогын ямар ч эх үүсвэргүй хүмүүст төрөөс үзүүлдэг дэмжлэг туслалцаа шүү дээ. Түүнийгээ Халамжийн сангаараа дамжуулж олгох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэдийн хуримтлал, НДС-гийн мөнгийг халамжид зарцуулдаг байсан нь багадаад одоо бүр НДШ-ийг нь төрөөс төлдөг болно гэнэ. Гэхдээ зөвхөн малчдад. Гэтэл өнөөдөр манайд малчид шиг баян хүмүүс байна уу. 80 сая малаа 200 мянган малчин өрхдөө хуваагаад үзвэл өрхөд хэдэн мал оногдох вэ, хэд нь мянгат малчин байна вэ? Тэдний ердөө 20 хувь нь л НДШ төлдөг гэсэн байна лээ. Хууль батлагдчихвал тэр 20 хувийн НДШ-ийг ч гэсэн төрөөс төлнө гэсэн үг биз дээ. Төр юу байх вэ, татвар төлөгч нар. Малд мөнгө (ноосны мөнгө, ноолуурын мөнгө, өвс тэжээл) өгдөг байсан нь багадаад одоо бүр малчинд нь мөнгө өгч тэтгэвэрт гаргадаг болох гэнэ. Малаас нь зайлуулна л гэсэн үг байх даа.     

Ингэхэд МАН-ын яриад байсан “Нийгмийн даатгалын шинэчлэл” гээч нь НДС-г зузаатгах биш, үгүйрүүлэх бодлого юм байна. Ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгож, баялаг бүтээж, орлого бүрдүүлж байгаа иргэдээ, ААН-үүдээ улам доройтуулах, ажил хийдэггүй, татвар төлдөггүй хэсгийг нь өөгшүүлэх, энэ ялгаварлалаараа нийгмээ талцуулах л бодлого юм байна.

inews.mn