Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт
Атаархал бол хүн бүхэн хамгийн их нууж хаадаг сэтгэл хөдлөл. Хэн ч атаархаж байгаагаа зөвшөөрөх дургүй. Хүмүүс надаас бусад хүн нь л атаархдаг гэж итгэхийг илүүд үздэг. Өөрт нь дутуу хүсэмжит зүйл өөр хүнд байгааг хүлээн зөвшөөрөхийг атаархалтайгаа эвлэрэх гэнэ. Ийм ухамсар атаархагч этгээдэд “Миний атаархлыг төрүүлдэг нөхөр надаас ухаалаг, хөдөлмөрч эсвэл толгой нь илүү ажилладаг юм болов уу” гэдэг таагүй бодол төрүүлдэг.
Түүхийн туршид атаархлыг “долоон нүглийн нэг”-д тооцсоор иржээ. Өнөөдөр атаархлаа нуудаг ч “Атаархсандаа ч биш, гол нь шударга ёсны асуудал” хэмээн бултуулж зөв зүйтэй зан чанар мэтээр тайлбарлах болжээ.
Атаархал адгийн араншин уу гэдэг асуулт үргэлж хэл ам дагуулдаг. Хүнийг хөглөдөг “цагаан атаархал” байдаггүй гэж үү? Атаархал хүн өөрийгөө хөгжүүлэх өдөөгч хүчин зүйл болдоггүй бил үү? Энэ ойлголтыг тойрсон төөрөгдөл яаж хэрэглэхээс үүдэлтэй. Жишээ нь, “Чи атаархмаар сайхан байшинтай юм” гэвэл би атаархаагүй, харин ч бахдаж буй хэрэг. Жинхэнэ атаархал хөгжил дэвшилд хөтлөхийн оронд атаархаж байгаа хүнээ доош нь хийхийг хичээдэг. Атаархагч этгээд өсөж хөгжихийг бодолгүй нөгөө хүнээ доош нь чангааж өөрийнхөө хэмжээнд авчрах гэж зүтгэдэг. Атаархагч нөгөө хүнээ дордож байгааг харвал хэзээ ч эдлээгүй цорын ганц “сэтгэлийн тайтгарал” амсдаг.
Герман философич Кристиан Нейхаузер “Баялаг бол ёс суртахууны асуудал” бүтээлдээ баялгийг хориглох санаа дэвшүүлжээ. Тэрээр хүн төрөлхтөн нийтээрээ баяжихад баячууд тэр хэрээр илүү баяжиж “харьцангуй ядуурал”-ыг гүнзгийрүүлнэ гэжээ. Ядуусын нөхцөлийг сайжруулахын оронд баячуудыг хөрөнгийг хураах нь асуудлыг шийдэх нэг арга гэж Нейхаузер үзсэн.
Нейхаузерийнхаар ингэж “тэгшитгэх” нь бодит үр дүн авчрах аж. Ядуурлыг бодитоорбууруулахгүй ч баячуудыг илүү ядууруулах нь биелэж болохуйц арга зам гэнэ. Үнэн хэрэгтээ “Хэрэв баячуудын хөрөнгө багасвал ядуус өөрийгөө баячуудын хэмжээнд үзэж тэгш эрхт гишүүний хувиар нийгмийн амьдралд оролцох нөөц бололцоо бий” хэмээн нотолдог. Тэрээр ядууст туслах гэхээсээ илүү “ёс суртахууны асуудалтай баялаг” гэгчээ устгахыг илүүд үзсэн. Атаархагч нь ядуусын нөхцөлийг сайжруулах гэхээсээ илүү атаархуулагчийн (баячуудын) нөхцөлийг дордуулахыг эрмэлздэг, энэ бол атаархлын мөн чанар. Атаархагчид ядуурлыг бууруулах сонирхол багатай, харин тэгш бус байдлын эсрэг тэмцэлд илүү анхаарал тавьдаг.
Нийгэм судлаач Хельмут Шёк “Атаархал үргэлж байсан” гэсэн байдаг. Урьдын нийгэм атаархлыг адгийн араншин гэж үзэн хазаарлахыг эрмэлзэж ирсэн. Харин социалистууд атаархал хэмээх сэтгэл хөдлөлийг өрдөх тусам улс төрийн ашиг хонжоо олдог хүчирхэг зэвсэг болохыг нь нээсэн юм. Улс төрийн энэ зэвсэг тэгш байдлыг дээдэлдэг нийгэмд илүү хүчтэй үйлчилдэг. Яагаад гэвэл ийм төрлийн нийгэмд тэгш бус байдлыг шударга бусын илрэл, шинж тэмдэг гэж хүлээн авдаг. Үүнээс улбаалан “тэгш бус байдал” ба “шударга бус” гэдэг ойлголтыг адил утгаар, бараг ижил нэр томъёо мэт хэрэглэж байна.
”Атаархал ганц баялагтай холбогдож байсангүй. Бусдаас аль нэг талаараа ялгарсан хэн боловч атаархлын бай болдог. Би “2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох дор” романдаа хэрвээ материаллаг тэгш бус байдалтай бус зарим хүн бусдаасаа гоо үзэмжтэй байгааг “шударга бус байдал” гэж үзээд тэмцдэг улс төрийн нам хөдөлгөөн гарч ирвэл юу болох вэ гэдэг эргэцүүлэл хийсэн юм.
Жишээлбэл, үзэсгэлэнтэй эмэгтэй түнш олох илүү боломжтой. Судалгаагаар царайлаг хүмүүс мэргэжлийн талбар дээр ч давуу талтай байдаг. Шүүх хүртэл үе тэнгийнх нь арай царай муутаас (“муухай” гэдэг үгийг өнөөдөр хориотой гэж үзэн ховор хэрэглэглэж байна) нь илүү энэрэнгүй ханддаг.
Эндээс л “Гоо үзэсгэлэн бол шударга бус” гэдэг тэгшитгэх хөдөлгөөн үүснэ. Энэ хөдөлгөөн гоо үзэсгэлэн бол өвлөж авсан баялагтай ч зүйрлэх аргагүй давуу эрх гэдэг үзэл баримтлалтай. Яагаад гэхээр тэгшитгэх үзэлтнүүд гоо сайхныг ажил үйлс, амжилтын үр дүн биш ихэвчлэн аз, генийн асуудал мөртөө амьдрал дээр давуу тал бий болгодог гэж үзнэ.
Wokerati*-ууд аливаа давуу эрхийг буруушаадаг. Түүнчлэн “давуу эрхгүй” гэгддэг хүмүүсийг давуу эрхтэй гэдэг ангилал багтаадаг. Ийм маргааны дүнд Википедиа дээр “Хөөрхний давуу эрх” хуудас үүсчээ. Үүгээр “эдлэх эрхгүй” давуу эрхэнд нөхөн олговор өгөх зайлшгүй шаардлагатай гэдэг санааг хэлэхийг хүслээ. “Давуу эрхтэй хүмүүс” шударга ёс тогтоохын тулд ямар нэгэн хязгаарлалт дор зовох учиртай (ингэвэл илүү тэгш байдал бий болгоно). Тэрбумтан үлдэхээргүй хэмжээнд хязгааргүй татвар ногдуулж болж байна.
Миний “2075” романд 15-40 насны бүх эмэгтэй жилд бүтэн биеэ сканнердуулдаг. Дараа нь хиймэл оюун ухаан үзлэгийн дүнг урьдчилан тогтоосон “гоо үзэсгэлэнгийн стандарт”-тай харьцуулна. Тэгээд 95 хувиас дээшээ гарвал “Хөөрхний давуу эрх” авна.
Бүх хэт даврагч хөдөлгөөний адилаар их сургуулиудад "Харагдах шударга ёсны хөдөлгөөн" юун түрүүнд үүснэ. “Шударга ёс” намынхан уг асуудлын нөөц боломжийг олж хараад атаархлыг сонгуулийн зорилгоор туршиж эхэлнэ. “Шударга ёс” нам улс төрийн хөтөлбөртөө “харагдах шударга ёс”-ыг нэхэж, “эдлэх ёсгүй эрх”, “хэтийдсэн гоо үзэмж”-ийг устгах шаардлага нэмж оруулна. Ингээд засгийн эрхэнд гармагцаа “гоо үзэмжит” эмэгтэйчүүдэд өндөр татвар ноогдуулах, цалинг нь бууруулах, их сургуульд дүнг нь дарах бодлого хэрэгжүүлдэг.
Гээд үүгээр зогсохгүй ээ. Тэгш байдал нэхэгч хөдөлгөөнүүд түүхэнд асар хурдан радикал шинжийг олсон шиг улам радикал болно. Миний зохиолд ч мөн адил "Харагдах шударга ёсны хөдөлгөөн"-ий хамгийн радикал гишүүд засгийн эрхийг авдаг. Улмаар асуудлын үндсийг таслахыг эрмэлзэнэ. Ингээд “хэтийдсэн гоо үзэмжит” 15 нас хүрсэн охидыг төрөөс тогтоосон дундаж гоо үзэмжтэй болгох албадан мэс засалд оруулдаг. Улс төрийн талаас зөв харагдуулах үүднээс түүнийгээ “Зөв харагдуулах оновчтой эмчилгээ" гэж нэрлэн, "албадан мэс засал" гэдэг нэр томъёог хориглодог. Мөн хэтэрхий хөөрхөн хүүхэд төрүүлэх магадлал өндөр гоо үзэсгэлэнт эмэгтэйчүүдийг үргүй болгоно.
Энэ бүхэн зохиогчийн хэтийдсэн төсөөлөл юм гэж үү? Би номоо бичиж дууссаны дараахан, хоёрдугаар сард Германы томоохон өдөр тутмын сонинуудын нэг Süddeutsche Zeitung-д хэвлэгдсэн “Царайлаг ба царай муутуудын дундах ангал” гарчигтай нийтлэлийг олж үзсэн юм. Уг нийтлэл хүний зан араншингийн судалгааны талаар өгүүлэх бөгөөд “царайлаг ба царай муутай хүмүүсийн дунд үүссэн ангал бий. Энэ зай улам тэлж байна” гэсэн байлаа. Түүнийгээ “баян, ядуугийн ялгаа” улам нэмэгдэж байна гэдэг өдөр тутмын мэдээний гарчиг шиг биччихсэн байж билээ.
Нийтлэлд “царайлаг ба царай муутай хүмүүсийн дундах ангал” дижитал орчноос “маш зэвүүн”-ээр бодит ертөнц рүү шилжиж байна гэжээ. Царай зүсээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт бол нэг тоохгүй байгаа ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр гэж онцолжээ. Варвикийн Их Сургуулийн Хэрэглээний Ёс Зүйн профессор Хэтэр Виддовс бүр Их Британийн парламентад энэ сэдвээр үг хэлэхдээ төр засаг энэ тал дээр шударга ёсыг хангах бодлого хэрэгжүүлэхийг уриалжээ. Германы сонинд дурдсанаар, энэ үйл явдал бол “гадаад төрхөөр нь шоовдорлох (lookism)-ын эсрэг ирээдүйн олон нийтийн хөдөлгөөний түүхэн эхлэл” ч болж мэдэх гэнэ. Lookism гэдэг ойлголтыг мэдэхгүй хүмүүст тайлбарлахад, энэ бол хүний зүс царай “нийгэмд тогтсон хэм хэмжээ”-ээс гажихад жигшин зэвүүцдэг мухар сүсэг юм. Хэм хэмжээ гэдэгт хүний биеийн, гоо үзэмжийн олон төгс чанарыг ёс юм шиг багтаах бөгөөд эрүүл, чийрэг, үзэмжтэй байх ёстой гэсэн үзэлд суурилдаг.
Тэгэхээр энэ “шударга бус байдал”-ыг яалтай билээ? Мөнөөх сонин “Царайлаг хүмүүс амьдралын олон салбарт анхаарлын төвд явдаг. Энэ шударга бусыг төрсөн махбодоороо туулаад л байх уу? Эсвэл бүгдээрээ хагалгаанд орох уу” гэжээ. Гоо үзэсгэлэнгийн атаархлыг ашиглахын тулд 2075 онтой золгох болов уу гэдэг миний таамаг буруу ч юм бил үү.
АНУ-ын жүжигчин Сиднеи Свинигийн тоглосон сурталчилгаанаас үүдэлтэй, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, эцэст нь Д.Трамп хүртэл оролцсон саяхны дуулиан өнөөгийн атаархлын соёлын төгс тусгал боллоо. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тухай маргаан мэт боловч үнэндээ дур булаам, үзэсгэлэнт эмэгтэй л байсан. Их Британийн консерватив Daily Telegraph сонинд бичсэн нийтлэлдээ Каролайн Дауни зүүнтнүүдэд бүх зүйл муухай байх ёстой мэт үздэг, тэгээд л тэд Сидни Суиниг жигшсэн гэжээ.
Хүн төрөлхтний үндсэн сэтгэл хөдлөлийн нэг атаархлыг баячууд руу чиглүүлнэ үү, үзэсгэлэнт эмэгтэйчүүд рүү чиглүүлнэ үү, маш сайн үр дүн гардаг тул улс төрийн зорилгод ашиглах санаа ямагт сэтгэл гижигддэг.
Райнер Цителманн
“Олон нийтийн санаа бодолд баячууд” номын зохиогч
https://therichinpublicopinion.com/
*Энэ “woke” (нийгмийн шударга ёсны ухамсартай, арьс өнгө, жендэр, эрх тэгш байдлыг хамгаалдаг гэх утга) + “literati” (оюунлаг давхарга, бичгийн хүмүүс, дээд боловсролтой элитүүдийг хэлдэг үг) хоёрын нийлбэр. Өөрөөр хэлбэл, “wokerati” нь нийгмийн шударга ёсны асуудал дээр дэндүү мэдэмхийрч, өөрсдийгөө ёс суртахууны дээд зиндаанд тавьдаг, ихэвчлэн либерал хандлагатай элит бүлгийг егөөдсөн нэр томъёо юм.