Авлигын индексийг зарласан өдөр Авлигатай тэмцэх газар гэдэг байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнг гутаан гүтгэдэг “уламжлал” тогтоод удаж байна. Энэ жилийн хувьд гурав хоногийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр 2025 оны Авлигын төсөөллийн индекс (CPI)-ийг Transparency International байгууллагаас албан ёсоор зарлалаа. Үүгээр Монгол Улс нийт 182 орноос 124 дүгээр байрт жагссан байна.

Олон нийтийн зүгээс ч Авлигын индексийг чухам ямар үзүүлэлтээр, хэрхэн дүгнэдэг, үүнд хэн буруутай талаар мэдээлэлгүй байдаг нь анзаарагдаж байна.  Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “МАН засаглаж эхэлснээс хойш авлигын индекс 52 байраар ухарлаа. Сөрөг хүчний зүгээс 2012 онд Монгол Улс авлигын индексээр 180 улсаас 94-т жагсаж байсан талаар санууллаа.

Энэ үзүүлэлтийг зөвхөн авлигын хэмжээ өссөн гэж тайлбарлаж болдоггүй. Тухайлбал эрхэм гишүүний дурдсан 2012 онд 36 оноотойгоор 94 дүгээр байрт, 2013 онд 38 оноотойгоор 83 дугаар байранд жагсаж байжээ. Ингээд 2025 онд 31 оноо авч, 182 улс орноос 124 дүгээр байранд эрэмбэлэгдлээ. Энэ нь 2024 оныхтой харьцуулбал, 2 оноогоор буурч, 10 байраар ухарсан.

Чухам ямар үзүүлэлтээр үнэлээд, аль асуудлаар нь хэрхэн дүгнэгдсэн талаарх мэдээллийг үнэн бодит баримттайгаар олон нийтэд хүргэе. Учир нь “авлигын” гэх овогтой энэхүү индекс нь засаглалын асуудалтай илүү холбоотой байдаг бөгөөд авлигын нөхцлийг бүрдүүлж буй суурь хүчин зүйлийг өөрчлөх талаар баримтлах бодлогыг тодорхой болгож өгдөг. Үүнд төрийн албаны хүнд суртлыг багасгах, эрх зүйн орныг боловсронгуй болгох зэрэгт анхаарч зөвлөмж өгдөг болохоос АТГ гэдэг байгууллага авлигын хэр олон хэргийг илрүүлсэн, авлигатай хэрхэн тэмцсэнээр хэмжигддэггүй. Хэрэв хэрэг илрүүлэлтээр хэмждэг бол өнөөдөр албан үүрэг гүйцэтгэж буй АТГ-ын удирдлагуудын хэрэг илрүүлэлтийн хэмжээ өмнөх онуудынхаас эрс өссөн байгааг дорх үзүүлэлтээс харж болно.

Харин эрхэм гишүүний дурдсан 2012-2013 онд шалгагдсан гэмт хэргийн хамгийн их буюу 34.5 хувийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг, 15.3 хувийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 14.6 хувийг хээл хахууль авах, 12.2 хувийг хээл хахууль өгөх гэмт хэрэг эзэлж байв.

Тухайлбал, 2012 онд шүүхэд шилжүүлэх саналтай хэрэг 164 байсан бол 2024 онд 1863 болж өсчихөөд байна. Шийдвэрлэсэн байдлаараа 2012 онд 14 байсан бол 2024 онд 216 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнийг дагаад шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн холбогдогчийн тоо 2012 онд 38 хүн байсан бол 2024 онд 430 хүн болж өсчээ. Нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.1 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 240.9 тэрбум болсон байна. Ялгаа байгаа биз?

Харин 2025 онд улсын хэмжээнд авлигын гэмт хэргийн улмаас 674.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оноос 61.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс АТГ 163.1 тэрбум төгрөгийг буцаан төлүүлж, 84.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Авлигатай тэмцэх газар 2025 онд 1322 гомдолд мөрдөн шалгалт хийж, 367 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ганцхан жилийн дотор авлигын улмаас учирсан хохирлын хэмжээ өнгөрсөн оныхоос 257.5 тэрбумаар өсчээ. Энэ хугацаанд 367 хэргийг шүүхэд шилжүүлснээс 543 хэргийг хааж, хэрэгсэхгүй болгожээ. Нийт  хохирлын 63 хувь буюу 426.9 тэрбум төгрөг нь нөхөн төлөгдөөгүй байна.

2025 оны 9 дүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр авлигын хэрэгт оногдуулах хариуцлага чангарсан. Нийтлэг тохиолдол нь албан тушаалаа урвуулан ашиглах хэрэг байгаа бөгөөд хахууль өгөгчийг ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шалгуурыг тодорхой болгосон байна.

Үүнтэй холбогдуулан энэ удаагийн Авлигын төсөөллийн индексийн 2025 оны үр дүнгийн талаарх албан ёсны, заавал хүргэх мэдээллийг энд сонирхуулъя.

Үзүүлэлт буурсан:
1. Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
• Бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх
• Төсвийн хөрөнгийг шамшигдуулж, зориулалтын бусаар зарцуулдаг эсэх

2. “Ай Эм Ди” Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа
• Авлига болон хээл хахууль байдаг эсэх? /гадаад болон дотоодын бизнес эрхлэгчдээс/
• Бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх
• Иргэд авлигатай тулгардаг эсэх

3. Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс
• Гүйцэтгэх, шүүх, цэрэг цагдаа, хууль тогтоогч нь эрх мэдэл, албан тушаалаа хувийн сонирхлын үүднээс ашигладаг эсэх

4. Пи Ар Эс группийн Эрсдэлийн үнэлгээ
• Улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх

5. Экономист группийн Мэдээллийн албаны Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ
• Төсөв, албан тушаалтан, тусгай сан, томилгоо, аудит, хараат бус шүүх, хахууль өгөх заншил

Үзүүлэлт өссөн:
1. Ардчиллын олон талт байдлын төсөл /V-Dem/
• Улс төрийн хүрээнд авлига байдаг эсэх
• Иргэд авлигатай тулгардаг эсэх

Үзүүлэлт өөрчлөгдөөгүй:
1. Глобал Инсайт, Улс орнуудын эрсдэлийн үнэлгээ
• Бизнес эрхлэгчид авлигад өртдөг эсэх
- улс төр
- эдийн засаг
- хууль
- татвар
- аюулгүй байдал
2. “Бэртслманн Сан” Улс орнуудын шилжилтийн индекс
• Төрийн албан хаагч авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг, олон нийт шүүмжилдэг эсэх
• Засгийн газраас авлигатай үр дүнтэй тэмцдэг, авлигатай тэмцэх механизмтай эсэх

“ТРАНСПАРЕНСИ ИНТЕРНЭШНЛ” БАЙГУУЛЛАГААС ӨГЧ БУЙ ЗӨВЛӨМЖ:

Монгол улсын авлигын эсрэг бодлогын хүрээнд баримтлах гол чиглэлүүд

1.  Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан байна.
Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх.
Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэй.
2.  Бизнесийн орчин хүндэрч, бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна.
Үүнд: хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор хэт дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдвэрлэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудлууд. гадаад хөрөнгө оруулалт хомсдож байна.
3.   Хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
Хариуцлага тооцох механизм сул хэвээр байна. Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, түвшинд бүрэн хангах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагууд
Дээрх асуудлуудын хүрээнд Монгол Улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах чиглэлүүдийг онцолж байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай.

Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, энэхүү байдлыг залруулах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулалтаар явуулах нь олон улсын оновчтой туршлага юм. Үүний тулд:
- Улс төрийн нөлөөллийг бууруулж, улс төрийн санхүүжилтийн хяналтыг бэхжүүлэх
- Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах
- Уул уурхайн засаглалыг бэхжүүлэх
- Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчийн ил тод байдал, ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй болгох,
- Хууль хэрэгжилтийн тогтвортой байдал, ял завшихтай тэмцэх
- Хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх

Цаашид юу хийх вэ?

Мөн авлигын төсөөллийн индексийн мэдээлэлтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд зарим мэдээллийг сошиал хуудаснаа мэдээлжээ. Энэ нь УИХ-ын хаврын чуулган эхлэхэд хийх ажлуудтай холбоотой бөгөөд нийгэмд хүлээлт үүсгээд байна.
Тэрбээр мэдээлэхдээ “Манай улсын 2025 оны Авлигын төсөөллийн индекс буурсан шалтгаан тодорхой. Бид үр дагавартай нь тэмцэхээс гадна, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, дахин гаргахгүй байхад анхаарах учиртай юм. Тийм ч учраас Засгийн газраас УИХ-ын Хаврын чуулган эхлэхэд:
1.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай (нийтийн ашиг сонирхлын төлөө авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар шүгэл үлээсэн иргэн, хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авна. Манай улс уг хуулийг батлан гаргаж, хэрэгжүүлэхээр өмнө нь удаа дараа Транспэрэнси интернэшнл болон бусад байгууллагад танилцуулж байсан ч шийдээгүй);
2.Төрийн болон албаны нууцын тухай, Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслүүд (Албаны нууцад авсан 882 мэдээллийг ил болгоно, цаашид албаны нууц нэрээр аливаа асуудлыг нууцад авах боломжгүй болно, мөн төрийн нууцын жагсаалтыг ЗГ бус, УИХ батална);
3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай (онц, ноцтой томоохон хэргүүдийн гэрч, хохирогч, нотлох баримтыг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хараат бусаар явуулах хууль зүйн баталгаа);

4.Авлигын эсрэг багц гэх мэт 20 гаруй хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Дээр нь Засгийн газраас өмнө нь өргөн мэдүүлсэн төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл маш чухал” гэжээ. Эндээс харахад Засгийн газар, УИХ-ын батлах ажил өмнө нь байна. Үүнийг яаралтай хийж байж индекс сайжирна уу гэхээс АТГ-ын хэрэг илрүүлэлт болон түүнийг нь Шүүх, прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэснийг Авлигын индекс үзүүлдэггүй болохыг эхний ээлжинд Ардчилсан парламентын гишүүд минь ойлгож хэрэгжүүлээсэй гэж нийт сонгогчдынхоо өмнөөс хүсье.