Азиз Несин

 АЙТЕНИЙ НӨХӨР


(Та бүхэнд Олон улсын инээдмийн өдрийн баярын мэндчилгээ болгож, Туркийн алдарт зохиолч Азиз Несины “Айтений нөхөр” өгүүллэгийг барьж байна. Энэхүү наргиантай бүтээл аль 1980-аад оны эхээр орчуулагдан, төвийн сонинд гарсан бололтой байдаг. Оюутны байранд бие биедээ ярин хөгжилддөг байсан эл өгүүллэгийн монголчилсон эхийг олчих гэж хичээсэн ч амжсангүй. Ингээд, шинээр монголчлох оролдлого хийснээ барьж байна. Дашрамд дуулгахад НЭПКО хэвлэлийн газраас Азиз Несины “Худалч” (Zübük - Kağnı Gölgesindeki İt) туужийг ойрын үед хэвлэн гаргах гэж байгааг дуулгахад таатай байна)



     Анагаах төгсөөд ганц хоёр долоо хонож байсан байх аа. Айлд болсон нийллэг дээр Айтентай танилцаж билээ. Шууд л нүдэнд тусаад явчихаж байгаа юм чинь. Тэр ч бас надад зүгээргүй байх шиг. 

     Ингээд л ойр зуурын сээтэгнэлээс бүх юм эхэллээ дээ. Сүүлдээ, тэгээд юу болоод ч байгаа юм бэ, ямар ч байсан уулзалдаад байх болов. Үүрдийн хайр, зуурдын сэтгэл, алиныг чөтгөр бүү мэд. Ямарч байсан, ийм л нэг юм болчихов. 

   Манай хэд дахиад л өнөө айлдаа цуглаж, наргив аа. Уусан юм толгойд гараад би ч жаахан баахан мансуурангуй. Айтен ч хөгжилтэй гэж жигтэйхэн. Ингээд бид бүжиглэлээ дээ.

Би гэнэтхэн,

-Айтен, чи надтай суух уу гээд асуучихав.

Айтен инээмсэглэхээ болиод, нүүр нь улайснаа намайг ширтлээ.

-Би чамайг гомдоох гээгүй шүү гэж би аяархан хэллээ.

-Чи дургүй байж болно шүү дээ.


Бид гадаа тагтан дээр, хашлага налан зогсоно. Айтенээс,

-Чиний сэтгэлд юм хийчихсэн үү хэмээн дахин асуулаа.

-Чи манайх гэдэг айлыг мэдэх үү?

-Үгүй ээ.

-Миний аавыг хэн болохыг дуулсан уу?

-Дуулаагүй?

   Айтен миний үгэнд эргэлзээд байх шиг. Би ч өөрөө хэн хүний хүний үртэй учир ургуулаад яваагаа ерөөсөө бодоогүй явсандаа гайхлаа.

Маргаашаас нь Айтений ар гэрийг судалж гарваа. Аавынх тухай мэдэнгүүтээ дотор палхийж балмагдан, хөшлөө. Эй базарваань гэж. Нөгөө Айтен чинь амьд домог болсон, нэр нөлөө гэж манайд төдийгүй гадаадад түгсэн, ярихын эцэсгүй лут амьтны охин байж таарав. Тэрийг нь эрт мэдсэн бол тэгж үхснээс тээглэж үхэхийг илүүд үзэж байж.

   Алдар хүндтэй айлын хөвгүүд түүнийг баланд цугласан эрвээхэй шиг бүчиж байдаг юм байх. Айтен тэдний хэнийг ч хавьтуулдаггүй, эцгийнхээ хөрөнгө чинээ, нөмөр нөөлөгт болоод өөрийг нь ээрч байна гэж үздэг гэнэ.

   Энэ бүхнийг мэдээд мухардах шиг болов. Айтенд үнэнээсээ хайртай болсноо мэдрээд байвч тэнэг мөрөөдлөө толгойноос авч хаях ёстойг ухаарлаа. За яахав, аав ээж нь Айтенийг надтай суухыг зөвшөөрдөг юмаа гэхэд улс амьтан намайг баян айлын хөрөнгө мөнгөнд болсон “шуналын хүргэн” л гэнэ шүү дээ.

 Ингээд би Айтенаас дөлж эхэллээ. Тааралдаж болох газруудыг аль болохоор тойрох. Надтай уулзмаар байгаагаа хэд хэд хэлсэн ч шалтаг заагаад булзаж байлаа. 

 Гэвч хичээгээд, хичээгээд Айтенийг мартаж чадсангүй. Аргаа бараад Стамбул хотоос аль болох хол явдаг ч юмуу гэж бодов. Аминдаа л түүнтэй танилцсан газраас зугтааж байгаа ухаантай. Ингээд эмчийн ординатураа орхиж, цэрэгт мордохоор шийдлээ.

Аяны юмаа янзалж байтал ээж орж ирээд хэлэх нь:

– Чамтай нэг охин уулзъя гэж байна.

Би нүдэндээ итгэсэнгүй . Үүдэнд Айтен минь зогсож байлаа. Тэрбээр нулимсаа залгин байж:

-Хэрэв чи надад үнэхээр хайртай юм бол хоёулаа гэрлэе гэх нь тэр.

– Би чамтай хаана хүрсэн ч хамт явна. Чи хэзээ цэрэгт хэзээ мордох гэж байна. Намайг бас аваад яв. Хоёулаа амьтны нүдэнд анзаарагдахгүй буйд газар суурьшаад, манай хамаатан саднаас хол, аавын нэр сүрээс далд, чих амар сууя. Өөрсдийнээ амьдралыгг өөрсдөө цэцэглүүлцгээе гэж байна.

  Эрх танхил өссөн, амьдрал мэдэхгүй охины гэнэн хонгор үг юм шүү гэж бодохгүй биш бодоод байсан юм. Дутагдаж гачигдахын зовлон үзээгүй амьтныг удаан жаргааж чадахгүйдээ чи гэж дотроос нэг юм шивэгнэх. Яадаг ч байлаа гэсэн би түүнд ухаангүй дурласан байлаа.

Түүнийхээ гарыг дотноор атгаад

-Хайртай, үнэхээр хайртай гэж гэж шивэгнэснээр бүх юм шийдэгдлээ.

Бид хоёр хүн амьтанд дуулгалгүй, гэрлэлтээ бүртгүүллээ. Айтан бид хоёр хорвоогийн жаргал зовлонг хуваацан амьдарч эхэллээ. Миний айсан шиг юм ч болсонгүй. Гэхдээ...

   Гэрлэлтээ бүртгүүлсэн агшнаас л гай зовлон эхлэх нигууртай байж. Уг нь ёс төрөө бодоод хоёр найзаа гэрчээр урьсныг эс тооцвол хүн амьтанд дуулгаагүй юмсан. Хадам аав маань ч учиртай хандаж, түүний оролцоог хүсэхгүй байгааг минь ойлгож хүлээж авсан. Харин хадам ээж л жаахан гоморхсон.

Бид хоёр гэрлэлтийн баталгандаа гарын үсэг зурж амжвуу үгүй юу бөөн гэрэл цацраад, пижигнээд явчих нь тэр ... Эй базар дарь!  Бөөн сэтгүүлчид зураг дарж, гэрэл зургийн цацруулагч гялбуулж байгаа нь тэр. Туучийнууд чинь, хуримын тухай яаж ийгээд мэдчихэж. 

   Гудамжинд гарч амжаагүй байхад бидэнд баяр хүргэх гэсэн баахан амьтан хүрээлэв. Тэвхүүз малгайгаар ёсорхсон нэг хүн олонд хандан,

–Аль нь эрхэм хатагтай Айтены нөхөр вэ хэмээн лавлах дуулдав.

   Бид хоёр хүлээлгэсэн такси руугаа бушуулах зуур, хэн нэгэн хүн мөнөөх этгээдэд намайг зааж өгч байгааг анзаарав. 

Тэвхүүз өмссөн хүн олны дундуур хага зүсэн ирээд ирээд :

– Мюмтаз-бей бугай танд үйлчлүүлэхээр лимузингээ явууллаа, би жолооч нь. Машин жолооч хоёр танд үйлчлэхэд бэлхэн ч гэх шиг.

– Баярлалаа, бидэнд машаан хэрэггүй хэмээн түүний үгийг таслаад такси руугаа бараг л дэгдлээ. Ар нурууны минь чанадаас “Айтений нөхөр аль вэ” , “Тэр байна”, “Амны хишигтай хүргэн юм” гэлцэх дуулдана. Ялангуяа тэр дундаас “Айтений нөхөр” гэдэг үг онцгой өргөлттэй агуу.

    Маргааш нь би анх удаагаа сонинд гарч үздэг юм байна. Мэдээж, Айтен бид хоёрын хуримласан мэдээ, зураг хөрөгтэй. Олны хэл ам ч намайг тойрсонгүй.

Гэхдээ, намайг эцэг эхээс заясан нэрээр минь дуудах нэг ч сонин гарсангүй. Тэдний хувьд би ердөө л “Айтен хатагтайн хар хүн” болжээ. Сонины хуудаснаа: “Зүүн гараас төд дэх нь Айтений хар хүн”, “Айтен хатагтайн нөхөр нь эмчийн мэргэжилтэй сайхан залуу юм”, “«Айтен хатагтайн нөхөр өөрийн эрхэмсэг төрх, донж байдлаараа нэртэй айлын зүстэй хүргэнд тэнцэнэ”, «Айтен хатагтай болон “Айтен хатагтайн нөхөр” хоёрын гэр бүлд аз жаргал хүсье» гэсэн үгс эрээлжилнэ. Ай, хорвоо минь !

Манайх шинэ байшиндаа төвхнөөд хэд хоносны хойно ээж бид хоёрын дунд ийм яриа өрнөв.

– Хүү минь, үнэнээ хэлэхэд би чиний авгайг ийм сайн бэр гэж бодсонгүй. Манай борог, энгийн амьдралд хурдан дасч байна. Гэхдээ л...

– Гэхдээ гээд юу болчихов...?

– Манайхан энэ хороололд олон жил амьдарч ирсэн дээ. Эргэн тойрныхон биднийг хүндэлж, эцэг эхээс заясан нэрээр минь дууддаг байлаа. Харин чамайг гэрлэснээс хойш би гэдэг хүн нэргүй болоод бүгдээрээ л “Айтенийн хадам ээж» гэлцэж байна !

Таагүй байдлыг бушуухан эцэс болгохын тулд,

– Нэг хэсэгтээ тэгж байгаад аяандаа намжих байлгүй дээ, эжий минь гээд яриагаа дуусгав.

   Ийм үед цэргийн хуаран л аминд орно гэж би бодоод байлаа. Ашгүй тэгтэл, хилийн жижигхэн гацаанд цэргийн эмч явуулах юм болж, би саналаа өгөв. Юм хүмээ төхөөрч байтал захирагч гэнэт тушаалаа өөрчилж, намайг армийн төв эмнэлэгт үлдээчихдэг юм байна. Штабынхан цөмөөрөө л “Айтены нөхрийг хөдөө цөлж болохгүй” гэж үзсэн юм байх.

   Би тэр даруйдаа хадам аавд захиа явуулав. Цэргийн том эмнэлэгт ажиллах гэж сонирхол надад огтоос байхгүйн дээр дахиж миний амьдралд оролцохгүй байхыг түүнээс хүсээд, өөрийн амьдралаа өөрөө бүтээх хүслийг минь хүндэтгэхийг гуйлаа.

  Хадам ааваас маш сайхан хариу дорхноо л ирлээ.Тэр миний хэлснийг бүрнээ зөвшөөрөөд зогсохгүй, бүүр надаар бахархаж байгаа гэнэ. Түүнчлэн, намайг армийн төв эмнэлэгт үлдээхийг хэнээс гуйгаагүй болохоо дурьджээ. Эцэст нь, намайг үнэхээр уулын мухар, улсын хязгаарт очихыг дурлаад байгаа юм бол харин ч шилжүүлээд өгч чадахаа амлажээ. Би юу гэж зөвшөөрөх вэ дээ.

   Цэргийн алба хааж байсан тэр эмнэлэгт би зөвхөн «Айтений нөхөр» гэдгээрээ л алдартай байсан нь мэдээж. Бүгдээрээ танилцах, ойртохыг эрмэлзэнэ. Сувилагч нар, өвчтөнүүд намайг хармагцаа л «Хараач, Айтенгийн нөхөр!...» гэж шивэгнэлдэнэ. Тэр ч байтугаа сээтэгнэж байгаагаа ч улаан цайм ойлгуулахыг хичээх.

Цэргээс халагдах хугацаа дөхөж байхад Айтен маань,

-Европ руу мэргэжил дээшлүүлэхээр яваач гэж зөвлөлөө. Би яг л тэгэж бодож байсан ч «Бас л хадам ааваараа яриулж байгаад Европ явчихлаа гэнэ биз дээ. Тэрний оронд хоёулаа хөдөө явъя” гэсэн санал тавив.

   Ингээд л зүүн хязгаарын бяцхан сууринд, улсын эмнэлэгт ажиллах томилолт аваад богоонд сууваа. Зүүн аймгийнхаа нутгийн дээсэнд орших бяцхан өртөөн галт тэрэг түр зогсов. Цэцгийн баглаа барьсан нэгэн эрхэм зогсоолын тавцан дээгүүр гүйнгээ купээ, купээний цонхоор шагайлж харагдана. Хэн нэгнийг хайж байгаа бололтой. Түүний өмнө явж байсан нэг хүн богооны даргаас,

-Уучлаарай, даргаа! Айтен гуайн нөхөр энэ галт тэргээр явах ёстой, та хараагүй биз... гэнэ. Эй тэнгэр минь!

Намайг заалгаж аваад дэгдэж ирсэн тэр хүн мөнөөх цонхоор шагайлаад явсан эрхэм агаад аймгийн засаг дарга биеэрээ юмсанж. Намайг баяр ёслолын байдалтай угтаж байгаа нь тэр аж. Засаг дарга бидэнд цэцгийн баглаа, бэлгийн боодол сарвайв.

-Тавтай морилно уу. Улс оронд маань болон хязгаар нутагт таны дайтай эх оронч эмч ус агаар шиг хэрэгтэй байна гэнэ ээ.

-Танайх чинь ирж байгаа эмч болгоныг ингэж хүлээн авдаг газар юм уу гэж би егөөдөнгүй асуув.

Засаг дарга болон Тамгын газрынхан ичингүйрхлээ. Сүүлдээ би ч өөрөө өөрөөсөө санаа зовчихлоо. Хэрвээ би “Айтений нөхөр” биш байсансан бол Засгийн даргыг ингэж даапалах зүрх хүрэхгүй шүү дээ. Засаг дарга,

-Таны тав тухыг хангах бүх арга хэмжээг авах тушаалыг орон нутагт өгсөн л гэнэ. Бид хэр боломжоороо бэлтгэсэн л гэнэ. Хэрвээ танд ямар нэг зүйл хэрэгтэй бол над руу шууд утсаар залгаарай. Зөвшөөрвөл би тантай уулзаж байя л гэнэ.

   Галт тэрэг хөдлөхөд, «Манай боломж нөхцөл хэр тааруу шүү, өршөөж үзээрэй» гээд гар барилаа. Багзаал дүүрэн «Айтен хатагтайн хар хүн»-ийг харахаар ирсэн ард түмэн гараа даллах ажээ.

    Хязгаарын хязгаарт байх тэр хотод бид ирэхээс өмнө  аль хэдийн «Айтен хатагтайн нөхөр» эмчээр ирж байна гэдэг мэдээ тарчихсан байв. Би Метин бэй гэдэг нэртэй эмч болж хуучин амьдралдаа эргэн орохын тулд юу ч хийж чадахгүй байлаа. Миний эхнэр надаас илүү их гунигтай байсан бөгөөд өөрийн зүгээс миний нэр төрийг хамгаалахыг хичээдэг байв. Олны дунд байхдаа  миний нэрийг маш олонтаа дурдаж, «Метин бэй надад хэлсэн нь...», «Метин ингэж хийсэн», «Метин тэгж хийсэн» гэж ярьдаг байлаа. Тэр бусдыгаа ч миний нэрээр намайг дуудаасай гэж хүсдэг байв. Бид инээдтэй амьдарч байгааг би ойлгож байлаа. 

   Миний эхнэр байнга сэтгэлээр унасан байдалтай байв. Нэг шөнө тэр сэрээд, нулимс унагаан хэлэв:

-Метин, Америк руу явъя, эндээс зугтаая...

Бид дорхноо ачаа бараагаа баглаж, далай гаталлаа. Би алдар нэр олж, хүмүүс намайг «Айтен хатагтайн нөхөр» гэдгийг мартаж, зөвхөн Метин бэй гэж ярих болтол нь алдаршихаар шийдсэн юм. Энэ бодол намайг эзэмдэв. Нэг өдөр Айтен энэ тухай ярихад би түүнд хэлсэн:

Хязгаар нутгийн мөнөөх өртөөнд миний “хоч” надаас түрүүлээд ирчихсэн, «Айтен хатагтайн нөхөр» эмч ирж байна гэдэг мэдээ тарчихсан байв.Би гэдэг хүн “Метин бэй эмч” гэдэг дуудуулах нэрээ эргүүлж авахын тулд юу ч хийж чадахгүй байлаа. Хүний хань юм хойно Айтен маань л санаа зовоостой. Нэр төрийг маань сэргээчих санаатай. Олны дунд миний жинхэнэ нэрийг байнга дуудаж,«Метин бэй надад хэлэхдээ ингэсэн», «Метины маань ажил», «Метин тэрийг тэгсэн» гэж ярина, хөөрхий. Өөрийг нь дуурайгаад бусад хүмүүс миний нэрийг хэлж заншина гэж бодсон хэрэг. Бидний амьдралинээдэм болоод байгаа нь ойлгомжтой байв. 

Гэргий минь ч сэтгэлээр унаастай. Нэг шөнө Айтен гэнэт сэрээд нулимс унаган хэллээ:

-Метин минь, ингэж байхаар Америк руу явъя, энэ газраас л зайлаад өгье...

     Бид бодоод байсангүй шууд л юмаа төхөөрөөд далай гаталлаа.

    Би нэртэй хүний зүстэй хүү болохоо харуулж, хүмүүс намайг «Айтен хатагтайн нөхөр» гэдгийг мартаж, зөвхөн “Метин бэй доктор” гэлцэх болтол зүтгэхээр шийдвэй. Ингээд л мэтгэл санаа бие махбодиороо зүтгэж гарлаа.

Нэг өдөр Айтентэй ярьж суугаад би,

– Хонгор минь, би алдар цуутан болохоор төрсөн хүн ерөөсөө биш. Энгийн тайван амьдрал хүсдэг. Гэхдээ л хоёр биенээ аз жаргалтай байлгахын тулд бүхнийг хийнэ. Би чамайгаа «Метиний эхнэр» байлгахыг хүсэж байна. Харж л байгаарай, би чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийнэ гэж амлалаа.

 Надаас өөр хэн л мэдэх билээ дээ, хөтлөөд явчих урам зориг, онцгой авьяасгүй хүн алдар нэр олох гэдэг ямар хэцүү болохыг?

   Ингээд би гэдэг хүн шөнийг өдөрт, биеэ хоёрт бодож зүтгэв. Миний анзааны хүн Америкт анагаах ухааны профессор цол авах, их сургуульд тэнхим эрхлэх ямар гээчийн амаргүй даваа болохыг бурхан л гэрчлэх байх. 

   Удалгүй, судалгаа, шинжлэх ухааны бүтээлүүд маань анагаах ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж эхэллээ. Гэхдээ л миний нэрийн араас хаалт нээгээд (Айтен хатагтайн нөхөр) болохыг заавал тодотгоно.

   Намайг тэгэхээс тэгэх гэсэн мэт, «Айтены профессор нөхөр” гэж дууддаг байлаа. 

   Миний судалгааны бүтээлд шинжлэх ухааны нийгэмлэгээс медаль олгосон тухай мэдээ сонинд гарахдаа «Айтен хатагтайн нөхрийн амжилт» гэсэн гарчигтайгаар нийтлэгдэж байв. 

   Ингээд би гэдэг хүн мэдрэлийн ядаргаа болж сэтгэцийн хямралд унав. Ашгүй тэр үед Конго улсын засгийн газар гадаадын эмч нарыг ажилд урьсан болохыг мэдэв.

Эхнэр маань,

-Хонгор минь, чи зөвшөөрч байвал гэрээрээ Конго руу явъя. Чиний мэдрэлийн ядаргааг Африк л тайлж магадгүй гэж байна.

 Хайрт гэргий минь намайг, Конгод танихгүй хүмүүсийн дунд тайван амьдарч чадна гэж боджээ. Би гэдэг хүн ч хотшил, иргэншлээс дайжиж гэмээнэ, эскимосууд руу, хойд туйл руу, тэр байтугаа пингвинүүдийн бүлд багтсан хамаагүй явна гэдгээ хэллээ.

   Эхнэр, хүү хоёртойгоо амар тайван амьдрах нигууртай Конгод буугаад иртэл, Эрүүл мэндийн сайд өөрөө биднийг угтаж,

-Тавтай морил, Айтен хатагтай.

-Тавтай морил, Айтен хатагтайн профессор нөхөр 

гэж хэлээд гар барих мөчид би ухаан балартан муужирсан байв. Бид дараагийн онгоцоор Конгоос буцлаа. Буцах буцахдаа Турк рүүгээ. 

 Хэдэн долоо хоногийн дараа нэг баяр ёслол дээр юм. Нэг эрхэм хөршөөсөө намайг хэн болохыг асуух дуулдав. Тэдний яриаг сонсоод ахиад л муужрангаа алдав. Хөрш нь бүгдэд дуулдахаар,

-Чи чинь, Айтен хатагтайн нөхрийг танихгүй байхдаа ч яах вэ дээ?

-Мартаагүй л байна шүү дээ, Айтен минь! Би үнэхээр цаашид тэсэшгүй нь хоёулаа салцгаая. 

Айтен бол сайн хань, энэ хорвоогийнг хамгийн сайн гэргий! Тэр миний хүзүүгээр тэврээд уйллаа. Гэхдээ «Салахгүй» гэж хэлээгүй.

– Чиний зөв өө, хайрт минь. Харин би насан туршдаа чиний эхнэр хэвээрээ үлдэнэ. Зөвхөн чинийх л байна гэж тэр хэллээ.

   Ингээд, шүүхийн шийдвэр гарч бид хоёр нулимс асгаруулан тэврэлдснээр гэр бүл цуцлагдлаа. Харин сонины хуудаснаа “Айтений нөхөр авгайгаасаа салав” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэв. Ингээд зургаан жил гоонь явлаа. Одоо намайг “Айтений хуучин нөхөр” гэх болжээ. Гэр бүлээ золиод ч өөрийн нэрээ эргүүлж авч барсангүй.

    Ингэхэд дахиад гэрлэвэл ер нь яадаг бол гэсэн бодол төрөв. Чингэж гэмээнэ “Айтений хуучин нөхөр” гэдэг хочоос салах ч юм бил үү? Гэвч энэ бодол намайг хямрааж байлаа. Дахиад гэрлэлээ ч гэсэн би Айтендаа хайргүй болж чадахгүйгээ мэдээд байв. 

   Нэгийг нь Айпери, нөгөөг нь Гюльтен гэх хоёр ч бүсгүйтэй дотноссон боловч аль алин нь Айтений нэрийг санагдуулаад болсонгүй. Эцсийн эцэст Фатма хэмээх ядуу бүсгүйтэй толгой холболоо. Үнэхээр намайг хэн ч “Фатимагийн нөхөр” гэж нэрлэсэнгүй. Гэхдээ л “Айтений хуучин” гэхээ больсонгүй. 

   Яах аа мэдэхгүй болов. Эцсийн эцэст Айтений “ямар нэг юм” хэвээрээ л үлдэх аж. Ингээд Айтен дээрээ очиж мөргөн гуйлаа, “Чи минь дахиад хүнтэй суучихаач” гэж. Чингэж гэмээнэ “Айтений нөхөр” хэмээх нойтон хамуу шиг тодотгол тэр хүнд шилжиж, миний ориг нэр эргэж ирнэ гэж бодсон юм.

Тэр минь нулимс мэлмэрүүлэн байж,

-Чамаас өөр хүнтэй суусанд орвол үхсэн минь дээр юмсан. Гэхдээ чиний минь хүсэл юм бол тэгье даа. Чинийхээ амар амгалангийн төлөө би энэ гэсгээлийг эдлэх минь гэлээ.

Айтен удалгүй дахин нөхөрт гарлаа. Мэдээж хэрэг хар хүнд нь “Айтений нөхөр” гэдэг цол шилжин очлоо. Гэтэл би яасан гээч, “Айтений анхны нөхөр” гэдэг шинэ нэртэй үлдэв.

    ...Айтений үхэл надад хүнд цохилт боллоо. Хөөрхий, миний хайр ! Тэр өөрийн үхлээр хорвоог орхисонгүй, намайг чөлөөлөхийн тулд амиа хорлосон болохыг мэдлээ.

   Сэтгэл зүрхний гүн дэх ачаа жаахан ч болов хөнгөрөх шиг. Өршөөгөөрэй, намайгаа. Миний Айтен!

  Гэлээ гэсэн ч түүний минь үхэл намайг чөлөөлсөнгүй. Тэр маань өнгөрөөд аль хэдийнэ гурван жил өнгөрсөн ч хүмүүс намайг “Айтений анхны, бэлэвсэн нөхөр” гэж дуудсаар. Харин ч түүний үхэл нь намайг “Хөөрхий муу, Айтений анхны бэлэвсэн” болохыг тодотгож байлаа.

   Эцсийн эцэст, би өөрөө үхэж байж л энэ бүхнээс салахыг сая ойлгов. Үзэг цаасаа гаргаад, “На...майг битгий бу... руутгаарай...Хайрт ээж, аав хоё...р минь үүрд бая...ртай. Ха...гацъя, үр минь... өн...гөт орчлон.. минь...гээд бичиж сууна.

   Би нэг үг бичээд л нэг үрэл нойрны эм залгиж байлаа. Захиагаа дуусгаад гарын үсгээ зурахын хэрд мөнхийн нойрондоо автахаар төлөвлөсөн юм. Гар хүндрээд л, хөдөлгөхөд амаргүй болсоор, арай ядан үсэг үсгээр бичиж байгаа нь энэ. 

   гэнэт өрөө дүүрэн манан татах шиг болж, цаанаас нь эмэгтэй хүний хоолой дуулдав. Айтен миний өмнө биеэрээ тодрон гарч ирлээ. Тэр маань над руу инээмсэглэн байж,

-Хайрт минь, амиа хорлоод ч чөлөөлөгдөж чадахгүйгээ мэдэх үү гэж байна.

-Яагаад гэж би асуув

-Чи үхэхдээ ч өөрийн нэрээр үхэх боломжгүй. Маргаашийн сонинд “Хөөрхий Айтений нөхөр амиа хорложээ” гэсэн мэдээ л гарна шүү дээ. Амиа хорлох чинь дэмий л юм болно.

-Одоо, оройтсоон. Би аль хэдийнэ нойрны эмнүүдээ залгичихсан. Үхлийн нойроос эргэж сэрэх нь нэгэнт өнгөрсөн гэж би хариуллаа.

Харин Айтан,

-Би чамайг аварна. Наашаа дөхөөд ир, хайрт минь... хэмээн дохино.

Би арайхийн босоод түүн рүү дөхтөл, тэнцвэр алдан шалан дээр түсхийн уналаа. Энэ чимээнээр миний эхнэр Фатима гүйж ирээд үхлийн ирмэгт очсон намайг эмнэлэгт хүргүүллээ. Миний ходоодыг угааж, амь аврагдав.

...Цаг хугацаа урсан өнгөрөхдөө бүхнийг угаасаар бүлгээ. Одоо намайг “Хөөрхий муу, Айтений анхны бэлэвсэн нөхөр” гэдгийг хэн ч санахаа байжээ. 

   Харин тэр хэрээр “Айтений нөхөр” гэдэг нэр маань мартагдсанд харамсан, үгүйлэх боллоо. Одоо надад гарын үсгээ “Айтений нөхөр” хэмээн бахтайгаар зурах л боломж л үлдсэн ажгуу. Тийм ээ

Хүндэтгэсэн: “Айтений нөхөр” ёслов !


 


                                                                                                                                                                                                        Монголчилсон Б.Цэнддоо. 2026.IV.01