БЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга
Элчин сайдын “Үг” нь манай Засгийн газрын санхүүжилттэй киноны промо-той давхцсан нь санаандгүй юм биш. Харин сайн харилцаат хөрш орных нь Засгийн газрын захиалгаар Синофоби бүтээж сурталчлах нь Хятад улсын хувьд үзэл суртлын дайсагнал болно. Засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн бүтэн кино байтугаа “ахар” видеог ч Монголын төрийн бодлого л гэж тэд харна. Яагаад ч юм бэ, Хятадын тал тэвчээд, манайхан тэрийг нь “Биднээс айгаад дуугарч чадахгүй байгаа нь тэр” гэж эндүүрээд ирсэн хэрэг.
БЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга
Тэртээ ХХ зуунд БНХАУ-ын тусламжаар барьсан, Улаанбаатарын Энхтайвны гүүрийг Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр бүтээсэн “Тусгаар тогтнол” киноны постер эзэгнэн, намирсан хаврын эл өдрүүдэд Бээжингийн нэгэн санал, сануулга олны сонорт хүрлээ.
Элчин сайдын амнаас гарсан, даруухан үг өгүүлбэртэй, найдаж байна гэсэн эелдэг төгсгөлтэй эл мэдэгдэл гарснаас хойш, долоо хоногийн дараанаас манайхан “Энэ чинь юу гэсэн үг билээ” хэмээн бодож эхлэв.
Өнгөн талаасаа гэм зэмгүй, даруухан харагдах энэхүү санал-анхааруулгад, хоёр улсын хоорондын "зөвхөн Монгол улсын иргэд визгүй зорчиж, нөгөө тал нь виз авдаг" онцгой журам гучаад жил үйлчиллээ. Одоо үүнийгээ өөрчилж, харилцан визгүй зорчиж эхлэх цаг болсон. Нэг бол харилцан визтэй болж энэхүү тэгш бус байдлыг өөрчилье гэсэн санаа туссан байна.
Монголын тусгаар тогтнолын философи, урлагийн үнэлэмжийг тавхан үгэнд багтааж “Хятад шаахай, илжигний мөр гаргахгүй” хэмээн товчлоод, гол баатраараа орилуулсан киноны трэйлэрт цөс хөөрсөн манайхан Хятадын Элчин юу хэлснийг эхэндээ анзаарах сөхөө байсангүй.
Үнэн хэрэгтээ энэ мэдэгдэл нь хоёр улсын харилцааны нэгэн үе дууссан, цаашдаа өөр дүрмээр явах болсныг анхааруулсан дохио байв.
-Юу гэсэн бэ? Хятад визгүй болно гэнэ үү, тэр ярихгүй гэчихээд, нэгэнт хөөрсөн цөсөө үргэлжлүүлэн “буцалгаж” байтал, цаашдаа яаж амьдрах тухай асуудал түрүүчээсээ санааг нь зовоож эхлэв.
Мэдээж хэрэг, монгол хүнийг эх оронч харагдуулдаг тэр хариултууд л эхлээд цуурайтаж байсан юм. Монголд сайн эх орончид тооцогдохын тулд ердөө “хятадыг хараадаг” байх цор ганц шалгуурыг хэлж байна. Тусгаар тогтнол, эрх чөлөөнөөсөө татгалзахыг уриалчихаад араас нь Хятадыг хараахад л алга ташуулдаг шүү дээ. (Бүүр хятадтай хамтарч бизнес хийдэг, хамтын хөтөлбөр хэрэгжүүлдэг зарим нь хүртэл эрлийз, хурлийзаараа дуудуулж, элдвэээр хэлүүлэхгүйн тулд “албан ёсны хятадыг үзэн ядагч” болох гэж үе үе алийгаа алдах)
Гэтэл энэ удаад нижигнэсэн алга ташилт нүргэлэхийг оронд чимээгүй түгшүүр нөмөрч эхлэв.
Бүгдээрээ нэгэн баримтыг чимээгүй хүлээн зөвшөөрч байна. Үнэн хэрэгтээ бид хятадын эдийн засгийн бяцхан хавсрага маягтай амьдрах болоод уджээ. Нэг хэсэг нь хамаг юмаа Хятадаас, үгүйдээ Хятадаар дамжуулан зөөж амь зуудаг. Үлдсэн хэсэг нь хятадыг зүхэж, хятадаар айлган дарамталж санхүүждэг. Сонгуулиар “Хятадыг хэн амжилттай хараах вэ” тэмцээнд өрнөж, ялсан нь засаг барьдаг. Хятад байхгүй бол алин ч “нойл заах” тийм эмзэг орчилд бид одоохондоо торж байна даа хөөрхий.
БНХАУ бидний хувьд эдийн Засгийн ололт, хөгжлийнхөө хаялгыг дуртайяа хуваалцдаг, бас үзэн ядалт хийрхлийг маань тэвчдэг хөрш байсаар ирсэн. Байснаараа л байх юм бодоод л Засгийн газрын бодлогоор Хятадыг үзэн ядах урлагийг тэтгэн хөгжүүлсээр, төрийн өндөрлөгийн зарим нь цэрэг хувцас зээлж өмсөн давхиж очоод, Хятадын хөрөнгө оруулагчдыг хөөж ард түмэндээ үнэлэгдээд, болоод л ирсэн юмсан. Гэтэл саяны жижхээн “Мэдэгдэл” энэ эрин чинь төгсөж байгаа шүү гэдгийг санууллаа.
Энд тэндгүй л шанаагаа тулж, амин зуулгандаа санаа зовогсод. Хятад визтэй болчихвол, хүссэн үедээ урагшаа явж наймаа хийдэг үе дуусна. Хятадын барааг Оросоор дамжуулан Улаан-Үдээс, хэд дахин өндөр үнээр зөөж зах зээлээ хангах ганц л замтай үлдэнэ. Хэдэн хувийг нь замдаа булаалгаж, хэр олныг умарт гааль дээр хураалгахыг таашгүй. Эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаа ч визийн дэглэмийг дагаад хүндрэнэ. Эх орончийн форм өмсөж, хятадын хөрөнгө оруулагчдыг дарамтлан мөнгө саадаг “алтан үе” бас дуусна.
Одоо яах вэ?
-Хэрвээ харилцан визгүй болбол... гэж хэлсэн хүн “хужаагийн эрлийз, ардын дайсан” болно. Гагцхүү аль эртээс эх орончдын “амны угаадас” болдгоо болсон хэд л ийм асуулт тавьж, эргэцүүлж байна.
Хүн амын олонхи визийн талаар асуултгүй, айна. Хятадууд бөөнөөрөө орж ирээд эзэлнэ гэж бодож байгаа. Яг л Орос визгүй болбол эхлээд зэвсэггүй цэргүүд нь орж ирээд, араас нь богооноор буу нь орж ирээд, вокзалаас тэрнийгээ аваад Засгийн газрын ордныг эзэлнэ гэдэг байсан шиг. Гэвч таамагласнаар болоогүй. Орос улс газар нутгаа тэлэх дайныг урьд өмнөхөөсөө идэвхтэй өрнүүлж байгаа ч гэсэн, бидний анх бодсон шиг юм болоогүй хэдэн ч жил өнгөрөв дөө. За, нөгөө Төмөр замын цариг дээрх сурталчилгааг бол ярихаас залхуу хүрчлээ.
Хятадаар айлгах нь, зүгээр л өмнөх нийгмээс уламжлагдсан үзэл суртлын айдас болгоомжлол дээр хийсэн тоглолтыг бизнес болгох заль мэх юм. Монголчууд заль мэхийг уран ухаан гэдэг байсан бол өдгөө “бизнес сэтгэлгээ” маягтайгаар тайлбарлах болж. Аль ерээд онд цаг үетэйгээ улирах учиртай эл үзэгдэл амь бөхтэй үлдсэн нь ийм учиртай. Байнга хэлдэг үгээ дахиад нэг хэлчихье: Хөрштэйгээ дайсан байж болохгүй, бас ах дүү байж болохгүй. Хөрштэйгээ хөршөөрөө л байя гэж.
Нөгөө талаасаа, тодорхой хүмүүс Зөвлөлтийн хуучин бүрэлдэхүүнийг сэргээх, Москвагаар толгойлуулж асан соцсистемийг хүрээг дахин босгох бодлогын хүрээнд, Монголыг Хятадаас болон дэлхийгээр салган вакумжуулах сонирхолд үйлчилж байсан гэж үзэж болно. Харамсалтай нь бид Бээжинг үзэн ядахын хэрээр Москвад хайртай болж болох ч, тэдэнтэй гэрлэн сууж, нэг гэрт орохыг Хятад зөвшөөрөхгүй. Манай заримууд улсаа Оростой нийлүүлээд өөрөө амбан захирагч, төлөөний засгийн томчууд болоод жаргах юм бодоод байх шиг. Бүтэхгүй. Хятад зөвшөөрөхгүй.
-Тиймээ, чи зөв ойлгож. Хятад зөвшөөрөхгүй. Харинч одоохондоо ингэж хийрхэхийг зөвшөөрч байгаа нь их юм. Удахгүй бас нэг зөв зөөлхөн мэдэгдэл-санал гаргаад эл хийрхэлийг ч цэгцэлж таарна.
Зарим улс төрч, рекэтчдийн хувьд “Монгол-Хятадын визийн журамд өөрчлөлт оруулах санал” нь эх орны нэр барьж хэргээ бүтээнгээ улсаа хөнөөх шинэ боломж санагдаж байх шиг. Хятадыг визгүй болгохын эсрэг уриагаар Ерөнхийлөгчийн болон УИХ-ын дараагийн сонгуульд амжилт гаргаж болмоор харагдаж байгаа байх. Гэхдээ ялж болох ч ялсан этгээдийн гарт юу үлдэх вэ гэдэг бол харин “Гамлет” ч аргаа барах асуулт шүү. Түүнчлэн, “Хятадыг үзэн ядах үзлээр ялалт байгуулахтай Хятад улс эвлэрэхээ болино” гэдгээ зөөлнөөр хэлж байна.
Ерөнхийдээ бидний өмнө хавцал руу харайх уу, ирмэгийн замаар явж азаа үзэх үү гэдэг сонголт харагдаж байна. Хэдийгээр, нэгдүгээрт: Эдийн засгаа аварч үлдье гэвэл Хятадын саналыг дагах. Хоёрдугаарт: тэдэнд “Үгүй” гэчихээд Оросыгаа дагаад “...цга” царайлах гэсэн хоёр хувилбар байгаа мэт харагдавч тийм биш. Хоёр дахь хувилбарыг Бээжин “зөвшөөрөхгүй”-д хамаг учир байгаа. Чи яагаад “Бээжин зөвшөөрөхгүй” гэж дахин дахин итгэлтэй хэлээд байгаа юм бэ гэхээр байна аа, ийм учиртай. Өнөөдөр Монголын байтугаа Оросын хувь заяа хэрхэх нь Бээжин “зөвшөөрөх эсэх”-ээс хамаарч эхэлсэн. Монголын хувь заяаг зууны турш Москва шийдэж байсан даа. Одоо тэр ланжгар нөхөр чинь хүртэл хэрхэхийг Бээжин мэдэх болсон. Орос, Монголыг байтугаа дэлхийн асуудлыг Бээжинтэй ярихгүйгээр шийдэхээ байсан. Дональд Трамп ирэх сард Хятадад айлчлахдаа "Цагаан хэрэм үзэх" гэсэн юм ерөөсөө биш гэх мэт. Ойр зуурын аахар шаахар жишээгээр хэрэг явдлыг тайлбарлахад нэг иймэрхүү.
Элчин сайдын энгийн, зөв зөөлөн мэт саналын араас, тэнд бичигдээгүй ч нөхөж унших ёстой цөөнгүй мессеж цухалзаж байна. Утгачилбал: цаашдаа иргэд харилцан зорчих тэгш нөхцлөөс гадна Монгол нутагт байгаа Хятад иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө тэгш хамгаалагдах болно. Улмаар, Хятадын төр болон иргэдийн эсрэг үзэл суртал, сурталчилгаанд энэ хамгаалалт хамаарах болох нь түвэггүй ойлгогдоно.
Элчин сайдын “Үг” нь манай Засгийн газрын санхүүжилттэй киноны промо-той давхцсан нь санаандгүй юм биш. Монголын урлаг, утга зохиол, ялангуяа киноны гол сэдэв нь Синофоби байсаар ирснийг өнгөрсөн юм яахав гэж бодъё. Нарийндаа “Ардын элч”-ийн Ариунааг эс тооцвол Монголд ээлтэй байтугаа мөрөөрөө яваа Хятад хүний дүр манай кино урлагт үгүй. Домогт өгүүлдгээр, тэр үед хэвийн харилцаатай байсан БНХАУ-ын Элчинд киноныхоо түүхий зургийг үзүүлсэн бололтой байдаг. Элчин сайд “Монгол-Зөвлөлтийн найрамдал ч сайхан гарчээ. Харин Монгол-Хятадын найрамдал л харагдахгүй байна” гэсэн гэх. Ингээд, Ариунаа хүүхэн хятад гуанзанд нуугдаж буй хэсгийг нэмж хийгээд, киноныхоо дунд наасан гэлцэх.
ХХ зууны уран бүтээлчид, Л.Ванган, Д.Намдагаас эхлээд “Үзэл суртал” бүтээх үүрэг хүлээсэн атлаа бүхий боломжоороо урлаг бүтээж ирсэн нь бахархалтай. Та нар, “Его зовут Сухэ-батор”, “Үер” ч юмуу, “Аман хуур”-ыг бодоод үз. Улаантны түрэмгийллийн, хувийн өмчийн эсрэг тэмцлийн цайрсан сурталчилгаа. Гэхдээ л, хаанаас нь ч харсан урлаг. Яг Эйзенштейний “Хуягт Потёмкин” энэ тэр шиг.
Гэтэл, орчин үеийн киночингууд нь“Урлаг бүтээх” эрх чөлөө олсон атлаа үзэл суртал хийсээр яваа нь гунигтай. Киночид яах вэ дээ, манай урлагт чанарын шаардлага нь авъяас чадвар гэхээсээ илүү “Хятадыг хэр муулсан” гэдэг хэмжүүртэй явааг ашигласан хэрэг. Ерөөсөө “Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа чамд хамаагүй” гэлээ гэгчээр хувь хүн өөрийнхээ мөнгөөр юугаа хийх нь хамаагүй.
Харин сайн харилцаат хөрш орных ньЗасгийн газрын захиалгаар Синофоби бүтээж сурталчлах нь Хятад улсын хувьд үзэл суртлын дайсагнал болно. Засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн бүтэн кино байтугаа “ахар” видеог ч Монголын төрийн бодлого л гэж тэд харна. Яагаад ч юм бэ, Хятадын тал тэвчээд, манайхан тэрийг нь “Биднээс айгаад дуугарч чадахгүй байгаа нь тэр” гэж эндүүрээд ирсэн хэрэг.
Ер нь хэн ч өөрийнх нь улс үндэстнийг үзэн ядахад эмзэглэнэ. Хятад улсын Соёлын яамны захиалгаар кино хийгээд л гол баатар нь “Монгол хүний мөрийг гаргахгүй” гэж хашгичаад, постер нь Тянь Аньминий талбай дүүрэн байвал бидэнд ямар санагдах вэ?
Гэхдээ энэ бол зөвхөн юм сануулах шалтаг нь. Харин шалтгаан дэлхийн хэмжээний мөргөлдөөн өрнөж, манай гаригийн улс төрийн атлас шинэчлэгдэж эхэлсэнтэй холбогдоно. Шуудхан “Та нар газрын зургаа яаж зуруулмаар байна” гэсэн утгаар тусгаж болохгүй л байх л даа, гэхдээ л ерөнхийдөө тийм л санаа.
Монгол-Хятадын визний өнөөгийн нөхцөл бол, уул шугамандаа жижиг нь томдоо, ашиг сонирхолтой нь сонирхолгүйдээ санал болгодог түгээмэл нөхцөл. Жишээлэхэд, Америк, Европын холбооны улсын иргэдэд визгүй ирэх атлаа өөрсдөө виз гуйдаг улс бишгүй. Манайх ч аялал жуулчлалыг хөгжүүлэх шалтгаанаар ийм нөхцөл тавьдаг. Харин Хятад-Монголын хоорондын визийн журам бол том нь жижигтээ, ямар сонирхолгүй нь сонирхолтойдоо тавьсан онцгой нөхцөл.
Зөвхөн визийн журмаар ч зогсохгүй, хөршдөө тавьсан найрсаг нөхцөл цөөнгүй. Ухаандаа, хятадын эмнэлэг, эмчилгээ хоёр тарифтай. Гадаадынханд зориулсан өндөр, иргэддээ зориулсан бага гэж. Монгол улсын иргэдэд дотоодын тарифаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Манайхан эл найрсаг хандлагыг бараг л “Эрэлхэг Монголчуудаас айсандаа хийж буй буулт” гэх нь холгүй. Ковидын үеэр тусалсан вакциныг бол бүр "Монгол хүнийг хорлох ажиллагаа" гэж сурталчлаа биз дээ? Засгийн газар нь дэмжээгүй ээ, гэхдээ буруушаагүй нь бас факт. Хятадууд Монгол хүнийг хорлох гээл, тэр нь байнга бүтэхгүй азаартаад л, айн? Ёстой л киноны сюжет юм даа. Хятадын хөрөнгө оруулагч, хятад хамтрагчаа хулхидах, хөрөнгийг луйвардах нь бараг л Монгол бизнесийн инноваци болсон. Хятадууд чимээгүй л бүртгээд сууж байгаа. Нэг л өдөр данс, даваагаа бариад ирэхээр нь хаашаа харж үхэцгээх юм бол доо, хөөрхийс. Наад захын жишээ хэлэхэд л ийм.
Харин өнөөдөр тэд харилцэн тэгш эрхтэй зорчих, дүрмээр харилцах, дүрэмтэйгээр зэрэгцэн орших санал тавьсан нь биднийг сүрхий цочоож байх аж. Ингэхэд, дүрмээр амьдрах нь бидэнд яасан ч хэцүү, ямар зовлонтой зүйл болоод олон амьтныг амар хялбар амьдрал, бэлэн хоолноос нь салгасан гамшгийн хэмжээнд оччих нь энэ вэ?
Бодож байгаа байх л даа, манай хэд. Одоо “Синофоби”-гоор хоол олж болохоо байсан ч цаана нь Оюутолгой үлдэж байгаа юм чинь дарамтлаад амьдарчихна гэж. Гэвч нөхцөл байдлыг харахад эл процесс яван явсаар Рио Тинто-гийн хувьцаа Хятадад шилжснээр дуусах болов уу? Манай Засгийн газрын үе үе тавьдаг “Монголоо бодсон” чухал шаардлагууд ч үнэн хэрэгтээ Рио Тинто-г “Монголд байх аргагүй” болгоход хүргэх алхам хэмээн ажиглагчид хэлдэг. Гол нь Рио-гийн хувьцаа Хятадад шууд очих уу, Оросоор дамжих уу гэдэгт л байгаа. Оросууд дундаас нь жаахан юм унагаад, Хятадтай хийх наймааны төлбөрийн хэрэгслэл болгочих санаатай болов уу? (Манай нөгөө хэд “Оюутолгойг авч хэлэлцэх”-тэй давхцаад Оросын талынхны гомдлоор хийсэн Арбитрын шүүхийн хурал энээ тэрээ... гм гм)
Учир иймээс Оюутолгой руу чиглэсэн алив " шударсан шударсан шударга" сүрдүүлгүүд харин ч Рио-Тинто-гийн оронд Хятад орж ирэх процессийг хурдлуулж мэднэ. Хятадын тал ч үүнийг “Монгол дахь эх оронч” нарын тусламжтайгаар асуудлыг хурдан шийдэх хувилбар гэж үзэж байхыг хэн байг гэх вэ?
...Өнөөдөр бидэнд боломж юу билээ. Бид Хятадыг сөрөхөө байг гэхэд хэр боломжоороо зэрэгцэн зогсох, харилцан ашигтай нөхцөл санал болгох хэмжээний “Эдийн засгийн цагаан хэрэм” босгох бололцоо байсан уу? Бололцоотой байсаан. Даанч, байгаа биш байсан боломж юм даа.
Гунигтай нь: Өнгөрсөн гучаад жилд Монголд барууны хөрөнгө оруулагчдын авчрах замаар хүчирхэг гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг бий болгох. Тэр ашиг сонирхлыг сөргүүлэн тавих замаар эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж байсаан. Даанч бид ашиглаагүй. Ашиглуулаагүй гэсэн ч болох.
Эх орончийн нэрээр эх орноо хорлогчид тэр боломжийг устгасан. Тусгаар тогтнолын эсрэг тэмцэл нь тусгаар тогтнолын нэрээр явсаар амжилтад хүрсэн.
Угаасаа, Эх оронч үзэл гэдгийг эх орноо хайрлах, эх орондоо сэтгэл зүрх амь амьдралаа зориулахын нэр биш, харин зүгээр л Хятадыг үзэн ядах, илүү чадамгайгар хөршөө зүхэхийн нэр болон хялбарчилсан, тийм орны л амсах ёстой тавилан юм даа.
Бас, тэвчиж байгаа хүнийг айж байна гэж эндүүрдэг, хүлээцтэй хандах хөршөө мартамхай гэж андуурдаг, хүндэтгэлийг айдас болгож хардаг тийм Үндэстнийг өөр юу ч хүлээх билээ?
Тайвширмаар нь цаасан дээрх нэр, цасан дээрх мөр арилахаа байсан учраас сургамж нь үлдэж,бидэнд биш юм гэхэд хэн нэгэнд хэрэг болох юм даа. Монголыг хэн хөнөөснийг хэзээ ч харж, мэдэж болно гэсэн үг. Хуурамч түүх зохиож өгөөд мартуулах аргагүй болсон. Аль эрт, хиймэл ухаан, интернэт гарахаас өмнө “Гараар бичснийг галаар шатаахгүй” гэж Оросууд (Рукописи не горят) хэлсэн байсан. Өөрийн нэрээр болон хүний нэрээр хийсэн ба нуусан, нуугаагүй бүх пост, оруулбар хэзээ ч устахгүй болсон. Хүссэн нь хүссэн цагтаа дуртай гаргаж ирээд “Та ингэж хэлсэн, тэгж үйлдсэн юм аа даа” гээд тулгаж болох цаг.
Уул нь хөрш орноо "биднийг унагааж алах ангал” гэж харж дэмий айж “арав үхэх”-ийн оронд хөгжилд хүрэхэд хэрэгтэй нэгэн “гүүр” болгож харах, тэрмэтчлэн ашиглах нь л ирээдүйтэй л дээ. Гэвч...
Виз гэснээс, Хятад улс Монголыг эзлэх гэхээр танк явах төмөр замгүй, цэргүүд нь визгүй болоод мухарддаг, эсвэл киногоор зоригжсон монголчуудын эх оронч үзэл саад болоод байгаа юм огт байхгүй. Зүгээр л, Тэд хүсэхгүй байгаа юм. Лав л өнөөдөртөө.
2026.III.16

