В.Ганзориг: Баялаг гэдэг ойлголтыг та бүхэн хэрхэн тодорхойлж байна вэ?

Д.Сүрэнчимэг: Монгол хэлний тайлбар тольд хүний хэрэгцээг хангаж буй бүх зүйлийг баялаг гэж тодорхойлсон. Бидний ихэнх нь гарт баригдаж, нүдэнд харагддаг зүйлсийг л баялаг гэж ойлгох гээд байдаг. Үүнээс гадна биет бус, хийсвэр баялаг гэж бий. Ажил олгогч, нийгэм талаасаа энэ бүр өргөн хүрээний ойлголт болно. 

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь видео форматаар үзэхийг хүсвэл та доорх холбоос дээр дарна уу.


Ж.Дэлгэрсайхан: Баялаг бол нөөц. Сүүлийн үед хүмүүс баялаг гэхээр материаллаг зүйлсийг голцуу ойлгодог болжээ. Баялаг бүтээгч гэхээр ширээ, сандал буюу ямар нэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэл хийдэг хүмүүсийг ойлгоод, бусад нь баялаг бүтээгч биш гэж ярих гээд байдаг болсон харагддаг. Би боловсролын салбарын хүн. Бид монгол хүний оюун ухаан, боловсролыг тэлэх ажлыг хийдэг. Баялаг бол хүнд үйлчилдэг материаллаг болон материаллаг бус зүйлс юм. Нийгэм өөрөө хүмүүсийн нэгдэл бөгөөд нийгмийн бусад зүйлс хүмүүсийн сайн, сайхны төлөө үйлчилдэг байх ёстой. Иймээс зөв, эрүүл, боловсролтой монгол хүнийг бүтээхийн төлөө ажиллаж буй бүх хүн баялаг бүтээгчид. Бидний үнэт зүйл материаллаг тал руу шилжиж буй хандлага харагдаж байгаа учраас материаллаг бус баялгаа олж харах чадвар сүүлийн үед чухал болоод байна.

Б.Гантулга: Аливаа улс үндэстний хамгийн том баялаг бол хүн. Хүний хэрэгцээг хангах хэрэгсэл нь мөнгө болсон тул хүнээс гадна хүний эзэмшиж байгаа хөрөнгө, үлдээж буй өв баялагт тооцогдоно. 

Л.Болд: Та нарын ихэнх нь эрдэмтэн, судлаач учраас шинжлэх ухаан, философийн талаас нь яриад байна. Би хууль тогтоогч учраас хуулийн зүгээс нь тайлбарлая. Монгол Улсын Үндсэн хуулинд баялаг гэдэг үгийг гурван удаа дурдсан байдаг. 1992 оны Үндсэн хуульд газрын хэвлий ба түүний баялаг гэж дурдсан тул баялаг гэдэг нь ашигт малтмал гэсэн үг. Улмаар байгалийн баялаг ашиглах төрийн бодлого гээд явдаг. Шинэ намын санал Үндсэн хуулийн өөрчлөлтөнд орсонд маш их баяртай байгаа. -40 хэмийн хүйтэнд ард түмэнтэйгээ жагсаж байж Үндсэн хуулийн 6.2.4-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж оруулсан. Тэгэхээр Монгол Улсын хуулиараа ярьбал баялаг гэдэгт байгалийн баялаг л хамаарна.

Засаглал гээд ярихаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд гурван засаглал байдаг. Бид өхөөрдөөд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэдэг. Гэхдээ хуулиар тийм засаглал байхгүй. Үүнтэй адил та нарын тодорхойлж буй боловсрол, эрүүл мэнд, мэдлэг, санхүүгийн чадвар, үйлдвэрлэл гээд энэ бүгд баялаг мөн. Бид энэ зүг рүү явах ёстой. Гэхдээ өнөөдрийн хувьд хуулийн хүрээнд тодорхойлолт нь байгалийн баялаг болж байна. 

В.Ганзориг: Бидэнд хангалттай их нөөц, баялаг байгаа атлаа яагаад хүссэн хурдаараа хөгжиж чадахгүй байна вэ?

Б.Гантулга: Өнөөдрийн хувьд бид дэлхийн хэмжээнд санал болгож чадаж байгаа ганц баялаг нь уул уурхай л байна. Уг нь оюун ухааны экспорт бидний баялаг байж болох ч олон улсад өрсөлдөх чадвараараа хараахан болоогүй байна. 

Л.Болд: Манай улсын төсөв дунджаар 13 ихнаяд төгрөг байдаг. Саяхан АТГ авилгын хэргүүдийн хохирлын хэмжээг 11.8 ихнаяд төгрөг гэж зарласан. Оффшорт буй мөнгөний хэмжээ 17 тэрбум ам.доллар болсон. Энэ нь манай улсын дөрвөн жилийн төсөвтэй тэнцэнэ. Өршөөлийн хуулиар ил тод болсон хулгайлсан хөрөнгийн хэмжээ 35 ихнаяд төгрөгтэй тэнцэж байна. Ийм л байна. Энэ бүгд улсад орох мөнгө шүү дээ. Энэ бүх мөнгийг хулгайлаагүй байсан бол Монгол Улсын төсөв одооныхоос дор хаяж хоёроос гурав дахин том байх байсан. Ийм төсөвтэй байсан бол бид юун цалин, тэтгэвэрийн зөрүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг ингэж ярих билээ. 

Загасчны тосгон байсан Сингапур хэдхэн жилийн дотор Нью Йорктой өрсөлдөж эхэлсэн. Нууц нь авилгыг устгасанд байсан. Элсэн цөл дунд байдаг Катар 20 жилийн дотор Лондонтой өрсөлдөхүйц болж хөгжсөн. Яагаад гэвэл тэнд авилга байдаггүй. Тэгэхээр бид авилгагүй нийгмийг хэрхэн бий болгох вэ гэдэгт л асуудал байна. 

Ж.Дэлгэрсайхан: Ашигт малтмал баялаг мөн хэдий ч Монголын цорын ганц баялаг биш. Уул уурхай дээр хэт төвлөрснөөс тодорхой хэмжээний алдаанууд гарч байна. Мэдээллийн технологийн эрин болсон 21 дүгээр зуунд уул уурхай бол үндсэн баялаг гээд хэт туйлширбал бусад баялгийнхаа үнэлэмжийг алдах аюултай. Тэгвэл бид яагаад байгалийн баялгаа зөв удирдаж чадахгүй, авилга, хээл хахуультай холбогдоод байна вэ гэвэл бид засаглал, хүний хөгжилдээ анхаарч яваагүйн гор гарч байна гэсэн үг. 

Авилгын үндэс суурь төрд байна. Төрд буй энэ авилгын орон зайг байхгүй болгох ёстой. Засаглалын реформыг улс төрийн намууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Цаасан дээр олон сайхан хууль, дүрэм байдаг ч тэдгээрийг хэрэгжүүлдэг институт Монголд байхгүй болсон. Энэ алдааг сонгуулиар засах боломж олддог.

Б.Гантулга: Авилгыг хянадаг, барьдаг этгээд нь эргээд л хүн. Гэтэл сургууль төгсөж буй залуусын ихэнх нь хувийн бизнес хийх сонирхолтой болсон. Учир нь ирээдүй нь арай баталгаатай. Гэтэл төрийн албан хаагч, эмч, багш, цагдаа болох залуусын ирээдүй баталгаагүй. Учир нь насаараа ажилласан газраасаа тэтгэвэртээ гарахад тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцдэггүй. Тэтгэврийн хэмжээ нь авч байсан цалингаас нь хоёр бүр тав дахин буурч тогтоогддог. Авилгыг хянаж, хязгаарлаж, хууль хэрэгжүүлдэг хүмүүстээ бид амьдралын баталгааг нь гаргаж өгөх ёстой. Ингээд ярихаар бүх реформын төв нь тэтгэврийн реформ болдог. Багш хүн тэтгэвэрт гарахдаа тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэсэн, түүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлж болдог тогтолцоог бий болгох ёстой. Ингэж чадвал ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд багш, эмч, цагдаа болохыг зорьдог болно. 

Д.Сүрэнчимэг: Яг өнөөдөр багш болох хүсэлтэй хүүхдүүдийг судлахаар маш өрөвдөлтэй тоо гардаг. Үнэндээ багш хүн л Монголын ирээдүйг бүтээдэг. Хүүхдүүдэд маань мэргэжлээ сонгохоос илүү сургууль сонгодог буруу жишиг тогтсон байна. Явж явж бүх зүйл багш нарын цалинтай холбогддог. Өнөөдөр багш нар юун хуримтлал бараг өрөнд ороод тэтгэвэртээ сууж байгаа. Гэтэл Болд нэр дэвшигчийн хэлсэн тооноос ямар жижигхэн хэсгийг нь авилгагүй болгож чадахад л багш нарын цалинг хангалттай нэмэх боломж байгааг сонсоод дотроо халаглан сууж байна. 

Б.Гантулга: Монголд өнөөдөр багш шиг багш, эмч шиг эмч их ховор болсон. Энэ хүмүүсийн ирээдүй нь баталгаагүй учраас үндсэн ажлынхаа дундуур халтуур, өөр бизнес хийдэг. Цагдаа, хүчний байгууллагынхан улс төрийн бүлэглэлийн гар хөл болоод явдаг ч юм уу. Иймээс хүн рүүгээ хандсан баялгийн тогтолцоог яаралтай бий болгох цаг болсон. 

Л.Болд: Ажил хийж байсан хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэртээ гараад шууд нийгмийн эмзэг давхарга руу орж байна. Энэ л Монголын нийгмийг алаад байна. Герман, Швейцарын залуус гадаад улсад ажиллахыг огт боддоггүй. Учир нь илүү цалин авч болох ч тэтгэвэрийн тогтолцооноосоо тасрахыг хүсдэггүй. Энэ жил залуусын сонгуулийн идэвх их сайн байна. Залуус бидэнд зориулж ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэж их асуудаг. Би үүнд нь ингэж хариулдаг. Та нар залуус гэхээс илүү ахмад үе, тэтгэвэрийн шинэчлэлийн талаарх намуудын мөрийн хөтөлбөрийг нь сайн унш. Тэнд л чиний ирээдүй байгаа. Яг одоо залууст зориулж ингэнэ тэгнэ гэсэн бүх амлалт худлаа шүү. 

Өнөөдөр идэр насны ямар олон залуу ажил хийхээр гадаадын улсыг зорьж байна вэ? Ирээдүй нь баталгаагүй, тэтгэвэр нь хангалтгүй учраас хэсэг хугацаанд ч болтугай хүн шиг цалин авч, багахан хуримтлал үүсгэх зорилгоор явж байгаа. Тэд төрдөө найдахгүй, итгэхгүй байна шүү дээ. Үүнийг бид өөрчлөх ёстой. Авилгатай тэмцэж, баялгийн бодлогоо засахгүй бол Монгол Улс сүйрлийн ирмэг дээр ирсэн. 

Б.Гантулга: Нийт тэтгэвэр авч буй иргэдийн 80% нь 420 мянган төгрөгөөс доош хэмжээний мөнгө авдаг. Энэ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Хүн тэтгэвэрт суусан л бол шууд эмзэг бүлэгт орж байна гэсэн үг. 

Л.Болд: Би Батлан хамгаалахын сайд байхдаа лобби хийж байж цэргийн тэтгэврийг 80 хувьд хүргэсэн. Үүний дараа хүмүүсийн ажилдаа хандах хандлага, нэр хүнд эрс өөрчлөгдсөн. Сайн залуус цэргийн албанд ирж эхэлсэн. Сайхан бүсгүйчүүд, гоё машинууд цэргийн ангийн гадаа ирдэг болсон. Хууль гараад хоёрхон жилийн дотор ингэж эрс өөрчлөгдөж байсныг би нүдээрээ харсан. 

В.Ганзориг: Адилхан баялагтай атлаа ялгаатай хөгжилтэй улсууд бидний эргэн тойронд байна. Асуудлуудаа ярилцсан тул одоо шийдлээ хэлэлцэх саналтай байна.

Ж.Дэлгэрсайхан: Барууны өндөр хөгжилтэй улсуудын засаглал нь Англиас гаралтай. Англи өөрөө энэ системээ хөгжүүлээд 800 гаруй жил болж байна. Анх 1262 онд анхны эрх чөлөөний тунхаг гаргаж, хааныхаа эрх мэдлийг хязгаарласан. Улмаар Англи аж үйлдвэрийн хувьсгалын өлгий орон болж чадсан. Латин Америкийн засаглал Испаниас гаралтай. Мексик, АНУ хоёр зэргэлдээ оршдог атлаа хөгжил нь одоог хүртэл ялгаатай хэвээр байна. Иймээс засаглал, улс төрийн орчны зөв төлөвшил, түүнийг дагасан институтийн хөгжил маш чухал. Ийм орчилд ёс суртахуун, боловсрол, мэдлэг, чадвар цогцолсон хүмүүс улс төрд орж чаддаг. Намын систем сайн тул намаас орж ирж буй улстөрчид чанга байж, улмаар төрийн чадавхи нь сайжирдаг. 

Монгол ардчилал руу сайн шилжсэн хэдий ч сайныг нь аваад, мууг нь үлдээгээд явж чадаагүй. Явцдаа улс төрийн хямрал руу шилжсэн. Улмаар төрийн засаглалын чадамж алдагдсан. 1990 оны Монголын эдийн засгийн суурь сайн байсан. 1985 онд ХАА-с аж үйлдвэрийн орон болсноо зарлаж, эдийн засгаа төрөлжүүлсэн, хүн ам нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан, дээд боловсролтой иргэдийн хувь өндөр, нэмээд байгалийн баялагтай орон зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Гэтэл Сингапурын 1960 оныг манай энэ үетэй зүйрлэвэл тэдэнд ямар ч суурь нөөц байгаагүй шүү дээ. 

Бид бүх салбарыг судалгаа хийдэг. Монгол яагаад болохгүй байна вэ гэхээр явсаар байгаад нэг газар очдог. Тэр нь саарал ордон! Бидэнд бодлогын маш олон баримт бичиг байдаг ч хэрэгждэг нь үгүй. Бид 2000 онд тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлсэн. 15 жил юу ч хийгээгүй байж байгаад бодлогоо 2015 онд шинэчлэн баталсан. Ингэхдээ үр дүнг нь 2030 он руу ухраасан. Монгол Улс хөгжлийн бодлогоо сая тав дахь удаагаа баталсан. Өмнө нь 1996, 1998, 2008, 2015 онд ийм бодлогуудыг баталсан. Эдгээрээс илүү гарах гэж байгаа мэт 2050 гээд сая шинэ бодлого гарлаа. Энэ олон бодлого дундаас хэрэгжсэн зүйл нь юу вэ гэхээр их эргэлзээтэй. Муу засаглал, үүний шалтгаан болсон улс төрийн институт болох намны доройтол гол шалтгаан болох болов уу.

Баруун улсууд хөгжилд хүрэхийн тулд 200, 300 жилийг туулсан. Үүний хажууд бидний 20, 30 жил юу ч биш гэж ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт. Хөгжлийг цаг хугацааны хүчин зүйлээр хэмждэггүй. Хөгжлийг хүн, институт авч ирдэг. Монголын 1955-1985 он бол хүн, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны ололт талдаа Сингапурын хөгжлийн 30 жилтэй дүйцэхүйц үсрэнгүй хөгжлийн жилүүд байсан. Эндээс сулыг нь гээгээд, давууг нь аваад явж чадсан бол өнөөдрийнх шиг нөхцөлтэй тулахгүй байсан. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар хэдийнэ давах боломжтой байсан.

Л.Болд: Үнэн. 1990 оноос ардчилсан улс болж өмнө нь байгаагүй олон эрх чөлөөг бид эдлэн 2000 он хүртэл мансуурсан хүүхэд шиг явсан. 2000 онд эргээд хартал энэ эрх чөлөөг баялгаараа сольсон байсан. Энэ хугацаанд Хятад, Вьетнам яаж хөгжив? Сүүлийн 20 жил манай ард түмэн энэ бүхний шалтгааныг олох гээд ядаж байна. Улмаар арай илүү шүүмжилдэг хүнийг нь ээлжилж сонгосоор ирлээ. Гэвч үр дүн гарсангүй. Саяхан гудамжинд ард түмэн 1990 он шиг жагсаж тэмцлээ шүү дээ. Буруу яваад байна гээд таван гишүүн нийлээд гараад ирсэн. Ард иргэд дэмжээд ирэхээр эрх баригчид бага багаар бууж өгч зарим шийдвэрүүдээ хойшлуулан, зарим орд газрыг төрийн мэдэлд авсан. Авилгын тэр их мөнгө энэ хэдэн уул уурхайн ордуудаас л гардаг. Биднийг жижигхэн цоорхой тогоотойгоо ноцолдож байх хооронд тэд хүний санаанд оромгүй мөнгийг хулгайлж завшдаг. 

Сонгууль болгоноор орд газруудтай ноцолддог. 2004 онд Бороогийн алтны орд ашиглалтанд орсон. Тогтвортой байдлын гэрээ байгуулж Монгол Улсад татвар төлдөггүй. Тэгээд л тэмцэл эхлэж, баахан иргэний хөдөлгөөн байгуулагдсан. Сонгуулиар тэр засаг нь Бороог хамгаалаад үлдсэн. Бороо дээр сургамж авсан гээд Оюу Толгой руу орсон. Хоёр сонгууль дамнан хоёр том нам зодолдсон. 2008 онд Оюу Толгойн ил уурхайн гэрээг байгуулсан хүмүүс одоо шүүх, цагдаагаар явж байна. 2012 онд нөгөө нам нь гарч ирээд далд уурхайн гэрээг нь Дубайд хийсэн. Хийсэн хүн нь гадагшаа зугатаад явчихсан. Зөв гэрээ хийсэн юм бол ийм хариуцлагагүй байж, гадагшаа дотогшоо зугтахгүй л байх. 2016 оны сонгууль Эрдэнэтийг тойрсон. Үр дүнд нь Эрдэнэт хулгайд алдагдсан л байхгүй юу. Эрдэнэт төрийн 100 хувийн хяналтанд орохын өмнө сайндаа л 200-300 тэрбум төгрөг төсөв өгдөг байсан бол дараа нь нэг ихнаяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж эхэлсэн. Хяналт жаахан сайжрахад л ийм үр дүн гарсан. Төрийн мөнгөөр, нэг жилийн өөрийнх нь ашгаар Эрдэнэтийг худалдаж авах гэж байсан. 

Хаана эзэн нь байдаг юм мэдэхгүй, нэг тийм бүлэглэл Монгол Улсыг удирддаг. Тухайн үедээ 24 настай байсан Пүрэвтүвшин гэдэг залуу Монголын зэс, нүүрс, цахилгаан, цемент, төмөрлөг зэрэг энэ бүх комплексийг ганцаараа өөрийн ухаанаар нэгтгээд өмчлөлдөө авсан гэдэгт би итгэхгүй. Тэгэхээр энд нэг юм байна. 

Б.Гантулга: Хүн төвтэй нийгэм хөгждөг. Газрын хэвлийд байгаа баялаг бол шууд аваад хэрэглэх боломжгүй байгалийн нөөц. Ухаад, угаагаад, боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгон, мөнгө болгосны дараа баялаг болдог. Монголчууд 1990 онд социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжихдээ хөдөөнөөс хот руу давхар шилжилт хийсэн. Нүүдэлчдийн соёлоо суурин соёлоор сольж эхэлсэн гэсэн үг. Өндөр хөгжилтэй Хонк Конгийн хөрөнгийн бирж дээр манай уул уурхайн компани хувьцаагаа гаргасан. Үүнийг нь байгалийн баялаггүй Хонк Конгийн багш, эмч, ахмадууд тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан худалдан авах жишээтэй. Уул уурхайн орлого ба тэтгэврийн сангийн мөнгөн урсгалын циклийг би энд тайлбарлахыг хичээлээ. Иймээс тэтгэврийн сангийн реформыг бид хийх ёстой. 

В.Ганзориг: Биднийг алтан дээр суусан гуйлгачид гэж хэлдэг байсан. Сүүлд Параг Ханна Minegolia гэдэг хоч өгсөн. Яагаад бид ийм нэр хоч аваад байна вэ?

Д.Сүрэнчимэг: Үүнийг би саяхан болтол монгол хүнийг доромжилсон үг гэж боддог байв. Өнөөдрөөс 12 жилийн өмнө Болд гишүүн санаачлан уул уурхай, геологи, эдийн засаг, судлаач эрдэмтэд, бизнесийн хүмүүсийг цуглуулан хоёр баг байгуулан, Монголын баялаг, ашигт малтмалын нөөц, түүнийг хэрхэн өгөөжтэй ашиглах тухай судалгаа хийсэн. Энэ хоёр багийн хийсэн судалгааны үр дүнг хооронд нь нийлүүлэх ажил дээр би оролцож байсан юм. Энэ ажил дээр сууж байхдаа би үнэхээр алтан дээр амьдардаг юм байна гэдгээ мэдэрсэн. Бид газрын хэвлийн баялгийнхаа 30 орчим хувийг л судалж чадсан. Гэтэл яагаад биднийг гуйлгачин гэж хэлдэг вэ гэхээр ердөө өнөөдөр бидний байгаа байдал, ажилдаа хандах хандлага, хоорондоо ойлголцох, хамтрах, ухаалаг шийдвэр гаргах чадвар, засаглал, төрийн бодлого, бидний менежментийг хэлж байгааг ойлгосон. 

Алтан дээр сандайлсан гуйлгачин гэдэг үгийг сонсох болгондоо энэ бол намайг хэлж байгаа юм байна шүү, бид өөрсдийн хийж байгаа ажил дээрээ улам хариуцлагатай хандах ёстой шүү гэдгээр ойлгодог. Иймээс бид өөрчлөгдөх ёстой. Үүний нотолгоо бол 2015 онд ОУВС-гийн хийсэн судалгаа юм. Тэнд Монголын байгалийн баялгийг 3 ихнаяд ам.доллараар үнэлсэн байсан. Энэ үнэлгээгээр нэг хүнд нэг сая ам.доллар ногдох боломжтой ч өнөөдөр дөнгөж төрсөн нярайгаас өтгөс буурал хүртэл өртэй байна. Энэ бидний асуудал болчихоод байна.

Ж.Дэлгэрсайхан: Эдийн засгийн хувьд Minegolia гэж хэлэхээс өөр аргагүй байдалтай болсон. Өнөөдөр Монголын эдийн засгийн дийлэнхийг уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа гэсэн суурь салбар бүрдүүлж байна. 21 дүгээр зуунд ингээд яваад байх уу гэвэл эргэлзээтэй. Энэ дундаас уул уурхайн салбар дангаараа ДНБ-ийн 25%, аж үйлдвэрийн салбарын 70%, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтын 90%-ийг эзэлдэг. Иймээс гадныхан биднийг уул уурхай гэж харахаас өөр аргагүй. Гэхдээ Монголын хөгжлийн тулгуур уул уурхай гэдэгтэй би санал нэг байдаг. Иймээс уул уурхайн салбарын менежментийг сайжруулах, энэ салбараас орж ирж буй орлогыг зөв хуваарилах гэсэн хоёр асуудал дээр бид анхаарах ёстой. 

Бид олон ухаантай, гоё юм ярьдаг ч тэр бүхэн хэрэгжих боломж Монголд байдаггүй. Засаглал, нам төлөвшөөгүй учраас төрийн институт бодлого гарган хэрэгжүүлж чаддаггүй. УИХ улсын төсөв өөрчлөх эрхээ сая Үндсэн хуулиар дархалж авлаа. Уг нь ингэх ёсгүй юм. Тухайн тухайн салбарын асуудлыг яриад утга учир гарахгүй. Бүр ул сууриас нь эхлэхгүй л бол элдэв нэр хочноос бид салж чадахгүй. Уул уурхайн салбарын буруу бодлогын улмаас тэгш бус байдал манайд даамжирч байна. Хөгжлийн үзүүлэлтээрээ Африкийн орнуудтай адилхан төвшинд байгаа. Энэ бүхнээс гарах шийдэл бол засаглалаа сайжруулж, улс төрөө төлөвшүүлэх, иргэд нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх юм. Улс төрийг өөрчлөхгүйгээр энд тэнд гоё юм яриад нэмэргүй юм байна гэдэг дүгнэлтэнд би хүрсэн.

Л.Болд: Энэ бүх асуудлын үндэс нь явж явж баялаг хэний гарт байгаагаас шалтгаалж байгаа юм. Монголын баялаг эзэнгүй байна. Хуулиар ард түмэн эзэн нь гэдэг ч амьдрал дээр үгүй. Хувийн гэгдэх компанийн гадаадад босгосон мөнгө нийт ард түмний баялгийн мөнгө юм уг нь. Хувийн компани намаар дамжуулан авилгач улстөрчдөөс уул уурхайн ордыг авч, ашгаа оффшорт байршуулсан. Баялаг, хөрөнгийн жинхэнэ эзэн болсон цагт л тухайн байгууллага, улсын менежмент, удирдлага сайжирдаг. Бид уул уурхайн гэрээ байгуулсан том дарга нарыг л шоронд хийгээд байна гэж боддог. Үгүй! Ард түмэн хамтдаа шоронд орж байгаа юм. Учир нь тэр дарга нарыг бид сонгосон. Иймээс ард түмэн баялгийнхаа эзэн нь болох цаг болсон. Гэвч сонгууль болгоноор авилгачид улс төрд орж ирэн уул уурхайн баялгийг ард түмэнд өгөхийн эсрэг ажилладаг. Сонгууль бүрээр УИХ-ын 70 хувь шинэчлэгддэг. Тэд нэг удаагийн ажлаа хийчихээд л гараад явчихдаг, дахин сонгогдох эсэх нь хамаагүй. Би энэ удаагийн сонгуульд нэлээд найдаж байгаа. 

Б.Гантулга: Хүнээ бэлдээгүй цагт бид асуудлаа шийдэж чадахгүй. Хаан, эсвэл нэг мундаг удирдагч асуудлыг шийдэхгүй. Иргэдийн оролцоо асуудлын шийдэл. Уул уурхайн орлогыг нийгэмд буцаан хуваарилахдаа иргэдэд тодорхой хэмжээний шалгуур тавин тэтгэврийн сангаар дамжуулбал зүгээр. Ингэж чадвал бид тэтгэвэр, хөрөнгө оруулалтын цоо шинэ реформыг хийх юм. Уул уурхайн орлогыг шууд бэлэн мөнгөөр нийгэмд тараах нь зохисгүй. 

Л.Болд: Одоо бол мөнгө хулгайлсан нь баялгаас хувь хүртдэг, жирийн ард түмэн хүртэж чаддаггүй тогтолцоо үйлчлээд байгаа юм. Энэ дотор ярих нарийн юм зөндөө байна. Даанч нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Бидэнд асар их баялаг байгаа ч ядуу хэвээрээ л байна. Тэтгэвэр авагчдын дийлэнх нь сарын 400 мянган төгрөгөөр амьдарч байна. Ингэж болохгүй шүү дээ. Америкийн баячуудаас илүү орлоготой цөөн хүмүүс байдаг. Тэдний мөнгө оффшорт байдаг. Ингэж болохгүй. 

Хямралын хүнд үеүдийг ард түмнээ хөрөнгөжүүлж байж л бид давж байсан. 1990 онд малыг үнээр нь малчдад өгнө гэж Засгийн газар ярьж байсан. Мөнгөөр өгсөн бол малчид авахгүй, мал нь улсад байсаар байгаад үхээд дуусах байсан. 1996 онд орон сууц хувьчилсан. Мөн л орон сууцаа үнээр нь иргэд ав гэдэг хууль орж ирсэн. Бид эсэргүүцсээр байгаад иргэддээ үнэгүй хувьчилсан. Ингэж 90 мянган айл өмчтэй болсон. Өмчтэй болсон иргэд түүнийгээ барьцаалж зээл аваад наймаанд явсан, олон айл хүүхдүүдээ гадаад руу сургуульд явуулсан. 90 мянган айл эдийн засгийн идэвжилд орж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн. Үүнийг уул уурхайн салбарт бид хийх ёстой. Шийдэл нь ямар нэг шалгуур тавилгүй иргэн бүрт хувьцаа өгөх юм. Үүнийг бид ямар нэг том банк гуйж эсвэл олон улсын байгууллагаас зээл авахгүйгээр хийх боломжтой. Газрын реформыг мөн ингэж хийх ёстой. Бүх иргэд газраа өмчилж авбал ямар том эдийн засгийн эргэлт бий болно гээч! Эдгээрийг хийж чадвал манай эдийн засагт төсөөлшгүй том хөгжил авч ирнэ.

Б.Гантулга: 30 жилийн өмнө иргэдэд хувьцаа тараахад тэдний 95 хувь нь зарсан байдаг. Мэдээлэлд ойр байсан, шийдвэр гаргах төвшний, санхүүгийн мэдлэгтэй хэсэг нь хувьцаа цуглуулсан. Улмаар өнөөдөр бид баялгийн тэгш бус хуваарилалт гээд яриад сууж байна. Энэ нөхцөл байдал 1072 хувьцаан дээр давтагдах эрсдэлтэй. Энэ хувьцааг амь оруулбал иргэдийн 60 хувь нь хувьцаагаа зарахад бэлэн байгаа судалгаа гарсан. 

Л.Болд: Би чиний яриаг зогсоохоос аргагүй боллоо. Чиний яриад байгаа их, бага хувьчлал луйвар байсан юм. Тэр бол улсын үйлдвэр, газрыг авахын тулд хэдхэн хүмүүсийн хийсэн хулгай юм. Бүр эзэнгүй болгож, үйлдвэрүүдийг дампууруулж байж хувьчилж авсан байдаг. Энэ бол гадаадын зөвлөхүүдийн хийсэн ажил. Энэ бол хөрөнгийн зах дээр тараалгүй хамт олонд нь өгөх ёстой хөрөнгө байсан юм. Тэр үед үнэхээр улсын үйлдвэрийн дээрэм болсон. Үүнийг ингэж баялагтай шууд харьцуулж ярьж болохгүй. Хөрөнгө тараах, хөрөнгийг эзэнтэй болгох гэдэг бол хоёр өөр ойлголт. 

Ж.Дэлгэрсайхан: 1990 оны бодлогыг өнөөдөр шүүхэд хэцүү. Алдсан, оносон нь бий. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн суурийг цэнхэр, ягаан тасалбараар тавихаас өөр сонголт байхгүй байсан. Цэнхэр тасалбар тарааснаар Монгол Улс 1.3 сая хувьцаа эзэмшигчтэй болсон нь нийт хүн амын 60 гаруй хувь болж байв. Анхдагч зах зээл 1992-1995 оны хооронд явагдахад өрсөлдөөн уг нь нэг цэгээс эхэлсэн. 1995 оны найман сард хувьцааны хоёрдогч арилжаа эхлэхэд Монголд хэдийнэ мөнгөтэй, мөнгөгүй хүмүүсийн ялгаа үүсчихсэн байсан. Тэр үед хувьцаагаа зарсан иргэд мөнгө болгож чадсан. Тухайн үед Улаанбаатар хивсийн хувьцаа 6000 төгрөг хүрч байсан. 30 төгрөгийн хувьцааны үнэ өсөөд 1500 төгрөгт хүрч байсан. Тэр үеийн улстөрчид улсынхаа эрх ашгийг дээгүүр тавьж чадсан. 

Харин 2000 оноос хойш бодлогын алдаанууд явж эхэлсэн. Эндээс эхлэн бид улс төрийн гажуудал руу орсон. Тухайн үеийн хүмүүс тэнэг байсан гэх нь ёс суртахууны хувь зохимжгүй. Тэр үеийн эдийн засгийн их уналтыг тогтоож, хувьчлалыг эхлүүлж, гадаад хаалгаа иргэддээ нээж чадсан. Бид бүгд нэг зэрэг шинэ нийгэм рүү орсон юм. Иймээс тухайн үеийн эдийн засагч, шийдвэр гаргагчдыг буруутгах аргагүй. 

Л.Болд: Хөрөнгийн бирж дээр дурын компани гараад мөнгө босгодоггүй. Маш өндөр шалгуурууд байдаг. Үүнтэй харьцуулбал тэр үеийн их хувьчлал үнэхээр замбараагүй явсан. 

В.Ганзориг: 12 жилийн өмнө ярьж байсан Баян Монгол корпорацийн санаа, концепц өнөөдрийн Эрдэнэс Монгол компанийн суурь байсан хэрэг үү?

Л.Болд: Тийм. Хууль нь тэгж гарсан. Эхлээд бэлэн мөнгө тараах Хүний хөгжлийн хууль гэж гарсан. Улмаар Эрдэнэс Монгол компани, 1072 хувьцаа бий болсон. Гэтэл иргэдэд байгаа 1072 хувьцааг гадны хөрөнгө бирж дээр IPO хийсний дараа амь оруулна гээд байгаа. Иймээс одоо хүртэл хувьцаа эзэмшигч иргэд компанид хяналт тавих, үг хэлэх саналын эрхгүй байна. Яг Оюу Толгойтой адил гэсэн үг. Оюу Толгойн гэрээ бол бид чихэр биш чихрийн цаасны 34 хувийг эзэмшиж буйтай адилхан гэрээ юм. 

В.Ганзориг: Бид хүсээд байгаа Норвеги, Канад шиг баялгаа зөв удирдаж сурахад дахиад хэдэн жил шаардлагатай байна вэ?

Д.Сүрэнчимэг: 12 жилийн өмнө судалгаа хийж байхад Норвегийн сан өнөөдрийнх шиг төвшинд байгаагүй. Тухайн үед дэлхийд жишээ болж байсан нь Канад байв. 1960 онд Канад яг өнөөгийн Монгол шиг байсан. Улмаар Канадаа хөгжүүлэх сан байгуулж байгалийн баялгийн орлогын 25 хувийг тэндээ төвлөрүүлж эхэлсэн. Уг хуримтлалаасаа 6 жилийн дараагаас эхлэн ард иргэдээ ногдол ашиг тарааж эхэлсэн байдаг. Харин одоо Канадын баялаг нь дууссан. Газрын доорх нөөц хязгаартай байдаг. Байгалийн баялгаар эхэлсэн Канадын сан өнөөдөр дэлхийн том хөрөнгө оруулалт, санхүүгийн компаниудын нэг болсон. Энэ сан нэг жилд нэг иргэндээ 3000 гаруй доллар тарааж байсан. Зөв засаглал, удирдлага байж гэмээнэ баялгийн удирлагыг өгөөжтэй хийж чадна. 

Ж.Дэлгэрсайхан: Хөгжлийг цаг хугацаагаар хэмжихгүй. Бид өөрсдөө өөрчлөгдөн шинэчлэгдэж байж хөгжинө. Засаглалаа сайжруулбал сайн сайхан ирээдүй ойрхон байх боломжтой. Үүний тулд хуулийн засаглал бий болгон авилга, хээл хахуулийг алга болгох ёстой. Нөгөө талдаа улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой. Намууд тунгалаг байж, шударга ёсыг түгээх ёстой. Эдгээрийг хийж чадвал хурдан хөгжинө. 2030 онд бид 2020 онд ямар аймшигтай байсан юм бэ гэж яриад сууж байх боломжтой. Эсрэгээр энэ бүх өөрчлөлтийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа 2020 онд хамаагүй дээр байжээ гээд сууж байвал эмгэнэлтэй л байна. Өнөөдөр бид өмнө нь арай дээр байжээ л гээд сууж байна шүү дээ яг үнэндээ. 

Б.Гантулга: 1990 онд 5 төгрөгтэй тэнцдэг байсан ам.долларын ханш ганцаараа галзуу өссөн үү гэвэл үгүй. Үл хөдлөх хөрөнгө, хувьцааны үнэ хурдтай өссөн. 1990 онд нэг төгрөг байсан Сүү компанийн хувьцааг өнөөдөр 200 мянган төгрөгөөр худалдан авч байна. Тэр үед иргэн хүн хуримтлалаараа Сүү компанийн хувьцааг аваад тэтгэвэрийн сандаа хийчихсэн байсан бол мөнгө нь хэдэн зуун мянга дахин үржигдээд дансанд нь байх байжээ. Тэтгэвэрийн санг онцлоод байгаагийн учир нь урт хугацааны хөрөнгө оруулалт болж чаддагт байгаа юм шүү. Бусад сангууд хөрөнгө оруулалт нь хоёр, гурав нугарсны дараа хувьцаагаа ихэнх нь зардаг бол урт хугацаанд тэр хувьцаа 200, 300 дахин өсөх боломжийг алддаг. Тэтгэврийн шинэчлэл, реформыг хийж чадвал таван жилийн дотор хөрөнгийн бирж, эдийн засагт нөлөө нь мэдрэгдэнэ. Харин тэтгэвэр авагчид үр дүнг нь 10-12 жилийн дотор хүртэнэ.

Л.Болд: Баялгийн хараалыг ерөөл болгоход бидэнд ердөө хоёр сар л хангалттай. Бид өнөөдөр стратегийн 39 ордтой. Эдгээрээс ганцхан нь л төрийн мэдэлд байна. Тэр нь Таван Толгой. Энэ ордыг таван тэрбум ам.доллараар үнэлээд нэг тэрбум доллар гадаадаас босгох гээд Засаг үзээд байгаа. Ингэвэл бид ерөөсөө баялаггүй болно. Үүнээс өмнө баялаг биш юмаа гэхэд нөөц байдлаар нь иргэддээ өмчлүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулийг хэрэгжүүлэх бусад хуулиудыг тун удахгүй батлах учиртай. Ард түмний төлөөлөлтэй болсны дараа уг компани олон улсад гарах ёстой. Харин хувьцааг зах зээлийн бүрэн эргэлтэнд оруулахын тулд тодорхой хэмжээний шаардлагыг иргэдэд тавих нь зүйтэй.

Б.Гантулга: Болд гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ үр дүнг нь тэтгэврийн сантай холбох ёстой дахин онцолмоор байна. 

Л.Болд: Санал нэг байгаа. 

Б.Гантулга: Энэ шийдэл дээр ганцхан Таван Толгой биш төрийн өмчит компаниудыг ч давхар тооцон оруулах хэрэгтэй. Хүн төвтэй байхын тулд төрд өмч байх шаардлагагүй. Төрийн өмчит компаниудын нөөц нэмэгдвэл тэтгэврийн сангийн өөрчлөлт улам хурдан, улам өргөн хүрээнд хийгдэнэ. 

В.Ганзориг: Баялгийн хараалыг ерөөл болгох жорыг манай төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөн оролцогчид маш тодорхой хэллээ. Авилга, хулгай, хээл хахуулиас эн тэргүүнд салж, хүний хөгжил, боловсрол дээр онцгойлон анхаарч, төр ба улс төрийн намуудын засаглалын реформыг хийж чадвал хүсээд байгаа хөгжил хажууд байна. Хөгжлийг цаг хугацаагаар хэмжихгүй. Та бид өөрчлөгдөх ёстой ажээ.