Улиастай сумын V цэцэрлэг "Эрчим хүчний системийн үр ашиг 3" төсөлд хамрагдсан бусад байгууллагуудтай адил шар, улбар шаргал өнгөтэй. Гэрэл зургийг Б.Уугансүх

Германы Олон улсын хамтын ажиллагааний нийгэмлэг (GIZ) “Эрчим хүчний үр ашиг” III (ENEV 3) төслөөрөө Ховд, Завхан аймгийн цэцэрлэг, сургууль, эмнэлгийн нийт 16 барилгад дулаан техникийн засвар шинэчлэл хийсэн үр дүнтэй нь танилцах томилолтоо Ховд аймгийн төв Жаргалант сумаас эхлүүллээ. Өлгий сумаар дайрсан нислэг орон нутгийн цагаар 10:30-д газардав. Дээрээс харвал Жавхлант сум Улаанбаатараас дутахгүй утаатай аж. Хүн амын өсөлт дагасан агаарын бохирдол хот, хөдөөд ялгаа алга. “Эрчим хүчний үр ашиг” төслийн нэг зорилго нь дэлхийн агаар мандалд нэмэгдэж буй нүүрсхүчлийн хийг багасгах. 2014 оноос 2016 оны эцэс хүртэл “Эрчим хүчний үр ашиг” төслийг газар дээр нь удирдан ажилласан Техникийн зөвлөх инженер С.Түвшинхүү бидэнд замчилсан юм. 

Аялал Жаргалант сумын II сургаалиас эхлэв. Төсөл эхлэхээс дуусах хүртэл тус сургуулийн захирал, өдгөө Сургалтын менежер хийж буй Н.Сэрээнэндоржтой ярилцлаа. Сургуулийнх нь барилга 1979 онд ашиглалтад орсон гэнэ. GIZ-ийн хүмүүстэй анх 2012 онд уулзсан. Ингээд 2014 онд төсөлд хамрагдах бичиг цаасаа бүрдүүлж шалгарсан гэж байна. Сургуулийн засвар дулаалгын төсөв 960 сая төгрөг болжээ. Үүний 100 гаран саяыг Ховд аймгийн төсвөөс, Жаргалант сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-аас 80 сая, үлдсэнийг нь Швейцарийн хөгжлийн агентлаг гаргажээ. “Эрчим хүчний үр ашиг” төсөл бүх мөнгийг нь гаргахаасаа илүү шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төсвийн зарцуулалтыг нь ил тод болгох үүднээс төсвийн тодорхой хувийг нутгийн иргэдийн шийдвэрээр орон нутгаас нь гаргуулсан байна. Шийдвэр гаргахад нутгийн иргэд өөрсдөө оролцох тул ШХА-ийн “Сайн засаглал” төсөл нэг санхүүжүүлэгчээр нь оролцжээ.

Урьд нь гадуур хувцастайгаа зутруухан хичээллэдэг байсан сургуулийнхан төслийн үр дүнд бүгд сэтгэл хангалуун байна. Харин дулааны хэмнэлт хичнээн гарсан ч халаалтын төлбөрийг барилгынх нь эзлэхүүнээр тооцож, сар бүр 25 547 000 төгрөг авдаг гэжзахирал Ц.Цэрэнлхам ярилаа. “Бид “Бадамлах дөл” компанид дулааны тоолуураараа тооцоо хийе гэсэн боловч огт хүлээж аваагүй. Тэгэхээр нь аймаг, Эрчим хүчний яам хоёрт хандсан ч бас л хэрэгсээгүй” гэнэ. Тоолуураар төлбөл сар бүр 10 сая төгрөг хэмнэнэ, түүнийгээ сургуульдаа зарцуулах хүсэлтэй юм байна. Төслийн хөшүүрэг уул нь энэ. Хэрэглэгчид эрчим хэмнэх сэдэл төрүүлэх. Гэтэл... 

С.Түвшинхүү “Үүнээс болоод хөдөө орон нутаг төслийг зогсоохоос аргагүй болсон. Сургууль жилд 180 орчим саяыг төлдөг байсан бол бидний тооцоогоор дор хаяж 40 хувь хэмнэгдэнэ. Гэтэл хэмнэсэн мөнгө нь зуухны эзэнд л ашиг болж очно” гэлээ. 

Эндээс гараад Жаргалант сумын III цэцэрлэгт ирцгээв. Унтлагын цаг таарсан учир нам гүм, пүнхийсэн дулаан орчин угтав. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг оны эцсийн ажлаа дүгнээд сууж байна. “Засгийн газраас хэмнэсэн зардлыг цалинд зарцуулж болно гэдэг тогтоол гарсан. Энэ оны эцсээр халаалтаас хэмнэсэн зардлаасаа авч чаддаггүй байсан ур чадвар, үр дүнгийн нэмэгдлийг нь өгнө. Нэг хүнд үндсэн цалингийнх нь 70-80 хувьтай тэнцэх урамшуулал олгогдохоор байна” гэж Ц.Ганцэцэг ярилаа. Төсөл хэрэгжихээс өмнө байдал ямар байсныг орсон газар болгоноосоо бид заавал сонирхдог. 1989 онд баригдсан барилга нь өөрийн зуухтай ч өвлийг зутруухан давдаг байсан аж. Энэ цэцэрлэгт 18 дахь жилээ ажиллаж буй Туслах багш Б.Одончимэг “Бага ангийн туниа муутай хүүхдүүдийн хөл, гарыг багштайгаа хоёулаа ээлжилж гартаа барьж дулаацуулдаг байсан”-ыг сонсоод өмнөх нөхцөлийг бага сага төсөөлөв. Тэгээд цахилгаан халаалалт тавиулсан гэнэ. Гэтэл цахилгааны төлбөрт унаад, 20 гаран саяын өртэй болчихож. Ингэж тэвдэж явахаднь, 2015 онд “Эрчим хүчний үр ашиг” төсөл хэрэгжжээ. 

Техникийн зөвлөх, инженер С.Түвшинхүү бидэнд Жаргалантын III цэцэрлэгийн халаагуурын давуу талыг тайлбарлаж өглөө. Гэрэл зургийг Б.Уугансүх

Цахилгаан халаагуур гэх зүйл нь төдий овортой эд биш байна. Төсөл хэрэгжсэнээс хойш тэд цаг агаартай уялдуулан халаалтаа тохируулж сурсан учир цахилгааны зардлаа хэмнэдэг болжээ. Нийт 261 сая төгрөгөөр хийгдсэн ажилд С.Түвшинхүү сэтгэл хангалуун харагдсан бөгөөд “Хэмнэсэн хүнд урамшуулал өгнө гэдэг хамгийн зөв хөшүүрэг” гэлээ. Хүйтэн байхдаа хүүхдийн тоо гүйцээж, төлөвлөгөөгөө биелүүлэх гэж дулаан цагт олон хүүхэд бүртгэдэг байсан зовлонгоос III цэцэрлэг хэдийн салжээ. Халдаггүй учраас хааж, агуулах болгочихсон байсан нэг ангиа нэмж нээсэн ч одоо хүүхдийн тоо хэтэрчих гээд л байгаа хэмээн Ц.Ганцэцэг эрхлэгч хуучилсан юм.

Бид цааш явж Жаргалантын XI цэцэрлэгт ирцгээв. Урьдын, өнөөгийн байдлыг сайн мэдэх, тус цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Нарангэрэлтэй таарсан. “Манайх одоо сардаа 5 сая 49 мянган төгрөг халаалтад төлдөг. Урьд нь өөрөө зуухтай байхад нүүрсээ аваад, гурван галч ажиллуулахад сард 5 саяас бага тусдаг байсан” гэв. 1969 оны барилгад төсөл бусад барилгад хийсэн шигээ иж бүрэн дулаалга, засварын ажил хийжээ. Шал, дээврийг дулаалж, гадна хананд дулаалга хийж, вакуум цонх суурилуулан, хаалгыг нь ч сольжээ. Дулааны алдагдал эрс багасаж, тухтай болсныг Х.Нарангэрэл ярих зуураа өрөөнийхөө буланд хураасан цахилгаан халаагуурыг зааж “Үүнийг залгаад ч дулаацдаггүй байлаа шүү дээ” гэв. XI цэцэрлэг дулаан болсон ч эрчим хүч хэмнэснийхээ үр шимийг амсахгүй байгаа ажээ. Эзлэхүүнээр нь тооцож төсөвт суулгасан халаалтын мөнгийг нь “Бадамлах дөл” ХХК бас л шууд татаад авчихдаг байна. 

Эгч нь мөрөөдөөд ч өвөл цэцэрлэгтээ өмсөж чаддаггүй байсан даашинзаар гоёсон охин ээжийнхээ өвөр дээр. Гэрэл зургийг Б.Уугансүх

Цэцэрлэг тарах цаг болсон учир буцах замаараа III цэцэрлэгээр ороод гарлаа. Эцэг эхийн төлөөлөлтэй уулзах гэсэн хэрэг л дээ. Энэ цэцэрлэгт хоёр дахь хүүхэд нь явж буй Б.Саранчимэг гэж дориун яриа хөөрөөтэй ээжтэй таарав. “Том охин 2013 онд энэ цэцэрлэгт орсон. Маш хүйтэн, 2-3 давхар цамцтай, монгол гуталтай явдаг. Багш нь ч тэгж сануулдаг байсан. Охин хүүхэд юм болохоор палааж өмсөх гэдэг, юун тэр мантай” хэмээн хуучныг дурсаад “Одоо харин дүү нь дандаа палааж өмсөж гангардаг” болсон гэж байна. 

Дараагийн өдөр Ховдын Дуут сумд хүрэв. Далайн төвшнөөс 2700 метрийн дээр орших сум Монголын хамгийн өндөрт байдаг засаг захиргааны нэгж. Уул хад, хавцал дундуур явж хүрдэг сумын Эрүүл мэндийн төвийн барилга 1972 онд баригджээ. Тус төвийн Дүн бүртгэгч эмч А.Болормаа хэмээх гялалзуур бүсгүй биднийг угтан авлаа. Тэрээр нутгийн бэр болоод 1996 оноос энэ суманд ажиллаж, амьдарч байгаа аж. Бидний асуултад “Орон нутгийн сангаас 50, ШХА-гаас 130, сүүлд 3 саяыг нэмээд, нийт 183 сая төгрөгөөр засвар дулаалгын ажил хийгдэж 2015 оны есдүгээр сард ашиглалтад өгсөн” гэж дуржигнатал хариулав. Тэгээд эмнэлгээ танилцууллаа. Төслөөс хойш дулаан тохитой орчин шаарддаг зүү, бумба зэрэг уламжлалт эмчилгээ хийдэг болжээ. “Засвар хийлгэхдээ бид зургаа өөрсдөө гаргасны ачаар лаборатори, ариутгалын өрөөтэй болсон” гэнэ. Өмнө нь “Жилдээ 100-120 тонн нүүрс хэрэглэдэг байлаа. Өвөл 15 литрийн будгийн хувингаар 20-22 хувин хийдэг. Тэгж түлээд ч өрөөний температур +18 хэм хүрч байгаагүй” гэж А.Болормаа ярилаа. Дөрвөн ээлжээр галч ажиллуулж, нүүрс нийлүүлэгчтэйгээ ч ам мурийдаг байж. 

"Муу ажиллаж байна, галлахгүй байна" гэж загнуулахаа больсон галч Т.Түвшинбаяр "хувин" гэдэг хэмжээгээ бидэнд харуулав. Гэрэл зургийг Б.Уугансүх

А.Болормааг сонсоод олон жил ажилласан галчтай ярилцах санаа төрөв. Удалгүй тус төвд 12 жил галч хийж буй Т.Түвшинбаяр гуай орж ирлээ. Төсөөлснөөс цэвэрхэн, өвлийн хүрэм дотуураа пиджактай эр байна. Тан руу урьд нь халахгүй байгаагийн хамаг бурууг чихдэг байв уу гэхэд “Муу галлаж байна гээд хүн болгон үглэнэ, хоёр хоёр цагаар цаг бүртгэдэг байлаа. Өдөржингөө зуухтайгаа ноцолдоод нүд л харагддаг халтар амьтан байсан. Одоо бол гонжоомтой л гүйж явна” гээд инээв. Бид “зовоодог” байсан зуух, түлш хэмждэг савыг нь харахаар хамт гарцгаалаа. Т.Түвшинбаяр хувингаа үзүүлж “Одоо энэ хувингаар зургааг хийхэд л халуу дүүгээд суудаг болсон” гэв. 

“Эрчим хүчний үр ашиг” төслийн засвар дулаалга хийгдсэнээс хойш Т.Түвшинбаяр ч гэлтгүй эмнэлгийн ажилтнууд өдөр тутам халаатаа өмсдөг болжээ. Энд хэвтэн эмчлүүлж буй 65 настай Э.Алимаа гуай эмнэлгийн үйлчилгээ, тохь тухад баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ нүдэндээ нулимс цийлэгнүүлэв. Дулаалга хийгдэхээс өмнө тус төвийнхөн халаалтын радиатороо сольж, цонхоо дулаалж, дээврээ янзалж үзсэн ч үр дүн гараагүй гэнэлээ. А.Болормаа энэ бүхнийг дурсаад “Харин төсөл стандартын дагуу, маш нарийн хяналттай засвараа хийдэг. Тэгж байж л үр дүн гарсан” гэв. 2000-2016 онд жилд 12.2 сая төгрөгийн түлшний төсөвтэй байсан бол одоо 8.7 сая төгрөгийн нүүрс хэрэглэж байгаа аж. Аймгийн төвд тонн нь 90 мянгын үнэтэй нүүрсийг газрын бартаанаас шалтгаалаад 130 мянгаар авдаг байгууллагад асар их хэмнэлт гарчээ. Түлшнийхээ төсвийг хуучнаар нь батлуулаад хэмнэснээрээ эмнэлэгтээ хөрөнгө оруулалт хийдэг болсон байна. “Хэмнэсэн хүнд урамшуулал өгнө гэдэг хамгийн зөв хөшүүрэг” гэдэг С.Түвшинхүүгийн үг аяндаа толгойд орж байлаа.

Сумын бусад албан газрууд танайх ямар төсөлд хамрагдаад ийм сайхан болчихов, холбож өгөөч гэдэг хэмээн А.Болормаа яриад “Сая арваннэгдүгээр сарын сүүлээр баруун гурван аймаг цахилгаангүй гурав хоноход манайх ердөө зургаан литр бензин хөдөлгүүртээ хийж усаа эргүүлсээр зүгээр давсан. Харин тэр үеэр сумын ИХТ-ийн газар хөлдсөн байна билээ” гэж нэмэв. Тэгээд нутгийнхныхаа хүсэлтийг С.Түвшинхүүд уламжлахад “Энэ төсөл дахиж хөдөө орон нутагт хэрэгжихгүй” гэлээ. Үүний шалтгааныг тэрээр Жаргалант сумын II сургуультай танилцаж явахдаа бидэнд тайлбарласан. Халаалтын төлбөрийг тоолуураар хийдэггүйгээс дулаан хэмнэсэн хэрэглэгч нь үр ашгаа амсдаггүй, харин халаалтын зуухны эзэнд хожоо болдог гэж.

“Эрчим хүчний үр ашиг” төсөл туслан гүйцэтгэгчээ тендерээр сонгодог. Тэгэхдээ орон нутгийн компанийг чадавхжуулах үүднээс давуу эрх олгодог. Дуут сумаас ирээд гурван барилгын засвар дулаалгын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан “Тулгат багана” ХХК-ийн захирал Ш.Батсуурьтай ярилцах боломж гарлаа. 2006 оноос барилга угсралтын хоршооллоор үйл ажиллагаагаа эхлүүлээд 2012 оноос компани болсон гэнэ. Анх 2014 онд Жаргалантын V цэцэрлэгийн тендерт шалгарчээ. Эндээс олсон туршлагаараа нөгөө хоёр тендерт ч шалгарсан гэж боддог байна. “Эдний талаас талбайн инженер томилдог. Тэр хүн өдөр бүр талбай дээр тоног төхөөрөмжөөс аваад технологийн зөвлөгөө өгдөг” хэмээн Ш.Батсуурь ярив. Ажиллаж байж, туршлагажиж суралцдаг. Тэр үүднээсээ бол их зүйл сурсан. Цаашид бид ийм ажил гүйцэтгэхэд түүртэхгүй гэлээ. Төсөл тендерт зарлахаасаа эхлээд олон сургалт явуулдаг юм байна. Барилгын дулаалга, барилгын үнэлгээ, худалдан авах ажиллагааны сургалт ч зохиодог аж. 

Гэхдээ тендер л хойно асуудал мундахгүй гарсан бололтой юм. Засвар дулаалгын чанарыг хариуцагчийн хувиар төслөөс С.Түвшинхүү нар үнэлгээний комисст ордог байжээ. Орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргадаг учраас дарга нь нар тэрэнд өгөөрэй гээд суучих тохиолдол захаас аван гарч. Бас тендерийн материалаа бүрдүүлж амжихаа болихоор нэг компаниар гомдол гаргуулдаг. Ингээд хугацаа сунгаад тендерийн материал хүлээж авахад гомдол гаргагчийн материал байхгүй байх ч тохиодол гарчээ. Хоёр аймагт нийт 16 барилга дулаалахад зарласан тендерт ганц удаа л Улаанбаатарын компани шалгарсан гэнэ.

Жаргалант сумын V цэцэрлэгийн Нягтлан бодогч Д.Хорлоо “Халаалтын зардал гэж сар бүр 4.21 сая төгрөг төвлөрсөн халаалтад автоматаар төлдөг байсан. Төслөөр тоолуур тавиулаад төлбөр шууд 50 хувиар багассан” гэв. Гэтэл дулааны станцынхан сандралдаж “Та нар ингэж төлбөл бид дампуурна” гэж шалсаар “дундаа хийн” сард 3.18 сая төгрөг төлөхөөр тохирч жилдээ есөн саяыг хэмнэдэг болжээ. Энэ жилийн хэмнэлтээ багш, ажилчдын урамшуулал бас цагаан хэрэглэлээ бүрэн солиход зарцуулах аж. Халаалтынх нь төлбөр 50 хувь буураагүй ч “хэмнэсэн” гэдэг үг сонсох таатай байлаа. 

Өглөө эртлэн Ховдоос хөдөлж үд дунд Завхан аймгийн Дөрвөлжин сумын 9 жилийн сургуульд ирцгээв. 1986 онд баригдсан, спорт заалтай, хоёр давхар блокон барилга. Сурагчид шинэ жилдээ бэлтгээд хөл хөс болцгоожээ. Төрөлх сургуульдаа 20 дахь жилээ ажиллаж буй Монгол хэл, уран зохиолын багш Я.Отгонцэцэг “Зах зээл эхлээд анги болгон зуухтай болсон” гээд уур савсуулан хичээл заадаг байснаа, хүүхдүүд нь даараад хичээлээ бичих дургүй байсныг дурсав. Харин захирал байхдаа чамгүй зүтгэл гаргаж “Эрчим хүчний үр ашиг” төсөлд сургуулиа хамруулсан Технологийн багш Ч.Амаржаргал “Миний хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт” хэмээн бахархалтай ярилаа. Хожуу нам даралтын зуух тавьсан боловч сургууль, спортын заал хоёрыг зэрэг халааж хүчирдэггүй байжээ. Ингээд 27 саяар зуухаа шинэчилсэн гэнэ. Гэвч бас спорт заал, сургууль хоёроо зэрэг халааж чадаагүй аж. Харин одоо биеийн тамирын багш нь сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний бөхийн секц хичээлүүлж, зай завсраар нь сумын бусад байгууллага ч ашигладаг болжээ. 

Сургуулийнхаа талыг ч халааж хүчирдэггүй байсан галч Д.Азбилэг одоо түлш хэмнэдэг болсон гэж байна. Гэрэл зургийг Б.Уугансүх

“Орон нутгийг хөгжүүлэх сан”-аас 50, сумын төсвөөс 50 саяыг гаргаж, үлдсэн 168 саяыг нь төслөөс санхүүжүүлж дулаалга хийгдсэн сургуулийн анги бүхэн одоо хувцасны өлгүүртэй болсон гэнэ. Төслөөс хойш хүүхдийн сурах идэвх илт нэмэгдсэн гэж уулзсан багш бүхэн ярьж байлаа. Харин урьд нь “Галласангүй, ажлаа хийсэнгүй, дэмий тэнэлээ” гээд л загнуулдаг байсан галч Д.Азбилэг “Зуугаад тонн нүрс түлдэг байсан. Одоо бол 60 орчим тонн нүүрс түлдэг” гэв. Гэхдээ энэ сургуулийн хичээлийн хоёр байр дундаа түлш бэлтгэдэг болохоор төсөлд хамрагдсан байр нь хэдэн төгрөг хэмнэснийг тооцох хялбар биш. Ямартаа ч “Төслөөс хойш манай түлээний хашаанд 10 гаран машин мод үлдсэн. Машин модыг 750 мянгаар авдаг” гэх Ч.Амаржаргал багшийн үгээр л багцаа гаргах болов уу.

Эндээсээ бид Улиастайг зорив. Тус сумын “Жавхлант” цогцолбор 1973, 1974, 1975 онуудад баригдсан хичээлийн гурван байртай. Тэдгээрээр нь орохдоо төсөл хэрэгжихээс өмнөх, төсөл хэрэгжсэний дараах дүр зургийг хүнээр яриулалгүй өөрсдөө олж харцгаав. Засвар хийгдээгүй хичээлийн нэгдүгээр байрны ангиуд цонхоо гаднаас нь эсвэл дотроос нь гялгар уутаар битүүлчихсэн зутруу харагдана. Гадаа тэгж хүйтрээгүй байсан болохоор гадуур хувцастай сурагч таарсангүй. Гэхдээ бүгд дүрэмт хувцас дотроо ноосон цамц, ганц нэг хүүхэд гадуур нь хурган хантааз өмсчээ. Ноднин 12 дугаар анги төгсгөөд зургадугаар анги авч нэгдүгээр байранд шилжин орсон Р.Дэлгэрсайхан багш ангийнхаа цонхыг вакуум болгосон байв. Дулаалга хийгдсэн хоёрдугаар байрны тохь тухад дасчихсан учраас ядаж цонхоо сольё гэж боджээ. Гэхдээ л “Төслөөр засуулаагүй болохоор хана, шал, таазнаасаа дулаан их алддаг юм” гэж байна. 

Захирал Б.Аюурзана “Сурагчид хэл ам гаргаж төсөл хэрэгжсэн II байр руу орох хүсэлт тавиад энэ намар 7, 8 дугаар ангиудыг тийш нь шилжүүлж хоёр ээлжтэй болголоо” гээд биднийг II байранд хичээллэдэг 12 дугаар ангийнхантай уулзуулав. Салхивчаа нээсэн ангид халууцаж хацар нь улайсан хүүхдүүд угтлаа. Шинэ жилийн бүжгээ давтаж байсан юмсанж. Хавар сургуулиа төгсөх хүүхдүүдээс илүү сургуулийнхаа “түүх”-ийг нь яриад өгөх хүн хаанаас олох билээ. “Эрчим хүчний үр ашиг” төсөл хэрэгжихээс өмнө хоёр жил, засвар хийснээс хойш гурав дахь жилээ энэ байранд хичээллэсэн хүүхдүүд. М.Азжаргал “Урьд нь бол ангидаа формтой сууна гэж ёстой байхгүй. Даараад бүгдээрээ зэрэг зэрг нусаа татдаг. Багш бүр аргаа бараад хичээлийн дундуур гал тогоо руу явуулж “Халуун аарц ууж дулаац” гэдэг байлаа” гэхийг сонсоод хэдэн жилийн өмнө Улаанбаатарт гадаа ажилладаг хүмүүст өвөл халуун аарц үнэгүй өгөх “их аян” өрнөснийг санав. Тохижилт үйлчилгээний ажилчидсүүлдээ энэ аянаас “залхаж” хэл ам гаргасан ч сураг дуулдсан. Гэтэл энд сургууль дотроо хичээл хийж байгаа хүүхдүүдэд “халуун аарц” хэрэгтэй байж. Харин Ц.Бүжинлхам охин “Хичээл хийгээд сууж байхад дэвтэр дээр өт унадаг байсан” гэхэд тэр дороо ойлгосонгүй. Хүйтэн байраа дулаалах аргаа барахдаа дээвэртээ өтөг дэвссэн юм байж. Гэтэл өнөөх нь өтөөд таазны зай завсраар нь тэгж унадаг байсан юм гэнэ. Сүүлдээ дээрээс нь унадаг өтийг тоохоо больж “Өтөө аваарай” гээд бие бие рүүгээ нясалчихдаг байлаа гэж хөгжилтэй ярив. Эргээд санахад ямар ч зовлон дурсамж болдог нь л сайхан. Түүнээс ч инээдтэй зүйл үнэндээ алга. 

Төсөл хэрэгжихээс өмнөх болоод хэрэгжсэнээс хойших үеийг сайн мэддэг төгсөх ангийн охид урьдын хэцүү байдлыг хөгжилтэй дурслаа. Гэрэл зургийг Б.Уугансүх

“Жавхлант” цогцолбор тусдаа уурын зуухтай. Захирал Б.Аюурзана “Бид жилдээ 190 гаран саяыг халаалтдаа төлдөг. Манайд хэд орж ирнэ түүнийгээ шууд өгчихдөг учраас санхүүгийн хэмнэлтийг бид үнэхээр мэдэхгүй” гэлээ. Халаалалтын зуухыг захирал асан Б.Түдэв менежментээр авсан юм байна. Б.Аюурзана “Та хэмнэлтээсээ заал тохижуулж өгөөч” гэж Б.Түдэвт хандсан гэнэ. Хариуд нь “Энэ жилдээ амжихгүй хойтонгоос бодолцъё” гэж. “Бодолцъё” гэж байгаа бол хэмнэлт гарсаны баталгаа гэж С.Түвшинхүү Б.Аюурзана захиралд хэлэх нь аргаа барсан хүний үг шиг дуулдав. Төслийн үр ашиг зуухны эзэн хэр “бодолцох”-оор илэрхийлэгдэх нь ээ.

Улиастайн V цэцэрлэгийн ихэнх цонх нээлттэй угтав. Төсөл 2014 онд хамгийн анх засвар хийсэн барилга. “Санмин” ХХК-аас авдаг халаалтдаа сард 5.3 саяыг төлдөг гэнэ. С.Түвшинхүү өөрсдөө ч мартчихсан тоолуурыг нь үзээд “Танайх 2014 оноос хойш 1500 гаруй ГЖоуль дулаан хэрэглэжээ. Жилд 120 мянган кВт хэрэглэсэн гэвэл нэг кВт.цагаа 300 төгрөгөөр аваад байна. Тэгэхээр цахилгаанаас даруй хоёр дахин өндөр үнэтэй гэсэн үг” гэхийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Харин ноднин намар цэцэрлэгийн эрхлэгч болсон Б.Батдаваа тоолуураар халаалтаа төлбөл хэдий хэмнэлт гарахыг тооцуулж үзэв. Харамсалтай нь халаалтаа эзлэхүүнээр төлдөг учраас хэмнэлт нь цэцэрлэгт хүртээлгүй эд. Гэхдээ Б.Батдаваа ажлаа аваад “Санмин” ХХК-ийн захиралд “хэмнэлтээс минь хувь хүртээнэ үү” гэдэг хүсэлт тавьж цэцэрлэгийнхээ дотор шатыг хоёр сая гаран төгрөгөөр засуулсандаа сэтгэл хангалуун байна. Үүнийг сонссон С.Түвшинхүү “Хоосон хоцорсноос дээр” гэж үнэлэв. 1975 оны цэцэрлэгийн барилгыг цаашид ашиглах боломжтой гэж сонгон 247 саяын засвар хийсэн аж. Гэвч хэмнэлтийн ашгийг нь хөндлөнгийн хүн хүртэж байна.

Ховд руу буцахдаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвөөр орцгоолоо. 1993 онд ашиглалтад орсон барилгынхаа талыг “Эрчим хүчний үр ашиг” төсөл хэрэгжих хүртэл ашиглаж чадалгүй 22 жилийн нүүр үзжээ. Халдаггүй болоод тэр. Өрөө болгондоо, нийт 10 зуух галлаж зутруухан өвөлждөг байсан төв 2017 онд анх удаа авсан Магадлан итгэмжлэлээ хүндэтгэлтэй залсан харагдана. Дүн бүртгэгч Н.Байгалмаа бидэнд байгууллагаа танилцуулж явахдаа урьд уурын зуух байсан өрөөг лаборатори болгосноо харуулж “Суудаг хэдхэн өрөө маань өмнө нь бүгд тортогтоо дарагдсан байлаа” гэж ярив. Өнгөрсөн намар төвийн халаалтад холбогдож, дотроо жорлон, шүүршүүртэй болсон Эрүүл мэндийн төвд хэвтэж буй Л.Мягмар гуай “Арав хонохдоо хоёр удаа усанд орж, арилгасан сонгино шиг амьтан боллоо” гэж байна. Үлгэр жишээ тохижсон төв өнгөрсөн жил Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын III зэргийн болзлыг хангасан нь энэ төслийн л ач тус гэж Н.Байгалмаа ярьж байлаа.

Эрдэнэхайрхан сумын малчин Л.Мягмар "Танай хотод ч ийм сайхан тохитой эмнэлэг ховор байх" гэж хэлсэн юм. Гэрэл зургийг Б.Уугансүх

“Эрчим хүчний үр ашиг” төсөл дэлхийн жишгээр хэмжилт, үнэлгээ хийж хэр хэмжээний эрчим хүч хэмнэх, хэдий хэмжээгээр нүүрсхүчлийн хийг бууруулах, хэдий болтол ашиглагдахыг нь тооцож барилгаа сонгосон учраас дулааны хэмнэлт дор хаяж 50 хувь гарах ёстой. Гэхдээ газар бүхэн эрчим хүчний хэмнэлтийг хувин нүүрс, машин түлээ гэхчилэн янз бүрээр хэмжиж, тоолуураа ашиглахтай үгүйтэй байна. Хөдөө орон нутагт халаалтын зардлыг айл өрхөөс бодитоор авалгүй алдагдлаа төсвийн байгууллагуудаасаа нөхдөг. Тиймээс “Эрчим хүчний үр ашиг” төсөлд хамрагдаж дулааны алдагдал нь буурсан ч зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэг үр шимийг нь хүртэж чадахгүй байна. Дулааны эрчим хүчийг бодитой үнэлэхээс нааш төслийн үр ашгийг бүрэн ойлгох, ойлгуулах боломжгүй. Учир иймээс энэ төслийнг хөдөө орон нутагт зогсоожээ.

“Эрчим хүчний үр ашиг” төсөлд хамрагдсан барилгуудыг нэг ижил улаан шаргал, шар өнгөөр буджээ. Ийм өнгөтэй л бол төслийн барилга гэж боддог болсон юм. Тэгээд Жаргалант сумд харсан улаан шаргал барилгыг “Энэ бас танай төсөлд хамрагдсан уу” гэж асуухад С.Түвшинхүү “Дулааны хэмнэлт өнгөндөө байна гэж бодоод эхэлсэн нь бас нэг дэвшил шүү” хэмээн тоглоом хийж билээ. Харин "Нэг шөнө дулаан хонобол мянган лан" гэдэг хуучны хэлц үг шууд утгаараа биелэхгүй байгааг харах харамсалтай байлаа.