Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг”
Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу?
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралджээ. Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр орой ажил тарах үеэр мэдэгдэл хийсэн байна.
Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон төсвийн хэмнэлт /төсвийн орлого 3,3 их наядаар тасарсан, нүүрсний экспорт унасан/ гэх мэт “цаг үеийн” шинжтэй мэдээллүүдийг хажуугаар цагаа олоогүй бас нэг мэдэгдлийг Н.Учрал сайд хийжээ. Тодруулбал, үүсмэл ордын 50+ хувийг төрийн өмчид авах болсныг Эдийн Засгийн хөгжлийн сайд мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь Засгийн газрын албан ёсны шийдвэр ч биш. Зүгээр л “Газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ. Үүсмэл орд дээр 50+ гэсэн суурь зарчмаа барина. Учир нь энэ бол хэн нэгний бүтээсэн баялаг биш” гэв.
Атал Үндсэн хуулийн 6-р зүйлд заасан суурь зарчим гэвэл “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч мөн” гэсэн байна. 1992 онд баталсан Үндсэн хуульд “ард түмний өмч” байсныг МАН 2019 онд өөрчлөөд “төрийн нийтийн өмч” болгосон. Ингээд нийтийн өмч үү, эсвэл төрийн өмч үү гэдэг нь тодорхойгүй болсон.
Гэхдээ энэ тодорхойгүй зүйл дотор ч гэсэн тодорхой зүйл бий. Тэр нь “газрын хэвлий, түүний баялаг” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийд байхдаа нийтийн өмч байна аа л гэсэн үг. Түүнийг ухаж гаргаж ирсний дараа хэний өмч болохыг хуулиар тогтоодог. Жишээ нь “Стратегийн ордын 34-51 хувийг төр эзэмшинэ” гэдэг бол хууль. Хэний хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосноос шалтгаалан төр, эсвэл хувийн хэвшил дийлэнх хувийг эзэмших хуультай. Гэхдээ энд “үүсмэл орд” гэдэг үг байхгүй. Бүр сүүлд, Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “баялгийн сангийн эх үүсвэр” гэж нэрлээд үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон.
Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолго /балансын бус гэж нэрлэгддэг/ дээр ажиллаж байсан хувийн компаниудын 34 хувийг төр эзэмшихээр болж, түүний төлөө хөрөнгө оруулагч буюу хувийн компаниудтай хэлэлцээрийн ширээнд суугаад удаж байгаа. Хэлэлцээр ч амжилттай явж байлаа. Гэтэл Хөгжлийн сайд нэртэй нэг “заазуур” гэнэт гарч ирээд “34 биш, 51 хувь шүү” гээд зарлачихаар үүнийг хэлэлцээр гэж нэрлэж болох уу? Эсвэл дээрэм, тонуул гэх үү? Нөгөө тал нь энэ талаар бүр ямар ч мэдээлэлгүй байхад шүү дээ.
Тэр тусмаа “энэ бол хэн нэгний бүтээсэн баялаг биш” гэдэг Хөгжлийн сайдын үг илүү ноцтой. Үүсмэл орд гэдэг нь одоо “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолго дээр ажиллаж байгаа гурван компанийн л тухай юм. “Балансын бус” буюу үйлдвэрийн технологийн шаардлагад нийцэхгүй, ашиглах боломжгүй, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг хэлж байгаа юм. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 40-50 жил хураагдсан, хаягдсан овоолго. Зах зээлд шилжсэний дараа буюу 1998 онд “Эрдмин” гэдэг компани Америкаас хөрөнгө оруулалт татаад анхны овоолгыг ашиглаж эхэлсэн. Сүүлд “Зэс эрдэнийн хувь”, “Ачит Ихт” компаниуд орж ирсэн. Монголд урьд өмнө байгаагүй “уусган баяжуулах” буюу гидрометаллургийн аргаар хүдрийг угааж, 99,99 хувийн сорьцтой цэвэр зэсийг Монголд үйлдвэрлэж, экспортод гаргаж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн хаягдал овоолгыг “үүсмэл орд” гэж нэрлээд стратегийн ордод бүртгэж, төр хувь эзэмших гэж шунаад байгаа нь ерөөсөө ийм шалтгаантай.
Монголд байхгүй технологийг нутагшуулсан, маш их хөрөнгө мөнгө зарсан. Дээр нь 1000 гаруй ажлын байр бий болгоод улс, орон нутгийн төсөвт хоёр их наяд гаруй төгрөгийн татвар төлчихсөн. Үүнийг “хэн ч бий болгоогүй” биш, хэн нэгэн бий болгосон л байж таарна аа даа.
Энэ бүгдээс илүү, бүр хамгийн ичгүүртэй зүйл гэвэл өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн Монголын эдийн засгийн форум. Бүтэн жилжингээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарыг урьж, дуудаж, хошуу дэвсэж, “Манайд хөрөнгө оруулаач ээ” гэж гуйж байгаад жилдээ нэг удаа хийдэг форум. Дахиад л нөгөө “Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулна, хувийн хэвшлийг дэмжинэ” гэдэг амлалтаа авна. Жил бүр л ингэж явдаг. Өчигдөр ч гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд нь “Баялаг бүтээгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын ААН-ээ дэмжих, бизнесийн орчинг сайжруулах багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Эдийн засгийн форумд танилцуулна” гэсэн байна лээ. Танилцуулах ч байх.
Гэхдээ бодит байдал дээр манай хөрөнгө оруулалтын орчин ямар вэ? Төр нь ямар бодлого баримталдаг вэ, хэр итгэлтэй вэ? гэдгийг өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа /энэ маш ноцтой шүү/ Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн үг бэлээхэн нотлоод өглөө. Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу? Гаднын байтугай дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байгаа Монголын төрд итгэж хөрөнгө оруулах уу?
inews.mn