Мүраками Харүки

ЭМСГҮЙ ЭРС


Би утасны дуунаар сэрлээ. Шөнийн нэг цаг өнгөрчээ. Шөнө дунд хангинах утас надад лав дэлхийг харгислан сөнөөх гэж буй хүйтэн зэвсэг лугаа адил сонстдог юм. Чингээд би дэлхийг аврах найдвар тээсэн багийн гишүүн мэт өөрийгөө төсөөлсөөр орноос босож, том өрөө рүү там тум гэлдрэн харилцуур авав. 

Тэгтэл намуухан баргил дуутай эр өөрийнх нь амьдралаас нэгэн бүсгүй үүрд одсон тухай өгүүлэв. Тэрээр өөрийгөө бүсгүйн нөхөр гэх агаад үргэлжлүүлэн: “Эхнэр маань түрүүчийн лхагва гаригт амиа хорлочихлоо. Ямартай ч энэ тухай чамд дуулгах нь зүй гэж бодоод залгасан юм” гэвэй. Ямартай ч. Тэр эрийн хоолойд сэтгэл хөдлөлийн ул мөр огтоос илэрсэнгүй. Үг хоорондын зай авалгүй шахам ярих нь эгээ л болсон явдлыг товч, тодорхой хүүрнэсэн цахилгаан мэдээ уншчихав уу гэлтэй. Өгүүлбэрээ дуусгалаа. Цэг. Ердөө л энэ.

Харин би юу гэж хариулснаа эргээд бодоход санадаггүй юм. Ямар нэг юм хэлсэн л байх. Нэг мэдэхнээ хэн хэн маань замын голд үүссэн гүн хонхорхой руу толгой нийлүүлэн чимээгүй гөлрөх мэт удтал дуугаа хураасан юмдаг. Тэгээд бас л нэг мэдэхнээ тэр эр ганц ч үг хэлэлгүй, ховор нандин урлагийн бүтээлийг шалан дээр болгоомжлон буулгах лугаа адил харилцуураа алгуурхан тавьсан билээ. Би дан цагаан подвоолк, цэнхэр дотоожтойгоо утсаа атгасан чигтээ зогссоор хоцров оо.

Энэ эр яаж намайг таньдаг юм бол? Сонин л юм. Талийгч бүсгүй өнгөрөхөөсөө өмнө нөхөртөө намайг дурсаа юм болов уу? Гэхдээ яах гэж? Бас манай дугаарыг яаж мэдэв? (Утасны жагсаалтанд байдаггүй юм.) Гол нь яагаад надад хандах болов? Эхнэр нь өөд болсныг над руу залган байж хэлэх шаардлага бий гэж үү? Бүсгүй лав ийм гэрээслэл үлдээгээгүй баймаар. Бид хоёр олон жилийн өмнө салсан. Салснаасаа хойш тааралдах нь бүү хэл утсаар ганц ч яриагүй юмсан.

За энэ ч яахав. Гол ээдрээ нь тэр эр надад юу ч тайлбарлаагүйд л байгаа юм. Манай гэрийн дугаарыг хаа нэгтээгээс олоод, эхнэр нь амиа егүүтгэснийг ойшооно уу, болино уу өөрөө мэд гэсэн янзтай хэлмэгцээ л утсаа тасалчихлаа шүү дээ. Яах гэж? Надаар нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах гээ юм болов уу?

Юуг тэр вэ?

Би бүр мухардаж орхилоо. Жаахан хүүхэд тамга бариад дэвтрийнхээ нэг хуудсыг дүүртэл тамгалахтай адил толгойд минь асуултын тэмдгүүд ар араасаа хөвөрсөөр.

Бүсгүй юуны учраас, яаж амиа хорлосныг би мэдэж чадсангүй. Мэдье гэхнээ ч мэдэх арга огтоос алга. Бүсгүйн хаана амьдардаг байсныг би мэдэхгүй, егөөтэй нь түүний хүнтэй суусныг ч дуулаагүй гээд бод доо. Тиймээс бүсгүйн гэрлэсний дараах овгийг ч мэдэхгүй. (Утсаар ярьсан эр нэрээ хэлээгүй юм.) Тэд гэрлээд хэр удсан бол? Хүүхэдтэй эсвэл хүүхдүүдтэй болсон болов уу?

Эл бүгдийг эс мэдэх хэрнээ л би нөхөр нь гэх, зүс үл мэдэх тэр залууд эргэлзэлгүй итгэсэн билээ. Эргэлзэх үндэс төрөөгүй юм. Бүсгүй намайг орхисноос хойш өөр нэгэнд дурлаж, түүнтэйгээ гэрлэж, түрүүчийн лхагва гаригт амиа хорлох хүртлээ өөрийнхөө ертөнцөөр амьдарчээ. Ямартай ч. Утсаар ярьсан эрийн хоолойноос би хагацлын шижим тодоос тод мэдэрсэн юм. Энэ тоглоом байгаагүй ээ. Үхэл үзсэн хүний өчил шөнө дүлийн аниргүйд өөрөөр сонстдог юм байна лээ. Тиймээс үхэл, амьдралын холбоосыг мэдрүүлэхийн тулд шөнийн нэг цагийн үед залгах нь тун ч оновчтой шийдэл байж болох аж. Хэрэв өдрийн цагт над руу ийн залгасан бол би хэзээ ч үүнийг мэдрэхгүй байх сан биз ээ.

Тэгсхийгээд би харилцуураа тавьж, эргээд орон дээрээ тарайн хэвтэхэд эхнэр маань сэрүүн байсан агаад:

Хэн залгаа вэ? Хүн амьтан өөд болчихоогүй биз дээ? хэмээн асуув.

Үгүй ээ, дугаар андуурч гэж би аль болох хайнгадуухан нойрмог маягаар хариуллаа.

Эхнэр мэдээж итгэсэнгүй. Дуу хоолой минь нэгэнт үхэлтэй холбогджээ. Үрэгдсэний хойно үлдэх хүний цочирдсон мэдрэмж туйлын халдвартай. Энэ мэдрэмж утасны шугамаар бичил үелзэл болж ирээд хэлэх үг, амьдрах ертөнцийг нүдэнд үл үзэгдэх долгионоороо нөмөрдөг ажгуу. Гэхдээ эхнэр маань нэмж юм хэлсэнгүй, бид хоёр өөр өөрсдийн бодолдоо живж, харанхуйн аниргүйг анирдан хэвтнэм. 


Сайх талийгч бол надаас салснаасаа хойш амиа хорлосон гурав дахь бүсгүй. Гурвын гурван амиа хорлолт гэхээр яаж ч бодсон нүгэлтэй их тоо гэдэг нь ойлгомжтой. Итгэхэд үнэхээр бэрх байгаа биз. Би уг нь амьдралдаа цөөхөн л бүсгүйтэй учир ургуулж явсан хүн. Тэдгээр бүсгүйчүүд яагаад цэл залуугаараа амиа егүүтгэсний учрыг, амиа егүүтгэх сэдэл нь юу байсныг би үнэхээр ойлгодоггүй юм. Надаас болоогүй л байгаасай, үхэлд нь би жаахан ч атугай нөлөөлөөгүй л байгаасай гэж залбирсаар л хоцрох юм даа. Юу ч гэмээр юм дээ... тэр бүсгүй... тэрхүү гурав дахь бүсгүй (нэрийг нь нууцлах үүднээс М гээд товчилчихъё) уул нь амиа хорлох маягийн хүн биш байсан гэхүү дээ. Шал өөр хүн. Өөрөөр хэлбэл... М бол дэлхий дээрх бүхий л булчин шөрмөс нь зангирсан усан цэргүүдээр хүрээлүүлж, хамгаалуулдаг бүсгүй байлаа.

М ер нь ямархуу эмэгтэй байсныг, мөн бид хэрхэн танилцсаныг, хамтдаа юу хийдэг байсан зэрэг талаар тодорхой мэдээлэл өгч би чадахгүй нь. Хэрэв тэгвэл ард үлдсэн төрөл төрөгсөд, танилуудад нь эвгүй байж мэднэ. Тиймээс зөвхөн маш олон жилийн өмнө дотно байсан үеэ болон яагаад салснаа л бичьюү гэж шийдлээ.

М-ийг арван дөрөвтэй дэрвэгэр охин байхад нь би зориг гарган танилцаж буйгаа бодоход сайхан шүү.