Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй
Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй
Дэлхийн хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш нэг л үйл явдлыг тойрч шуугилаа. Цэнхэр гаригийн тэргүүлэх хоёр гүрний удирдагчийн уулзалт болох Аляскийн Анкориж хотын зүг бүх хэвлэл мэдээллийн дуран чиглэж, хүн төрөлхтөн чих тавьсан нь тэр ээ...
АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын өмнөх уулзалтзургаан жилийн өмнө болж байв. Энэ удаагийн уулзалт өвөрмөц цаг үед болж байгаагаараа онцлог. Хоёр ерөнхийлөгчийн уулзалт хоёр цаг 45 минут үргэлжлэв. Уг нь зөвхөн орчуулагчдыг байлцуулсан уулзалт хийхээр мэдээлэгдэж байсан ч тэгсэнгүй. Уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков нар оролцлоо.
Д.Трамп болзоот газар болох Аляск руу очиж явахдаа Fox News сувагт ярилцлага өгөв. Тэр үеэр Дональд Трамп “Би Украины өмнөөс хэлэлцээр байгуулахгүй, гэхдээ Путинтэй хийх дараа дараагийн уулзалтын суурийг тавьж, тэр үеэр Украины Ерөнхийлөгчийг ч оролцуулахыг хүсэж байна” гэж ярьсан юм. Гэвч Аляска мужийн Эльмендорф-Ричардсон цэргийн баазад болсон энэ түүхэн уулзалт Украины дайныг зогсоох талаар ямар нэгэн ахиц гаргаж чадсангүй. Хүн төрөлхтний хамгийн гол хүлээлт энэ байсан юм.
Гэвч Трамп “ яриа хэлэлцээ маш үр дүнтэй болсон” гэв. Ман тэрбээр "Бидэнд санал нэгдсэн зүйл олон байлаа. Хараахан шийдэлд хүрээгүй хэд хэдэн том зүйл үлдлээ” хэмээн мэдэгдэж байна. Харин Путин АНУ-Оросын хэлэлцээрийн үр дүнг Украин болон Европын холбоотнууд хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Товчхондоо ийм...
Улс төрийн шинжээчид бол бараг дуу нэгтэйгээр уг уулзалтыг туйлын найрсаг уур амьсгалд болж өнгөрснийг онцолж байгаа юм. Халуун дулаан, харилцан хүндэтгэл дүүрэн... гэх дүгнэлтүүд урсгаж байна.
Мэдээж энэ уулзалтыг цагийн зүү цохилох мэт түгшүүр дүүрэн хүлээж байсан Зеленскийг уулзалтын дараа Трампын онгоцонд суух үедээ хэлсэн “ Газар нутагтай холбоотой аливаа шийдвэрийг Украин өөрөө гаргана”гэсэн үг бага зэрэг тайвшруулсан биз ээ. Тэрбээруулзалтын өмнө ч "Би Украины төлөө хэлэлцээ хийх гэж ирээгүй. Харин тэднийг хэлэлцээрийн ширээнд суулгахын төлөө хичээж байна. Би нэн яаралтай дайны галыг зогсоохыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөдөр Зеленский Трамп хоёр уулзах боллоо. Дахиад л энэ зүг бүгдийн нүд чих эргэж байна.
Ийнхүү сүүлийн арваад хоног дэлхий даяар булгилуулсан Трамп, Путин хэмээх өнөө цагийн дэлхийн улс төрийг тодорхойлолцож буй энэ хоёр том удирдагчийн хийсэн уулзалт өндөрлөв. Мэдээж түүхэнд үлдэх нь дамжиггүй.
Магадгүй манай зарим уншигчид тэнд болсон хоёр нөхрийн уулзалт бидэнд ямар хамаатай юм гэж агсарч байж мэдэх юм. Гэвч энэ дэлхийд бидэнд хамааралгүй юм гэж үгүй болсон үед зарим хийрхэгчид шиг “Хоёр зөнөг өвгөн уулзаа л биз “ гэх маягаар хандах боломжгүй гэдгийг эрхбиш мэдмээр.
*** Болж буй үйл явдлуудаас өдөөгдөн бодол ургана. Янз бүрийн бодол. Амьдарч байгаа цаг үе, өдөр тутмын энэ хэмнэл, цаанаа л нэг гунигтай өнгөөр мөнөөх бодлыг сүлж орхино. Нэг талдаа тал нутгаар дүүрэн баяр цэнгэл, найр наадам... Аархал дүүрэн өдрүүдээромогшиж амьдралыг туулдаг ард түмэн ч юм шиг...
Нөгөө талдаа бол бүтэж байгаа юм нэг ч байхгүй. Дүүрэн хараал хэрүүл. Бродюр солилоо гэж уурлана. Зам барилаа гэж уурлана. Бүтээн байгуулалт ерөөсөө явах ёсгүй юм болов уу гэж гайхах хэсэг нь дуугаа хураацгаасан. Хэн чанга хашгирч орилж чадсан нь“баатар”, ерөөсөө тэрний чарлаан л үнэн байдаг ойлголт нэгэнт тогтчихсон. Бүгд шударга ёсны манаач, эрэлчдийн дүрд орчихсон. Эцэс төгсгөлгүй хардаж сэрдэж шогшино. Дагахгүй, дэмжихгүй бол “хиамчин, худалдагдсан хог новшнууд” болно. Нэг нэгнээ гүтгэж гүжирдэх явдал ямар ч хуульт ёсноос дээгүүр халиад сагачихсан. Эрүүл хүн олж уулзах ховордсон гэхэд хилсдэхгүй.
Улс төр орчмоор гүйдэг, өөрийсдийгөө ямар нэгэн дэвшилтэд үеийнхэн гээд гүнээ итгэчихсэн хэсэг бас байна. Тэд нь хүртэл өөртэй нь санал нэгдээгүй бусдыгаа хайр найргүй цахимд дүүжлэх ажил хийдэг. Хэн нэгэн сэтгүүлчийн зочин таалагдахгүйн төлөө сэтгүүлчийг цовдолж байж санаагаа амраах жишээтэй. Өөрсдйнхөө огт мэдэхгүй, хараагүй, үзээгүй хүнээ зүйл бүрээр гүтгэн гүжирдэж цахимд цаазлана. Өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүстэй зэрэгцэн орших тухай ойлголтгүй ямар юмных нь үзэл санаатан байх вэ дээ. Сүүлдээ сэтгүүлчдийн биед халдах нь хавтгайрч байх шиг байна. Ажиллах орчин маань ийм аюултай болж хувирлаа.
Бас нөгөө талд нь хээнцэр царайлсан төсвийн хулгайчид гэж бүхэл бүтэн давхарга байна. Тэднийг хараад дээр өгүүлсэн ангиллынхан галзуурах шахдаг. Манай нийгмийн дайн ердөө ийм ялгаан дээр өрнөж буйг дарга нар огт хардаггүй.
Эдгээр үнэтэй хослол, гоёмсог оймс хоёроор гангарсан гөлчгийнүүд аль нэгэн лидер бараадан бүлэглэл үүсгэж амьдардаг. Мэдээж гудамжинд байгаа атаархан хараагчдаасаа дээгүүр жаалж байгаа юм л даа. Энэ эгнээнийхнийг хараад өнөө хэд нь улам хорсдог. Ёстой чихээ дараад зугтмаар атаа, үзэн ядалт нүүрлэчихсэнбайх юм билээ.
Тэд нь аль нэг ноёны зөвлөхүүд, ажлын аппаратынхан, хэвлэл мэдээллийнхэн нь гээд бүлгээрээ байна. Эд нарбол үнэндээ мань мэт шиг насаараа цаас цоохорлож амьдрахгүй шүү дээ. Зүгээр л хов зөөж, хутган үймүүлэх ажил хийнэ. Хэвлэлийнхний бичсэн, бичсэн ч гэж дээ сараачсан хагас дутуу юмнуудыг цуглуулж гүйж ороод л баахан дүгнэлт урсгана. Тэр дотор нь яг бичсэн гэхээр юм бараг байхгүй нь гунигтай. Ялгаж салгаж мэдэхгүй. Иймэрхүү үйлийн үрийн гогцооноос хожим яавч сорвигүй гарч чадахааргүй орооцолдсон новшийн ажил хийж өнөөдөртөө мөнгө цохино. Гэхдээ тансаг амьдарна. Тэр тэжээврүүдийнх нь том байгаа, хэдэн үг солих төдий жижигхэн байгаа хоёр аймшигтай. Хоёр байтугай нүүртэй, хослол өмссөн хорчингууд хэдэн том даргын орчмоор дүүрэн. Хамгийн гоё нь эзэн нь тэдэндээ муухай янаг гэж яав аа ...Ерөөсөө тэднийхээ үгээр л тууна. Ийм гөлчгийнүүдийнхээ ачаар нэгэнт вакумжсан хаан ах дүү амраг садангаа холын ойрын гэх хил заагаа ч барьж дийлэхгүй ордон руу татна. Ичиж зовох мэтийн сэтгэл зүйн хэвийн элементүүд нь аль эрт алга болсон учраас жаахан ч эргэлзэхгүйгээр орон тоо болгон руу чихнэ. Ийм байдалд орчихсон хүнийг цаадуул нь ерөөсөө хайрладаггүй гэдгийг би улс төрийн орчинд олон жил ажилласан хүний хувьд сайн мэднэ. Олон хүн дээр харж байсан. Ямар муухай хайргүй ханддаг гэж санана аа.
Монголыг хулдаад байгаа уур хилэнгийн бас нэг хэсгийг цахим орчинд төрсөн шинэ мангаанууд үйлдэж байна.
Нийгэм нь лангууны наймаачдаа инфлүүнсер гээдойлгочихсон. Тэд нь “..түй май, та нар муусайн юу юм. Би хэлж байна, хуцалгүй дуугүй ирж ав” гэж ташраар нь харааж зүхэж байгаад хог новшоо шахдаг. Ядаж байхад хараал жатгаа зөв ч бичиж чадахгүй. Нийгмийн дээдгэгдэх түвшнийхнийх нь элэг доог хийн хоорондоо ярих зугаа нь энэ хэд л болчихсон байх жишээтэй. Аймшигтай адал балмад аашлах тэдэнд хэн ч хэлэхгүй. Зүгээр л доромжлон гутааж, комедианууд нь ялгадастай үгсээр булж байсан ч цаадуул ньөөрсдийгөө “од” болчихсон л гэж ойлгоно. Тэр ч бүү хэл улам л дээш авирах гэж үзсээр.
Зовж зүдэрч өссөн гэх шалтгаан өнөөгийн цахим галзуучуудын ихэнхийнх нь комплекс. Хувь заяаныхаа төлөө дандаа бусдыг буруутгаж өссөн, бусдад тачаадан хорсож, ханцуйндаа шөвөг атган шүдээ зууж явсан өрөвдмөөр жижигхэн хүмүүс ямар олон байдаг гэж санана. Тэдэнд жаахан л гар сунгавал дуусна. Хажууд чинь явж байгаад нэг л өдөр боомилно. Ийм төрлийн хүмүүс цахим троллын алба эрхлээд удаж байгаа. Улстөрчид нь ч тэднийг олж авахдаа гарамгай. Нэг нэг рүүгээ эгнээ эгнээгээр нь тавьчихна. Нөгөөдүүл нь махчин шувуу л гэсэн үг.
Намууд хүртэл ийм далд ажилчидтай.
*** Нам гэснээс өнөөгийн намууд ямар аймшигтай давжаараа вэ. Намын дарга гэж ямар ланжгар амьтад байв. Одоо ?
Тэд бол намын гэх гал тогооноос давж сэтгэдэг, улс орноо, ард түмнээ боддог хүмүүс байх ёстой юм билээ л дээ.
Өнөө цагт бол Монгол орноо шинэ шатанд гаргаж ирж чадах лидерүүд намын дарга баймаар байна. Даанч дан хуйвалдаанаар сонгогддог болоод удчихлаа. Намын даргыг иргэдийн хүсэл биш бүлэглэлүүдийн хор тодруулдаг болсон. Хэзээ энэ байдлаас гарах юм бэ ?
Ард түмэн бид амар амгалан, сэтгэл хангалуун амьдрал л хүсдэг. Хэдий болтол ядуу хоосонамьдралаар мөлхөж, өөд уруугүй хэрэлдэжхэмлэлдсэн амьтны адгууд явах юм бэ. Бид ийм ядуу тарчиг аж амьдралтай, оюун ухаан нь хаагдчихсан юм шиг мунхаглалд живсэн улс байсаар байвал энэ том гүрнүүд хоёр гуравхан хуралдаад л хуваагаад авах ирээдүй ойрхон байхыг үгүйсгэхгүй. Өнөөгийн дэлхий ямар хахир болсон гэж санаж байна. Бид одоо тэнэгрэлд живсэн энэ байдлаасаа гарах цаг болсон.
Зориг, эрмэлзэл төгс орон хэмээн Израйлийг хэн нэгэн нь хэлсэн байдаг даа. Бас л гоё үг шүү. Аан тийм, Дэн Сенор, Сол Сингер нарын бичсэн “ Төр улс цогцолсон нь буюу Хэрмэл жүүдээс хүчирхэг израйль” гэсэн сайхан бүтээл байдаг. Тэнд нэг бүлгийг нь ингэж нэрлэсэн байсныг саналаа. Үг гэж энэ ертөнцийн бас нэгэн гайхамшигтай шидийг бүтээдэг эд юм...Зориг эрмэлзэл төгс орон гэх энэ өгүүлбэрийн өгч байгаа туяаг мэдэрч байгаа биз дээ. Үнэхээр зориг золбоо дүүрэн, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн улс орныг цогцлоомоор санагдаж байгаа биз дээ. Хэн ч эх орноо ийм сул дорой, дээрээс нь тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй.
Манайд одоо хоёр том нам байна. Өөр нам эрх барьтал хугацаа орно гэж хардаг. АН, МАН гэх энэ хоёрнам үндэсний хэмжээний лидер дарга нартай баймаар байна. Дор дороо ажилламаар байна. Нэгэнт өнөөгийн улс төрд нам гэх бүтцээр дамжуулж бүхий л дэд бүтэц нь өрөгддөгөөс хойш.
Өнөөдрийн тоглоомын дүрэм нь ийм байгаа учраас намууд руу харахаас өөр арга алга.
Үнэндээ усан цахилгаан станцаа оросоос айхгүй,асуухгүй барьчих шийртэй дарга, энэ монголыг гэсэн чин үнэнч сэтгэлтэй удирдагч энэ цаг үед гарч ирээгүй л байна шүү дээ. Байгаа байдал нь ийм атал амаараа дүүрэн хэмжээгээ мэдэхгүй бүлт бүлт үгстэй миний монголчууд...
Хөх тэнгэр, мөнх сарьдагаа дуулсаар, хүчит бөхчүүд, хурдан морьдоо харж огшсоор хаа хүрэх гээд байгаа юм бэ.
Мэдээж миний үгс өв соёлоо үтэр хаях гэсэн утгагүйг эрхбиш тунгаана биз ээ...
Үнэхээр гунигтай байна...