Хаданд хавчуулсан халиуны зулзага
Намаасаа хөөгдсөний дээр УИХ-аас эгүүлэн татах асуудал хөндөгдөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ ямар ч хамгаалалтгүй болж, “хорхойтсон баавгай” шиг л улангасч байна. Идэш тэжээлийн хомсдолд орж, ухаан санаа нь балартсан баавгай ичээнээсээ гарч хүн мал руу дайрдаг. Л.Оюун-Эрдэнэ яг л ийм байдалд ороод байна.
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсангүй. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлсөн томилсон асуудлыг Ерөнхий сайд УИХ-д танилцуулах ёстой байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар чуулганы үйл ажиллагаа дахин тасалдав. Мягмар гаригийн хуралдаанаас АН завсарлага авч, хуралдааныг хаясан бол пүрэв гаригийн нэгдсэн чуулганд МАН-ын бүлгийн тэн хагас нь оролцсонгүй. Уг нь бол МАН дангаараа 68 гишүүнээ цуглуулаад чуулганаа явуулахад ямар ч саад байхгүй. Хуралдаанд оролцоогүй гишүүдийг орон нутаг болон гадаадад томилолтоор явсан гэж ирцэнд мэдүүлсэн боловч энэ нь ихээхэн хуудуутай тайлбар юм. Товчхондоо хаврын чуулган эхлэхийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм”-д оролцохдоо хэлсэн занал бодитоор хэрэгжиж эхэллээ.
Уг ярилцлагын үеэр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүд болон сөрөг хүчний намуудад “парламентын дархлааг хамгаалж, Ерөнхийлөгчийн хуулийн эсрэг нэгдэхийг” ухуулсан, тодорхой хэлбэл өдөөн хатгасан. Гэвч энэ нь ганц хуулийн төсөлтэй холбоотой биш болохыг энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлууд ил тодоор харууллаа.
Юуны өмнө энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарт өгч буй цохилт юм. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс эхлээд Л.Оюун-Эрдэнийн танхимаас үлдэж ажилласан сайд нар сайн дураараа өргөдлөө өгч эхэллээ. Өргөдлөө өгсөн сайд нарын оронд томилох шинэ сайд нарыг УИХ-д танилцуулахгүйгээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжгүй. Мөн үүгээр УИХ-ын дарга Н.Учралд давхар цохилт өгч буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг нь МАН-аас хөөх шийдвэр гаргасны дараа /эсвэл бүр эртнээс/ УИХ дахь МАН-ын бүлгийн тодорхой хэсэг нь Н.Учралыг намын даргаар хүлээн зөвшөөрөхгүй байна аа л гэсэн үг.
Нөгөө талаас УИХ дахь АН-ын бүлэг “Эрх баригч намын дарга УИХ-ыг удирдах эрхгүй” хэмээн эсэргүүцэж чуулганыг хаясан. Энэ хоёр нэгдвэл УИХ-ын дарга ч суудлаасаа унах, Ерөнхий сайд ч огцрох нигууртай болж байна. Энэ бол МАН-д өгч буй маш том цохилт. Намаасаа хөөгдсөний дээр УИХ-аас эгүүлэн татах асуудал хөндөгдөөд эхэлмэгц Л.Оюун-Эрдэнэ ямар ч хамгаалалтгүй болж, “хорхойтсон баавгай” шиг л улангасч байна. Идэш тэжээлийн хомсдолд орж, ухаан санаа нь балартсан баавгай ичээнээсээ гарч хүн мал руу дайрдаг. Л.Оюун-Эрдэнэ яг л ийм байдалд ороод байна.
Эцсийн бүлэгт энэ бүхэн өнгөрөгч есдүгээр сард болсон МАН-ын даргын сонгууль, үүнд Ерөнхийлөгчийн институц гар, хөлөө дүрсэнээс үүдэлтэй. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон Бага хурлын шийдвэрийг дүрмийн бус хэмээн үзэж намын Их хурал нь хүчингүй болгосны дараа намын генсек Я.Содбаатар “эвлэрлийн” нэртэй ажлын хэсэг байгуулан хоёулангийнх нь нэрийг татуулсан. Төрийн ордны гурван давхар буюу ҮАБЗ-ийн даргын өрөөнөөс гарч ирсний дараа хоёр нөхөр МАН-ын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин Н.Учрал бол толгойноосоо улаа хүртэл У.Хүрэлсүхээр тамгалагдчихсан хүн. 2027 оны сонгуулийн дараа намын даргаа У.Хүрэлсүхэд тавьж өгөөд өөрөө УИХ-ын даргаар орж ирнэ гэдгийг нь хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч энэ ч гэсэн баталгаагүй болж эхэллээ. Н.Учралын хувьд "хаданд хавчуулсан халиуны зулзага" гэдэг л болоод байна.
АН-ын бүлгийнхний хувьд намын дарга УИХ-ын дарга болсноор улс төрд хямрал авчирдаг гэж яриад байна. Яг үнэндээ ялсан намаас Ерөнхийлөгч гарч ирэхээр эргээд заавал намаа хагалдаг. Парламент руу ч орж хагална, гүйцэтгэх засаглал руу ч гар хөлөө дүрнэ. Өнгөрөгч есдүгээр сард болсон МАН-ын даргын сонгуульд ч гэсэн Ерөнхийлөгчийн институц оролцоогүй бол, эсвэл ерөөсөө томилогдсон Ерөнхий сайдаа намын даргаар сонгоод явсан бол өнөөдрийн энэ ужиг байдал үүсэхгүй байлаа. Гэтэл “Намын эв нэгдэл” нэрээр ялтай, ялгүй бүгдийг нь нэг шуудайд хийгээд хүлчихээр ялтай нь ялгүй юм шиг, ялгүй нь ялтай ч юм шиг нөхцөл байдал үүсээд, шударга ба шударга бус, зөв ба буруугийн хэмжүүр алдагдчихаад байна. Гэмтэй нь гэдийгээд, гэмгүй нь гэлбэлзээд явж байна. Үүнийг тойруулж ярилаа гээд АН-д ч гэсэн оноо ирэхгүй л байх.

