Х.Баттулга “эх орондоо хүмүүнлиг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм болгоно” хэмээн заасан Монгол Улсын үндсэн хууль дээр гараа тавин тангараг өргөөд, иргэддээ хандаж хэлсэн үг болоод өнгөрсөн жилд болсон явдлыг харьцуулан харвал сонирхолтой дүр зураг тодорч байна. Түүний хэлсэн төрт ёсны нандин хэлхээг залгамжлах, хууль ёсыг уландаа гишгэгсэдтэй тэмцэх, аж үйлдвэр хөгжүүлэх, гуравдагч хөршийн бодлого гэхчлэн ер нь л цэнгэлийн оройд чирээд гаргана гэдэг утга бүхий гал цогтой үгсийг нь сонссон иргэд тухайн үед алга нижигнүүлэн ташиж байлаа.


Х.Баттулга ерөнхийлөгчийн албыг хүлээн авсны дараа Монгол Улсын ерөнхийлөгчийн president.mn сайтын бүх архив, өмнөх ерөнхийлөгч нарын зарлигууд ч алга болжээ. 

“Ардчилал” сонин ерөнхийлөгчийн сонгуулийн кампаний үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй гар барьсан мэт эвлүүлэг зураг нийтлээд түүнээс хойш дахин хэвлэгдсэнгүй. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд “Шинэ цаг ирлээ сэрцгээе!” уриатай хэвлэгдсэн Монгол ардчиллын бэлгэ тэмдэг болсон сонин ахин гарах эсэх нь тодорхойгүй.

2017 оны нэгдүгээр сарын 29-нд БЗД-ийн “Рояал Кэстл" хотхонд орших Х.Батулгын хүү Б.Хүлэгтийн гэрт хар тамхи хэрэглэсэн 11 залуусын нэг нь тагтнаас унаж амьд эрсэдсэн хэрэг гарсан юм. Мөрдөн байцаалтаар Баттулгын Хүлэгт, Ц.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Б.Хүлэгтийн хэргийг өнгөрсөн зургаадугаар сард БЗД-ийн шүүх дахин буцаагаад байна. 

Х.Баттулгын охин Б.Намуун СХД-ийн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ. Тагтнаас нь хүн унаж нас барсан Б.Хүлэгтийн гэрт тухайн үе эгч Б.Намууныг нь байсан гэж зарим хэвлэл мэдээллэж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр шууд болон шууд бусаар холбогддог “Шинэ төмөр замын хэрэг” хэрхсэнийг, хэрхэхийг таахад бэрх байна. БЗД-ийн шүүхээр БНСУ-ын иргэн “Самсунг Си энд Ти” компаний захирал Ли Жон Ёлыг л 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ. Харин "Соён инженеринг” компанийн зургийн инженер Гу Ду Хёон буруугүй гэдгийг нь тогтоосон байна. Шүүхээр Ли Жон Ёл "Самсунг Си энд Ти" компаниас 700 сая төгрөг зувчуулсныг мөрдөн байцаалтаар илрүүлсэн боловч компани нь гомдолгүй гэжээ. Бодвол Солонгостоо аваачиж учрыг нь олох биз. Манай ерөнхийлөгчийн "Шинэ төмөр зам"-аар өөр хэнийг шүүхэд дуудахыг хүлээж сууя.  

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Зам, тээврийн сайд асан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ. Ингээд зогсохгүй А.Гансүх ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар томилогдоод байгаа билээ. Мөн энэ хэрэгт шалгагдан 2015 оны арваннэгдүгээр сараас Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” компанийн захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан, түдгэлзүүлжээ.

Х.Баттулгын ҮХАА-н сайд байхдаа “Ямар ч байсан Монгол Улсын хөгжлийн гараа бол аж үйлдвэрийн парк” хэмээн тунхагласан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хэрэг”-ийг шалгах явцад ҮХААЯ-ны удирдлагууд 10 гаруй тэрбум төгрөгийг эх үүсвэргүй зарцуулсан нь тогтоогдсон юм. Гэвч энэ оны эхэнд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар “Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгаснаар нэхэмжлэгч нь үгүй болж онц их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэх хэрэг хар аяндаа хаагджээ.

Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум”-д тавьсан итгэлдээ “Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа” гэхчлэн ардчилал, чөлөөт зах зээлд итгэл алдарсан гэдгээ хүлээн зөвшөөрч “гуравдагч хөршийн бодлого” шиг хэрэггүй зүйл алга гэх утга бүхий үг өгүүлбэр хэлж байлаа. 

Х.Баттулга өнгөрсөн жил Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар чөлөөндөө суусан гурван генералын цолыг хурааж, Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар хоёр элчин сайдыг эргүүлэн татаад байна.

Х.Баттулгын ноднин хэлсэн үгсээс ганцыг нь биелэсэн гэж үзэж болохоор байна. Тэрээр АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалыг суудлаас нь буулгахаар сайтаараа дамжуулан ард түмний санал асуулга зохион байгуулсан нь “ард түмнийхээ саналыг сонсдог ерөнхийлөгч байна” гэдгийн бодит ажил юм.

Х.Баттулгын гэгддэг "Милл хаус", "ЧТМО" компаниуд ХХААХҮЯ-ны "Өвөл, хаврыг өнтэй давъя" аяны хүрээнд малчдад хямд тэжээл нийлүүлэх зориулалтаар нийт дөрвөн тэрбум төгрөг хүүгүй авсан боловч нэг тэрбум орчмоор нь тэжээл оруулж ирсэн гаалийн мэдээ байна. Үлдсэн гурван тэрбум нь хаана явааг бидний хэн нь ч мэдэх аргагүй. 

Хятадыг үзэн ядах төрөлхийн оёгтой монголчуудыг галзууртал нь ухуулж Монгол Улсын ерөнхийлөгчийн ширээнд суусан Х.Баттулга ердөө дөрөвхөн жилийн өмнө айлчлалыг нь эсэргүүцэн “сөрөн гүйж” явсан БНХАУ-ын дарга Ши Жиньпиний халуун гарыг Чиндао хотноо атгаж, ШХАБ-ыг эдийн засгийн ач холбогдолтой мэтээр сурталдаж, олон саяын зээл авах боломж байна хэмээн сурталчилж эхлээд байгаа билээ. 

Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүнийг уухайлан дэмжсэн алга ташилт тасраагүй билээ. Ногоон гэрэл, цагаан шугамаар зам гарлаа. Уухай, уухай, уухай. Их Тэнгэрт амьдарч өглөө иргэдийн замыг хааж давхихгүй, дандаа явгаар ажилдаа ирж очно. Уухай, уухай, уухай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө иргэдтэй гүйж, дасгал зааж өглөө. Уухай, уухай, уухай. Нэгдүгээр амаржих газарт хувиасаа нэг зуун сая төгрөг хандивлалаа. Уухай, уухай, уухай... 

Жилийн өмнө түүнийг "Жэнко" хэмээн нэрлэдэг байсан хүмүүс өнөөдөр "Еөк" гэх болжээ. Үүнийг бас нэг төрлийн үнэлгээ гэж ойлгох нь зүйтэй.  

Хувь заяа хоржоонтой. ШХАБ-ыг магтан дуулснаас нь хойш Хятадын эсрэг үзлээрээ ард олныхоо хайрыг татдаг Х.Баттулгад түүх Шанзав Бадамдоржийн дүрийг бүү оноочихоосой билээ хэмээн залбирч суудаг хүн олширлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж санасандаа хүрсэн Х.Баттулга яах аргагүй аварга, гэхдээ хөнгөн жингийн аварга.