“Хоолон дор мөргөх” нэгэн сүм.


     Манай НЭПКО байрладаг “Эржиис”(Regis place)-т нэгэн сүм энэ хавраас нээгдсэн билээ. Нэр нь Temple хэмээнэ. Бурханы сүмд гэгээ орохоос авахуулаад бүрэнхий нөмрөх хүртэл номын дуу тасардаггүй. Тэнд сэтгэл зүрхээ номоор ариусгах хүсэлтэй сүсэгтнүүд хуран цуглана.

    Харин манай дэргэдэх хоолны сүмийн “Темпл” цогчин дуганд үүрийн гэгээнээс шөнө дүл хүртэл тогоо, шанаганы дуун үл тасарна. Ходоодоо баясгаж, сэтгэлийн цэнгэлд хүрэх хүсэлтэй хоолны сүсэгнүүд ийшээ мөргөлөөр ирнэ.

    -Хамаг амьтныг өлсөхүй хийгээд цангахуйн зовлонгоос гэтэлгэхээр байгуулсан энэ сүмийн хуврагууд гэвэл салбартаа гавьжийн дамжаанд хүрсэн шеф-тогооч нар.

   Сүмийн шүтээн судрын мөрүүдийг “Хамаг амьтан өлсөхүй, хийгээд цангахуйгаас ангижрах болтугай” гэх маягаар төсөөлж болох мэт. 

Магадгүй юм, өглөө бүр шанага, халбагаа хоёр гараараа өргөөд, дуганыхаа адарт урласан, “Шанти Дева гэгээнтэн бодисадын явдалд орж буй” зураг өөд наманчлан байж: 

-Хоолон дор мөргөмү!

-Хоол хийдэг хүмүүн дор мөргөмү!

-Хоол хийдэг газар дор мөргөмү!

гэсэн уншлагаар ажлаа эхэлдэг ч  юм билүү.

    Эсвэл гампанзан дээрээ гараа тавиад “Би сайн хоол, зөвхөн сайн хоол хийхээ андгайлъя” гэж амладаг юм болов уу? За энэ ч яахав, гол юмандаа орох минь!

    Манай “Эржийс”-ийг бариулсан Энхтүвшин дүү, тэдний Ундраа захирал хоёр аль зунаас л,

-Ах, манайд өглөөний ундаа уугаарай хэмээн залсны дагуу өнөө өглөө хоолны сүмд “Ходоод баясгах” бясалгал үйлдэх болов. 

   Монголчууд хооллох байдлаа “өглөөний унд”, “үдийн цай”, “оройн хоол” хэмээн гурван янзаар нэрлэдэг байлаа. Нүүдэлчдийн өглөөний унданд юу ордог байв гэхээр, оройн хоолноос тавьж хоносон үлдэгдэл ба шинээр чанасан цай л юм даа. Цэцэн үгэнд “Таван есөд тавьсан будаа хөлдөхгүй” гэж гардаг нь тавиад орхисон будааны тухай биш, харин маргааш өглөө нь идэхээр нөөцөлж хонуулсан хоолыг заасан утгатай. Нүүдэлчдийн хүнсэнд “хоносон хоол” чухал үүрэгтэй байжээ. Харин хоносон цайг бол хэрэглэдэггүй.

    Та нарт багын явдлаа сонин болгож ярихад, аягандаа хөлдөж хоносон лавшаагаа өглөө гэсгээж иддэг өвөрмөц технологитой байлаа. Хөлдүү хоолон дээрээ халуун хар цай хийхээр нэгэн давхрага нь гэсдэг. Гэссэн давхрааг халбагаар хусаж идээд, дахин цай хийнэ. Уул уурхайн хөрс хуулалт шиг байгаа биз?  (Ер нь, уурхайн хөрс хуулах технологийг хөлдүү лавшаа идэж байсан Монгол инженер санаачилжээ гээл явбал, явна шүү дээ). Хоолноосоо илүү, цай л их уусан мэдрэмжтэй дуусдаг санагдана.

  Эмээ маань хоносон хоолны тухай эл хуучийг ярьдагсан. Хятад, Монгол хоёр хүн аян замд цуг гарчээ. Монгол нь хоолноосоо тавьж хоноод иддэг, хятад нь тэгэхийн оронд,

-Монгол хүн зөнтэй байна аа. Маргааш амьд сэрнэ гэдгээ мэдэж байна шүү гэсэн гэдэг.

   Монгол хүн зөнтэй, ирээдүйдээ итгэлтэй энэ тэр бол тусдаа. Харин хоносон хоол бол яалт ч үгүй, нүүдэлчдийн цэснээ чухал байртай явжээ. Хоносон хоол гэснээс, тавьж хоносон гийдаа, сүүтэй цайнд гэсгээсэн өчигдрийн цуйван эднүүс ч бас л янзтай шүү, даанч эмч нар хориод байдгаас биш. Харин “Үдийн цай”, “Цайны цаг”, “Цайндаа гарах” гэдэг хэллэг ХХ зуунд монголчууд хотшиж, амьдралын хэмнэл нь өөрчлөгдсөнтэй холбоотой гарсан шинэ үгс болой. 

Малчдын үдийн зоог нь шинэхэн чанасан, боов боорцог зэрэг хөнгөн хоолноос бүрдэж байсан шиг. Харин оройн хоол бол биед хэрэгтэй уураг сэлтийг нөхөхөөс гадна, халуун илчээ хадгалангаа хүйтэн гэртээ унтах бэлтгэл болдог байжээ. Хоол идэхээр л бие хүндрээд нозоороод эхэлдэг биз дээ, угаасаа. Сайн хоол гэдэг бол их хоол, хурдан идэх нь сайн хоолох арга байсан нь саяхан. Та нарын дунд бага балчиртаа,

-Хоол оо хөрөхөөс нь өмнө бушуу ид!

-Пал, пал гээд байлгүй наадахаа зажил !

-Хоол чинь хөрчих гээд бушуулаач!

гэхчлэнгээр зэмлүүлж явсан хүн бишгүй л байгаа байх даа.

     Харин өнөөдөр бид хоолыг аль болох аажуу идэх ёстой, цайллага хүлээн авалт дээр хамгийн элгэмсүү яриа өрнүүлдэг, их халуун хоол ходоодонд муу гэдгийг мэддэг болжээ. Оройн хоол нь халуу дүүгүүлэн нойрсуулах хэрэгслэл байхаа больсноор барахгүй унтахаасаа дор хаяж 2 цагийн өмнө зоог барихыг эмч, хоол зүйчид зөвлөх аж.

   Тэр байтугаа өрнөдийн “Өглөөний хоолыг өөртөө, үдийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа” гэх зарчим ч яригдах нь цөөнгүй. Хэдийгээр, үдийн хоолоо найз рүүгээ барьж гүйгээд, оройн хоолонд урьсан нэгнээ “дайсан юм биш үү” гэж сэжиглэж давхиад яваа хүн харагддаггүй боловч нүүдэлчдийн хоолны соёл үндсээрээ шинэчлэгджээ. Ямарч байсан хоол гэдэг бол биед зайлшгүй хэрэгтэй аминдэм, уураг, нүүрс усыг шахан оруулах процесс байхаа болив. 

    Тал нутгийн хооллох ёс нь амьдралын таашаал, ходоод гэдсээ баясгах бясалгал, хэн нэгэнтэй дотночлох боломжид хувиран хөгжиж байна. Ходоод нь жаргалтай байгаа хүний сэтгэл санаа нь баясгалантай байх тул бие биедээ зоог барьж найрсан нөхөрлөнө. Гоё хоол идэхэд хамт байсан хүн гоё л санагдах нь ёс. 

    Монгол хүний хоолны соёл хичнээн өөрчлөгдөөд ч Монголоосоо холдоод хаачих билээ? Хаачих байлаа ч хэрхэн уг үндснээсээ алдуурах билээ? Хоолын соёл ч гэсэн эргэлдэж, эргэлдэж Монгол дээрээ буцаад буух аж.

    Манай үүдний “Хоолны Гандантэгчинлэн” маань нээгдснийхээ 70 дахь өдрөөрөө монгол маягийн өглөөний унд бэлдээд эхэлжээ. Гол дизайнер “Аки” хэмээх хоолын номоороо бол гавж, мавж хавьцаа нөхөр аж.

   Та нар мэднэ дээ, Өвөр Монголын буудлын өглөөний унданд будаатай цай тойрсон цэс байдгийг. Тэрийгсанагдуулам, гэхдээ илүү “Гадаад Монголлог” өглөөний унд. Дөрвөн хүний орцтой өглөөний унданд халуун тогоондоо үл мэдэг буцлах улаан шаргал цай голлоно. (Ардын үлгэр туульсад “Утаагүй дүрэлзэх улаан галаа асаагаад, уураг болсон улаан цайгаа чанаад” гэж гардаг нь арай ч гаазын пэлээтэг дээр, Үлонг ч юм уу, ФүАр цай чанахыг хэлээгүй л байлтай) Цай нь буцлах юу байх вэ, зөөлөн гал дээр шазав, татав хийх төдий. Чангаамал гэдэг шиг билээ, хуурч болгосон шар будааг. Тийм бэлэн будаа, үхрийн чанасан махны алаг эрээн хэрчим. За тэгээд ааруул, ээзгий тойруулах. Гол нь шинэхэн агаад жижигхэн боорцог.

     Ингээд үл ялиг буцлах цайн дээрээ үхрийн алаг махны зүсмэлээ гэсгээгээд, боорцгоо нэмэн уухуй дор ёстой л “Хоолон дор мөргөмү” хэмээн сүслэмээр таашаал төрөх авай.

   Нүүдэлчин өвө гмаань эртлэн босч, мал сүргээ нэг харчихаад, дээлээ нөмрөн хоймроо голлож суугаад, эхнэрийнхээ чанасан уураг улаан цайн дээр тавьж хоносон махаа хөшиглөн, боорцгоор хачирланхан зооглоод ийм л жаргалтай суудаг асан болов уу гэмээр.

   За, тэр ааруул, ээзгийг бол үзэмжээрээ л найруулж болох юм билээ. Хүн, хүний таашаал янз шүү дээ. Ухаандаа манай нутагт, сонгиныг аарцтай хольж хатаагаад “аарцан дугуй” гэж нэрлэн шөлтэй хоолондоо хийдэг. Манай эмээ учиргүй дуртай, би таашаадаггүй байсан байх жишээний. Гэтэл миний бие зөв буцалгасан ээзгийний шүүсийг юун коко, яасны кола гэх маягаар таалдаг байхад гэдэс хүржигнүүлэх нь түвэгтэй гээд зайлсхийх хүн ч бий.

   Хамгийн гол нь сүүтэй, будаатай цай голлоод явчихаж болж байгаа нь таатай байв.

  Дэлхийн хаана ч өглөөний унданд багтдаг өндгөн жаврайгаас эхлээд, түгээмэл хэрэглэдэг унд эдний цэсэнд олноороо буй, орж гарч буй залуусын ихэнх нь тэндээс сонгох юм.  Өглөөний их түгжрээнээс өрсөхийн тулд ажилдаа арай эртдүүлэн ирдэг хүмүүс өглөөний зочдыг голлодог гэнэ. Хоолны сүмд ходоодоо баясган, унд уугаад “120-ын тэмээтэй хөшөө” хавьд байх офис руугаа очдог дуулдав. 

   Үдээс хойш, оройдоо бол “Хоолны сүм”-ийн уншлага, тахилга өөр болоод явчихна. Зусангаа гадаа үүдэндээ гитартай залуусаар дуулуулдаг байсан “тайз” нь саяхан паар ирэхтэй зэрэгцээд дотогшоо оржээ.  Үдэш тийшээгээ “Тэмпль” сүмийн уншлага “хатуу засал”, “чанга гүрэм” рүү шилжиж ходоодоо халааж, сэтгэлээ дэврээх тийшээ ч явна. Сүмийн шатаар өгсөж, гонхонд гарвал “Коктейль бар” хэмээх, манайхныхаар бол “хар нүдэн” найруулдаг дуган ч байх.

  Хэрвээ та “Тээмпл” сүмийн хоолны сүсэгтний тоонд орж, ходоодоо баясгах бясалгалд суухыг хүсвэл өрнөдийн болоод тал нутгийн өнгөтэй иймэрхүү манз-цавтай газар өглөө 07.00 цагаас хурал номоо эхэлдэг юм байна.

    Дээшээ 9 давхарт гарвал НЭПКО-гийн нэрийн барааны мухлагт, оюуны ундаагаа 20-30 хувийн хямдралтай борлуулдаг гэдгийг сануулах юун. Гэхдээ, өглөөний есөөс оройн зургаа хүртэл л онгойно шүү. 

2025.09.18