Б.Үүлэнсолонго: Хятадын “түрэлт” ба ШХАБ
Уг нь жил бүрийн намар дэлхийн удирдагчидАмерикийн Нью-Йорк хотод, НҮБ-ын төвд цугларч цэнхэр гаригийнхаа ирээдүйг хэрхэн одоогоос дээрдүүлэх, яаж энх тайвнаар зэрэгцэн орших талаар хэлэлцдэг байлаа. Өнөөдөр Хятадын Бээжинд болж буй “Автократ үдэшлэг” НҮБ-ын байр суурийг булаалдах мэт. Энд л олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сансар огторгуйн болон агаар, тэнгист технологио хамтран хөгжүүлж, хүчээ нэгтгэж байна. Дэлхийн их гүрний хүчний харьцаа эргэлт буцалтгүй өөрчлөгдөж эхэллээ.
Б.Үүлэнсолонго:
Хятадын “түрэлт” ба ШХАБ
Б.Үүлэнсолонго нэртэй зохиогчийн "ОРОС ХИЧЭЭЛ: Украйнь ба Беларусын сургамж" өгүүллийг өмнө нь өөрийн энэхүү буландаа нийтлэн олонд хүргэсэн нь уншигчдийн сонирхлыг маш их татсан ба одоо ч дахин дахин сэргээн ишилсээр байна. Түүнийг http://baabar.mn/article/buulensolongo-oros-khicheel-ukraini-ba-belarusiin-surgamj хаягаар орж үзэж болно.
Харин энэ удаад түүний Хятад ба ШХАБ-ын асуудлаар бичсэн тоймыг хүргэж байгаадаа баяртай байна.
" НҮБ vs “Автократуудын клуб”
Жил бүр зохион байгуулагддаг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Тяньжинь хотноо нь болж улс төр сонирхдог судлаачдын анхаарлыг татав. Учир нь байгуулагдаад 25 дах жилийн нүүр үзэж байгаа уг байгууллагын түүхэнд хамгийн том арга хэмжээ болов. (Нийт 20 гаруй улс орон, 10 гаран олон улсын байгууллагын удирдагчид оролцсон)
ШХАБ-ын хэрхэн өргөжин тэлснийг мэдэхийн тулд хэдэн тоо харвал: Дэлхийн хүн амын 42%, дэлхийн ДНБ-ий 23%, Евразийн газрын нутгийн 65%-ийг тус тус хамарч, эдийн засгийн чадамж нь өнөөдрийн байдлаар 30,000,000,000,000 америк доллараар хэмжигдэж (ШХАБ-ын хөгжлийн банк байгуулна) дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага болж чаджээ. Үүнээс гадна уг байгууллагын гишүүн дагагч ажиглагч нарын тоо чанарт дэвшил гарсан байна. Тухайлбал, хамгийн сүүлд Энэтхэг, Пакистан, Беларусиар эгнээгээ тэлсэн билээ.
Манай гарагийн хамгийн том автократ дэглэмийн төлөөллүүдийн уулзалт болон чөлөөлөх дайны 80 жилийн ойн баярын арга хэмжээнд “баяр хөөртэй” байгаа тэднийг харсан ажиглагчид сүүлийн 100 жилд болоогүй тирануудын“үдэшлэг боллоо” гэцгээж байна.
Уг нь жил бүрийн намар дэлхийн удирдагчид Америкийн Нью-Йорк хотод, НҮБ-ын төв байранд цугларч цэнхэр гаригийнхаа ирээдүйг хэрхэн одоогоос дээрдүүлэх, яаж энх тайвнаар зэрэгцэн орших талаар хэлэлцдэг байлаа. Өнөөдөр Бээжинд болж буй “Автократ үдэшлэг” НҮБ-ын байр суурийг булаалдах мэт. Энд л олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сансар огторгуйн болон агаар, тэнгист технологио хамтран хөгжүүлж, хүчээ нэгтгэж байна. Дэлхийн их гүрний хүчний харьцаа эргэлт буцалтгүй өөрчлөгдөж эхэллээ.
Улсын Ерөнхийлөгчөөс Улсын дарга тийш ханарч буй дэлхий
Өнөөдрийн "To be. not to be" бол шинэ дэг журмыг аль улс манлайлж, дараагийн “Дэлхийн дарга” хэн болох вэ? Одоогоор тэргүүн магнайд нь Хятадын дарга Ши Жинпинийг нэрлэхээс аргагүй. АНУ-ын ерөнхийлөгч биш харин Хятад ард Улсын дарга. Энэ хүн одоогоор бөмбөрцгийн хамгийн чухал хүн болов. Түүний удирдаж буй их гүрний ард иргэдийн тоо, зэвсэгт хүчин, эдийн засгийн чадвахи болон шууд өөрөө мэдэж шийдвэр гаргах тогтолцоо зэргийг тооцож үзвэл өргөн цар хүрээгээрээ дэлхийн бүх хүн төрлөхтөнд шууд нөлөөлөх хүч чадвартай цорын ганц хүн.
Түүнд эрх мэдлээсээ огцрох солигдох аюул хол, сонгууль луйвардана, сөрөг хүчнээ худалдаж авах гэх мэт ажил хэрэггүй тул хувь хүний биологийн хүч нь л хүрэлцэх хугацаанд ноёрхолоо нь хадгалах буюу улам нэмэгдүүлэх боломжтой. Бусад их гүрнүүдийн сульдаа нь Шинэ даргын чалхыг огцом ихэсгэв.
Сүүлийн үеийн үйл явдал буюу Трампын гадаад бодлого дахь хүлцэж харилцахын аргагүй дээрэлхэлт хэтэрхий өндөр өртөг төлж байгаагийн нэг жишээ бол автократ дэглэмтэй улсуудаас гадна ардчилсан улсууд ч Америкаас дөлөх болсон явдал.
Саяхны жишээ дурьдахад, Энэтхэг нь Америкаас маш хурдан Хятад руу шилжив. Трампын санаачилсан “Эдийн засгийн болон бусад янз бүрийн дарамт”-с болж одоо дэлхийн 100 гаруй улсын хамгийн том түнш Хятад болон хувирав.
Д.Трамп худалдааны түншүүддээ;
-Хятадаас холд гэж шаардаж байгаа боловч нөгөөдүүл нь "Бид АНУ, Хятад хоёрын аль нэгийг сонгохыг хүсэхгүй. Хоёулантай харилцаатай байхыг хүсч байна" гэсэн хариу барив. "Америкийн талынханд ч гэсэн Хятад хэрэгтэй" гэдгийг тооцоолж байгаа нь зүй ёсны бодлого юм.
Америкийн удирдагчийн тодорхойгүй байдал, худалдааны дайн, өөрийн цэргийн холбоо, аюулгүй байдлын түншлэлийн сүлжээгээ сүйтгэснээс болж онгойсон орон зайг Хятадын удирдагч овжин ашиглан хүчний хувьд ч, эдийн засгийн хувьд хүчээ аван өндийж ирэв.
Трамп дэлхийн улсуудыг дээрэлхэх гэж оролдсоны хариуд тэд Хятад руу хошуурч Бээжинг улам бүр хүчирхэгжүүллээ. Америкийн өөрийн ашиг сонирхолд ч хохирол учруулж буй "Хүнд ч лайтай, өөрт ч гайтай” алхмууд нь Хятадын ялалтад эрч нэмсээр, бид түүнийг нь нүдээр харж буй гэрчүүд болсоор.
Америкийн хуучин удирдагчид болон нөлөө бүхий улс төрчид дэлхийн анхаарлыг Вашигтон рүү төвлөрүүлж, буцаан авчирах санаачилага, хөдөлгөөн өрнүүлж байгаа ч бүтэлтэй юм барагтайхан.
Одоогоор Америк долларт суурилсан санхүүгийн системээ хэсэгтээ тогтоон барьж харагдавч Орос, Хятад долларын төлбөрөөс эрчимтэй татгалзаж, (Одоо Москвагийн бирж дээр Хятадын юань хамгийн алдартай, хамгийн том валют болсон) Европын холбоо хүртэл “евро”-гоор тооцоо хийхийг найдвартайд үзэж эхэллээ.
Харин Америк олон жилийн турш хуримтлуулсан улс орнуудын итгэлцэл, дэлхийн ардчилалын бэлгэ тэмдэг-итгэл найдвар, эрх чөлөөний архитектор, эерэг манлайлалаа богино хугацаанд үрэн таран хийж байна.
Өнөөдөр Хятадууд дэлхий дахинд хуучны Америк шиг тийм их итгэл төрүүлэхгүй байгаа ч цөөнгүй улс орон Бээжингийн сүр хүчний өмнө буулт хийхээс өөр сонголтгүй нөхцөлд орсон.
Ши даргын ШХАБ-ын уулзалтанд хэлсэн үгэндээ “Дэлхийн засаглал шинэ замын уулзварт хүрч хүрлээ” гээд, олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар дараагийн 10 жилийн хөгжлийг бид манлайлна гэсэн санааг илэрхийлэв.
Барууны шинжээчид үүнийг “Тэд төв Азийн аюулгүй байдлыг хамгаалж, улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо гэсэн нэрийн дор уг байгууллагыг НАТО маягийн холбоо болгох их гүрний онцгой том амбицаа ил гаргав” гэжээ.
БНХАУ-ын дарга болон түүний коммунист нам гадна талд ийнхүү амжилттай тоглолт хийж байгаа нь тэдний эдийн засгийн хүчин чадалтай шууд холбогдоно. Хятад хэдийгээр хувь хүний эрх чөлөөг дэмждэггүй боловч “Хүчирхэг эдийн засаг бол хувийн хэвшлийг хүлээн зөвшөөрч, дэмжих явдал” гэдгийг тэргүүлэх чиглэл болгосон. Ингэснээр хувийн хэвшлээ чадмаг ашиглаж эдийн засгийн шинэчлэлийг ч дотооддоо эрчимтэй явуулж бна. Саяхан Жак Ма-г хүртэл “цэвэрлэгээний орчин үеийн хувилбарыг амжилттай давуулаад” эргүүлэн босгож, бизнесийн тавцан дээр гарган ирсэн нь томоохон хөрөнгөтнүүдийн айдсыг үргээсэн үйл явдал болов.
Хятадуудад удаан жил наалдсан бусдын дэвшил, технологи “Хуулбарлагч үндэстэн” гэсэн басамжлал арилж байна. Өнөөдөр тэдний өндөр хөгжил, технологийн дэвшлийг харсан улс орнуудын бишрэл хүндэтгэл нэмэгдэж, заримд нь айдас атаархлыг төрж, ерөнхийдээ аргагүйдэн дагахад хүргэв.
Трампын Хятадтай хийхээр оролдсон “Худалдааны дайн”-ы ажиллагаа өөрөө олигтой “ажилласангүй” шүү дээ. Хориг боолт, бойм шахалтын хариуд Хятадууд газрын ховор элементийн экспортоо нам зогсооход л бусад нь “үг дуугүй” цагаан туг өргөж эхлэв. Хятад дэлхийн ховор металлын нийлүүлэлтийн 90%-ийг дангаар (700 нэр төрлийн) хангадаг бөгөөд эдгээр нь цахилгаан мотороор ажилдаг бүх бүтээгдхүүний орцонд ордог. Үүнээс гадна зарим ашигт малтмал, эмийн химийн тодорхой бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бараг ганц монополь. АНУ-ын үйлдвэрлэгчдийн шахалтаар Хятадтай энх тайвныг эрэлхийлэхээс аргагүй болсон Дональд Трамп арваад хоногийн өмнө Америк-Хятад хоёр улсын худалдааны эвлэрлийн гэрээгээ яалт ч үгүй сунгахад хүрэв.
Хятад улс хэдийгээр тагтан дээр зогсоод нударга зангидах дуртай боловч аливаа мөргөлдөөн, дайн хурц асуудалд улсынхаа ашиг сонирхол, бизнесийн зохицлыг голлон шийдвэр гаргадаг, энхийг эрхэмлэгч, прагматик улс. Ер нь алдах юмтай улс л илүү ухаалаг бодлого хэрэгжүүлж, харилцан ашигтай зэрэгцэн оршиж чаддаг. Нэг үгээр Ши даргатай БНХАУ “терроризм биш технологи экспортлодог” улс бүтээж байна.
Үл үзэгдэх тэнцүүлэгч туухай
Гадна талаас нь харахад, домбоноосоо суллагдсан шидтэн шиг дэлхийн тайзнаа голлон томорч буй Хятадын дотор руу өнгийвэл ямар байх вэ?
Хятадын дээд удирдлагуудын дунд өрнөж байгаа тэмцлийн талаар бичнэ гэдэг эр зоригтой гэхээсээ илүү бөх зүрхтэй хүний ажил. Учир нь хятадууд өөрсдийнхөө тухай үнэнийг бичсэн этгээдийг намнаад байдаг юм биш. Тэр ч буйтугаа Нангиадын уламжлалт хийгээд коммунист маягийн улстөрийн соёл нь “улс төрийн аллага”-аас зайлхийдэг. Иймээс, системтэй цуглуулсан баттай үнэн мэдээлэл бүхий дата-тай мэргэжлийн инстүүц л биш бол өөртөө тунчиг итгэлтэй, эсвэл ямар ч таамаг хийхээс сийхгүй зүрхтэй хүмүүс л Хятадын төрийн бодлогод анализ хийх гэж оролддог. Учир нь хаалттай, хэт мега энэ гүрний гүнд ноцтой асуудал гарсан байлаа ч бид хамгийн сүүлд л олж мэдэх болно.
Ямар ч байсан одоогоор мэдэгдээд байгаа дүгнэлт, гаргалгаануудыг тоймлох гээд үзье. Тоймд хийсэн тойм ч гэмээр юм уу?
Ши дарга14 дэх жилдээ үнэмлэхүй эрх мэдэлтэй хэвээр байж түүний гадаад нэр хүнд, удирдаж байгаа Хятад улсынх нь хүч чадал ялгуулсан амжилттай байгаа ч “ямар ч зүйл ямагт хувиран өөрчлөгдөж байдаг” зарчмаар дотоод асуудал томорсоор байгааг инсайдер(гүнээс мэдээлэгч) мэдээчингүүд бичиж байна.
Тэрбээр оны эхнээс зэвсэгт хүчиндээ томоохон цэвэрлэгээ хийсэн. Зарим том болон дээд тушаалын генералууд мөрдөн байцаалтын шатандаа “ууршин алга болсон” гэнэ.
Улс төрийн товчооныхон болон намын төв хорооны цөөнгүй гишүүн (Дээд удирдлага) шалтгаангүйгээр ажлаа өгөөд мөн сураг тасарсан байна. Эндээс Ши даргын цэвэрлэгээ үргэлжилж байна гэж тааж болох ч сөргүүлээд “Ши даргын” гэх олон эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудыг мөн шалгагдан саатуулагдсан тоо ихээхэн нэмэгдсэн гэсэн мэдээ цуврах болов. Улсын даргын өөрийн хүмүүсийн хариуцсан том сангуудаас алдагдсан их хэмжээний мөнгөний мөрөөр эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээ цацаж шуугиан тариад эхэлжээ.
Түүний биечлэн удирдаж байсан олон комиссын ажил, томоохон төслүүд уналтанд орж, шийдвэр гаргадаг хуралдаанууд зарлагдахгүй болсон гэнэ.
Ши дарга өөрөө шилжүүлж байгаа эсвэл өрсөлдөгч нарын тулгалтын алин болохыг мэдэхгүй боловч зарим чухал эрх мэдлийг түүнээс салгаж өөр хүмүүсийн гарт өгсөн байна. Даргын хувьд “Сөрөг хүчин” ч гэмээр бүлгүүд, зарим албан тушаалтнууд эрх мэдэл, их мөнгө, хяналтын эрхийг хуваан хариуцаж эхэлсэн нь итгэл хүлээлгэсэн төдийгөөр ойлгох аргагүй. Хятад шиг авторитар удирдагч бүхий эрх мэдлийн оргилд суудаг оронд ийм явдал болох нь гайхах зүйл лав мөн.
Хятад орон хэдийгээр автократ ч гэлээ хэн нэг хэт их нөлөөтэй болох, эрх мэдэл үнэмлэхүй төвлөрөхөөс сэргийлэх үүрэгтэй "нэргүй сөрөг хүчин” ямагт ажиллуулдаг байдаг гэсэн хувилбар бий. Яг л жингийн нэг туухай хэт дарахад өөр үл мэдэгдэх туухай хаанаас ч юм гарч ирээд жинлүүрийн тэнцвэрийг барих шиг.
Яг л тэр нэгэн цагт Мао, Дэн Сяопин нар эрх мэдлээ хувааж, хэн нэгнийг хэт их хүчтэй нөлөө үзүүлэхээс сэргийлэхийн тулд нэг нэгэндээ сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн шиг. Энэ нь яг л их далай хэзээ нэгэн цагт хогоо эрэг рүү гарган хаях мэт.
Хятад бол хүчирхэг нь тодорхой, сүр жавхлантайгаар хүрхэн буй нь тодорхой, бүр дүүлэн нисээд байгаа нь тодорхой ч далавч нь хаанаа байгаа, хүчирхэг дуу хоолой нь хаанаасаа гарч байгаа нь үл ойлгогдох хурмастын луу мэт.
2025.09.05