Гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ нь тухайн улсын хөгжлийн түвшин, олон улсад өрсөлдөх чадварыг нь шууд тодорхойлж байдаг. Экспорт, импорт нэмэгдэх тусам эдийн засгийн багтаамж томрох боломжтой болдог. Тэгэхээр улс орнууд гадаад худалдааны эргэлт, тэр тусмаа экспортоо нэмэгдүүлэхийн тулд өрсөлддөг гэж ойлгоход болно. Зөвхөн экспорт бус ашиг малтмал, газрын тос, газрын ховор элемент болон бусад төрлийн түүхийн эдийн импортын төлөө дайн байлдаан хүртэл хийж ирсэн. Гадаад худалдааг зохицуулах хамгийн энхийн бөгөөд дипломат арга хэрэгсэл нь хоёр болон түүнээс дээш улс хоорондоо байгуулдаг чөлөөт худалдааны хэлэлцээр юм.

Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь хоёр болон түүнээс дээш орнууд харилцан худалдааны таатай нөхцлийг олгох замаар чөлөөт худалдаагаа дэмжих арга хэрэгсэл юм. Энэ гэрээгээр дамжуулж өөрийн экспортолж буй бараа бүтээгдэхүүнээ хил гаалийн саадгүй, татваргүй эсхүл хамгийн бага татвар төлөх замаар ашигтай борлуулж, эсрэгээр импортын бүтээгдэхүүн үнэ хямд, чанартай байх нөхцлийг бүрдүүлдэг гээд энгийнээр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн яриа тохиролцоо гэхээсээ илүүтэйгээр дүрэм журамд үндэслэсэн тогтвортой харилцааны хэлбэр юм.

Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш бол БНХАУ (Хятад) мөн. 2021 оны байдлаар экспортын 88%, импортын 46%-ийг дангаар эзэлсэн байна. Тэгвэл Хятад Улс нь гадаад зах зээлээ тэлэх, түүхий эдийн найдвартай эх сурвалжаа бүрдүүлэхийн тулд өнөөдрийн байдлаар 17 оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байна. Цаана нь 8 гэрээ хэлэлцээний шатандаа явна.

Өнөөдөр дэлхий дахинд гадаад худалдааны хуулийг батлах биш харин хэлэлцэн тохирч гэрээ байгуулах замаар эрх зүйн орчныг тогтоодог болсон. 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулагдсанаас хойш түүний гишүүн орнууд (өнөөдрийн байдлаар 164 улс гишүүнээр элссэн) бараа, үйлчилгээний экспорт, импортын дэглэм, татварын болон татварын бус арга хэмжээ, хил, гааль, хорио цээр зэрэг чөлөөт худалдааг дэмжихтэй холбоотой бүхий л асуудлаар үүрэг, амлалт аваад түүнийгээ худалдаандаа мөрдөж байна. Өөрөөр хэлбэл, нэг улс 163 орны өмнө нэгэн ижил үүрэг амлалт авч, тэдгээр нь гэрээ, хэлэлцээрт баталгаажиж, эрх зүйн орчин болон үйлчилж байна гэсэн үг. 

Гэхдээ ДХБ-ын эрх зүйн орчин чөлөөт худалдааг дэмжихэд хангалттай байж чадсангүй. Улс орнууд худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ДХБ-ын өмнө хүлээсэн нэгэн ижил үүрэг амлалтаасаа илүү тааламжтай нөхцлийг харилцан олгох замаар хоёр болон олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрийг нэгнээсээ өрсөн байгуулж байна. Одоогоор олон улсад 353 чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон бол 576 нь хэлэлцээний шатандаа байгаа гэх мэдээллийг ДХБ-ын цахим хуудаснаас харж болно.

Манай улсын хувьд 1997 онд ДХБ-д элсэхдээ 163 орны өмнө бараа, үйлчилгээндээ мөрдөн хэрэгжүүлэх татварын болон татварын бус үүрэг амлалтаа авчихсан. Гэвч энгийн үгээр хэлбэл, огт худалдааны харилцаагүй шахам африкийн орнуудтай харилцан тохиролцсон нөхцлөөр хамгийн том түнш болох Хятадтай худалдаа хийх огт боломжгүй. Дэндүү жулдана. Иймд худалдааны гол түнш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар манай гадаад худалдаанд үүсээд буй хүндрэлтэй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагааны байнгын механизмтай болмоор байна.

Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах дараах үндэслэл, шалтгааныг дурьдаж болно. Үүнд:

Нэгдүгээрт, хамгийн гол худалдааны түнштэйгээ тоглоомын дүрмээ тохирч чадаагүй учраас өнөөдрийг хүртэл хөрш маань хил, гаалиа хаах зэргээр гэнэтийн арга хэмжээ авахад манай гадаад, дотоод худалдаа гацаад байна. Урд боомт хаахад Ерөнхий сайд нь очдог биш, тогтсон механизмаа мөрдөхийг Хятадын талаас шаарддаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Хятадтай хэлэлцээний ширээнд суух ажлыг түргэвчилж чадвал ужиг болсон олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. 

Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, томоохон төслүүдээ урагшуулах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг сөхөөд харахад л боловсруулах үйлдвэрийг дэмжинэ, экспортыг нэмэгдүүлнэ, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байгаа. 1990 оноос хойш батлагдсан бодлогын баримт бичгүүдэд яг ингээд дурайж буй. Тухайлбал, 2021 онд батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн гурван асуудал нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт гэж ойлгогдож байна. Эл гурван асуудлыг амжилттай шийдвэрлэх эсэх нь Хятадтай харилцах стратеги болон хэрэгжүүлэх арга хэрэгсэлээс шууд хамааралтай. Хятадын зүгээс бусад орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн агуулгыг сийрүүлбэл, татвар, гааль, халдварт өвчинтэй тэмцэх, хорио цээр, төрийн өмчит аж ахуйн нэгжийн зохицуулалт, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагаа, боомтын тасралтгүй үйл ажиллагаа, транзит тээврийг саадгүй дамжуулах, аж үйлдвэрлэл, цахим худалдаа, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг бидэнд нэн чухал олон асуудлыг хамарч байна. 

Гуравдугаарт, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой болно. Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан орнуудыг авч үзвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог Австрали, Перу, Чили, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүнээ гаргадаг Шинэ Зеланд Улсын экспорт, импортын бүтэц нь манайхтай төстэй байна. Тухайлбал, Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсанаар Шинэ Зеландын худалдааны эргэлт нь 4 дахин нэмэгджээ. Учир нь тус улсаас Хятадад гаргадаг бараа, бүтээгдэхүүнийх нь 97% нь татваргүй болсон. Өндөр хөгжсөн Шинэ Зеланд Улс Хятадаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт “ичихгүй” авч байхад бид зүгээр суух нь илүү зан биш үү.

Дөрөвдүгээрт, Хятадтай гэрээ байгуулах дараагийн үндсэн шалтгаан бол Хятадаас бусад улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг оновчтой ашиглах юм. Бид далайд гарцгүй ч Хятадын зах зээлээр дамжиж Ази, Европ, Латин Америкийн 26 улсын зах зээлд гарах боломжтой болно.

Тавдугаарт, Чөлөөт худалдааны гэрээний давуу талыг ашиглан Хятадын зах зээлд гарах зорилготой АНУ, Европын орнуудын бизнес, хөрөнгө оруулалт манай улсад нэмэгдэнэ. АНУ-Хятадын худалдааны дайны оргил үед америкийн фирмүүд хятадаас гарах үед энэ боломж байж л байсан. 

Мэдээж Хятадтай гэрээ хийх амаргүй, улс төр, геополитик болон эдийн засгийн аюулгүй байдлын зэрэг болгоомжлох асуудлууд бий. Гэхдээ асуудлаа зөв тодорхойлж, шийдлээ оновчтой дэвшүүлэх замаар хэлэлцээг амжилттай явуулах бүрэн боломжтой. Хятадын хувьд манай зах зээл дэндүү жижиг учраас уян хатан хандах бүрэн боломжтойг бусад орнуудтай хийсэн гэрээнээс нь дүгнэж болно. Хамгийн гол нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахгүйгээр хамтын ажиллагааны дараагийн шатанд гарах боломж үгүй л болов уу. Цаашлаад АНУ, ОХУ болон БНСУ-тай ижил төрлийн хэлэлцээр байгуулж чадвал хувийн хэвшлээ бодит утгаар нь дэмжих болно.

П.БАЯР

2022.09.13